“Цэцэрлэгжилт” компанийн ажилтан хүний амь хөнөөж, 10 оюутныг барьцаалав
Нийслэлд өчигдөр хүний амь хөнөөж, оюутнуудыг барьцаалсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Мод үржүүлгийн газарт архидан согтуурсан этгээд нэгнийхээ амийг хөнөөж, 10 оюутныг барьцаалсан байна. Цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж барьцаалагдсан оюутнуудыг суллан, гэмт этгээдийг баривчилжээ.
ГЭМТ ЭТГЭЭД ДОРНОД АЙМГИЙН ХАРЪЯАТ БАЙЖЭЭ
“Мод үржүүлгийн газарт хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээлэл өчигдөр 04:45 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн ахлах дэслэгч Ч.Дашцэрэнгээр ахлуулсан багийнхан очиход Мод үржүүлгийн газрын хаалга түгжээтэй байсан гэнэ. Дотор нь М гэгч залуу оюутнуудад хутга тулган “Ална” хэмээн хашгирч байжээ. Цагдаагийн ажилтнууд түүнтэй нэг цаг орчим ярилцсаны эцэст баривчилж чаджээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоохоор ухуулга яриа хийж, шуурхай ажилласны үр дүнд 06:30 цагт барьцаалагдсан оюутнуудыг суллаж чадсан” гэлээ. Оюутнуудын олонх нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна.
М нь Дорнод аймгийн харъяат, 25 настай залуу юмсанж. Мод үржүүлгийн газрын ажилтан байсан бөгөөд уржигдар орой хамт ажилладаг хоёр залуутайгаа архи ууж, үүрээр маргалдсан бололтой. Тэрээр 35 настай Ж-ийн толгойнд нь хүнд төмрөөр цохин амийг нь хөнөөсөн байжээ. Мөн нөгөө ажилтныхаа биед гэмтэл учруулсан байна. Ингээд цагдаагийн ажилтнуудыг очих үеэр оюутнуудыг барьцаалжээ.
н.Цэвээндулам: ОЮУТНУУД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГААР ИРЭЭД БАЙСАН
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Мод үржүүлгийн газар “Цэцэрлэгжилт” компанийн мэдлийнх. Компанийнхан орон нутагтай гэрээ хийж оюутнуудыг дадлагажуулахаар аваад байжээ. Энэ тухай тус компанийн маркетингийн албаны дарга н.Цэвээндуламаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Барьцаалагдсан оюутнууд танайд дадлага хийж байсан гэв үү?
-Тийм. Дөнгөж өчигдөр /уржигдар/ орон нутгаас ирээд байсан оюутнууд. Манайх Дорнод аймгийн МСҮТ-тэй гэрээ хийж, 10 оюутан аваад байсан. Оюутнууд Мод үржүүлгийн газарт үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирцгээсэн.
-Оюутнуудын сэтгэл санаа зүгээр үү. Эмэгтэй хүүхэд хэд байсан бэ?
-Долоон эмэгтэй, гурван эрэгтэй оюутан ирсэн. Тэдний сэтгэл санаа гайгүй байгаа.
-Хүний аминд хүрсэн этгээд танай ажилтан уу?
-Түр ажилтан байсан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.
Б.ЗАЯА
Зууны мэдээ
URL: