ЭНЭ АРДЧИЛАЛ БИШЭЭ
Сүүлийн үед ингэж бодогдоод байх боллоо. Бид нэг л буруу замаар яваад байна. Эхлэл нь бол хаа тэртээ 90-ээд оны эхэнд тавигдсан ч Монголчууд бид яахав дээ, хүлээцтэй улс. Яваад л, байгуулаад л байна, бүх юм нэг мөр шийдэгдчихгүй шүү дээ гэж үлгэр ярьдгаа түр хойш нь тавья. Нэг хэсэг зах зээлд шилжиж байна, болоогүй шүү нөхөд өө хөөе гэдэг байлаа. Одоо харин тэгж дуугарах амьтан гарахаа больж. Арга ч үгүй биз. Ер нь ингэхэд бид хаана, хэддүгээр зуунд амьдарч байгаагаа эхлээд бодоход гэмгүй л байх. Ертөнцийн нөгөө буланд шуурга гарахад л таны ширээн дээрх цаас хийсэж унахаар хавтгай ертөнц дээр амьдарч байгаа биз дээ. Эсвэл үхэр тэргээр туулай гүйцэх гээд яваад байгаа юм болов уу гэхээр тийм ч шударга байгаад байгаа юм алга, энэ нийгэм.
90-ээд оныг хүртэл Монголын ард түмний хуруу хумсаа хуйхлан нийлүүлж босгосон үйлдвэр, аж ахуйн газрууд, барилга байшин, хөрөнгө зоорийг нь цөөхөн хэдхэн хүнд хуваагаад өгчихсөн. Тэд нь эргээд боов боорцог, талх тариаг нь хүртэл монопольчлоод сууцгаачихсан. Хол явж ажил хийгээд хэдэн дүү нараа тэжээ гэхээр явж өгдөггүй атлаа хэдэн дүү нараа дээрэлхэж ажлаа хийлгэж хоолыг нь булааж идчихээд сууж байдаг дээрэлхүү ах нартай болсноо бид үндэсний томоохон үйлдвэрлэгчид гэж нэрлэдэг боллоо.
Ажилчин, малчин, багш, эмч гээд жирийн нэгэн л бол хэн ч сонгодож төрийн жолоо атгалцах боломжгүй. Тэр хаалттай. Зөвхөн капиталистууд юм уу, эсвэл тэд нарын төлөөлөл мөнгөөр сонгогдоно. Ард түмэнд бодит үнэнийг хүргэх үүрэгтэй цорын ганц өндөрлөг болох хэвлэл мэдээлэл тэр аяараа капиталистууд болон тэдгээрийн лообий төлөөллийн гарт байдаг.Энэ схемээ бүх ард түмний сонголтоор төрөө байгуулах ардчилсан засаглал гэж нэрлэдэг. Үүнийг уншиж байгаа жирийн иргэн эрхэм танаас асууя.
Таны төлөөлөл Их хуралд, Засгийн газарт байгаа гэдэгт та итгэлтэй байна уу? Тэр ч байтугай таны төлөөлөл Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгаа юу? Байгаа гэж бодож байгаа бол танай байрны хэн нь тэнд байгаа юм бэ? Танай гудамжны хэн байна вэ? Таны мэддэг жолооч, үйлдвэрийн ажилчин, сургуулийн багш, орцны жижүүр…… хэн нь тэнд байгаа юм бэ? Эсвэл та өөрийгөө сонгуульд нэр дэвшүүлээд үзвэл ямар вэ? Таныг төлөөлнө гээд малтилзаад байдаг эрхэм таны яг юу юм бэ? Танай гудамжинд амьдардаг юм уу?
Танайхаар орж гарч явдаг хэн нэгэн үү, эсвэл тантай байнга автобусны буудал дээр тааралддаг залуу юу. Ингээд хөөгөөд бодоод байвал зөндөө юм бичихээр болж байгаа учраас ер нь ардчилал гэж яг юуг хэлээд байгаа вэ гэдгийг сонирхож элдэв бичиг цаас эргүүлж суулаа. Тэдгээрээс хамгийн товчхон бөгөөд тод томруун дурдсан гэж үзэж дэлхийд алдартай Стэнфордын Их сургуулиас тодорхойлж гаргасан дөрвөн том шалгуурыг сонгон танд харуулж санаа бодлоо өгүүлье.
Арчиллын хамгийн том шалгуур нь иргэний оролцоо юм байна. Иргэдийн шууд оролцоотойгоор сонгох сонгогдох эрх нь хэрэгжиж байх, иргэдийн хүсэл зоригоор улс төр, нийгмийн амьдрал дахь шийдвэрүүд өрнөж байх нь чухал. Хууль тогтоох болон Засгийн газрын бүтэц нь чөлөөт, шударга сонгуулийн замаар бүрэлдэх буюу солигдож байх. Сонсоход энэ зарчим манайд болж байгаа юм шиг ч бодоход бол үгүй юм. Бид биш хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл сонирхлоор энэ зарчим “хэрэгжиж” байгааг би дээр нэлээн нуршингуй өгүүлэх шиг боллоо.
Хоёр дахь чухал зарчим ахиад л та биднийг онцолжээ. Ардчилллын үед бидний идэвхитэй оролцоотойгоор улс төр, иргэний амьдрал өрнөж байх ёстой юм байна. Бид үгүй бол үгүй, бид тийм бол тийм гэсэн үг. Гэвч манайд ингэж ярьдаг ч өдий болтол энэ байдлыг хангасан хууль эрхзүй, бодлогын зөв гольдрил тогтоогүй юм. Иргэний нийгмийг амьдруулж байдаг гол хөдөлгүүр болох сайн дурын холбоод төрийн бус байгууллагууд нь ямар ч эрх мэдэлгүй, санхүүжилтээ бий болгох баталгаатай чиг баримжаагүй. Төр өөрийнхөө эрх мэдлийг атгачихаад чичрээд байх болохоос төрийн бус байгууллагууд руу чиг үүргүүдээ шилжүүлэх замаар иргэдэд эрх мэдлийг нь атгуулахаас ухаан алдатлаа айж байна.
Жишээ нь л гэхэд, бид тамхины хууль гаргаад нэлээн удлаа. Үр дүнгээ өгч буй сайн хууль мөн ч хяналт тавих, хариуцлага тооцох схемийг нь буруу гаргаснаас бүрэн үр зорилгодоо хүрээгүй л байна. Цагдаа аль болгоныг хянаж дийлэх вэ дээ. Зүгээр л тамхины эсрэг холбоонд хяналтын эрхийг нь өгөөд хэдэн хүнийг ажилтай болгочих л доо. Бас нэг төрийн бус байгууллагын санхүүжилт нь ч шийдэгдэнэ биз.
Станфордын Их сургуулиас онцолсон дараагийн нэг том шалгуур нь Хүний эрхийг хангаж байх тухай юм. Нэг сонин юм санаанд орчихлоо. Манай нэг танил эрүүлжүүлэхэд орж гэнээ. Тэгээд яах вэ дээ, бас халамцуу байсан ч юм байгаа биз ‘Та нар намайг энд хүчээр орууллаа, би гармаар байна тэр хүний эрх хаана байна” гэж ирээд л томрох аядахгүй юу даа. Тэгтэл цагдаа хаалгыг нь жаахан онгойлгож байгаад гаран дундуур нь тас хийтэл бороохойдоод “Май, энэ чиний тэр хүний эрх чинь” гэсэн гэж байгаа юм. Манайх иргэдийнхээ эрхэнд ингэж л ханддаг. Шинэчлэх гээд хийгээд байгаа юм ч байгаа л даа. Тэгэхдээ л барилга дээрээс юм унагаагаад хэдэн зуугаар нь хүн алчихаж байгаа хэрнээ л юу ч болоогүй юм шиг сандалдаа шигдээд дув дуугүй байгаад байдаг Засгийн газар, Барилгын сайдтай, түүнийг нь хажуугаас нь хараад л байж байдаг Ерөнхийлөгч, Их хурал, Хотын мээртэй л дээ, бид.
Ардчилалын тухай дөрөв дэх нэг мундаг шалгуур байна аа. Тэр нь хууль хэнд ч тэгш үйлчлэхүйц байдлаар гарах, бас тэгэж хэрэгжих. Та сайн ажиглаарай. Хууль дандаа хөрөнгөтнүүд, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт зориулагдан гарах болсноор удаж байна. Тэр байтугай хуулийг монголчууудын эрх ашигт ч биш, гадныхны эрх ашигт нийцүүлэн гаргасан ноцтой тохиолдлууд ч байгаа. Ингэж болохгүй гэдгийг бид өглөө бүхэн өөртөө сануулж амьдармаар байна. Бүү март. Мартвал сөнөнө гэдэг алдарт үгийг нэмэрлэчихье.
Иргэн танаас одоо асууя. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна уу? Өөрийнхөө хариултыг бол хэлчихье. Энэ ардчилал биш ээ.
Л.Баярдалай /ӨДРИЙН ШУУДАН/
URL: