“Хурд” группын “Рапид харш” хорооллоос 13 айл гомдол гаргажээ

“Рапид харш” хорооллын “балаг”

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээр овоглодог “Хурд” группын барьсан болон баригдаж буй орон сууцны хорооллууд асуудал дагуулсаар байна. “Рапид харш” хороолол 4600 айлтай. Төв цэнгэлдэхийн эргэн тойрны талбайн гуравны хоёрт дангаараа байрладаг энэ хороолол яаж газрын зөвшөөрлөө авсан бэ гэдгээс эхлээд асуулт олон байдаг. Гэвч газар авснаасаа илүү анхаарал татаж байгаа асуудал нь иргэдийг хохироож байгаа явдал юм. “Рапид харш” хорооллын СӨХ нь өндөр төлбөр авдаг, зөвхөн авто зогсоолын төлбөр л гэхэд сард 30 мянган төгрөг. Гэтэл “Цэнгэлдэх өргөө” СӨХ-ийн хувьд ажлаа хийдэггүй, айл өрхүүдэд ус алдах, паар задрах, шугам хагарах тохиолдол байнга шахам гардаг байна. Мөн Барилгын тухай хуулиар тухайн хорооллын 35 хүртэлх хувьд хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж байх ёстой авч тус хороололд ийм харьцаа мөрдөгдөөгүй, одоо зогсоолын асуудал хэрэглэгчдийг байнга бухимдуулж байгаа нэг зүйл болж хувирчээ.

Мөн хог цэвэрлэх асуудал иргэдийг бухимдуулдаг бөгөөд цэвэрлэгээ маш муу явагддаг аж. Энэ бүхэн бол өдөр тутам тулгарч байгаа зүйл. Гэтэл 1,5 сая төгрөгөөр метр квадратаа үнэлж зарсан “Рапид харш” хороололд өдгөө метр квадрат дутах асуудал босч иржээ. Өнөөдрийн байдлаар гэхэд хэмжилт хийлгэж, гомдол гаргасан 18 айл байгаа бол таван айлын гомдлыг “Хурд” групп газар дээр нь шийдвэрлэж, одоо 13 айл гомдол гаргаад байгаа аж. Гэтэл группынхэн энэ гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдөө хэмжилт хийжээ. Иргэдийн хийсэн хэмжилт, компанийн хийсэн хэмжилт хоёр зөрүүтэй гарсан учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, “Барилгын хөгжлийн төв” хамтран ирэх долоо хоногт “Рапид харш” хороололд мэргэжлийн хэмжилтийг хийж, иргэдийн гомдлыг шийдвэрлэхээр болсон байна.

“Нарны хороолол” хоёр хууль зөрчжээ

Одоогийн гомдлоор үзвэл хоёр хууль зөрчсөн байгаа ч “Нарны хороолол” хотхонд асуудал олон бий. Түлшний агуулахын дэргэд байрлах энэ хороололд аюул нүүрлэх боломж бий. Гэхдээ вагон депогийн түлшний агуулахыг зөөвөрлөнө гэсэн тайлбарыг “Хурд” группынхэн өөрсдөө хийдэг юм. Өнгөрөгч нэгдүгээр сараас хойш оршин суугчид нь орж эхэлсэн “Нарны хороолол” хотхонд 3600 айлыг оруулах төлөвлөгөө бий. Монголын хамгийн анхны сургууль, цэцэрлэгтэй хороолол хэмээн реклам, сурталчилгаагаа хийсэн энэ хороололд өнөөдөр сургууль, цэцэрлэг баригдахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Мөн ногоон байгууламжийн асуудал одоогоор лав шийдэгдээгүй байгаа гэх. Хамгийн гол нь оршин суугчид сургууль, цэцэрлэгтэй гэхээр нь захиалгаа өгөөд орсон ч энэ зүйл нь худлаа болсон гэдгийг гомдоллож байгаа юм. Энэ байдал нь хэрэглэгчийг төөрөгдүүлэн захиалга авсан, өөрөөр хэлбэл Хэрэглэгчийн тухай болон Зар сурталчилгааны тухай хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл аж. Мөн “Нарны хороолол” хотхоны зарим айлууд хэмжилт хийлгэхэд 3-5, 4-6 метр квадрат дутсан гэх мэр сэр гомдол байгаа юм. Хэрвээ оршин суугчид нь энэ талаар гомдол гаргавал холбогдох газрууд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авах боломжтой гэдгээ хэллээ.

Барилгын ослууд…

Одоогоор “Хурд” групп “Хүннү” хорооллыг барьж байгаа ч тус хороололд хэдхэн хоногийн өмнө үйлдвэрлэлийн осол гарсан. “Рапид харш” хороололд кран унасан, Нүхтэд баригдаж байсан “Хурд” группын 4-5 давхар барилга нурсан гэгчлэнгээр тус группын болон охин компаниудынх нь барилгууд дээр үйлдвэрлэлийн осол цөөнгүй гарсан байдаг. Тэгэхээр “Хурд” групп иргэдийг хохироосон, хариуцлагагүй ажилласан байдалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулах цаг нь болсон бололтой.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих