Ж.Ганхуягийн 160 саяар «эрхлүүлэх» гээд байгаа Төрийн далбааг «царцаая»

 P1080315.JPG

     Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байрлах Монгол Улсын төрийн далбааг “царцаая”. Иш нь далийж гэмтсэн, түүнийг нь засч сэлбэхийн тулд 160 сая төгрөг шаардлагатай гэнэ. Энэ тухай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг өнгөрсөн даваа гаригт болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулж, яаралтай засч сэлбэхгүй бол горьгүй нь, энэ ажлын хөрөнгө мөнгийг шийдэж өгнө үү хэмээн Нийслэлийн удирдлагуудад намжилсан байна билээ. Харин энэ хүсэлтийг нь сонссон нийслэлийнхэн Засварын мөнгийг нийслэлээс гаргах боломжгүй учраас асуудлыг Ерөнхий сайдад танилцуулна” гэснээр 160 саяыг нэхээд байгаа төрийн далбааг сэлбэх ажил түр хойшлож байгаа сурагтай.

     Харин үүний эсрэг талд салбар ариуцсан сайд нь хэрхэж буйг мэдэхгүй ч бяцхан жаалууд ууртай байна. Уг нь нэг ангид 20-30 уулаа, эг ширээн дээр хоёулаа зэрэгцэж сугаад хичээл номдоо шамдах ёстой хүүхдүүд 50-60 уулаа нэг ангид шавж нэг ширээн дээр гурваас дөрвүүлээ арай ядан багтан сууж байна. Бас анги танхим, ширээ сандал нь хүрэлцээтэй сайхан цэцэрлэг сургуультаи болж өөрийн дураар гүйхийг мөрөөдөж байна. Гэвч эдийн засаг хямарсан, төсөв мөнгө хүрэхгүй байгаа, гэх томчуудын асуудлаас үүдэн хүүхдүүд хохирч улмаар тэд бяцхан хөмсгөө зангидан тун ууртай суугаа юм. Иймээс энэ талаар тодруулбал, өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль, цэцэрлэгийн барилга “царцаад” байгаа талаар зарим мэдээллийг цуглууллаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр манай улстөрчид цэцэрлэг сургуулийн 125 барилгын ажлыг “царцаачихаад” байгаа гэх.

     Мөн мэргэжлийн байгууллагууд нь судалгаа энэ тэр хийгээд шинээр барих, шинэчилж сайжруулах 653 цэцэрлэг, 342 сургууль байгаа бөгөөд үүнд нийт нэг их наяд 700 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан юм билээ. Энэ ч утгаараа ойрын хэдэн жилдээ багтаагаад 443 цэцэрлэг шинээр барьж, ашиглалтын хугацаа хэтэрсэн 210 цэцэрлэгийг шинэчилнэ гэсэн зорилго тавьсан ч санхүүжилтгүйн улмаас нэгийг ч барьж, шинэчлэлгүй өнөөдрийг хүрсэн байгаа юм. Гэтэл дайран дээр давс гэгчээр одоо үйл ажиллагаа эрхэлж буй зарим сургууль, цэцэрлэг нурж, Мэргэжлийн хяналтынхны “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан 51 цэцэрлэг, 27 сургуульд хүүхдүүд хичээллэсээр байгаа тухай албаныхан дуулгалаа.

     Цаашид энэ асуудлыг бага багаар ч гэсэн шийдэхгүй бол өөр ямар ч асуудал гарч ирэхийг мэдэхгүй хэмээн албаныхан өгүүлсэн бөгөөд төрийн далбааны ишийг 160 саяар засч сэлбэх мундаг санаачлага гаргасан Ж.Ганхуягийн мэдэлд байгаа Хан-Уул дүүрэгт хүртэл хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн байр яг ийм байдалтай болчихсон хэмээж байгаа юм гэсэн.

     Гэвч эрхэм Засаг даргад энэ бүхэн хамаагүй байсан уу эсвэл доод албан тушаалтнуудынхаа “идэх” хүслээс болсон уу ямартай ч ийм нэг замбараагүй төсөвтэй цагаа олоогүй ажил олныг бухимдуулж эхэллээ. Яг үнэндээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байрлах Монгол Улсын төрийн далбаа далийж, гэмтсэн бол засч сэлбэх нь зайлшгүй ажил. Гэхдээ ганцхан ишийг 160 саяар засна гэдэг арай л дэндсэн мэт. Бас урсгал зардал гэхэд өртөг арай өндөр бөгөөд Ж.Ганхуяг даргын яаралтай хийхгүй бол болохгүй ажлын нэг гэж олж харсан нь ертөнцөөс тасарч гэмээр. Яагаад гэвэл өнөөдөр Монголын ард түмэнд, Хан-Уул дүүргийн иргэдийн дунд төрийн далбааны ишийг 160 саяар засуулах уу эсвэл нэг ч гэсэн сургуулийн барилгад их засвар хийх үү гэсэн санал асуулга явуулбал олонхи нь сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг дэмжинэ.

     Иймээс л Ж.Ганхуяг даргын санаачилсан 160 саяын өртөгтэй засварын ажлыг царцааж энэ мөнгийг арай өөр зүйлд зарцуулмаар байна. Ганц төрийн далбааны ишинд ингэтлээ санаагаа чилээж суухын оронд нийгэм, иргэдэд хэрэгтэй зүйл сэдэж суумаар юм. Манай эрх мэдэлтнүүд заримдаа өчүүхэн зүйлд мөн ч их санаа тавих юм даа.

     Төрийн далбаа улс үндэстний тусгаар тогтнол гэдгээрээ эгц сайхан намирч байх учиртай өнөөдөр Хан-Уул дүүрэгт толгой өвтгөсөн асуудал олон бий. Тэгээд ч төрийн далбааны ишийг засна мэтийн зүйлд 160 сая төгрөг зарцуулна гэхээр хагасыг нь халааслах нь гэсэн хар төрүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих