Н.Жаргалсайхан: Хоёр Мөнхийг эвлэрүүлэх гээд тас загнуулж билээ

1456-3tА.БУЯНТОГТОХ

Монголын хөнгөн жингийн бөхчүүд ид дэлхийд алдраа дуурсгаж байхад Алдарын Жагаа, хожим нь МУИС-ын Жагаа гэж цоллуулан чөлөөт бөхийн дэвжээнд барилдаж явсан нэгэн бол Нямаагийн Жаргалсайхан юм. 1972-1975 онуудад Улсын шигшээ багт тамирчинаар найман жил хичээллэжээ. Анх 1973 онд Чөлөөт бөхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Нэргүйд ялагдан мөнгөн  медаль хүртэж бөхийн гараагаа эхэлсэн тэрээр 1973 оны Ази тивийн аварга шалгаруулах сонгомол барилдаанд мөнгөн медаль хүртэж, Залуучуудын улсын гурван удаагийн (1973, 1974, 1975 оны), Насанд хүрэгчдийн улсын гурван удаагийн (1977, 1978, 1981 оны) аварга, 1977 онд ЗХУ-ын Тбилисийн олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс хүрэл медаль  /Самбуу, Мөөеө, Баянаа, Ойдов нартай яваад ганцаараа/ хүртэж байсны дээр Ах дүү армиудын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн (1978, 1979, 1980 оны) аварга, 1999 онд Интернационал тэмцээний аварга, Монголын оюутны универсиадын гурван удаагийн (1973, 1977, 1981 оны) аварга болж 1975 онд Сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 1976 оны Канадын Монериалын олимпод монголоо төлөөлөн оролцож явсан ахмад бөхчүүдийн нэг юм. Түүнтэй хийсэн бичил ярилцлагаа толилуулъя.

-Та аль нутагт төрж өссөн бэ?

-Би Монголд хамгийн олон бөхтэй сум  болох Увс аймгийн Тэс сумын хүн.

-Хэдийд бөхийн спортоор  хичээллэж эхэлсэн бэ?

-Манай аавын ах улсын начин  “Улаан гуталт” Цэрэндорж гэдэг хүн байсан. Нийслэлийн 23 дугаар сургуульд суралцаж байхад манай ангийн хүүхдүүд бүгдээрээ  МПО-ны бөхийн дугуйланд орохоор очлоо. Тэгсэн чинь намайг жижиг биетэй гээд аваагүй.  Үүнийг  аав маань мэдээд  гавъяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, улсын начин Төмөрийн Артагт хэлж Д.Ганцагаан багшийн удирдлагад чөлөөт бөхийн “А” үсэг заалгаж эхэлсэн дээ.

-Нэг хэсэг “Алдар” нийгэмлэгийн нэрийн өмнөөс  барилддаг байгаагүй бил үү?

-1972 онд цэрэгт татагдаад крантейны хугацаа  дуусмагц  улсын арслан Далайн Жамц  гуайтай нэг баг болоод Армийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо.  Энэ тэмцээний жин бүхэнд 30-40-өөд цэргүүд ордог байсан юм.  Тэгээд би 52 кг-ийн жинд түрүүлээд Ч.Дамдиншарав багшид  шавилж бөх болох замдаа орсон. Энэ үеэс халагдах хүртлээ “Алдар”  нийгэмлэгээр овоглон барилдаж явлаа.

-Чөлөөт бөхөөр Азийн аваргад сонин түүхтэй оролцсон гэдэг байх аа?

-Бид нэг жинд бараг зургаа долоон хүн бэлтгэлд гарсан юм. Ингээд тэмцээн болохоос урьд хэд хэдэн удаа сорилт  хийлээ. Намайг сонгомол барилдаанд оруулахаар Дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт, улсын таван удаагийн аварга Ж.Дамдинсүрэн, дэлхийн  цомын мөнгөн медальт  Ц.Самбуу нартай сорилт хийлгэсэн юм.  Тэгээд би тэр хоёрыг яллаа.  Тэгээд удахгүй хоёрдахь сорилт хийхэд  намайг оноо алдахгүй болохоор  Ж.Дамдинсүрэн  алгадаад авлаа. Үүнийг харсан комиссынхон “шинэ хүүхэд”-ийг зодож ялах гэлээ гээд намайг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оруулахаар шийдвэрлэсэн юм.  Ингэж анх удаа олон улсын тэмцээнд орсон доо. Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол барилдаанд Японы бөхөд ялагдан  мөнгөн медаль авсан. Энэ тэмцээнд арван жинд барилдсан манай бөхчүүдээс Г.Батчулуун бид хоёр мөнгөн медаль  бусад нь алтан медаль авч билээ.

-Дараа нь ямар тэмцээнд оролцсон бэ?

-Оюутны универ­сиа­дад сонгомолоор оролц­сон. Эхлээд Францын бөхийг  ялаад Итали, ЗХУ-ын бөхөд ялагдсан.

-Ингэхэд тэр үед сонгомол бөхийн багш гэж байсан уу?

-Тэр үед сонгомол бөхийн спортоор  дагнасан мэргэжлийн багш гэж байгаагүй. Тэгээд Дамдиншарав багш л цээжний хэсгээрээ ингэж голдуу барилддаг барилдаан гээд л амаар заагаад бид тэр маягаар нь дасгал хийж давтах жишээтэй байлаа. Дээр дурдсан унивесиад тэмцээнд миний ялагдсан орос түрүүлж, итали мөнгөн медаль хүртсэн. Харин энэхүү байдлыг харгалзаад  1976 оны олимпид намайг сонгомлоор оролцуулахаар шигшээ багийн бэлтгэлд гаргасан. Ингээд Болгарт 45 хоногийн мэргэжлийн бэлтгэл хийлгэхээр ОУХМ Ж. Дамдинсүрэнтэй сорилго хийлгэхэд ялаад би явсан юм. Энэ бэлтгэлд Б.Жавхлантөгс 48 кг-д, Ж.Мөнх-Очир 52 кг-д, би 57 кг-д, Ж.Даваажав 74 кг-д, Д.Лхагва-Очир 82 кгд, Артаг 90 кг-д  гэж сонгоод дасгалжуулагчаар нь О.Цэрэндагва багшийг явуулсан юм.

-Олимпдоо хэр зэрэг оролцсон бэ?

-Харин  ч давгүй оролцсон гэж боддог. Олимпийн дараа манай  тамирчдын амжилтыг  дүгнэсэн хурал дээр “өндөр  хөгжсөн бөхийн сонгомол барилдааны шинэ төрлөөр намайг хамгийн сайн барилдсан бөх” гэж дүгнэж байсан юм.

-Дараа нь Дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээнд чөлөөт бөхийн хоёр дахь тамирчнаар авч явсан гэл үү. Хэр оролцсон бэ?

-1975 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 57 кг-ын жинд  дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М. Хойлогдоржийн бие муу гээд намайг хоёрдахь тамирчнаар авч явсан юм. Харин намайг сонгомлоор  барилдууллаа. Би яахав. Эхний тойрогт универсиад тэмцээнд ялагдсан Италийн бөхийг, хоёрдугаар тойрогт Египетийн бөхийг дараа нь Японыг ялаад Орос, Румын хоёрын бөхөд дарааллан ялагдан тэмцээнээ дуусгасан.

-Олон улсын тэмцээнд явж байх үеийн сонин сайхан юу байна?

-Тэр үеийн ЗХУ-ын Тблиссийн гэж нэрлэгддэг бараг дэлхийн аваргаас илүүд тооцогддог “А” зэрэглэлийн том тэмцээн байлаа. Ц.Самбуу бид хоёрыг сорих зорилгоор энэ тэмцээнд Баянаа, Ойдов нарын хамт дасгалжуулагч багш Ж.Мөнхбат аварга авч явсан юм. Уг тэмцээнд би хүрэл медаль авлаа. Ингээд би ганцаараа медаль хүртчихсэн маадгар амьтан Баянаагийн өрөөнд очсон чинь Иван Ярыгинтай, Мөөеөгийн өрөөнд орсон чинь Леван Тедешвилитэй архидаж байхаар нь бид хоёр сахилгагүйтмаар санагдаад Самбууг өдлөө.  Хоёулаа хоёр Мөнхийг эвлэрүүлэхээр нэг будилаан тарья гэлээ.  Тэгсэн чинь Самбуу айгаад байхаар нь би хариуцна гэж байгаад зөвшөөрүүлчихлээ. Хоёулаа хоёр Мөнхийн авсан барааг нь хооронд нь сольж цүнх саванд нь хийгээд өрөө өрөөнд нь оруулаад тавьчихлаа. Тэгээд та хоёрын авсан барааг цүнх цүнхэнд чинь хийгээд явахад бэлэн болгоод боочихсон шүү гээд хэлчихлээ. Ингээд орой хоолондоо ор гэхээр айж байгаад л орлоо. Маргааш нь өглөө хоолондоо ор гэхэд нь тэр хоёроос өмнө орж гарчихаад аргагүйн эрхэнд явах болоход л өрөөндөө орлоо. Бид хоёр “гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр та хоёрын ачааг гаргаад машинд тавьчих уу. гээд уриалгахан аргагүй л гүйгээд л байлаа. Ингэж нисээд Москвад ирлээ. Мөөеө намайг, Баянаа Самбууг аваад нэг нэг өрөөнд орлоо. Тэгсэн чинь нөгөө хоёр юмаа задлаад үзчихсэн бололтой. Бид хоёрыг загнаж байнаа.

Та хоёр шиг ийм найдваргүй шавь үзээгүй юм байна. Бөх болоогүй байж бухын баалтаар баалаа л гэнэ. Та хоёрыг дахиж авч явахгүй л гэнэ. Бид хоёр ч яахав гэм хийсэн юм чинь доошоо хараад зогсоод байлаа. Загнаж загнаж байснаа үүнийг гаргаад машинд тавь цаашаа аваад явчихваа гэж байна. Ингэж мундаг сахилгагүйтээд хоёр Мөнхийг нэг өрөөнд хонуулж билээ.

Бидний энэ шоглолт тухайн үед нэг зүйл дээр ч гэсэн хоёр аваргыг нэгтгэж чадсан гэж боддог.

-Тэгээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан уу?

-Бид ирээд дэлхийн аваргад орох бэлтгэл хийж байгаад сорилт хийхэд Ц.Самбуу, бид хоёрыг Д.Оюунболд ялчихсан юм. Тэгээд л Оюунболдыг оролцуулсан даа.

-Өөрөө Д.Оюунболдыг ялж байсан уу?

-Бид хоёр чинь сайн найзууд, олон жил нэг газар нэг багшийн гараар хичээллээд ямар мэх хийдгээ мэдэлцчихсэн байсан болохоор ялалцахад нэг хоёрхон онооны зөрүүгээр өгөө аваатай л үзнэ шүү дээ. Оюунболд намайг З.Ойдовын болон Төмөр замын нэрэмжит тэмцээн хоёрт хоёр удаа ялсан бол би Оюунболдыг Ах дүү армиудын аварга шалгаруулах олон улсын тэмцээнээр хоёр удаа ялж аварга болж байлаа. Ингэж дөрвөн удаа л таарч барилдсан. Бид хоёр яагаад ийм тэнцүүхэн барилддаг байсан вэ? гэвэл Оюунболд надаас хурдаар илүү, би барилдааны техникээр давуу байсан болохоор тэр. Оюунболд ярьдаг байсан юм. Миний өрсөлдөгч нарын дотор Жагаа л эвгүй бөх байсан юм. Барилдахад тун амархан юм шиг мөртлөө ямарч мэх хийлгэхгүй. Тун хачин барилдаантай яаж ч болдоггүй байсан гэдэгсэн хөөрхий минь.

-Таны жингийн гол өрсөлдөгч хэн байв аа?

-Миний жингийн бөхчүүд гэдэг чинь үе үеэрээ дэлхийн түвшинд хүрчихсэн аль очсон нь дэлхийгээс юм зулгаана л гэж боддог хүмүүс байсан юм. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Хойлогдорж, Дан-Коловын нэрэмжит тэмцээний мөнгөн медальт бөх С.Сүрэнжав, Дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ж.Дамдинсүрэн, Дэлхийн цомын аваргын мөнгөн медальт Ц.Самбуу, Дэлхийн залуучуудын аваргад шагналт байр эзэлж байсан Д.Гансүх (хожим нь жүдогийн залуучуудын дасгалжуулагч хийж байсан “буурал” хэмээх), “Яс” хэмээн нэрлэгддэг Д.Дамдин, Нэргүй нар байсан. Хэний нь муу бөх гэх вэ дээ. Харин би эдэнтэй барилдаж байж л дэлхийн олон хүчитнүүдтэй гар зөрүүлэх энд хүрсэндээ баярладаг. .

-Тэмцээн бүхний дараа бөөн онигоотой болно биз?

-Хэлээд яах вэ? Тэмцээн дуусаад бүгдээрээ эндэхийн усан үзэмнээс ханатлаа идэж авцгаая гээд өрөө өрөөндөө нэг нэг том саваар дүүрэн авч тавьчихаад идэж алдлаа. Бид бүгдээрээ шахам олон хоног жин хасаад хоолоо сойж байсан болохоор орой болсон чинь бүгдээрээ “сур харваад” бараг хэний өрөө аль билээ гэдгээ мэдэхгүй шахам гүйлдээд бөөн юм болов оо. Маргааш нь нутаг буцах онгоцонд манай хэд жорлонд очерлоод бараг гадныхныг  оруулахгүй ирсэндэг.

-Иймэрхүү инээдэмтэй зүйл тохиолдож байсан уу?

-Байлгүй яах вэ? Тэр бүхнийг яриад байвал өнөөдөр барагдахгүй. Тэмцээн дуусаад бид чинь амьтан хүн ах дүү нарын өгсөн хэдэн төгрөгөөр дэлгүүр хэсэж янз бүрийн юм цуглуулах гэж бөөн ажил болдог юм. Тэгсэн 52 кг-д барилддаг байсан “Ониго” гэж хочилдог Мягмарсүрэн “би мөнгө багатай юм чинь авгайдаа л нэг гутал авна” гээд л байсан юм. Тэгээд дэлгүүр лүү бөөнөөрөө ороод авах юмаа авчихаад бүгдээрээ буцах гэсэн чинь нөгөө Мягаа чинь байдаггүй шүү. Хүлээгээд байсан чинь арай хийж дэлгүүрээс гарч ирлээ. Бид авсан юмаа үзүүл гэсэн чинь үзүүлдэггүй. Хоёр хоногийн дараа Спортын төв ордон дээр цуглаж тайлангаа тавих байгаад цугласан чинь Мягаа:” За ёстой баларсаан” гэж байна. Яаваа гэсэн чинь байгаа мөнгөөрөө авгайдаа нэг гутал авсан чинь нэг хөлний хоёр гутал аваад ирж ингэж шатах гэж байх уу л гэж байна. Тэгээд бид тайлангаа тавьчихаад нэг шийдэлд хүрлээ.

-Ямар шийдэл гэж?

-Алдар нийгэмлэгийн жижүүр хоёр хөл нь нэг тийшээ харсан эмэгтэй байсан юм. Түүнд очиж учраа хэлж байж зарья. Өөр ямар ч арга алга гэж шийдээд л янз бүрийн муу юм бодогдуулахгүйн тулд Хойлогдоржийгоо “гавъяат”-ын тэмдгийг нь зүүлгэж аваад явцгаалаа. Тэгж очоод учраа тайлбарлаад өгөхөд нөгөө хүн харин баяртайн аргагүй авч Мягаа гутлынхаа мөнгийг олж авч байж билээ. Түүнээс хойш бид Мягмарсүрэнг “Чи юм хардаггүй шүү” гэхээр их дургүй байдагсан.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих