Г.Батжаргал: Баянхонгорын Засаг даргын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана
“Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханыг хууль бусаар томилсон” гэж үзээд нутгийн иргэд шүүхэд хандсан. Учир нь түүнийг “Төрийн албанд гурван жил ажиллаагүй учраас Засаг даргаар томилох үндэслэлгүй” гэж үзсэн билээ. Үүний эсрэг Д.Жаргалсайхан дарга аймгийн шүүхэд “Төрийн албанд гурван жил ажилласан болохыг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан ч сум дундын III шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд товлосон шүүх хуралд өргөдөл гаргагч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй болон нотлох баримт авчраагүй учраас хэргийг буцаажээ. Энэ талаар Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дэд дарга Г.Батжаргалтай ярилцлаа.
-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргад нэр дэвшигчийг авч хэлэлцдэг. Тухайн үед төрийн албанд гурван жил ажиллаагүй талаар гомдол санал гаргаагүй юм уу. ИТХ-ын төлөөлөгчдийн санал болгосон хүнийг Ерөнхий сайд аймгийн Засаг даргаар томилж байгаа шүү дээ?
-Аймгийн ИТХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Д.Жаргалсайханыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцсэн. Хуралдааны явцад “Д.Жаргалсайхан төрийн албанд гурван жил ажиллаагүй учраас хуулийн талаас шаардлага хангахгүй байна. Ийм хүнийг нэр дэвшүүлж болохгүй” гэдэг саналыг аймгийн ИТХ дахь МАН-ын төлөөллөөс гаргасан. Гэтэл АН-ынхан олонхийн саналаар батлаад Ерөнхий сайд Н.Алтанхуягт Д.Жаргалсайханыг Засаг даргаар томилохыг уламжилсан тэр даруйд тухайн тогтоолыг бид аваад Ерөнхий сайдад бичиг явуулсан.
Өөрөөр хэлбэл, “Төрийн албанд гурван жил ажиллаагүй хүнийг хууль зөрчиж Засаг даргад нэр дэвшүүллээ. Энэ асуудлыг анхааралдаа аваач ээ” гэсэн бичиг явуулсан. Харамсалтай нь Ерөнхий сайд бидэнд хариу ирүүлэлгүй Д.Жаргалсайханыг шууд Засаг даргаар томилсон. Үүнийг анх иргэн Н.Төрбат нарын хүмүүс “Хууль бус үйлдэл” гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг. “Төв аймаг, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн Засаг дарга нар хууль бусаар томилогдлоо” хэмээн хуулийн байгууллагад хандсан. Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг хэлэлцээд Төв аймгийн Засаг даргад хэрэг үүсгэхээс татгалзаж нөгөө хоёр аймгийн асуудалд хэрэг үүсгээд явж байсан. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан өөрийгөө “Төрийн албанд ажилласан эсэхийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг аймгийн шүүхэд гаргасан. Нэгэнт анхан шатны шүүхэд хэрэг үүссэн учраас Үндсэн хуулийн Цэц “Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэлэлцэнэ” гээд хойшлуулсан. Ингээд Д.Жаргалсайханы өгсөн өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь бидэнд тодорхойгүй байсан. Иймд аймгийн МАН-ын хорооноос энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн талаар аймгийн шүүхээс мэдээлэл өгөхийг хүсэхэд долоо хоногийн дараа Н.Нарангэрэл шүүгч хариу ирүүлэхдээ “Энэ асуудлаар мэдээлэл өгөхийг хуулиар хориглосон тул боломжгүй байна” гэсэн. Бид үнэхээр гайхсан. Ямар хүний аминд хүрч, эх орноосоо урвасан нууц хэрэг биш. Тэгэхээр нь бид Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад бидэнд аймгийн сум дундын III шүүхээс гаргасан иргэний хэргийн шийдвэрийг ирүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрээр 2014 оны нэгдүгээр сарын 25-нд шүүх хурал товлосон байсан. Тухайн шүүх хуралд өргөдөл гаргасан Д.Жаргалсайхан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Ингэхээр шүүгч тодорхой үндэслэлээр захирамж гаргасан байгаа юм. Ямар шийдвэр гаргасан бэ гэхээр “Өргөдөл гаргагч өөрөө ирээгүй. Хэрэг шийдвэрлэх үйл ажиллагааны явцад нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас шүүхэд дахиж хандах нөхцөлтэйгөөр захирамж гаргаж хэргийг буцаав” гэсэн. Одоогоор Д.Жаргалсайхан шүүхэд дахиж хандсан мэдээлэл байхгүй байна. Үүнийг бид юу гэж харж байна вэ гэхээр яаж ийж байгаад цаг хожиж хэдэн сар ч болтугай Засаг даргаар ажиллачих бодлого бариад байна уу даа гэж харж байна. Одоо бид Үндсэн хуулийн Цэцэд хандаж Төрийн албанд гурван жил ажиллаагүй хүнийг Засаг даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгох тухай асуудлыг дахин тавина.
-Д.Жаргалсайхан даргын хувьд өмнө нь намын даргаар ажиллаж байсан гэдэг. Түүнээс өмнө ямар албан тушаал хашиж байсан юм бэ?
-Өөрөө шүүхэд өргөдөл гаргахдаа “Би аймгийн намын даргаар хоёр жил ажилласан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан юм. Тиймээс миний ажиллаж байсан хугацааг төрийн албан хаагчаар гурван жил ажилласанд тооцож өгнө үү” гэсэн байдаг. Өмнө нь Баянхонгор аймгийн төвд “Баруун бүс” ХХК-ийн захирал хийж байсан. Түүнээс өмнө арьс, шир, түүхий эд, ноос ноолуур авдаг ченж байсан. Сүүлдээ “Баруун бүс” худалдааны төвийг байгуулж ажилласан юм билээ.
-Аймгийн болон орон нутгийн дунд сургуулиудын захирлуудыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж байгаа талаар гомдол гарч байсан. Нийт хэдэн захирал ажлаа өгөөд байна вэ?
-Өнөөдөр 13 сургуулийн захирал ажлаасаа халагдсан. 2-3 сургуулийн захирлыг “Та ажлаа өөрийн хүсэлтээр өгчих. Таныг өөр ажилд оруулж өгнө” гэж утсаар байнга ярьж байгаад ажлаас нь чөлөөлсөн. Жишээлбэл, Баян-Өндөр, Баацагаан сумын сургуулийн захирлуудыг “Өөр ажлын байр гаргаж өгнө” гэж дарамталж байгаад өөрсдийнх нь хүсэлтээр өргөдлийг нь бичүүлсэн. Одоо нөгөө захирлууд нь хийсэн ажилгүй “Нутгийнхаа дүүд ганц сайхан чадууллаа даа” гээд л явж байна. “Ажлаа өгөхгүй” гэсэн нэгнийг нь албан хүчээр шалгалт оруулаад ажлаас нь халсан зэрэг төрийн байгууллагад баймааргүй дарамт шахалт үзүүлсэн тохиолдол олон байна. Хууль бусаар захирлуудыг халах болохоороо аймгийн МХЕГ-т ажиллаж байгаа Н.Амаржаргал гэж улсын байцаагчийг тухайн ажлын хэсэгт томилдог. Нөгөө хүн нь ямар нэгэн өчүүхэн жижиг асуудалд дүгнэлт гаргаад өгчихдөг.
-Танай аймгийн Гурванбулаг сумын иргэд тухайн бүс нутагт хууль бусаар алт олборлож байгаа талаар нэлээд хэдэн жил маргаж байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?
-Гурванбулаг сумын нутагт алтны компани олборлолт хийж эхэлсэн. Иргэд нь энэ асуудлаар сүүлийн хэдэн жил шүүх, цагдаагаар яваад одоо хад мөргөж байна. Тухайн компанийн эзэмшиж байгаа ордыг Урт нэртэй хуульд хамаатай гэдэг утгаар өмнөх Засаг дарга нь шүүхэд гомдол гаргаж байв. Тэгээд энэ асуудлын давж заалдах шатны шүүх хурал болсон. Тэгтэл тухайн сумын шинээр томилогдсон Засаг дарга Банзрагч шүүх хуралд нэхэмжлэгч томилоогүй. Тухайлбал, шүүх хуралд нэхэмжлэгч томилж оруулаагүй, шүүх хуралд санаатайгаар ороогүй. Ингээд шүүгч нэхэмжлэгч тал байхгүй учраас компанийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Ингээд сумын төвөөс долоохон км-ын зайд тэсэлгээ хийгээд эхэлчихсэн. Уг нь 2013 оны дөрөвдүгээр сард Д.Жаргалсайхан дарга тус сумын иргэдтэй уулзах үедээ “Би аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ хэзээ ч энэ компаниар олборлолт хийлгэхгүй” гэж хэлсэн. Гэтэл одоо энэ шаардлагыг хүргүүлэхээр “Энэ компанийн үйл ажиллагааг зогсоох үндэслэлгүй юм билээ” гэдэг. Одоо Гурванбулаг сумын иргэд ёстой л “Боож үхэхэд бор шидмэс дутуу байна” гэдэг шиг л байдалтай байна.
-Д.Жаргалсайхан дарга аймгийн нэгдсэн эмнэлгийн салбарт нэлээд шинэчлэл хийсэн гэдэг. Гэхдээ шинэчлэл нэрээр нарийн мэргэжлийн эмч нарыг ажлаас нь халж байгаад иргэд нэлээд бухимдалтай байсан. Одоо байдал ямар байна вэ?
-Манай нэгдсэн эмнэлгийн удирдлагууд гурав дахь удаагаа солигдоод байна. Өөрөөр хэлбэл, Д.Жаргалсайхан Засаг дарга болсноос хойш гэсэн үг. Тасгийн эрхлэгч нар хүртэл хэд дахиад өөрчлөгдсөн. Энэ байдлаас болоод нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа маш их доголдолтой ажиллаж байна. Вакцины хордлогоос болж манай аймгийн бяцхан иргэн гадаадад эмчилгээнд явж гар, хөлөө тайруулсныг хүмүүс мэдэж байгаа байх. Мөн саяхан аймгийн төвөөс 15 км зайтай орших тоосгоны үйлдвэрийн сахиул айл галд өртөж хүүхэд нь түлэгдсэн. Гэхдээ ил түлэгдсэн хэсэг нь гайгүй байсан юм билээ. Хамгийн гол нь хүүхэд угаартаж ухаан алдсан. Тухайн үед эмнэлгийн түргэн тусламж хүссэн ч бүтэн цаг гаруй болсон учраас тэд хүүхдээ эмнэлэгт хүргэж ирсэн. Нэгэнт цаг оройтсон учраас эмнэлэг дээр ирээд хоёр цаг орчим болоод амь насаа алдсан. Яагаад түргэн тусламж цагтаа очоогүй вэ гэхээр нэг эмч явах гэж байтал эмнэлгийн дарга нь “Чамайг явуулахгүй, энэ эмчийг явуулна” гэж маргалдсаар байгаад цаг алдсан юм билээ. Үүний үр дүнд угаартсан гурван настай хүүхэд амь насаа алдлаа. Мөн дөнгөж төрсөн нярайн бөгсөн биеийг хариуцлагагүй эмч нар түлсэн асуудал гарсан. Цаашлаад аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хүүхдэд олгой ургачихаад байхад “Олгой биш” гэж хонуулаад дотор нь хагалсан асуудал гарсан. Энэ мэтчилэн манай эмнэлэгт хариуцлагагүй үйлдэл маш их өрнөж байна.
-Эмнэлгийн удирдлага ойр ойрхон солигдсоноор алдаа эндэгдэл их гарч байна гэж ойлгож болох уу?
-Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар одоо Бямбасүрэн гэж эмч ажиллаж байна. Ер нь эмч нарын хоорондын маргаан, ажилдаа хандах байдал нь их зөрчилдөөнтэй байдаг шиг байна лээ. Үүнээс болж ажил нь цалгарддаг. Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн тасгийн эрхлэгч нь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын эхнэр нь байгаа юм. Тэгээд хуучин аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байгаад одоо түргэн тусламж хариуцаж байгаа эмч Б.Жавзан мэргэжлийн бус хүмүүс эмнэлгийн салбарт ажиллаж байгаа талаар нэлээд шүүмжлэлтэй хандахаар түүнийг ажил төрлөө хийхэд нь дарамт үзүүлдэг. Энэ талаар Б.Жавзан эмч аймгийн телевизээр уйлаад ярьсан шүү дээ. “Би мэргэжилдээ хайртай. Ажлаа хийх боломж өгөхгүй байна” гэсэн. Би сая гурван настай хүүхэд эндсэн асуудлаар аймгийн удирдлагууд болон Эрүүл мэндийн нэгдлийн дарга дээр орж нэлээд шүүмжлэлтэй хандсан. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хурал дээр “Г.Батжаргал хүүхэд эндсэн асуудлаар улс төр хийж байна” гэсэн байна лээ. Гэтэл эмч нар нь “Бидний дотор байгаа асуудлыг хэллээ. Үүний буруу нь юу байгаа юм бэ” гэсэн байр сууринаас хандсан. Ер нь болж бүтэхгүй байгаа асуудлыг ярихаар “Улс төр хийж байна” гэж ойлгоод байдаг. Тэр байтугай манай аймгийн эмнэлэг мэс заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
-Тэгэхээр яаралтай хагалгаа хийх шаардлагатай иргэд хаана хандана гэсэн үг вэ?
-Нэг сайн эмч байсан. Тэр эмчийг ажлаас нь халчихсан. Ингээд мэс заслын эмч байхгүй учраас Богд сумын мэс заслын эмчийг авчирч хагалгаа хийж байна. Тэгэхээр Богдын эмнэлэг яах болж байна гээд хүндрэлтэй асуудал аймгийн эмнэлэгт их бий.
-Танай аймагт иргэдийн амьдралын төвшин ямар байна вэ. Иргэдийн санал гомдол сөрөг хүчин болох МАН-ын хороонд ирдэг байх?
-Өнөөдөр тэтгэврийн насны хүмүүс хэдэн сараар нь зээл авчихсан сарын орлогогүй л амьдарч байна. Ер нь орон нутагт иргэдийн амьдрал хүнд байгаа. Дийлэнх гомдол нь орон нутгийн хөгжлийн мөнгийг хууль зөрчиж танил талдаа олгож байгаа талаар хэлдэг. Мөн Канад технологиор 25 багийн төв барьсан асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь төсөв барьцаалсан ажил болсон. Нэг багийн төвийн барилгыг 70 сая төгрөгөөр барьсан. Энэ жилийн төсвөөс 35 саяыг аваад дараа жилийн төсвөөс 35 сая төгрөг авахаар зохицуулалт хийсэн. Ашиглалтанд ороод жил ч хүрээгүй багийн төвийн барилгуудыг улсын комисс нэгийг нь ч хүлээж аваагүй байтал түрүүчээсээ шал нь цөмрөөд эхэлсэн. Хэрвээ үхэр мал гаднаас нь шөргөөвөл хана нь нурна. Тэр байтугай багийн төв дээр хурал хийж байгаа иргэдийг “Хана битгий налж зогс. Адуу малаа хол байлгаарай” гэдэг.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
zaluu com
URL: