Энхийг сахиулагчид дарга нарынхаа шахсан машиныг хөдөлгөхийн тулд өөрсдийн мөнгөөр сэлбэг худалдан авдаг гэнэ

 техник

     Зэвсэгг хүчний зарим генерал, нөлөө бүхий албан тушаалтнуудтай хамтран БНХАУ-аас 20 саяар авсан машинаа 70 саяынх хэмээн улсад шахаж, их хэмжээний хохирол учруулсан тухай мэдээлсэн билээ.

 

Тэгвэл үүнээс үүдэлтэй буюу дээрх машинуудыг хилээр оруулж ирэх гэтэл Хятадын талаас гаалийн татвар төл гэснээс үүдэн томоохон асуудал үүссэн тухай болон өөр бусад баримтуудыг эх сурвалжууд дэлгэж байна. Тодруулбал, манай Зэвсэгт хүчнийхэн 2009 онд БНХАУ-аас худалдаж авсан 50 гаруй машин улсын хилээр оруулж ирсэн бөгөөд үүний тулд Хятадын талд гаалийн татвар төлөх ёстой байдаг ажээ. Гэтэл ЗХЖШ-ын генералууд машин худалдаж авахдаа БХЯ болон ЗХЖШ-ын нэрээр Хятадын талд “Дээрх машинуудыг татвараас чөлөөлөх” тухай албан бичгийг илгээснээр буцааж гаргах үеийн татвараас чөлөөлүүлээд зогсохгүй, худалдан авахдаа төлсөн татварыг нь хүртэл эргүүлж аваад өөрсдөө халаасалчихсан гэх.

 

Уг нь эдгээр машиныг хэдийгээр Хятадын гаалиар оруулж ирсэн ч манай тал огт хэрэглээгүй буцаагаад гаргаж байгаа учраас олон улсын жишгээр ре-экспорт хийж байгаа гэж үзэн бараанаас татвар авдаггүй юм байна. Харин үүнийг манай дарга нар овжноор ашиглан дээрх бичгийг үйлдэн мөнгө завшсан нь энэ юм байна. Гэтэл энэ явдлаас нэг жил таван сарын дараа хэрэг бишдэж, Чад улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дуусгавар болж, манай цэргийн баг хоёр удаагийн ээлжээр үүрэг гүйцэтгээд нутаг буцахдаа Өмнөд хөршийн хилээр нэвтрэхээр болжээ. Ингэхэдээ зэвсэг техникээ аваад ирсэн аж. Гэтэл Хятадын талаас манай машинуудыг хилээр нэвтрүүлэхгүй хэмээн өмнө нь манай генералуудын халаасыг түнтийлгэсэн гаалийн татвараа буцааж төлөхийг шаарджээ. Нэгэнт л гаалийн татварын мөнгийг Засгийн газраас гаргаж өгөхгүй учраас манай дарга нар сандарч яах учраа мэдэхгүй байсаар дээрх машинуудыг оруулж ирж чадахгүй урд хил дээр 5-6 cap гаруй хугацаанд саатжээ.

 

Энэ үеэр манай дарга нарын өндөр үнээр авсан гээд байгаа машинууд элэгдэлд орж, дээрээс нь урьд хөршийн зарим урт гартнууд тонож эхэлсэн хэмээж байна. Энэ асуудал тухайн үед олон хүний санааг зовоож одоо яах вэ хэмээн гайхширахад хүргэж байж. Харин энэ үеэр аз болж Өмнөд Суданд Монгол Улсын мотобууддагын батальон явахаар болсноор манай генералууд тэр дор нь сүйхээчлэн Хятадад гацсан машинуудыг тэндээс нь буцааж Өмнөд Судан руу явуулснаар хятадуудын нэхээд байсан гаалийн татварыг төлөх шаардлагагүй болж, энэ хэрэгт хамгийн их хамаатай зарим нь нэг хэсэгтээ бүтэн нойртой хонох болжээ. Гэтэл хамгийн ноцтой нь урд хил дээрээс шууд ачуулсан машинуудыг Өмнөд Суданд хүргэсэн ч тэдгээрийн 80 хувь нь үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байсан гэнэ. Үүнээс болж үүрэг гүйцэтгэхээр томилогдсон манай цэргүүд үйлээ үзэж тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг Өмнөд Суданд очиж цэргүүдээ эргэх үеэр сууж үзсэн машиных нь агааржуулагч хүртэл ажиллахгүй байжээ. Тухайн үед үүнд Ерөнхийлөгч бухимдаж Өмнөд Суданаас ирэхдээ энэ бүх асуудлын учрыг ол хэмээн Ерөнхий сайдад үүрэг өгчээ. Ерөнхий сайд ч Засгийн газрын хуралдаан дээр салбарын сайдад үүрэг өгснөөр асуудал тэгэсхийгээд намжсан юм байна.

 

Иймээс Өмнөд Суданаас машинуудаа буцааж татах болбол манай хэдэн генерал татварыг нь яах бол гэсэн асуулт одоо ч олон хүний анхаарлыг татаж байгаа юм байна. Энэ бол манай эхнийг сахиулагчдыг тойрсон асуудал бөгөөд дарга нарын шуналаас болж монгол цэргүүд хэрхэн хохирч буй тухай баримт. Тэгвэл Өмнөд Суданд манайхтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа Кампучи, Раунда зэрэг хөгжлийн хувьд биднээс хамаагүй доогуур улсууд манайхаас илүү зэвсэг техник хэрэглэдэг ажээ. Ингэхдээ тэд хамгийн чанартайг нь энгийн аргаар худалдан авдаг гэнэ. Тодруулбал дээрх улсууд Японы “Ниссан” зэрэг томоохон компанийн үйлдвэртэй шууд гэрээ байгуулан машинуудыг радиостанц, GPS зэрэг энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай бүхий л хэрэгслүүдээр тоноглуулан ажиллагааны газар шууд хүргүүлэхээр шийддэг ажээ. Энэ бол жинхэнэ ухаалаг бас энгийн арга гэдгийг эх сурвалжууд өгүүлсэн. Мөн манайхан ийм гэрээ хийчихвэл машинуудыг ажиллагааны бүст хүргүүлэх, тээвэрлэлтийг зохицуулах гэж толгой гашилгаж, зүдрэх шаардлага байхгүй бөгөөд татвар төлөхгүй. Хамгийн гол нь бүрэн бүтэн, чанартай техник хүлээн авна. Бас дээр нь таван жил шаардагдах агаар шүүгч, тосны шүүр, тормозны наклад зэрэг сэлбэг хэрэгслүүд үнэгүй дагалдана гэдгийг хэлцгээж байна.

 

Хэрэв үгүй бол гэрээний дагуу нөгөө талтай хариуцлага тооцдог учраас аль аль тал нь үүргээ сайн биелүүлдэг ажээ. Гэтэл манай цэргүүд дарга нарын шахсан үнэ ихтэй, чанар муутай машинуудыг арчлах гэж үгээ хэлдэг бөгөөд хамгийн өрөвдөлтэй нь орон нутгийн зах дээрээс өөрсдийн халааснаасаа мөнгө гаргаж тормозны наклад худалдан авч солдьдог гэцгээж байгаа юм. Уг нь манайхан үүнийг мэддэг ч биелүүлэхийг хүсдэггүй гэх бөгөөд ийм нэг бизнесийн сүлжээ дээгүүр яваад байна. Эрх мэдэлтнүүд хэрэг хийсэн ч хариуцлага хүлээж, ял зэмлэл хүртдэггүй мултарч үлддэг, албан тушаалдаа амь бөхтэй зууралддаг бохир бизнес газар авсаар байна. Хамгийн ноцтой нь энэ бүхнээс болж ийм муу техниктэй үүрэг гүйцэтгэж байгаад энхийг сахиулагчид эрсэдвэл яана, зэвсэг, техник нь байнга эвдрээд үүрэг гүйцэтгэж чадахгүй НҮБ – ын итгэл найдварыг алдвал яана, НҮБ-ын ажиллагаа манайхаас болоод үр дүнгүй болбол яана. Үүнээс болоод НҮБ манайд мандатаа өгөхөө больчихвол яана, дэлхий нийтэд Монгол Улсын нэр хүнд унавал яана… Юун нөгөө улс төр, дипломатын аргаар аюулгүй байдлаа хамгаалах болох биз. Тэр үед Монголын Зэвсэгт хүчнийг ийм байдалд оруулсан эрх мэдэлтнүүд ямар тайлбар өгөх бол гэсэн асуулт одоо ч энэ салбарынхныг зовоож байгаа юм билээ.


URL:

Сэтгэгдэл бичих