Дахин давруулах уу, татаж суулгах уу
Нэг газрын “жолоо”-н дээр суусан нутгийн дээрх гурван эрхэм эмнэлгүүдийн магадлан итгэмжлэлийг олгохдоо гурван сая төгрөг авдаг ханш тогтоосон хэргээр Авилгатай тэмцэх газар шалгагдан “бантангаа хутгасан” нь саяхан. Мөн Ш.Энхбат хөдөө орон нутагт явуулын эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх нэрээр мэс засал болон лабораторийн гурван машиныг маш өндөр үнээр захиалж, тухайн үед ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэлийн хамсаатан хэмээгдэн өдгөө ч Авилгатай тэмцэх газар шалгагдаж буй. Уг гурван машин нь өнөөдөр ямар ч ашиглагдах боломжгүй, үхмэл хөрөнгө болон эзэнгүйдэж байна. Энэ мэтээр Төрийн өмчийг үрэн таран хийж явсан Ш.Энхбат дахин ардчиллын нэрийг барин Нийслэлийн ЭМГ-ын даргын суудалд санаархаж байгаа нь нэг л санаанд багтамгүй. Ёстой нөгөө “цайрлаа даа” гэдэг болжээ.
Хэрвээ Ш.Энхбат уг албан тушаалд томилогдох юм бол “амташсан хэрээ арван гурав дахина” гэгчийн үлгэр боллоо хэмээн эрүүл мэндийн салбарын хүмүүс шуугиж байна. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд Ш.Энхбат нь “Сүрьеэгийн чиглэлээр Япон улсад Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан” гэх боловч түүнийгээ баталгаажуулсан ном, сурах бичиг одоогоор хэвлүүлээгүй бөгөөд хамгаалсан гэх сэдэв нь ЭМЯ-ны Эрдмийн зөвлөлд байдаггүй нь “хусран” доктор уу, “худалч” нөхөр үү гэдгийг ялгахад бэрх. Эндээс үзэхэд Ш.Энхбат үнэхээр Япон улсад докторын зэрэг хамгаалсан эсэхийг тус улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны нэгдсэн сангаас шүүн үзэж , албан ёсны лавлагаа гаргахад буруугүй юм.
Ш.Энхбатын энэ мэт ёс бус үйл ажиллагаанаас харахад ардчиллын нэрээр аливаа албан тушаалд очиж, зальтай аргаар цэвэр гараад байгаа нь ардаа том татаастай хүн үү, эсвэл “нууцхан” нэг авилгач уу хэмээн салбарынхан дунд хардлага тэнэсээр. Энэ мэт хүмүүсийг Шинэчлэлийн Засгийн газар дахин албан тушаал өгч давруулах уу, аль эсвэл нуга дарж суулгах уу гэдэг нь тодорхойгүй байна. Ямартаа ч Ш.Энхбат шинэ албан тушаалд суух сонирхолдоо хөтлөгдөн ил далд элдэв суваг ашиглаж яваа сурагтай.
URL: