“Чингис хаан” зочид буудлыг ингэж хувьчилжээ

5-6-5 Ерөнхий сайд асан Сү.Батболдтой салшгүй холбогддог нэгэн том хөрөнгө, объект бол “Чингис хаан” зочид буудал. Холбогдохоос ч аргагүй эд.

Өнгөрсөн хугацаанд энэ зочид буудлыг маш хямдаар хувьчилж авсан талаар зарим эх сурвалж хэлдэг. Сү.Батболд өөрөө болохоор бөөн хор хохирол амсан байж “Чингис хаан” зочид буудлыг босгож авсан гэж ярьдаг. Ингээд л хоёр тайлбарын хооронд олон нийт төөрөлдсөөр өнөөг хүрсэн гэхэд болно.

Гэхдээ Сү.Батболд “Чингис хаан” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан гэх мэдээлэл нь их. Тиймээс уг хувьчлалын төлбөртэй холбогдуулан 2001 оны арваннэгдүгээр сард УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг шалгалт хийжээ. Шалгалтынхан зочид буудлын зах зээлийн бодит үнэлгээг дахин хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байжээ.

Харин саяхан бид нэгэн баримт материалыг олж авлаа. 2002 онд УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан өмч хувьчлалын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Уг нь 1996-2000 оны хооронд төрийн өмчийг хэрхэн хувьчилж байсныг шалгах удирдамжтай байсан ч шалгалтад түүнээс өмнөх хувьчлалууд хамаарах шаардлагатай болсон аж. Үүн дотор Сү.Батболдын “Чингис хаан” зочид буудлын хувьчлалын талаарх баримтууд байна. Гэхдээ эрхэм гишүүд шалгасан дүнгээ тухайн үед УИХ, олон нийтэд танилцуулж амжаагүй ажээ.

2000 оныг хүртэл ТӨХ-ноос зээлийн гэрээгээр төрийн өмчийн 21 аж ахуйн нэгжийг хувьчилжээ. Үүний нэг нь “Чингис хаан” зочид буудал болж байгаа юм. Энэ буудлын барилгыг анх 1987 онд эхэлж байж. Ингэхдээ “Сэлэнгэ” нэртэйгээр барьж дуусгахаар төлөвлөсөн байна. Төлөвлөгөө ёсоор бол 26 мянган м.кв талбайтай, 182 өрөөтэй цогцолбор буудал байна гэж үзжээ.

Удалгүй Монгол Улсад нийгмийн өөрчлөлт болж, эдийн засаг хүндэрсний улмаас Засгийн газрын 1991 оны тогтоолоор уг буудлын барилгыг банкны зээлээр санхүүжүүлэн дуусгахаар болж, үүнийг хэрэгжүүлж эхэлжээ. “Чингис хаан” зочид буудалтай хамт Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Багахангайн махкомбинат зэргийн барилгуудыг ийм аргаар санхүүжүүлж байв. Ингэж явсаар 1994 онтой золгоход нөгөөх банкны зээлийн төлөлтөд эрсдэл гарах магадлалтай болсон тул Засгийн газар өөр арга хэмжээ авсан байна. Тэр нь уг дуусааагүй барилгыг зээлээр хувьчлах байв. Ингээд хувьчлалын ажил эхэллээ.

Тухайн үеийн Сангийн яам, Өмч хувьчлалын комисс зөвшилцөн “Чингис хаан” зочид буудлын барилгыг 15 сая ам.доллараар үнэлж, хувьчлалын тендерийг зарласан байна. Хувьчлал явагдаж, хэд хэдэн компани өрсөлдсөнөөс Сү.Батболдын “Алтай трэйдинг” шалгарч “Чингис хаан” зочид буудлын шинэ эзнээр тодров. Сү.Батболд буудлын барилгыг 1997 оны долдугаар сарын 2-ны өдөр хүлээн авч байжээ. Түүнийг авахад барилга 60 хувийн гүйцэтгэлтэй, тэр үеийн ханшаар 10 тэрбум төгрөг, 1.15 сая ам.долларын өртөгтэй байв. Мөн “Чингис хаан” зочид буудлын барилга нь 6.2 тэрбум төгрөгийн төсвийн өр, “Ардын банк”-ны гурван тэрбум, “Говь”, “МИАТ”-иас хувьцаа эзэмших нөхцөлтэй Засгийн газрын шийдвэрээр олгуулсан 1.15 сая ам.долларын “өр”-тэй байж.

Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” зочид буудал 15  сая ам.доллар буюу тэр үеийн ханшаар 6.2 тэрбум төгрөгийн зээлээр хувьчлагдахдаа 10 гаруй тэрбумын нийт өртөгтэй, есөн тэрбум гаруй төгрөгийн өртэй байсан байгаа юм. Сү.Батболд өрнөөс нь нэлээдийг дарж, удалгүй өөрийн болгосон байдаг. Гэхдээ 100 хувь барагдуулаагүй. Хувьчлалынх нь өр төлбөртэй холбоотой асуудал босч ирсэн учраас УИХ-аас хоёр ч удаа ажлын хэсэг томилогдсон байдаг.

Сү.Батболд өнгөрсөн жил “Чингис хаан” зочид буудлаа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэд 45 сая ам.доллараар худалдсан байна. Зарим эх сурвалж түүнээс ч илүү үнэд хүргэсэн гэдэг.

Ийн “Чингис хаан” зочид буудлын хувьчлалтай холбоотой асуудал өнөөдөр ч бүрхэг хэвээр. Дээрх шалгалтын баримтаас үзэхэд ч тодорхой бус байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар, ийм шалгалт орох бүрт Сү.Батболд “Тунгалаг тамир” киноны Хонгор шиг “Ахаа намайг бодоорой…” хэмээн аргалсаар ирсэн гэдэг.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих