Людовик хаанаас Монголын Засгийн газарт “илгээсэн” мессеж
Дэлхийн олон оронд казино бий. Тэд улсын төсвөө бүрдүүлэхдээ казиног ашигладаг бол манайх шиг төсвийн цоорхойг нөхөх эцсийн арга болгох гэж казино нээсэн нь байхгүй. Харин дэлхийд албан ёсоор казино байгуулсан түүх нь өөрөө манай Засгийн газрын санаатай яг адилхан. Казиногийн орчин цагийн түүхийг 1765 онд эхэлсэн гэж үздэг. Тэр үед Францын эзэн хаан ХIV Людовик хоосрох шахаад байсан сан хөмрөгөө арвижуулах зорилгоор казино байгуулахыг хүлээн зөвшөөрчээ. Хаанд ихээхэн нөлөөтэй байсан кардинал Мазорини энэ санааг гаргасан бөгөөд “Энэ чинь надад ямар ашигтай юм бэ” гэсэн хааны асуултад “Таныг хуурч байгаа ноёдоос татвараа буцаан авах цэвэрхэн арга” гэж хариулсан гэдэг. ХIV Людовик ч уухайн тас зөвшөөрчээ. Мазорини мөрийтэй ямар тоглоом сонговол хааны сан арвижих вэ гэдгийг ч сайн тооцжээ. Тэрээр энэ ажилдаа суут эрдэмтэн Паскалийг ашигласан байна. Тэр үед Паскаль рулетийг зохиогоод байсан бөгөөд эрдэм шинжилгээний зорилгоор бүтээлийг чинь ашиглана гэж кардинал Мазорини ятгаж байж зөвшөөрүүлсэн ажээ. Ингээд рулет гэдэг тоглоом мөрийтэй тоглоомын ертөнцөд орж ирэв. Кардинал Мазоринигийн амлалт биелээгүйд эрдэмтэн Паскаль дургүйцээгүй бөгөөд харин ч өөрийнхөө бүтээлд донтсон гэдэг юм билээ.
Казино үүссэн түүх ийм. Харин давтагдах гэж байгаа энэ түүхийг улсынхаа валютын өлсгөлөнг “дарахад” ашиглах эсэх нь өнөөгийн эрх баригчид, УИХ-ын хийх ажил юм. Дэлхий даяар нэгэнт хүлээн зөвшөөрч, хүмүүсийн орох дуртай газар болсон казиногийн талаарх бидний ойлголт их сонин. Казино гэхээр тамхи баагиулсан мөрийтэй тоглогчид, арын өрөөнд нь гэмт хэрэгтнүүд хар тамхи зэвсэг наймаалцаж, биеэ үнэлэгчид шавсан тийм орчин гэж монголчуудын толгойд буудаг. Ер нь бид яагаад ийм ойлголттой болсны учгийг хөөвөл 1998 онд очно. Монголд казино байгуулж мөнгө олж болохыг мэдэрсэн УИХ-ын зарим гишүүний санаачилгаар Казиногийн тухай хуулийг тэр жил баталсан юм. Удалгүй тендер зарлаж “Мон-Макао” компанийг шалгаруулсан байдаг. Гэвч их мөнгөнөөс хувь хүртэж чадалгүй хоцорсон гишүүдийн гомдол, улс төрийн тодорхой шалтгааны улмаас нэг жилийн дараа Казиногийн хуулийг хүчингүй болгожээ. Удалгүй авлига авсан хэмээн УИХ-ын гурван гишүүнээ шоронд хийснээр ардчилсан хүчний засаглалын үед казино Монголд хаалгаа бүрмөсөн хаасан билээ. Казиногийн хуулийг хүчингүй болгох тогтоолын төсөл санаачилсан 12 гишүүн үндэслэлээ “казино нь гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис гэх мэтээр сөрөг олон зүйл дагуулдаг учраас хүн ам цөөтэй Монголын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө” гэж тайлбарлаж байжээ. Энэ олон үйл явдлууд казино гэдэг чинь үнэхээр болохгүй зүйл юм байна гэсэн ойлголтыг монголчуудын ой тоонд суулгасан нь одоо ч бат бөх оршсон хэвээр байна.
Монголд казино байгуулах санаачилга ганцхан энэ байсангүй. Энэ асуудал 2007 онд дахин босч ирэв. Тэр жил Ц.Шаравдорж тэргүүтэй гишүүд Хязгаарлагдмал эрхтэй казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Тухайн үеийн хэвлэлд гарч байсан мэдээллээс харахад гишүүдийг “Морин нуур” төслийнхөн лообийдсон гэсэн хардлага дагасан юм. Тиймдээ ч УИХ дахь АН-ын зөвлөл яаралтай хуралдаж, Казиногийн хууль санаачилсан гишүүдээ хуулийн төслөөс нэрээ татахыг үүрэгдсэн байдаг. Тухайн үед сонгууль дөхөж АН-ыг МАХН-ын хамсаатан гэж үзэх болсон иргэдийн бодлыг өөрчлөхөд энэ хууль саад болно, намын гишүүд оролцох нь бүр ч зохимжгүй гэж үзэж байгаагаа АН-ын удирдлага илэрхийлж байжээ. УИХ-ын гишүүн Л.Гүндалай ч бас нэгэн хуулийн төсөл санаачилж дээрх хуулийг бүдгэрүүлэх гэж оролдож байсан түүхтэй. Олон шалтгааны улмаас төсөл санаачилсан гишүүд нь нэрээ татсанаар Казиногийн хуультай болох гэсэн хоёр дахь оролдлого ийнхүү бүтэлгүйтсэн юм. Үйл явдал үүгээр дууссангүй.
Дэмжлэг аваагүй хуулийн төсөл 2009 онд дахиад яригдав. Автор нь Д.Загджав. Тэрээр хэдэн гишүүний хамт өмнө нь унасан төслийг “амилуулжээ”. Хан-Уул дүүргийн Засаг дарга байхдаа түүнийг “Морин нуур” төслийнхөнтэй хуйвалдаж газар олгосон, казино байгуулах сууриа бэлдэж байсан гэх хардлага гарч байв. Дагаад Д.Загджав гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн яриа хүчээ авчээ. Үүнийг нь батлах гэсэн юм шиг Алан Гинсбург гэдэг хүн Монголд ирж “Морин нуур” төслийнхөө тухай хэвлэлд ярилцлага өгч байв. Энэ компанийнхантай Д.Загджав гишүүн Засаг дарга байхдаа уулзаж байсан бөгөөд хамтран ажиллах талаар хэлэлцэж, гарын үсэг зурж байсныг тухайн үеийн хэвлэлд бичигдэн үлджээ. Өмнөхөөс ялгаатай нь,Д.Загджав гишүүний хуулийн төсөлд монгол хүн казинод урилгаар орж тоглож болохоор бичсэн байжээ. Гэвч олон нийтийн дэмжлэг авч чадаагүйгээс Монголд казино байгуулах хүсэл нь бүтээгүй.
Монголд казино байгуулах гэсэн “эмгэнэлт” түүх ийм. Энэ түүхийг олон талаас нь тунгааж бодвол нэг зүйл тод харагдаж байна. Ерөөсөө Казиногийн хууль баталж улсад орлого оруулна гэхийн оронд дундаас нь ахиухан ашиг унагаах гэсэн эрх мэдэлтнүүдийн далд өрсөлдөөнөөс болж казиногийн хуулийг баталж чадалгүй иржээ. Казино, мөнгө хоёр эмээлийн бүүрэг шиг холбоотой байдаг. Мөнгөнд дургүй хүн байхгүй, дагаад бөөн өрсөлдөөн. Тэгэхээр заавал хэн нэгний эрх ашиг хөндөгдөж таарна. Мөнгийг зүгээр сууж байгаад авчихдаггүй. Эрх мэдлээ ашиглана. Өөрөө чадахгүй бол харин бусдад тээг тавих нь бий. Яг ийм үзэгдлээс болж Монголд казино байгуулж чадалгүй ирсэн гэвэл үнэнээс хол зөрөхгүй байх. Түүнээс биш казино улсын эдийн засагт ийм ашигтай, бас анхаарах ийм зүйлүүд ч байгаа гэдэг талаас нь эрхэм гишүүд үнэндээ харж байгаагүй, тэдний амнаас ийм үг сонсоогүй.
Казино гэж яг юу юм бэ. Тайлбар тольд бичсэнээр бол итали хэлний Casa буюу байр, зуслангийн байр, зуны байшин, лаврин гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд хөгжлийн явцад амралт, чөлөөт цагаа өнгөрөөх байр гэсэн утгатай болжээ. Өнөөдөр энэ байдлаа жинхэнэ утгаар нь харуулж, олон зуун мянган хүний орох дуртай газар болсон нь казино гэмт хэргийн үүр уурхай биш гэдгийн энгийн нотолгоо. Казиног үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж бид мэдэмхийрдэг. Гэтэл үндэсний аюулгүй байдалд жинхэнэ нөлөөлж байгаа утааг гамшиг гэж хүлээн зөвшөөрөөгүй хэрнээ хүмүүс тоглох гэж л ордог казиног ингэж үзэх нь үнэхээр оновчгүй зүйрлэл.
Казинод муухай хувцастай хүн очдоггүй, согтуу хүн байдаггүй. Жирийн иргэнээс эхлээд урлаг спортын одод, улсын эрх баригчид хүртэл тоглоод сууж байдаг. Хэн ч орж болдог, бас хүн болгоныг заавал ор гээд түлхээд байдаг газар биш. Дампуурсан казино байдаггүй, харин казино байгуулаад хөлжсөн улсын жишээ олон байна. Цагаа тулахаар хүний хэрэглээ өчүүхэн. Ууж, идэх, амьдрах байр гэсэн анхдагч хэрэгцээ. Боломжийн ажил төрөлтэй болох, тэтгэвэрт гарах үедээ бусдын гарыг харалгүй амьдрахад хэрэгтэй хэдэн төгрөгтэй болох. Ингээд л материаллаг хэрэглээ бараг дуусчихдаг. Харин сэтгэлийн таашаал авах хүсэл бол хязгааргүй. Хөлбөмбөгт дуртай нь өөрийн багийг дэмжиж шөнөжин зурагтаар тоглолт үзэж нойргүй хонохдоо уурладаггүй. Хөгжимд дуртай нь өдөржин дуулж, бүжиглэсэн ч ядрахгүй. Яагаад гэвэл, дуртай зүйлээ хийж өөрийгөө амраагаад кайф авч байгаа болохоор. Тэгвэл казино бол үүний нэг хэсэг, хүн өөрийгөө зугаацуулах л гэж очдог газар. Мөн чанар нь ердөө энэ. Кайф гэдэг өөрөө их сонин. Заримдаа заавал аз сорьж, биеэ зовоож байж ирсэн мэдрэмж амттай байдаг. Үүнийг хүн бүр хүсч явдаг. Казино бол үүнийг мэдрэхэд тусалдаг нэг арга хэрэгсэл. Ийм л энгийн зүйл.
Аль ч улсад цаасан дээр төлөвлөж, баталснаас илүү их мөнгө гадуур эргэлдэж байдаг. Тэгвэл “гудсандаа нуудаг” тэр их мөнгийг татахад улс орнууд казиног ашиглаж байна. Манай хойд хөрш ОХУ казиногоос маш их мөнгө олдог. Тэнд 450 казино байдаг бол Москва хотод 41 казино ажиллаж аз хийморио соригчдыг тоглуулж байна. Хуульд зааснаар казиногийн орлогын 90 хувийг татварт өгдөг. Зөвхөн нэг казино ийм их татвар төлчихөөд жилд 11 сая долларын цэвэр ашигтай ажилладаг гэхээр улсын төсөвт хэр их мөнгө тушаадаг нь тодорхой байгаа биз. Казиног зөв ажиллуулж жуулчдыг татах замаар хөлжсөн улс бол Сингапур. Байгалийн ямар ч баялаггүй энэ жижиг орон дэлхийн хамгийн баян улс болсны нууц нь аялал жуулчлал, казино. Эдийн засгийн хямрал болж байхад ч казино тоглох гэж Сингапурыг зорих хүмүүсийн тоо цөөрөөгүй. Казинотой Сингапурт гэмт хэрэг бараг гардаггүй, амьдрахад маш тайван, аюулгүй орчинтой. Үүнд нь татагдаж олон сая жуулчин очдог. Казинод нь маш их мөнгө эргэлддэг мөртлөө тэнд авлига байдаггүй.
Ийм жишээ олон. Амьдрал сайжрахын хэрээр монголчууд гадаадад очиж казинод тоглох нь нэмэгдсээр. Солонгос, Макаогийн казиногийн гол үйлчлүүлэгч, тэднийг тэжээдэг нь монголчууд гэдэг. Гадаадад эмчилгээнд явж байгаа монголчууд жилд багцаагаар 600 сая доллар зарцуулдаг гэсэн тоо бий. Тэднээс дутахгүй олон хүн гадаадад очиж казино тоглодог гэхээр 600 саяас багагүй долларыг тэнд тушаачихдаг гэсэн үг. Энэ нь хувь хүний мөнгө хэдий ч эцсийн дүндээ Монголын л валют. Тэгвэл энэ их валютыг нутагтаа авч үлдэж долларын ханшийг өсгөхгүй байхад туслах нэг арга бол казинотой болох. Уул уурхай хөгжихийн хэрээр манайд гаднын хөрөнгөтнүүд олноороо ирэх болсон. Тэднээс мөнгө “саах” боломж бол казино. Бид гаднынхан хамаг баялгыг маань хамж аваад байна гэж гомдоллодог мөртлөө “буцаагаад авчих” ийм боломжуудыг ерөөсөө ярьдаггүй. Засгийн газар эдийн засгаа аврах олон аргын нэгээр ямартай ч казиног сонгож байх шиг байна. Харин үүнд нь бүү саад болоосой. Бид өөрсдөө чадахгүй мөртлөө нэгэндээ атаархаж, хорсож л чаддаг. Тамын тогооны ийм үлгэрээ үргэлжлүүлсээр байх юм бол бөө болж тэнгэрээс гуйсан ч мөнгө орж ирэхгүй. Мөнгөтэй байж л улс хөгждөг нь хорвоогийн жам. Амьдралын энэ үнэнийг одоогоор хэн ч үгүйсгээгүй байгаа. – See more at: http://enkhbayar.essay.time.mn/content/5083.shtml#sthash.02ukwKly.dpuf
URL: