Монголбанк тэтгэвэрт гарч буй захирал Амгаландаа 150 сая төгрөг, гадаад томилгоо бэлэглэжээ
Монголбанкны Бүртгэл тооцооны газрын захирал Амгалан гэх эмэгтэй энэ долдугаар сарын 1-нээс тэтгэвэртээ гарах юм. Түүнийг тэтгэвэртээ гарч байгаа учраас Монголбанкнаас ажилласан жилийн урамшуулал болгож 150 сая төгрөг өгсөн нь анхаарал татахгүй байхын аргагүй. Гайгүйхэн амжиргаатай хүмүүсийн аж төрдөг Зайсан хавьцаа хоёроос гурван өрөө байр авчих хэмжээний мөнгийг Монголбанк тэтгэвэрт гарагсдадаа өгдөг ажээ.
Хэдийгээр төрийн албан хаагчдаа дэмжих нь төрийн бодлого ч гэлээ 150 сая төгрөг гэдэг арай л хэтэрсэн их дүн. 20 эсвэл 30 сая төгрөг өгсөн бол үүнийг байж болох асуудал хэмээн үзэхсэн. Гэтэл 150 саяар нь нэг захирлаа шагнаад байвал Монгол Улс мөдхөн дампуурна. Иймээс захирал болоод ажилчдаа тэтгэвэрт гарлаа хэмээн зуу зуун саяар нь шагнаж, урамшуулаад байгаа Монголбанкны энэхүү асуудлыг Үндэсний аудитын газраас шалгавал яасан юм бэ гэдэг асуудлыг тавьж байна. Тэгээд ч Монгол Улсын эдийн засгийн байдал хүндхэн, хаа сайгүй мөнгөний гачаалалд орчихоод байгаа энэ уед улсынхаа санхүүгийн тогтвортой байдлыг хангах ёстой Монголбанк татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр гарын салаагаараа урсгаад байж болохгүй.
Түүнчлэн саяхан гадны нэгэн улсад банкныхны уулзалт болсон байна. Энэхүү уулзалтад Монголбанкнаас хоёр ажилтан явах шаардлагатай болоход нэг томилолтыг Амгаланд “бэлэглэжээ”. Уг нь олон улсын банкныхны уг уулзалтад цаашдаа салбартаа ажиллах боловсон хүчинг явуулсан бол ядаж л шинэ санаа агуулаад ирэх байлаа. Ажил хийх хүнээ томилохын оронд хоёрхон сарын дараа тэтгэвэртээ гарах хүнийг явуулсан нь зүгээр л гадаад томилгоо бэлэглэж, газар үзүүлсэн юм шиг санагдахгүй байна гэж үү. Ер нь төрийнхний хувьд гадаад томилгоо нь ажил биш зугаалга байдаг нь ийнхүү Монголбанкны энэ удаагийн болчимгүй үйлдлээс харагдлаа. Тэгэхээр ажлаа хийж мэддэггүй, эсвэл орж ирсэн тушаал болгоныг анзаарч, нягтлалгүй гарын үсгээ зурж суудаг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал байгууллагынхыаа тансаглалд анхаарал хандуулах цаг болжээ.
URL: