Б.БАТБАЯР УРЛАГИЙН ЗАМЫГ СОНГОСОН Ч ГАВЬЯАТЫН НАЙР ХИЙХ БАЙЖ
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаярын Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолны хүндэтгэлийн мялаалга уржигдар орой “Баянгол” ресторанд хөлтэй хөөртэй, өргөн дэлгэр боллоо. Хүндэт зочиддоо хүргүүлсэн урилга нь өнгө, загварын хувьд онцгой шийдэлтай байсан нь залуу гавьяатын найр сайхан болохын дохио байжээ. Буяндэлгэр гуайн бага хүу Монголын чөлөөт бөхийн спортоос төрсөн ес дэх гавьяат дасгалжуулагч юм. Энэхүү эрхэм алдрыг өмнө нь О.Цэрэндагва, С.Магсар, Х.Намшир, Д.Адьяатөмөр, А.Басхүү, Т.Сүхбаатар, З.Дүвчин, А.Цэдэнсодном нар хүртэж байсныг спортын хорхойтнууд сайн мэднэ. Түүнчлэн чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбосон төрсөн ах, дүү гавьяатын тоо нэгээр нэмэгдсэн билээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин болон гавьяат тамирчин А.Баатархүү, гавьяат дасгалжуулагч А.Басхүү нар ах дүүс. Тэгвэл гавьяат тамирчин Б.Болдын дүү Б.Батбаяр зохих амжилтаа үнэлүүлснээр энэхүү тоо гурав болсон юм.
Хүндэт зочдыг рестораны үүдээр орж ирэхэд квартет ая эгпшглэж, улаан хивс, Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхны ДАШТ, Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн цом, ялалт амжилтыг нь илтгэх гэрэл зургууд угтсан. Манай бүсгүйчүүд багийн дүнгээр ДАШТ-ээс 2011 онд хүрэл, 2013 онд мөнгөн цом, Дэлхийн цомоос өнгөрсөн жил мөнгөн цом хүртсэн бол хэдхэн хоногийн өмнө Казахстаны нийслэл Астанад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд залуу тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож хүрэл цомтой ирсэн билээ. Энэхүү цомуудыг ойроос харах, барьж үзэх, зургаа авахуулах боломж тэр бүр олдоод байхгүй биз ээ.
Гэвч энэ үдшийн гол баатар үзэгдэхгүй л байв. Харин зочид бүрэн цугларч, хөтлөгч хүндэтгэлтэйгээр урьсны дараа гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр хөгжим, алга ташилт, жүжигчдийн уухайн дор сүртэй гэгч нь орж ирж, үг хэлснээр мялаалга албан ёсоор нээгдсэн юм. Гавьяатын найранд аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, МҮОХ, Спортын бэлтгэлийн төв, МЧБХ-ны Удирдах зөвлөл, Үндэсний шигшээ багийн хамт олон, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үдшийн хөтөлбөр, найруулга үнэхээр сайн байсныг зориуд дурдах хэрэгтэй.
Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор “Эр хүн” дуугаар найрыг эхлүүлсэн. “Амь, амьдралын алтан багана эр хүн байна” хэмээх сайхан үгтэй энэхүү дууг эгшиглэж байх мөчид залуухан гавьяатын тамирчин, дасгалжуулагч үеийн “Хөлс үнэртсэн” зурагнууд том дэлгэц дээр ээлжлэн гарч ирэхийг хараад бахархах сэтгэл төрж байснаа нуух юун. “Хар сарнай” хамтлагчийн С.Амармандах, УДБЭЧ-ын уртын дууч Д.Оюунжаргал ээжийнхээ хамтаар зочдыг омогшуулж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Тамирчны алдар”-аараа доргиосон. Гэхдээ энэ үдшийн хамгийн гол сюрпризийг гавьяат дасгалжуулагч өөрөө барьсан юм шүү. “Харанга” хамтлагийнхан мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн ч дуучин Х.Лхагвасүрэн нь байхгүй байв.
Харин Б.Батбаяр нэг өдөр гавьяат болсон дуучныг орлож, “Харанга”-ынхантай хамтарсан. Тэрбээр “Зуун зуун жил чамайгаа хайрламаар байна” дууг гэргий Ш.Энхтөвшиндөө зориулан тун ч чадмаг дуулж, муухан дуучнаас дутахгүй нэгэн болохоо харуулаад авсан юм. Монгол Улсын гавьяат тамирчин, ардыг багш Ч.Дамдиншарав шавийнхаа юм юманд авьяастайг хошигнон ярьж байсан нь өөрийн эрхгүй санаанд орсон.
‘Улаан малгайт” хочит Б.Батбаяр 40 нас хүрээгүй ч гэсэн олноор хүрээлүүлж чадсан нь мялаалганд хүрэлцсэн ирсэнд хэнд ч мэдрэгдэхээр байлаа. Ах захтай, алиа хошин зантай, хэнийг ч арга эвийг олчихдог тэрбээр ийм байхаас ч өөр яах билээ.
Д.НАНЖИД /ӨДРИЙН ШУУДАН/
URL: