ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ДАЙСАН ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ ХЭЗЭЭ ЭРГЭЖ ИРЭХ ВЭ

Шилэн данс“Шилэн данс” гэсэн шинэ хэллэг ажил, амьдралын орон зайд зугуухан орж ирж байна. Бүр ийм нэртэй хууль хэдхэн хонопшн өмнө УИХ-ын хүрэн ширээн дээрээс буцав.

“Нэр ус нь нэг л биш байна” гэнэ, “Агуулга талаасаа ч засч сайжруулах зүйл байна” хэмээн эрхэм гишүүдийн ихэнх нь “гоочлов”. Гишүүн Ц.Нямдорж
“Шилэн данс гэдэг нэртэй хууль гэж юу гэсэн үг вэ. Ийм нэртэй хууль байж болдог юм уу” хэмээн ширвэж байгаа харагдана лээ. Олонхи гишүүний хувьд “Шилэн данс” гэхээр нэг л танил бус сонсогдоод байгаа бололтой юм. Харин хууль санаачлагчдын зүгээс энэ бол дэлхий нийтэд хэдийнэ танил болж, хэлж хэвшсэн үг гэдгийг тодотгож байгаа.

Гишүүн Ч.Хүрэлбаатар “… Төсвийн захирагчийн гаргаж буй мөнгө яг юунд зарцуулагдаж байгаа шийдвэрийг нь илээр гаргаж тавих ёстой. Зарцуулалтыг нь зөвхөн гаргавал иргэд ойлгохгүй шүү дээ” гэсэнтээ харин санал нийлэх хүн цөөнгүй байна билээ. Гишүүд уг хуулййн агуулгыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч тухайн хуулийг батлахтай холбоотой өөр ямар хуулиудад өөрчлөлт орохыг тусгаагүй, бүрдэл дутуу гэж үзсэн нь хуулийг буцах нэг шалтгаан болох шиг болсон.Түүнчлэн төсвийн захиран зарцуулагчдын тайланг зөв зүйтэй гаргаж тавих талаас маш их анхаарахгүй бол иргэдэд буруу ойлголт өгөхийг сануулж байсан.

Хэдийгээр эрхэм гишүүдийн ширээн дээрээс санаачлагчдад буцсан ч энэ хуулийн агуулгыг ихэнх нь дэмжиж байгаа. Яагаад гэвэл нийгэмд шударга ёс тогтоох нэг боломж нь энэ хууль. Эрхэм гишүүн С.Ганбаатар Шилэн дансны хуулийг “Энэ бол ард иргэдэд зориулсан хууль” гэж тодотгосон бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шилэн дансны хууль бол үнэхээр өөрөө хувьсгал юм” гэж нэрлэсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй. Ерөнхийлөгчийн “Ухаалаг төр” бодлогын хүрээнд боловсруулсан гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод буй. Тодруулбал, эдгээр нь Шилэн дансны тухай, Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл юм.

Гурван бүлэг, 13 зүйлээс бүрдэж буй Шилэн дансны хуулийн зорилго нь нэрнээсээ бараг ойлгогдох байх. Гол нь төсвөөс санхүүжигддэг аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоог ил болгох, хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэж, нэг үгээр хэлбэл мөнгөнийхээ зарцуулалтыг ил тод тайлагнаж байх юм.

Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Харин энэ мөнгийг хэн юунд хэрхэн зарцуулж байгаа нь төдийлөн тодорхой бус. Төсвөөс хутгаж, төрөөс хэчнээн ч тэрбумтан төрөв.

Төсвийн ил тод байддыг хангаж байгаа гэдэг боловч хэрэг дээрээ хэнд ч нээлттэй бус.
Бас төрийн өмчийн байгууллагуудад шахааны бизнес гэж айхтар юм бий. Хуулийн зорилго нь энэ бүхнийг иргэдийн хараа хяналтад өгөх явдал. Хуулийн төсөлд “иргэдийн аудит” гэсэн бүлэг байгаа бөгөөд тэнд “Иргэд хяналт, шинжилгээ болон иргэдийн аудитын дүнг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний танхимаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ” гэж заажээ.

Эндээс иргэдэд хяналтын эрх мэдэл түлхүү өгсөн харагдана.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн шууд ярилцлагад оролцох үеэрээ өөрийн санаачилсан “Шилэн данс”-ныхаа хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн нь илүү анхаарал татаж байна. Хуулийн төсөл буцсан шалтгааныг тэрбээр “Дургүйд хүчгүй” гэдгээр тодотгосон бол “Төсвийн байгууллагад орж ирж байгаа мөнгө хэдэн төгрөг орж ирэв, өдөр бүхэн гардаг зарцуулалтаа компьютер дээрээ өдөр бүхэн тайлагнаж бай, 72 цаг болгон тайлагнаж бай. Тайлагнаагүй бол шууд албан тушаалаас нь огцруулдаг үндэслэл болно” гэдгийг сануулна билээ.

“Иргэд ганцхан юмыг шаардаж байгаа. Мөнгөний зарцуулалтыг л сонирхож байгаа. Бидний төлөөд явуулсан мөнгө хаана байна аа. Наад зах нь татвар төлөгчдийн төлсөн мөнгө юу болов оо… Тэгэхээр тэр мөнгийг нь ил болгочихъё. Хэрвээ үүнийг бүх шатанд ил болговол олон зүйл ил болно” гэдгийг Ерөнхийлөгч онцолсон.

Энэ бол үнэхээр иргэдийн хүлээлт. Нөгөө талаасаа гэвэл улстөрчид, тэр дундаа төсөв захиран зарцуулагч нарыг сүүдэр шиг дагалдаж байдаг хөрөнгө мөнгө идсэн завшсан гэх хар сэрийг арилгах том боломж болно.
Хуулийн ач тусыг энэ мэтээр илэрхийлэх нь ч бас багадна. Учир нь шилэн данс нийгэмд хариуцдагын тогтолцоо, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн хэрэгт иргэдийн оролцоог тэлэх том хүчин зүйл болж байгаагаараа ялгарна.
Хуулийг баталсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлье гэж байгаа. Ерөнхийлөгчийнхэлснээр ингэх нь шинэ зарчмыг хэрэгжүүлэх эхлэлийн цэг болох ёстой.

Гишүүдийн саналыг тусгаад хуулийн төслийг эргэн хэлэлцэнэ. Энэ үед харин хэлэлцэхээс бэргэж дайжаад шилгээчихэлгүй “ард түмэн”-ий хуулийг эздэд нь баталж өгөх буй заа.

 

 

П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих