Хорих ангийн өрөөнүүдийг шинэчлэн тохижуулжээ

хорихЦагдан хорих үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хоригдогсдын болон албан хаагчийн аюулгүй байдлыг хангасан орчныг стандартчилах шаардлага зүй ёсоор тавигдсаар байна. Сүүлийн жилүүдэд олон улсын болон дотоодын хүний эрхийн байгууллагуудаас тавигдаж буй шаардлагыг хэрэгжүүлэх, түүнчлэн хоригдогсдын зүгээс цагдан хорих байранд үйлдэж болзошгүй хэрэг, учралаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдан хорих өрөө, байрны зохион байгуулалтын талаар хүний эрх болон аюулгүй байдлыг хангасан түвшинд шинэ стандарт тогтоох шаардлага тулгарч байгаа аж.

Тиймээс Цагдан хорих 461 дүгээр анги нь дээрх зорилтыг бодит ажил болгох зорилгоор 2013 оны гуравдугаар улиралд хорих өрөөний дотоод болон орчны техник тоног төхөөрөмж, хамгаалалтын байгууламжийн стандартыг шинээр боловсруулан, улмаар ШШГЕГ-ын дэмжлэгтэйгээр 2013 оны аравдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сарын хооронд бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусган ашиглалтад оруулсан байна. Шинээр ашиглалтад оруулсан давхар нь хамгаалалтын хаалга, хананы шинэ загварыг бий болгосон, хорих өрөөний агааржуулалтыг өгөх авах үйлдэлтэйгээр, байгалийн болон хиймэл гэрэлтүүлгийг хамтад нь шийдсэн, хамгаалалтын хаалганы цоожийг цахилгаан соронзон төхөөрөмжөөр хийсний зэрэгцээ хяналтын өрөөг хорих өрөөтэй зарлан мэдээлэх болон дуут дохионы системээр холбож өгсөн шийдлийг бий болгожээ.

Түүнчлэн хорих өрөөний дулааны хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэх зорилгоор шалны халаалт, хоригдогч, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор галын дохиолол, теле хяналтын IР системын дуран бусад хэрэгсэлээр тоноглосон. Цагдан хоригдогсдын ахуй нөхцлийг зохих түвшинд байлгах зорилгоор шинэ давхарт хоригдогсдын усанд орох өрөө, хоёр үс засах ахуй үйлчилгээний өрөө, хувийн эд зүйл хадгалах өрөө зэргийг бий болгожээ.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих