Д.Цогт-Очир: Егүзэрийн хийдийн олон хувилгаан хэлмэгдэж, амиа алдсан

5-5-1Ч.Үл-Олдох

Халхын тамгатай хутагтуудын нэг Егүзэр хутагт Ж.Галсандашийн хойт дүрийг Далай багш  айлдвараараа тодруулаад удаагүй байна. Егүзэр хутагтын талаар олон жил судалсан,  хууль зүйн ухааны доктор, профессор, зохиолч Д.Цогт-Очиртой ярилцлаа.

-Таныг Монголын 13  тамгатай хутагтын нэг Егүзэр хутагт Ж.Галсандашийн уугуул нутгийн хүн. Хутагтын талаар судалж түүхэн роман бичсэн зэрэг нь ламхайг цагаатгахад ихээхэн нөлөөлсөн гэж мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Тэгэхээр  танаас  Егүзэрийн хийдийн лам нар  эсэргүү зэвсэгт бослого гаргах гэж байсан гэх хэргийн талаар танаас  асуумаар байна?

-Би Егүзэрийн хийдийн  лам нарын эсэргүү зэвсэгт бослого гэгчийн хэргийн материалтай танилцаж судалж байсан. Егүзэр хутагт Ж.Галсандашийг Богд хааны зарлигаар Монгол Улсын зүүн өмнө хязгаарыг илбэн тохинуулах сайдаар 1913 онд тохоон томилж ажиллуулсан. Тухайн үед зүүн өмнөд хязгаарт  Хятадын зүгээс цэрэг зэвсгийн хүчээр түрэмгийлэх халдах оролдлого гарах аюул байсан тул Богд хаант улсын Сангийн яамнаас Хүчитбаатар гэх жанжин цол шагнасан үхэр буу нэг, Цогтбаатар дэд жанжин цол шагнасан бага үхэр буу нэг, пульмёт 31, ланжуу 260, бирдаан буу найм, сэлэм, жад, сум зэргийг нэлээд тоогоор хил хамгаалах цэргийн зориулалтаар Егүзэр  хутагтын нэр дээр хүргүүлсэн байдаг. Гэвч тэр зэвсгийг хэрэглэлгүй байсаар Ардын засаг үүссэний дараа 1923 онд  Нийслэл  хүрээнд эргүүлэн ирүүл гэсэн ёсоор  бүрэн,  сайн ажиллагаатайг нь хүргүүлсэн. Хагас дутуу, чанар муу, заримыг нь “Тээшний гарз”  явуулах хэрэггүй хэмээн үлдээж нэгэнт хэрэгцээгүй гэж үзсэн тэдгээр буу, зэвсгийг газар ухуулан булуулсан байдаг. Гэтэл 1936 онд, Егүзэрийн хийдийн лам нар буу зэвсэг нуун дарагдуулж, нам төрийн эсрэг зэвсэгт бослого гаргах гэж байна гэсэн сэжиг таамаглал яагаад ч юм бэ гаргаж, үндэслэлгүй хэрэг үүсгэн хийдийн хэсэг лам нарыг баривчлан мөрдсөн байдаг.

-Тэгэхээр хийдийн  лам нар газарт булуулсан буу  зэвсгийг  хэрэглэн бослого гаргах гэж байжээ?

-Тэгж  үзсэн  байхгүй юу. Би энэ талаар нэг баримт хэлье. Тэр үед Дорнод аймгийн даргаар Ц.Дамдинсүрэн /өвөөдэй/ ажиллаж байсан. Маршал Х.Чойбалсан нэг өдөр Ц.Дамдинсүрэнд “Дорнод аймгийн Дотоод яамны хэлтсийн ажилтны хамт Егүзэрийн хийд дээр очиж тэндхийн Дотоодыг хамгаалах ангийн хүмүүстэй хамт нууц даалгавар гүйцэтгэ” гэсэн нууц тушаал өгсөн дагуу Егүзэрийн хийдэд очжээ. Тэр тухайгаа “Тэнд очиход Дорнод аймгийн Дотоодыг  хамгалаах яамны хэлтсийн ажилтан Борхүү гэгч түүнийг дагуулан нэг тийш  очиж газар  ухуулан даавуунд ороосон винтов, сэлэм, сумнууд гарган ирж данслахад зэвэрсэн  замагтай, замаггүй буунууд байсан. Тэнд намайг авч очсон шалтгаан нь гэрчлүүлэх зорилготой байсан болов уу гэж бодсон. Тэр буу, зэвсгүүдийг хэргийн эд мөрийн баримт болгоход даанч мөхөс байсан даа” хэмээн хожим дурсан бичсэн нь бий.

-Хэрэгцээгүй болсон тэр буу зэвсгийг хэрэглэж эсэргүү бослого гаргах гэсэн хэргээр лам нар шийтгүүлсэн юм уу?

-Тэгсэн хэрэг. Буу зэвсэг булсныг хадгалсан болгоод, Ванчин Богдоор удирдуулсан гадаад орны цэрэг довтлон ирэх үед лам нар тэр зэвсгийг авч зэвсэглэн Ардын засгийг устгахаар босно гэсэн хилс  хэргийг  хүлээлгэн лам нарт ял шийтгэл оноосон байдаг.

-Хэчнээн лам хэрэгт холбогдсон  юм бол?

-Эсэргүү бослого гаргах гэж байсан гэх хилс хэрэгт 22 лам холбогдон баривчлагдсаны дотор хувилгаан ноён цорж Ц.Дамбийжалцан, Дархан цорж С.Лувсанданзанчүлтэмсамбуу, тойн лам Жалцан-Иш, маарамба С.Жамба, хувилгаан Ж.Лувсандамбийжунай, нярав Н.Сундуй нар бослогын удирдагч хэмээн тооцогдож хуулийн дээд хэмжээ авч, бусад  лам нар янз бүрийн хугацаатай 8-10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг.

-Үнэхээр эсэргүү бослого гаргах гээгүй л юм бол тэдгээр лам нар яагаад тийм хэрэг хүлээсэн юм  бол. Энэ л сонин санагдах юм?

-Нэг зүйлийг зориуд дурдахад, тэр үед Дотоод яамны газар, хэлтэс, тасаг, групп бүрт Оросын КГБ-ийн сургагч нар боловсронгуй төлөөлөгч гэсэн нэрийн дор орос, буриад, халимаг, торгууд хүмүүс ажиллаж байсан. Тэд хүмүүст хилс хэрэг хүлээлгэх талаар айхтар дадлагажсан хүмүүс байсан тул баригдан хоригдож буй хүмүүст хилс хэрэг хүлээлгэх явдлыг гардан хийцгээсэн гэхэд хилсдэхгүй. Тэр үед Дотоодыг хамгаалах яаманд ажиллаж байсан манай юмны наад цаад учир явдлыг төдий л мэдэхгүй залуу ажилтнуудыг тэгж байцааж хэрэг хүлээлгэ, эд нар чинь хувьсгалын эсэргүү хэрэг хийсэн нь тодорхой байгаа юм гээд зааж тулгаж байсан гэдэг юм. Тиймээс тэдгээр лам нарт элдэв сүрдүүлэг, дарамт, хуурч мэхлэх, нэгийг нөгөөгөөр нь худал гэрчлүүлж, хуурамч мэдүүлэг гаргуулах зэргээр хэрэг хүлээлгэж шүүх хурлын өмнө цээжлүүлэн ам өчгийг нь авч үнэн мэтээр олонд итгэгдэхээр нэг ёсны  жүжиг найруулж, гүйцэтгэсэн байгаа юм.

-Егүзэрийн хийдийн лам нарын хэргийг шүүн таслах ажиллагаа  Бөмбөгөр ногоон театрт   болсныг үзсэн, мөн лам нарын мэдүүлгийг радиогоор сонссон хүмүүс үнэмшсэн янзтай байсан гэдэг?

-Лам нарыг таслан шийтгэсэн хэргийн мэдүүлгүүдийг үзэхэд, үнэхээр тэр  лам нар зэвсэгт бослогод бэлтгэж байсан юм шигээр хооронд нв авцалдуулан найруулсныг би гайхдаг юм. Худал зүйлийг зориуд үнэн юм шиг  болгох гэдэг хүний мөсгүй ноцтой бөгөөд жигшүүртэй хэрэг. Тэр лам нарыг 1936 оны долдугаар сарын 6-нд баривчлаад, 1937 оны гуравдугаар сар  хүртэл мөрдөхдөө нэг хүнийг  33 удаа байцаасан зэргээс  үзэхэд  мэдүүлгүүдийг хооронд нь зөрүүлэхгүй гэж цээжлүүлж заримыг хэрэгжүүлсэн гэмээр.

-Тэгэхээр тэдгээр лам нарыг хэрэг хийгээгүй гэдгийг  нотолж эсрэг мэдүүлэг өгсөн хүн байгаагүй гэж үү?

-Анхны мэдүүлгүүддээ хэрэг хүлээгээгүй байдаг боловч сүүл сүүл рүүгээ цөм адил төстэй мэдүүлж хэрэг хүлээсэн байдаг. Аргагүй шүү дээ, зориуд худал мэдүүлдэг болгочихгүй  юу. Харин Егүзэр хутагтын сүмийн цэцэрлэгч байсан Өвгөөдэй  байран гэгч өвгөн шүүх хурал дээр “Жар гарсан Өвгөөдэй байран замаггүй зэвэрсэн буугаар засаг төрийг устгана гэж болох уу. Та нар юу хэлнэм бэ” гээд омогдуу байсан гэдэг юм. Байран хүн гэдэг цаанаа л сүрхий шүү. Гэтэл бусад нь  айгаад тийм үг хэлж чадаагүй. Ер нь тэдний хэл гэснийг  яг хэлэхгүй бол  их чанга байсан гэж манай бэргэний ах Бүлийн Содов гуай сүүлд суллагдаж очоод дүү Тавхайдаа ярьж байсныг сонсоход зохиомол мэдүүлэг хэлүүлж байсан нь тодорхой бөгөөд ойлгомжтой байгаа юм.

-Сүүлд  тэдгээр лам нарын хэргийг шалгаж, бүгдийг цагаатгасан байх аа?

-Эсэргүү зэвсэгт бослогын хэрэг гэгчийг 1990 онд шалгаж, үндэслэлгүй зохиомол болохыг нь тогтоосон. Ингээд  БНМАУ-ын дээд шүүхийн бүгд хурлаар 22 ламд холбогдох  хэргийг хэрэгсэхгүй  болгож цөмийг цагаатгасан. Тиймээс  монголчууд Егүзэрийн хийдийн лам нарыг  эсэргүү бослогод  бэлтгэж байсан гэдэг худал болохыг үнэнээр нь мэддэг болсон гэж найдаж байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих