МҮАН үүдээ барихаар шийджээ
Хаврын уриар хөллүүлсэн их улстөр үймэж, ямар нэгэн алхам хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл томоохон шилжилт хөдөлгөөн хийсэнгүй. Нэгэнт л буруу замаар аянд мордсон бол түүгээрээ явж дуусахаар шийдсэн нь илт. Яахав, өөрийн хүсэлтээр засгаас гарах, бүлгээс татгалзах гэх мэт эгэл жирийн үйл явдлаар өрнөж байна. Энэ бол хувь улстөрчийн зүгээс гаргаж байгаа шийдвэр, зүгээр л улстөрийн тоглолт. Харин “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж УИХ-д орж ирсэн Д.Батцогт эвслийн бүлгээс татгалзаж байгаа нь түүний мэдрэмж бололтой. Мэдрэмж гэхийн учир бий. Яагаад гэхээр Д.Батцогт “шударга ёс”-чуудын бүлгээс айсуй 2016 онд нэрээ дэвшүүлэн өрсөлдөөд ямар ч нэмэргүйг эрт анзаарав бололтой. Ерөөсөө энэ бүлгийн нэр өдрөөс өдөрт унаж, айсуй 2016 онд мартагдах нь гарцаагүй боллоо. Өнөөх л гудамжинд эхлүүлж байсан их улстөр хаачив, өнөөх том том амлалт, ард түмний хайртай баатрууд яав. Засгийн хатавчинд суугаад бүгдийг мартсан учраас тэдний хувьд өндийхгүй боллоо гэсэн үг.
Гэхдээ анзаарч харвал “Шударга ёс” эвслээс гарч буй, бүлгийнхээ шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь МҮАН-ын нөхдүүд байгаа юм. Тухайлбал, Ц.Цолмон гэнэт МҮАН-аас гарч, МАХН-ыг сонгож бүлэг дотроо шилжилт хөдөлгөөн хийсэн. Энэ бол бас л хувь улстөрчийн улстөрийн нүүдэл. Ямар ч хүн дампуурч байгаа байгууллагт ажиллаж, хэзээ дампуурахыг нь харж суухгүй. Өөр сонголт хийж л таарна. Хийхдээ хаана, ямар ажилд орвол ирээдүйтэйг харах нь мэдээжийн хэрэг. Тэгэхээр энэ улстөрийн бүлэглэлд ийм л зүйл болж байна.
МҮАН-ын гишүүн Г.Уянга ч бүлгийнхээ шийдвэрийг байнга эсэргүүцдэг. Ер нь бүлгээс татгалзахад бэлэн байгаагаа шууд бус утгаараа сануулсаар байгаа. Ингээд Д.Батцогт гишүүний татгалзал зэргээс харахад М.Энхсайханаар удирдуулсан МҮАН үүдээ барьж мэдэхээр харагдаж байна. Үүнийг олон салаа мөчрөөр тайлбарлаж болох юм. “Шударга ёс” эвслийн бүлгийн бодлого шийдвэр буруу яваад байна уу. МАХН, МҮАН хоёрын гишүүд хоорондоо муудалцаад байна уу. Ерөөсөө М.Энхсайхан гэдэг хүн угшил нэгтнүүдтэйгээ тохироо хийж, намтайгаа ажиллахаа больчихов уу. Эсвэл Н.Энхбаяр МҮАН-ын гишүүдийг дотроос нь хаглаад байна уу. Бүр эсвэл хувь улстөрчид тэртээ тэргүй цааш явахгүй бүлэглэлээс эртхэн шиг нэрээ татаад байна уу гээд олон асуудал хөндөгдөх байх.
Хамгийн сүүлд энэ бүлэглэлээс татгалзаад байгаа Д.Батцогтын хувьд “Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаагүй. Олон учир шалтгааны улмаас ийм шийдвэр гаргахад хүрсэн. Өөрийн бодол өөртөө зөв. Гол нь надад итгэл үнэмшлээ өгч, аливаа асуудалд шударга, зарчимч байр сууринаас хандаасай гэж сонгогчид намайг сонгосон байх. Цаашид өөрийн итгэл үнэмшлийн дагуу хэлэлцэж байгаа хуулийн төсөлд байр сууриа илэрхийлээд, саналаа өгөөд явна” гэсэн нь өнгөн талаасаа ихэд шударга дүр эсгэхийг хичээсэн ч цаад талдаа амин хувиа хичээж, хувь улстөрчийн тоглолт руу нэг хэсэг шилжихээ шуудхан хэлчихжээ. Тэр яаж ч бодсон бие даан улстөрд тоглолт хийхгүй. Аль аль талаараа зангараг нь хол дутна. Тэгэхээр аль нэг намын бүлэглэлийг сонгох нь гарцаагүй. Яахав, улстөрийг бүр орхино гэж байгаа бол ганцаарчилсан тоглолт хийгээд азаа үзэж болох.
Юутай ч бидний дээр дэвшүүлсэн таамгуудын аль нь ч байж болох. Гэхдээ ихэнх нь аль ч талаараа нийцэж байгаа нь хачирхалтай. М.Энхсайханы хувьд магадгүй, намтайгаа ажиллахгүй тал байж болох. Үүнийг нь Н.Энхбаяр ч хөөрхөн далимдуулж суугааг ч үгүйсгэх хэрэггүй. Хамгийн гол нь олон жил албан тушаалын бараа хараагүй М.Энхсайхан суудлын төлөө юугаа ч наймаалцахаас буцахгүй байгаа нь ийнхүү намынхаа үүдийг барихад хүргэж байж магадгүй.
URL: