З.Энхболд атгаалжин хар мангас юм бол Х.Тэмүүжин сайд хэн юм бэ

729d925e88bc437abig-Тэр үнэхээр 15 толгойтой атгаалжин хар мангасын эсрэг тэмцэж буй ардын хүү юу.

Аль эсвэл мангасыг мангасддаг мангас уу

   

Арван таван толгойтой атгаалжин хар мангас ардын хүү Х.Тэмүүжинийг айлгаж ичээгээд болохгүй байна гэнэ, цаана чинь. Араас нь чагнаж тагнаад, өврөөс нь нууц амраг гэгчийг өсгөж өндийлгөсөн юм байх. Бүр болж өгөхгүй болохоор нь албан тушаалаас нь авч унагана гээд асар хүнд нөхцөлд ажиллуулж байна гэнэ ээ. Угтаа бол ардын хүү Х.Тэмүүжинийг аврахгүй бай­хын аргагүй. Хуулийн салбарын шинэчлэл гэгчийг эхлүүлж, амь нас нойр хоолоо хасан байж зүтгэж буй.

Үүнд нь уурласан Арван таван толгойтой атгаалжин хар мангас толгой бүрнээ хүн болгож, амнаасаа уур хилэн, утаа май гэгчийг уугиуланхан уурлаж байгаа гэнэ. Анхдагч толгойд нь УИХ-ын гишүүн З.Энхболд, хоёр дахь нь УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, гурав дахь нь Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, дөрөв дэхь нь Ерөнхий прокурор Д.Дорлигжав гээд явж өгнө. Араас нь мэдээж нэр нь үл мэдэгдэх цагдаагийн хурандаа нар галлах бэлтгэлээ хангаж байгаа. Ийм л яриаг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн хугацаанд хийлээ. Эцэстээ бүр мөнөөх хулгайч, хар тамхичин гэх бүсгүйг албаар цаанаас нь зохион байгуулалттай явуулсан болж таарлаа. Уулзаж танилцсан нууцаа ил зарлаагүй хэрнээ албан газраар нь олон удаа эргэлдсэнийг хэвлэлд дэлгэв. Уг нь бол Хууль зүйн сайдын албанд өрөөнд арван хэдтэй охин дур зоргоороо ороод байх нь битгий хэл жирийн нэг сэтгүүлч ч барагтай бол шагайгаад байж болдоггүй юм. Яамны харуул хамгаалалтыг яаж ийгээд давлаа гэхэд туслах гэгч “хадны мангаа” байгаа. Зөвхөн “сайдын” гэх цохолттой л дотогш нэвтэрнэ. Өөрөөр бол үүднээс нь өдрийн хэд буцаж, олон сарыг элээх нь энүүхэнд. Харин мөнөөх бүсгүй бол өрөөнд нь орохыг хүссэн үедээ орж, олон удаа мэнд мэдсэн нь Хууль зүйн сайдын өөрийнх нь амнаас гарсан ярианаас ил болов. Үүгээр ч зогсохгүй тэрбээр хулгайн хэрэгт холбогдоод байхад нь хувийн шугамаар өмгөөлөгч олох ажлыг яамныхаа газрын дарга О.Алтангэрэлд даалгаж байж. Энэ тухай тэрбээр “Өнгөрсөн онд тэр эмэгтэй гар утас хулгайлсан хэргээр баривчлагдсан юм билээ. Энэ хэрэг дээр нь өмгөөлөгч олж өгөөч гэдэг хүсэлт нь над дээр ирсэн. Манай яамны газрын дарга О.Алтангэрэл гэж өмгөөлөгч байсан залуу бий. Тэр хүнээр дамжуулаад өмгөөлөгч гаргаж өгсөн” гэж ярьсан.
Харин энэ талаар нь УИХ-ын дарга З.Энхболд “Ёс зүй гэж юм байх ёстой. Хууль зүйн сайд хулгай хийдэг юмуу, хар тамхитай холбоотой хүнтэй найз байж болохгүй” гэв. Тэрбээр энэ үгийг сайдын эсрэг дайлаар мордсон атгаалжин хар мангасын нэгдүгээр толгойны хувиар бус харин ёс зүйтэй улстөрч, туршлагатай лидерийн хувиар хэлэх шиг болсон. Мөн сэтгүүлч, “Хоёрдугаар суваг” телевизийн захирал Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензуургүй яриа” ярилцлагын нэвтрүүлэгт өөр олон дүгнэлтийг хэлсэн байгаа. “Шинэчлэл гэдэг ганц Х.Тэмүүжин нэртэй Чингис баатар гарч ирээд хийчихдэг ажил биш. Би Х.Тэмүүжин сайдын яриад байгаа нэг зүйлтэй огт санал нийлдэггүй. Цагдаа гэхэд 20-иод мянган хүн байна. Прокурорын мянгаад ажилтан, 1000-гаад шүүгч байна. Тэр одоогийн энэ гурван хуулийн байгууллагыг их муухайгаар хэлдэг. Авлига авдаг, болохоо байчихсан хүмүүс гээд. Ганц нэг хүн нь тийм байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бүгдээрээ тийм байх ямар ч боломжгүй. Хуулийн системд реформ хэрэгтэй юу хэрэгтэй. Үүнийг ганц Х.Тэмүүжин олж хараад хийгээд байгаа юм биш. Ардчилсан нам аль 1990-ээд оноос яриад, хэлээд чадах ядахаараа өөрчилж байгаа. Жагсаал, цуглаан хийж байгааг нь харахад их буруу яваад байна. Энэ шинэчлэлийг дуусгахад хоёр жилийн хугацаа байна. Үлдсэн хугацаанд Х.Тэмүүжин сайдыг би цагдаатай, прокурортой, шүүхтэй өөрийнхөө хийх гэж реформыг хийх хүмүүстэй хэл үгээ ололцоод ажиллана гэдэгт итгэл алдраад байгаа юм. Өөрөө ажлаа аваад жил найман сар нь болж байна. Гэтэл энэ хоорондоо хэл амаа ололцож чадаагүй талаар нь Хууль зүйн байнгын хороонд маш их гомдол ирж байна. Ганц Х.Тэмүүжиний хэлсэн үгээр бид өнгөрсөн хугацаанд явсан. Сүүлийн үед болохгүй юм байна гэж бодож байгаа. Ялангуяа эрх мэдэлтэй холбоотой шийдвэрүүдээ маш түргэн хуульчилж авсан. Энэ бол реформ хийх гэж байгаа хүнд байж болохгүй зүйл. Эхлээд эрх мэдлээ авах гээд байна шүү дээ. Хамгийн энгийнээр хэлэхэд даруу биш байгаа”. Энэ бол УИХ-ын дарга З.Энхболдын бодит гаргалгаа. Түүнчлэн өөрийнх нь тухай Х.Тэмүүжин сайдын дүгнэлтэд “Мөрдөх албаны тухай хууль оруулж ирснээс хойш би “Чи болохгүй байна аа. Наад хүмүүстэйгээ зөв харилцахгүй бол чиний шинэчлэл явахгүй гэж хэлсэн”. Тэр бол өнгөрсөн оны яриа. Тэр үеэс “Энэ эсэргүүцээд эхэллээ” гэж бодсон шиг байгаа юм” гэх хариуг өгсөн.
Мэдээж Х.Тэмүүжин сайдын зүгээс “Өнөөдөр Хууль зүйн сайд дээрээ ийм зүйл хийж байгаа энэ “машин” чинь өөр хэн нэгэн, жирийн иргэний хувьд “мангас” болчихоод байгаа юм биш үү. Өнгөрсөн хорин жилийн тэр улс төр, бизнес, хуулийн байгууллагуудын холилдсон, зарим тохиолдолд бүр гэмт хэрэгжсэн энэ системийг бид дараагийн хорин жил рүү, ирээдүй рүүгээ халдаамааргүй байна. Өнөөдөр л үүнийг шийдэхгүй бол дараачийн хүмүүс үүнийг шийдэхийн тулд илүү их хугацаа, илүү их хүч, илүү их эрсдэл үүрнэ” гэх мэт тодорхой бус хэрнээ томхон агуулгатай, нууцлаг өгүүлбэрийг хэлсээр буй. Эндээс юу ажиглагдаж байна гэхээр Х.Тэмүүжин сайд улайрчихсан нь ил аж. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн түүний төлөө хийсэн залуусын жагсаал, “Х.Тэмүүжиний төлөө” гэх өргөсөн уриа лоозонг харахад л тэрхүү улайрал нь бодитой гэдэг нь нотлогдсон. Гол нь та бидний өмнө З.Энхболд өөрөө Х.Тэмүүжиний эсрэг боссон атгаалжин хар мангас гэдэг нь тодорхой болчихлоо. Тэгвэл Х.Тэмүүжин сайд хэн юм бэ. Тэрбээр анхандаа өөрийн дэвшүүлж тавьсан, нийгэмд сурталчилсан либертар үзэлтэйгээ зөрчилдөх олон үйлдлийг олон нийтийн өмнө гаргаж байна. Асуудалд орооцолдож, өдгөө хорих ангид хоригдож буй тэр эмэгтэйг өөрийнхөө төлөө золиосолж, аятайхан шиг салахаа бодож байна. Ийм байхад түүнд итгэхэд хэцүү. Тэр дундаа телевизүүдийн хамгийн өндөр үнэтэй цагт цацсан өөрийнхөө шинэчлэлийг дэмжсэн агуулга бүхий шторкууд байна. Хууль зүйн сайдад хөрөнгөжсөн хурандаатай тэмцэх зориг байлаа гэхэд жирийн цагдаа нарыг чичлэх дээрэлхүү араншин байж болохгүй. Ийм л учраас Х.Тэмүүжин гэж хэн юм бэ гэж дахин, дахин асуумаар байна. Хариултыг нь олж мэдэх хугацаа ойрхон байгаасай билээ. Тэр үнэхээр 15 толгойтой атгаалжин хар мангасын эсрэг тэмцэж буй ардын хүү юу. Аль эсвэл мангасыг мангасддаг мангас уу.

Г. Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих