Түлэнхийн төвд “Түргэн тусламж” хэрэгтэй байна

Б.ЭНХТУУЛ

Зам, барилгын ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэтэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зарим барилгын ажил ахисан, урагшилсан зүйлгүй сууна. Тэр тусмаа хүн амд хамгийн их эрэлт хэрэгцээтэй гэх эрүүл мэндийн салбарт  хөрөнгө оруулалт нь гацсан, төсөв дутсан гэх шалтгаанаас болоод хагас дутуу барьсан, барилгын ажил нь бүрмөсөн зогссон 30 гаруй барилга байна. Эдгээр барилгын олонх нь энэ жил бас баригдаж дуусах уу, эсвэл барилгын ажлыг нь бүрмөсөн зогсоох уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Ийм шалтгаанаар иргэдийн дунд хүлээгдэл үүсгээд байгаа барилгын нэг нь Түлэнхийн төвийн барилга.   Уг нь энэ эмнэлэг улсдаа ганц гэгддэг эмнэлэг. Өвөл, зунгүй өвчтөнүүдийн хөлд дарагддаг, өдөрт дунджаар 40-50 хүнд үйлчилдэг. Гэмтлийн эмнэлгийн ачааллаас бас ч гэж хуваалцдаг эмнэлэг. Гэтэл энэ эмнэлгийн эмч, ажилчид өнөөдөр түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсаар хоёр дахь жилтэйгээ золгож байна.  Ажиллаж, амьдрах орчныг нь  арай дээрдүүлсэн гэсэн шиг одоо энэ эмнэлгийн талаар ярьж, хэлж байгаа хүн алга.

Тус эмнэлгийн суурин дээр өдийд  200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн долоон давхар эмнэлэг сүндэрлэж байх ёстой. Гэтэл өнөөдөр буурин дээр нь балгас болсон хуучин барилгын туурь хөглөрч харагдана. Зураг төсөлд тусгагдсан зургаан тасагтай шинэ эмнэлэг цаасан дээрээ зурайж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, түлэнхийн төвөөр ордоггүй дарга нар, төр засгийн удирдлагуудад түлэгдэж, хөлдөх асуудал тулгардаггүй учраас энэ эмнэлгийг бүр мөсөн мартаж орхисон бололтой юм.   Түлэнхийн төв уг нь 120 хүнийг эмчлэх хүчин чадалтай эмнэлэг. Гэсэн ч тэсгим өвлийн хүйтэнд түлэгдэж, хөлдсөн бүхнийг хүлээж авсаар улиралд үйлчлүүлсэн хүний тоо нь 160-аас хол давж, тасаг  бүү хэл хонгилд нь хэвтэж эмчлүүлэх зай олдохоо больдог. Өөрөөр хэлбэл, тус төв жилдээ мянга хол давсан хүнд хүрч үйлчилдэг гэсэн үг. Гэтэл одоо сард 30 орчим сая төгрөгийн түрээс төлөөд, хувийн эмнэлгийн хаяа бараадаж, хүнд өвчтөнүүдээ зохицуулж ядан байна.  Уг нь  энэ эмнэлэг манайдаа л цор ганцхан түлэгдэлт, осголтыг эмчилдэг гуравдугаар шатлалын эмнэлэг. Гэтэл өнөөдөр  өндөр байшинд заларч, үйлчилгээгээ өргөтгөх нь битгий хэл, 150 ор бүхий эмнэлэг маань ор, тасгаа цөөлөөд, 50 ортой тасгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус эмнэлгийн эмч нар зориулалтын бус давчуухан өрөөнд халуун хоол, цайнд түлэгдсэн хүүхдүүдээ тав, арваар нь хэвтүүлчихээд эмчлэх гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна.

Түлэгдэж, осгоно гэдэг угтаа түргэн тусламж яаралтай шаардагддаг зүйл. Тэр утгаараа хот, хөдөөнөөс 20-70 хувийн түлэгдэл, осголттой бүх хүн  энд ирж эмчлүүлдэг. Энэ эмнэлгийн үүдээр ороход хүнд, хөнгөн түлэгдэлттэй янз бүрийн хүмүүстэй таарна. Хүүгээ тэвэрсэн ээж, шархны боолтоо солиулах гэсэн залуу гээд бүх насныхан энэ эмнэлгийн үйлчлүүлэгч. Дээр нь өдөр бүр ачаалалтай ажилладаг эмч сувилагч нар, эмнэлгийн үйлчилгээ хүлээсэн  хүмүүсийн уртаас урт дараалал гээд тоочвол зовлон их бий. Ийм орчинд ажиллаж байгаадаа эмч нар нь ч бухимдангуй байна. Үзүүлэхээр ирсэн  хүмүүс дунд ч “Таатай байна” гэж хэлэх хүн алга.

Түлэнхийн төвийн хуучин барилга аль эрт 1957 онд ашиглалтад орж байсан. Олон жилийн эдэлгээнд хуучирч муудсан энэ байшинд хүн эмчлэх нь битгий хэл, хөл тавиад ороход  хэцүү болсон.  Мэргэжлийн байгууллагууд нь ч  буулгаж, шинэчлэх тухай хэдэн жил ярьж, сонин хэвлэлээр чичлүүлэн байж, энэ эмнэлгийн барилгыг нь  арай  гэж актлуулсан. Гэтэл өнөөдөр иргэдийн хүсэн хүлээж байсан шинэ эмнэлэг товлосон хугацаандаа үйлчлүүлэгчдээ хүлээж авах нь битгий хэл, санхүүжилтээ хүлээгээд, хоосон зураг хараад хоёр жил болж байна. Тус эмнэлгийн эмч нар эцэг, эхдээ гологдсон хүүхэд шиг цаашаа гэснээс нь дөлж, наашаа гэснийг нь бараадаж, тогтвор сууршилтай ч ажиллах  аргагүй явна. Тиймээс “Түлэнхийн төв”-ийн барилгад  түргэн тусламж хэрэгтэй байна гэдгийг дахин хэлье.

Хоёрдугаарт, “Мөнгөн гүүр” эмнэлэг нь гэмтэл согогийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэг. Тэгээд ч Түлэнхийн төвийг багтаахаар том биш. Хэдийгээр тус эмнэлгийг хоёр, гурван давхартаа төвхөнүүлсэн ч “Мөнгөн гүүр”  эмнэлгийн байшин барилга нь угаасаа эмнэлгийн зориулалтаар баригдаагүй учраас тэнд эмнэлгийн стандарт шаардлага, норм дүрэм яриад хэрэггүй.  Зөвхөн багтаж, шингэх тухай ярихаас өөр аргагүй. Тиймээс шинэ эмнэлгийг барихад  шаардагдаж буй  хөрөнгө, мөнгийг энэ онд шийдээд өгчихөөсөй гэдгийг  хэн хүнгүй хүлээж сууна.  Уг нь энэ барилгын ажилд 2013 оны төсвөөс найман тэрбум төгрөг төлөвлөсөн. Харин одоо барилгын материалын үнэ ханш өссөн гэх зэрэг шалтаанаас болж, шинэ  эмнэлгийг барих санхүүжилт нь бас өссөн. Ойролцоогоор 26  тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа гэсэн мэдээлэл бий.  Ямартай ч төр засаг анхаардаггүй энэ эмнэлгийг “Түргэн баригдчихаасай” гээд өвдөж зовсон, өвчиндөө шаналсан хэдэн хүн хүлээж сууна. Сар бүр төлдөг түрээсийн мөнгийг нь улсын төсвөөс гаргадаг ч хэн нэгний халаас руу ордог энэ мөнгийг тус эмнэлгийн  эмчилгээ, үйлчилгээг сайжруулахад зарцуулсан бол хэрэгтэй байхсан.

 

Байр суурь

Б.Алтанцэцэг: Бид  шинэ байрандаа орохыг  хүсч байна

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Б.Алтанцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танайх өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу?

-Манайх Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харъяа тасаг. Тасгийн хэмжээндээ 80 ортой. Өдөрт 30-70 хүн үзүүлж, 5-10 хүн хэвтдэг. Гэхдээ бид зөвхөн хүнд хэлбэрийн хэвтэх шаардлагатай хүмүүсээ авч байгаа. Гайгүй нэгэнд нь зөвлөгөө өгч дүүргийн юм уу орон нутгийн эмнэлэг рүү нь буцаадаг. Гэхдээ хэвтэж байгаа хүний тоо орноосоо хамаарч дээш, доошоо хэлбэлздэг. Тиймээс өдөр тутмын ачаалал янз бүр. Бид  өдөр бүр дунджаар 5-10 хагалгаа хийдэг. Ерөнхийдөө тасгийнхаа хэмжээнд бүрэн ажиллаж байгаа. Гэвч манайд ирэх хүмүүсийн тоо их учраас ачаалал их, ор тасаг хүрэлцэхгүй байх асуудал байнга гардаг.

-Танай эмнэлгийн хуучин барилгын суурин дээр шинэ барилга барихаар болж танайхыг нүүлгэснээс хойш хоёр жил өнгөрлөө. Уг нь хоёр жилийн хугацаанд баригдаж дуусах ёстой байсан юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Түлэнхийн төвийн барилга хэзээ баригдах ямар шатандаа байгаа талаарх мэдээлэл бидэнд үнэндээ хомс байна. Энэ тухай асуудлыг манай удирдлагууд мэдэж байгаа байх. Анх тендер зарлагдаад биднийг нүүж байхад хоёр жилийн хугацаанд барилга баригдаж дуусна гэж байсан. Гэтэл өнөөдөр хоёр жил өнгөрчихсөн байхад барилга бүү хэл  суурь нь  ч алга байна.

-Барилгын ажлын гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл та нарт бий юу. Барилгын ажил  удаашраад байгаа шалтгаанаа танайд тайлбарласан уу?

-“Цаст” констракшн тендерт ялсан байсан. “Цаст” констракшн өөр хоёр компанитай хамтарч “Намар гэхэд  дуусгах гэнэ” гэж бидэнд анх хэлж байсан. Тэгээд хоёр машин ороод нэг их юм хийх гэж байгаа юм шиг байснаа хэд хоногийн дараа яваад өгсөн байсан. Бидэнд үнэндээ мэдээлэл муу байна. Ерөнхийдөө газартай холбоотой асуудал үүсээд байгаа юм болов уу гэж бодсон. Ямартай ч бид  шинэ байрандаа орохыг л хүсч байна. Түүнээс цаагуураа юу болж байгаа талаарх мэдээлэл үнэхээр алга.

-Сард  хэдэн төгрөгийн түрээс төлж байгаа вэ?

-Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд,  бид хувийн эмнэлгийн байрыг түрээслэж байгаа. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаатай ташаа мэдээлэл гарснаас үүдэн тухайн эмнэлгийн нэр төрд халдаад байна. Түлэнхийн төв гэж ярихаасаа өмнө “Мөнгөн гүүр” эмнэлэг гэдэг ойлголт манайхны дунд бий болоод байна. “Мөнгөн гүүр” эмнэлгийнхэн хүмүүсээ газар хэвтүүлээд хэцүү байгаа юм шиг ойлголтыг хүмүүст өгөөд байна. Тэгэхээр энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Бид сард 29 сая төгрөгийн түрээс өгдөг. Энд ирээд жил болж байна. Энэ хугацаанд 300 гаруй сая төгрөгийг зүгээр л түрээсэнд өгсөн байна. Мөн дээрээс нь гэмтлийн эмнэлэг манай хоёрын хооронд түргэний машин байнга үйлчилж байна. Бензин тосноос эхлээд бидэнд урсгал зардал их гарч байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих