С.В.Паушок явж, “Алтан Дорнод Монгол” монгол хүнд очив

Монголчууд “юмаа мэддэг” болж эхэллээ. Энэ сайхан мэдээ биш гэж үү. Нэгэн цагт гадныхан эзэн суусан байсан баялгаа монголчууд өөрсдөө ашиглах болсныг зарласан хоёр үйл явдал болов. Эхнийх нь Олон улсын Арбитрын шүүхээс Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын наймаачин С.В Паушокийг ялсныг зарлалаа. Монголын засаг зургаан сая ам.доллараа зарцуулан байж, хэргээ шийдүүллээ. Харин цаашид яах бол гэсэн асуулт хариулт нэхэж үлдэв. Гэтэл Прокурорын байгууллага түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгов. “Алтан Дорнод Монгол” нь Монгол Улсын түүхэнд хамгийн том татварын зөрчилтэй компани байлаа. Прокурорын газраас ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг ингэж тайлбарлав. “Тус компани нь орлогоо нуусан, тайлан балансаа хуурамчаар үйлдсэн нь нотлогдоогүй. Хуулийн байгууллагад уг хэргийг шалгаж эхэлснээс хойш тус компанийн татвараас зайлс хийж хуурамч баримт бүрдүүлэх, орлогоо нуун дарагдуулаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ” гэлээ. Ийнхүү шийдвэрлэснээр дараагийн асуудлыг шийдэхэд дөхөм болж байна гэсэн тайлбарыг Прокурорын

газрынхан мөн хэлж байна. Тэр хэлээд байсан дараагийн алхам гэдэг нь “Алтан Дорнод Монгол”-ыг Монголын талд шилжүүлэх байж. Арбитрын шүүхээс өмнө манай талаас татварыг албадан гаргуулах эрх хаагдсан байсан. Өөрөөр хэлбэл, Франкфүртэд явагдсан Арбитрын шүүх хэн нь буруутайг л тогтоосон хэрэг.

Нэгэн цагт олборлолтоороо улсад хоёрдугаарт орж байсан томоохон компани ийнхүү Монгол Улсад эргэж ирэв. Өөрөөр хэлбэл, Монголын өмч монголчуудад эргэж ирэв. Үүнийг нэг талаар сайн хэрэг гэж үзэхээс өөр юу гэхэв. Юутай ч Төв аймгийн Заамар дахь “Алтан Дорнод Монгол” компанийн үйл ажиллагааг монголчууд үргэлжлүүлэхээр болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт сонссон хоёр сайхан мэдээний нэг нь энэ байв. Нөгөө нь мэдээж, “Монголиан Майнинг Корпорэйшн” компани Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг Баруун нарангийн нүүрсний ордыг 464.5 сая ам.доллараар худалдан авсан явдал байлаа. Монголын компаниудаас олон улсын хөрөнгийн биржид бие даан IPO хийсэн анхны компани болсон тэднийг Хонгконгийн биржээс босгосон 600 сая ам.доллараа хэрхэн зарцуулах бол гэсэн асуудал хүн бүхний сонирхлыг татаж байв. “Тийм их хөрөнгийг Монголд шингээж дийлэхгүй” гэж үзэх хүмүүс  ч байсан. Гэтэл  тэд монголчуудын санаанд яв цав нийцсэн алхам хийж дээрх наймааг QGX холдингтой хийсэн юм. Хийх хийхдээ Монголын нүүрсний салбарт байр сууриа бэхжүүлэхийг чармайж байгаа БНХАУ-ын компаниудтай өрсөлдөн ялж чадсан нь бахархалтай.

Баруун Нарангийн нүүрсний орд нь үйл ажиллагааны зардал бага шаарддаг ил уурхай бөгөөд Монгол орны өмнөд хэсэгт, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогтцэций сумдын нутаг дамнан, аймгийн төв Даланзадгад хотоос зүүнтээ 61 км, нийслэл Улаанбаатар хотоос 500 орчим километрийн зайд оршдог ба Гашуунсухайт хилийн боомтоос 270 орчим км зайд байдаг аж. “Монголиан Майнинг Корпорэйшн”-ы удирдлагууд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдийг цаашид худалдан авах болно гэсэн мэдэгдэл хийсэн нь Хонгконгийн биржийн ханшийг өсгөсөн. Япон, Солонгосыг үндэсний хөрөнгөтнүүд нь чирсээр өнөөгийн өндөрлөгт хүргэсэн тухай яриаг сонсоод “Монголд хэзээ нэг дэлхийн хэмжээний хөрөнгөтнүүд төрнө дөө” гэж боддог байлаа. Тэр цаг холгүй байгаа гэсэн итгэлийг дээрх үйл явдал ард түмэнд өглөө. Монголын баялгийг монгол хүн эзэмшиж, ашиг шим нь Монголдоо шингэж байх ёстой билээ. Уг нь эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашиж байвал сайнсан.

“Монголын мэдээ” сонин Х.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих