“Эврика”-ийн шилдгүүдийг үндэсний хэмжээний том компаниуд ажилд урьлаа
Монголын Залуучуудын Холбооноос 21 жил уламжлал болгон зохион байгуулж байгаа “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн сард болж өндөрлөж шилдгүүдээ тодруулсан юм. Эврикагаас гарсан шилдгүүд үндэсний хэмжээний томоохон компаниудад урилгаар ажиллаж, дадлага хийдэг бөгөөд байгууллагатаа тэргүүний залуучууд болж салбартаа амжилт олдог гэдгийг ч өмнө нь бид дурьдаж байсан. Улсдаа нэр хүндээрээ дээгүүрт бичигддэг уг хурлыг өнгөрсөн жилээс УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа билээ. Мөн энэ жил үндэсний хэмжээний компаниуд ивээн тэтгэж цаашид 10 жилийн турш ивээн тэтгэхээ ч мэдэгдсэн. Тэгвэл энэ жилийн шилдгүүд эхнээсээ үндэсний хэмжээний томоохон компаниудад ажилд уригдаж эхэлсэн байна. Өнөөдөр “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд болон МЗХ-ны төлөөлөгчдийг “Эрин Интернэшнл” ХХК хүлээн авч уулзаж компанийхаа үйл ажиллагаатай танилцуулан шилдгүүдэд хандан “Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно, та бүхнийг урьж ажиллуулна гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг” гэсэн байна.
URL: