Хулгайн микронууд хөлсөө нэмчихлээ

microЗамын хөдөлгөөнд соёлгүй оролцдог, мал ачсан мэт давхидаг хэмээн адлуулдаг микро автобуснуудыг хязгаарлаад хэсэг хугацаа өнгөрлөө. Гэвч хязгаарласан хэмжээгээрээ орлох унааг зохион байгуулаагүйгээс асуудал үүсч байна. Аль ч улиралд том оврын автобус маш их хүлээлгэдэг.

Нийслэлд өдөртөө 1000 гаруй том оврын автобус явах шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэвч шугамд гардаг 880 автобус л байна. Сая гаруй иргэний хөл дүүжлэх том оврын автобус оройн цагаар цөөрч энэ хооронд микро автобусны мөнгө хийх үе эхэлдэг гэж хэлж болно. Гэтэл тэд үнээ оройн цагаар өсгөдөг байсан бол одоо өдрийн цагаар нэмдэг болчихжээ.

Тухайлбал, өчигдөр 0997 дугаартай микро автобус Сансарын клонкын буудлаас Ханын материалын чиглэлд явж байна. Сансараас III, IV хорооллын эцэс хүртэл 500 төгрөг түүнээс цаашаа 700 төгрөгөөр явна гэв. Харин дунд зэрэг насны эмэгтэй “Та нар ингэж үнэ нэмэхээ болиоч ээ. Хэзээ 700 төгрөг болчихов. 500 төгрөгөөр л явдаг ш дээ” гэж зарга үүсгэв. Гэтэл микроны кондуктор “Бид ч хулгайгаар явж цагдаад торгуулж байгаа болохоор үнэ нэмсэн юм. Та нар мөнгөө нэмэгдэлтэй төлөөд л яв, нийгэм нь тийм болчихсон шүү дээ” хэмээж байлаа. Энэ нь олон хүний дургүйг хүргэх шиг болов. Нөгөө эмэгтэй “Та нар ийм бүдүүлэг учраас шахагдаж байгаа юм” гэж ундууцаад дуугаа хураалаа.

Үнэндээ микро автобусныхан иргэдийн эрэлт хэрэгцээг далимдуулан дураараа үнэ нэмэх нь хэрээс хэтэрч байгаа. Харилцааны соёлын тухай яриад ч хэрэггүй. 1999 оноос хойш явсан микро автобусныхан 15 жилийн дотор төлөвшиж, соёлжиж чадсангүй. Бодит байдал ийм байхад Нийслэлийн нийтийн тээврийнхэн юу хийж сууна вэ. Иргэд орой, өглөөн цагаар унаагүйтэж байна. Зарим захын хороодод автобусны сүлжээ ч байхгүй. Иргэд ямар ч цагийн баримжаагүй автобус хүлээсээр л байгаа. Нийтийн тээвэр шинэчлэлтээ нэн даруй хиймээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих