Хагас жилээр жолоодох эрх хасаад нэмэр байна уу

3438dkro93mf76j06nicammgpv.jpgСогтуугаар машин жолоодож яваа хүнд бусдын амь насыг хохироохыг завдсан гэдэг зүйл ангиар эрүү үүсгэсэн ч болно шүү дээ. Ерөөсөө согтуугаар машин жолоодно гэдэг хурц үзүүртэй, иртэй хутга бариад, нүдээ аниад олон хүний дундуур гүйж байгаатай ялгаа юу байна. Тиймээс согтолтынх нь зэргээс хамаараад бусдын амь насыг хохироохыг завдсан гэж үзээд эрүү үүсгэхэд болохгүй юмгүй санагддаг юм. Өнөөдөр Нийслэлийн замын цагдаагийн газарт хоногт дунджаар 80-120 орчим согтуу жолооч баригдаж байгаа аж. Өмнө нь 50-60 баригддаг байсан бол жил ирэх тусам нэмэгдсээр одоо 120 болчихсон гэхээр аюулын харанга улам хүчтэй дэлдэж эхэлсэн гэсэн үг.

Түүнээс гадна Нийслэлийн замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өдөр нийтдээ 312 дуудлага, мэдээлэл хүлээн авсанаас 294 нь зам тээврийн осол хэргийн шинжтэй байсан аж. Мэдээж жил ирэх тусам автомашины тоо ихэсч байгаа нь энэ мэт тоо баримт нэмэгдэхэд нөлөөлж байгаа байх. Гэхдээ манайхан жолооч нарын ёс зүй, хариуцлага өндөрсөж байгаа гэж ярьдаг нь ор мөргүй худлаа бололтой. Энэ нь жолооч нарын ухамсарыг дээшлүүлэх ухуулга сурталчилгаа багатай холбоотой. Яах вэ, согтуугаар тээврийн хэрэгсэл битгий жолоод энэ тэр гэсэн нийгмийн шинжтэй сурталчилгаа байх нь байгаа. Гэхдээ маш бага.

Уг нь телевизүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэ мэт сурталчилгааг байнга явуулж байвал зүгээрсэн. Дээрээс нь хариуцлага тооцох дүрэм журам нь үнэн инээдтэй. Тухайлбал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-д зааснаар тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасна гэсэн заалт бий.

Хагас жилээр жолоодох эрх хасаад нэмэр байна уу. Ихэнх нь эрхээ хасуулчихсан мөртлөө машинаа унаад л давхиад байдаг. Бүр багагүй хувь нь дахиад согтуугаар жолоо барьдаг шүү дээ. Замын цагдаа нар тэр болгон бүх машиныг зогсоогоод, эрхээ хасуулсан байна уу, үгүй юу гэдгийг нь шалгаад байх биш. Шалгаад, барьдаг юм гэхэд өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэ¬рэгсэл жолоодсон байвал шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчилна гэсэн л журам байгаа.

Долоо хоног баривчлаад ч яах юм билээ. Ихэнх нь танил талаараа яриулаад л гарчихна. Үгүй юм гэхэд долоо хоног хэвтэж байгаад гарч ирээд л машинаа унаад давхичих жишээтэй. Тиймээс хууль, журмаа чангатгах цаг болж. Согтуугаар машин жолоодсон бол согтолтын зэргээс хамаараад торгуулийн хэмжээ нь 100-500 мянга хүртэл байсан ч яадаг юм. Тэгж эдийн засгаар нь ухамсарлуулахгүй бол жолооч нарын ёс зүй дээшилж, хариуцлага нь нэмэгдтэлээ л хол.

Уг ньЗөрчлийн тухай хууль болон Захиргааны хариуцлагын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар нийслэлийн замын цагдаагийн газраас холбогдох байгууллагад нь саналаа өгчихсөн байгаа юм билээ. Одоохондоо хууль хэлэлцүүлэх шатандаа явж байгаа бололтой юм. Уг нь хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ажил эхэлчихэж. Гэхдээ жаахан удаан яваад байгаа нь харамсалтай. Энэ ажлаа л жаахан яармаар байна. Тэгэхгүй бол өдөр ирэх тусам согтуу жолооч, авто ослын тоо нэмэгдсээр байх нь ойлгомжтой шүү дээ. Тэртэй тэргүй автомашины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, машин жолоодож чадах, чадахгүй жолооч нар цаг цагаар нэмэгдэж байгаа хойно.

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих