Жуулчдад эрсдэлтэй Улаанбаатар
Аялаж жуулчлахад хамгийн эрсдэлтэй 10 хотын нэгэнд Улаанбаатар хот багтсан тухай Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зарлажээ. Уг нь бид чинь “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжлөж, монгол орон бол аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн таатай орон болох талаар ярьж, төрийн бодлого дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоотойгоор хөгжүүлэх талаар багагүй ажил төлөвлөж байгаа ч гэлээ улсын нийслэл маань муу дансанд бүртгэгдсэн нь харамсалтай.
Манай улсад жилд 475 мянган жуулчин ирж байгаагийн 90 гаруй хувь ньнийслэл Улаанбаатар хотод ирдэг тухай Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн байна. Ядаж л хотоор дамжин хөдөө орон нутгийг зорьдог нь лавтай.Дэлхийн халуун цэгүүд шиг дайн самуун, үймээн, бослого тэмцэл байхгүй ч хулгай, халаасны хулгайнаас болжээ. Дээрээс нь хотын орчин нөхцөл, гудамж талбай, машины хөдөлгөөн, хүмүүсийн харилцааны соёлгүй зэргээс болсон бололтой. “Халаасны хулгай” хамгийн их гардаг нь гадаадынхны нүдийг бүлтийлгэж ийн эхэнд жагсахад хүргэж, муу муухайгаараа л дэлхийд данслагдаж яваа нь биднийг ичээж байна.Хотоор л дамжиж хөдөө орон нутгийг зорих гол урсгал явдаг ч гадаадын аялагчдыг шууд хөдөөг зорихыг анхааруулсан нь тэдэнд нийслэл хот ямар эрсдэлтэй байдгийг батлаад байна. Мөн CNN-ээр Улаанбаатар хотод машин барихад хамгийн эрсдэлтэй болохыг сануулжээ.
Дээрээс нь хотын замын түгжрэл, ямар ч төлөвлөлтгүй зам харгуй, эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл байхгүй, хоол, хүнсний аюулгүй байдал гээд аваад үзэхэд гадаадынхан байтугай өөрсдөө бид эрсдэл дунд амьдарч байна.Гадаадын өндөр хөгжилтэй орноос ирэгчид өндөр байшин, хотын хөгжлийг биш хөдөөний амьдрал, онгон дагшин байгалийг үзэх, загасчлах, ан агнуур хийх, байгалийн сайханд зугаалах, түүх дурсгалт газруудаар аялах гэж л ирдэг болохоос утаатай Улаанбаатарыг үзэх гэж ирдэггүй. Ядаж л хотод 5 одтой зочид буудал бараг байхгүйтэй адил. Өндөр зэрэглэлийн нэртэй ч гэлээ түүндээ хүртэл үйлчилдэг нь ховор. Энэ мэт яль шалигүй мэт үйлчилгээний соёл тааруу байдлаас ч бид өндөр эрсдэлтэй хотод багтсаар байна.Үүнийгээ засаж, хотыг хамгийн аюулгүй, эрүүл орчинтой, халаасны хулгайгүй болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Өнгөрсөн жил Нийслэлийн аялал жуулчлалын газраас Аялал жуулчлалын мэдээллийн төвийг байгуулж, гадаад дотоодын аялагчдад мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах боломж нээсэн нь сайн ч гэлээ хулгай зэлгий, залилах зэрэг сөрөг зүйлүүдээ багасгах, үгүй хийх талд Цагдаагийн газартай тууштай хамтрах хэрэгтэй байна. Хэрвээ үр дүн гарсан бол дэлхийд муу нэрээр данслуулахгүй л байхсан.
Бид аялал жуулчлал хөгжүүлнэ гэж том том бодлого гаргаж, цаасан дээр төлөвлөж сууснаас амьдралд хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй. Жуулчдын аюулгүй байдал хамгаас чухал. Монголд ирсэн жуулчид хотоор дайрч, хотын өнгө үзэмж, худалдаа үйлчилгээний газруудаар явж, дотоод амьдралтай танилцах аялал нь эрсдэлтэй байна гэдэг л байж болохгүй зүйл.Өнөөдөр бид том зүйл мөрөөдсөөр жижиг зүйлээ харж, засаж чадахгүйд хүрээд байна. Хотын дарга Э.Бат-Үүл монголд 5 сая жуулчин ирэх боломжтой байгааг дуулгаж байсан ч тэднийг аятайхан байлгаад мөнгийг нь боловсон салгах боломж бидэнд алга.Жинхэнэ аялал жуулчлалыг хөгжүүлж, үзэх үзмэртэй, очих, тухлах газартай, аятайхан зочид буудалтай, үйлчилгээний байгууллагуудын нүүр царай нь сайхан, үйлчилгээ нь соёлтой болж гэмээнэ бид баялгийг бүтээж, жуулчлалаас олох орлогоо нэмэгдүүлж дөнгөнө.Өнөөдрийн байдлаар 450 гаруй мянган жуулчин ирсэн нь хангалтгүй тоо бөгөөд хэд дахин олон жуулчин татах ажлаа эртхэн эхлүүлэхгүй бол тоо буурах ч магадлал байна.
“Халаасны хулгай”-тайгаа зууралдсаар байтал дулааны улирал эхэлж, жуулчид ирэх цаг дөхөж байгаа энэ цагт Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын газрын хамтарсан уулзалт зөвлөгөөн дээр “Хамгийн эрсдэлтэй 10 хотын нэгээр манай Улаанбаатар шалгарчээ” хэмээн зарлаж, бахархалтайгаар өгүүлэх нь тийм ч таатай биш байна.Бид бодлого ярихдаа мэргэшээд жижиг мэт боддог “халаасны хулгай”-тайгаа тэмцэхгүйгээр цөөн хэдэн жуулчдаа алдаад дуусах нь. Нэгдсэн бодлогоор төр дэмжих нь чухал ч гэлээ гэмт хэргийн гаралтыг бууруулах, нэн ялангуяа хулгайн гэмт хэргийг бууруулахад дорвитой арга хэмжээ авч нэр төрөө сэргээж, Улаанбаатар хотдоо жуулчин татахгүй бол дэлхий дахинд “хар дансанд” орсон манай орныг зорин ирэх жуулчдын цуваа татрах бий дээ. Өнгөрсөн жилүүдийн жуулчдын тоог харахад Орос 120 орчим мянга, Хятадаас 150 орчим жуулчин ирж, бусад Англи, АНУ, Канад, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудаас маш цөөн ирснийг нягталж үзэхгүй бол болохгүй нь.
Бид хоёр хөршийн иргэдийн урсгалаар жуулчны тоогоо өндөрт бодож болохгүй бөгөөд гол урсгал болсон бусад орны жуулчдын тооны өсөлтөөр хэмжих ёстой юм. Өндөр хөгжилтэй улс орнуудын жуулчид “Дэлхийн эрсдэлтэй 10 хот”-оор Улаанбаатар шалгарсан байгааг мэдээд ирэх тоо нь багасаад байгааг ч бодолцох нь зөв.Улаанбаатар хот маань “халаасны хулгайчдын үүр” болохоос өмнө цэгцэлж, гадны жуулчид айх аюулгүй зорчдог болсон тэр л цагт мөрөөдөл мэт сонсогдох 5 сая жуулчин орж ирэх ойрхон байна.
О.Төрөө inet
URL: