Шинжаан Уйгурт халдлага гарч гурван хүн амиа алдлаа

uigurШинжаан Уйгурын нийслэл Өрөмч хотын галт тэрэгний буудалд өчигдөр бөмбөг дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдан, 79 хүн гэмтэж бэртсэн талаар ВВС мэдээллээ.

Түүнчлэн гэмт этгээдүүд халдлага үйлдэхдээ зорчигчид руу хүйтэн мэстэй дайрчээ. Эрх баригчид уг явдал харгис алан хядах ажиллагаа боллоо гээд нөхцөл байдлыг хяналтандаа авсан гэж мэдэгдэв.

Уг халдлага БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Шинжаанд хийсэн айлчлалын сүүлийн өдөр болсон бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр терроризмийн эсрэг тэмцлээ нэмэгдүүлэх болно хэмээн амлаж байсан юм.

Болсон явдлын тухай Шинжаанаас ирж байгаа мэдээлэлд бүрэн итгэх боломжгүй, учир нь Бээжингээс тухайн мэдээллийг хатуу хянаж байна хэмээн ВВС агентлаг дамжууллаа.

Нутгийн засаг захиргааны цахим хуудсанд “дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:10 цагт Өрөмч хотын галт тэрэгний буудлын гарах хаалганы орчимд дэлбэрэлт боллоо. Тухайн үед Чэнду хотоос К453 дугаар галт тэрэг  дөнгөж ирээд зогсож байсан. Хүмүүс халдлагад өртсөн” хэмээн бичжээ.

Түүнчлэн “цагдаагийн газраас хийсэн анхны шалгалтаар вокзалаас гарч явсан хүмүүс рүү хутгатай дайрсан. Үүний зэрэгцээ халдлага үйлдсэн этгээдүүд тэсрэх төхөөрөмж ашигласан” хэмээн нийтэлсэн байна.

Өчигдөр Өрөмч хотын тус галт тэрэгний буудалд Шинжааны нийслэлийг гурван өөр хоттой холбосон төмөр замын нээлтийн арга хэмжээ явагдах ёстой байжээ.

Шинжаан Уйгурт нэг бус удаа үндэстэн хоорондын тэмцэл гарч байгаа юм. Иргэдийн тал хувь нь уйгур үндэстэн байдаг бөгөөд тэд Хятадын эрх баригчдын зүгээс дарамт шахалт ирдэг  хэмээн дургүйцлээ илэрхийлдэг бол Бээжингийн талаас эрс үгүйсгэдэг юм.

 

А.Наранцацрал | GoGo.mn


URL:

Сэтгэгдэл бичих