Ямартаа ч толгойны өвчнөөсөө саллаа, Одоо ажлаа хийнэ биз ээ
Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганаар авч хэлэлцүүлсэн өнөө л домогт “Давхар дээлээ тайлах” тухай яригдаж эцсийн үр дүндээ хүрлээ. Учир нь гишүүд давхар дээлээ тайлахаас татгалзсан байна. Уг асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын 76 гишүүнээс 74 гишүүн санал асуулгат оролцож 39 нь буюу 52,7 хувиар дэмжилгүй уг хуулийн төсөл цуцлагдлаа. Арга ч үгүй биз дээ хаврын салхи ар өвөргүй нэвт шувт үлээх өнөө хаврын цагаар давхарлагаагаа тайлчихвал хөөрхийсүүд даарна. Тийм ч учраас тайлахгүй гэсэн кнопыг дарсан биз ээ.
Энэхүү хуулийн төсөл ингэж нэг шийдэгдэж, төрхөмдөө буцах болов. Олон сар өдөр гишүүдийн маань нойр хоолыг мартуулан толгойны өвчин болсон уг асуудал ингэж нэг шийдэгдсэн нь яамай даа. Тэгэхгүй бол улс орны эдийн засаг хэцүүхэн байхад өнөө л нэг хэрэгтэй зүйл мэт өөр хоорондоо хэрүүлийн алим шидэлцэн суух сайхан цаг аргацаасан ажлаа хийсээр байх байсан болов уу.
Ямартаа ч өнөө эрх баригчдын хэлж ярьдаг “том төрөөс ухаалаг төр лүү” гэдэг уриа лоозон бол зүгээр ард иргэдийн чихэн дээр цэцэг ургуулна гэдэг шиг хоосон худлаа үг гэдэг нь батлагдлаа. Ингэж хэлэхийн учир нь УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн хэлсэн үгэнд Засгийн газрын гишүүд болоод намын бүлгийн гишүүд, бүлгийн дотор шийдэгдсэн асуудлаар УИХ-д оруулж ирэхэд бүлгээ даган өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй тиймдээ ч УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл хүчин төгөлдөр үйлчилж чаддаггүй хэмээсэн нь үнэний ортой зүйл бололтой.
Хаврын чуулган эхлэхэд УИХ-д суудалтай бие даагч гурван гишүүн ихээхэн сүр дуулайнтайгаар давхар дээлийг тайлуулах тухай асуудлыг хурцаар тавьж явсан. Гэтэл өнөөдөр УИХ-ын бие даагчын бүлгийн хоёр эрхэм өөрийн гэсэн бодолгүй бас л хуурамч аялдан дагалдагч гэдгээ баталсан гэхэд болно.
Энэ мэтчилэн УИХ-ын гишүүд маань өөр хоорондоо хөлөө жийлцэн байх хооронд улс орны эрх ашиг хоцрогдож байна гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу? Ямартаа ч толгойны өвчнөөсөө салсан юм хойно одоо ард түмнийхээ төлөө ажилдаа шамдан орохгүй бол цаг хугацаа хүлээхгүй шүү. Эрхэм гишүүд ээ.
Чой /BOLOD.MN/
URL: