Хаягдал дугуйны хаймраар уран баримал хийжээ
Унадаг дугуй, мотоцикль, авто машины хаягдал дугуй манайд бол хаа сайгүй л хэвтэж байдаг. Харин урд хөршид бол уран бүтээл болон хүндтэй байрыг эзэлсэн байх юм. Бүр байгууллага, их, дээд сургуулиудын үүдэнд матар, усны үхэр болон зогсч байх нь элбэг. Тухайлбал, Өвөрмонголын Багшийн их сургуулийн үүдэнд ийм бүтээлүүд байна. Тус сургуулийн дүрслэх урлаг, уран барималын ангийн оюутнууд өөрсдийн бүтээлээр ийнхүү сургуулиа гоёсон байна. Усны үхэр, матрын арьсыг хийхэд унадаг дугуй, мотоциклийн арзгар хаймар зохисон гэдэг нь жигтэйхэн. Энэ санаа тус сургуулийн оюутнуудын ШБОС бөгөөд оюуны эрхтэй гэнэ.
Түүнчлэн Өвөрмонголын Багшийн их сургууль оюутнуудынхаа бүтээлээр сургуулийнхаа дотоод орчин, тохижилтыг хийсэн нь үзэсгэлэнгийн танхимтай андуурахаар юм. Шатны хонгилд модны үндсээр хийсэн бар архирч, хоёр давхарын урт хонгилд монголын эртний хэв маягийг харуулсан хүүхэлдэйнүүд өрөөстэй. Нүүдэлчдийн амьдрал, аж байдлын харуулсан бяцхан баримлууд ч үргэлжилнэ. Бүтээлүүд нь сургуулийн танхимд олны өмнө дэлгээстэй байгааг хараад оюутнууд урам авч уран бүтээлдээ улам шамддаг тухай багш нар нь бахдан ярьж байлаа.
Өвөрмонголын Багшийн их сургууль 1952 онд анх байгуулагдсан бөгөөд өдгөө 33 салбар дээд сургуультай. 2004 онд одоогийн шинэ байрандаа оржээ. Хөх хотын зах руу “Хорин гэр” эдийн засаг, хөгжлийн шинэ суурьшлын бүсэд оюутны хотхон, сургуулийн байрыг цогцоор нь барьснаар ийнхүү төвхнөсөн юм байна. Үүнийг дагаад сургуулийн номын сан, уншлагын танхим, Бүх Хятадын уран зохиолын шилдэг бүтээлийн музей энд төвлөрчээ. Музейд шилдэг бүтээлүүдийг дэлгээд зогсохгүй, тэдгээрийг бичиж туурвисан үндэсний шилдэг зохиолчдын зураг, тэдний намтар, түүх, эдэлж хэрэглэж байсан бичгийн ширээ, бичгийн машин зэргээр баяжуулсан байна. Хятад улс 56 үндэстнээс бүрддэг бол музейд бүх үндэстний шилдэг зохиолч, яруу найрагчдын буланг гаргаж тохижуулсан байдаг ажээ.
Ч.Зотол
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: