Д.СУГАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ УДААД УМБГ-ЫНХАН ГАРГАЛАА

Д.Сугар-Түүнийг “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн 6.3 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбоотой байж болзошгүй хэмээлээ-

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг тойрсон дуулиан дахиад л дэгдлээ. Энэ удаад Авлигатай тэмцэх газар бус Улсын мөрдөн байцаах газрынхан Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хөндөж ” Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нь “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн 6.3 тэрбум төгрөгийн хэрэгт холбоотой байж болзошгүй” хэмээн мэдэгдлээ.

Ингэснээр өөрийгөө өндөг шиг өөгүй хэмээн ярьдаг мань эрхэм Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онд их хэмжээний зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт” ХХК-ийн хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа Ш.Батхүүгийн хань хамсаатан болж магадгүй болоод байна.

Цагдаагийнхны мэдээлснээр тэрбээр энэ хэрэг гарах үед Төрийн өмчийн хорооны дарга байсан бөгөөд дээрх хэрэгт холбоотой байж мэдэх баримтууд шинээр гарч ирээд байгаа аж. Тиймээс Улсын мөрдөн байцаах газраас түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Энэ хүсэлтийг прокурор хүлээж аваад түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах үндэслэл байна гэж үзвэл УИХ-ын дарга болон Үндсэн хуулийн цэцэд энэ хүсэлтийг албан ёсоор хүргүүлэх юм.

Ер нь Д.Сугартай холбоотой энэ мэт таагүй мэдээлэл сүүлийн үед цөөнгүй гарах болсон.
Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө АТГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж улмаар энэ асуудлыг Хууль зүйн хороо хэлэлцсэн ч нам нь аваад үлдсэн. Харин энэ талаар Д.Сугар “АТГ цаанаасаа бэлтгэлтэй, тусгай даалгавраар энэ бүхнийг зохион байгуулаад байгаа. Намайг АТГ-аас дуудаагүй, шалгаагүй, нотлоогүй байж ийм мэдээлэл тарааж байна” хэмээн өөрийгөө өмөөрсөн. Харин АТГ-аас Д.Сугарын хууль зөрчсөн баримтуудыг маш тодорхой дэлгэсэн бөгөөд түүнийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Баянзүрх дүүргийн XIII хороо, “Алтантэвш” хороололд байрлах 30 ам.метр талбайтай хувийн сууцыг мэдүүлээгүй, 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ‘Транс Трейд Би Би Эс Би” ББСБ-аас авсан 273.6 сая төгрөгийн, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр авсан 113 сая төгрөгийн зээлийг, 2012 онд хөрөнгө орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийн талаар тайлбар өгөөгүй.

Түүнчлэн Япон, Солонгос улс дахь орон сууц, Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор дансных нь талаарх мэдээллийг Авлигын эсрэг хуулийн наймдугаар зүйлд заасныг үндэслэн илрүүлсэн гээд өөр олон баримтуудыг дэлгэсэн юм. Гэвч энэ мэдээллийн дараа Д.Сугар өөрийгөө дахин өмөөрч “Би буруугүй. Авлигатай тэмцэх газрынхан намайг Төрийн өмчийн хорооны даргын албыг хашиж байх үеийн юм гаргаж ирээд одоо хариуцлага тооц гээд байгаа нь утгагүй” хэмээсэн юм. Харин Үндсэн хуулийн цэц Д.Сугарыг цалингийн 30 хувиар торгосон болоод түүний толгойг илээд өнгөрсөн. Тиймээс энэ удаад тодруулбал, УМБГ-ынхны Д.Сугартай холбоотой гаргасан хүсэлтийг Үндсэн хуулийн цэц хэрхэн шийдэх, Д.Сугар хариу болгож ямар тайлбар өгөх нь анхаарал татаж байгаа юм.

 

 

Л.ОЮУ /Өрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих