Үнэгүй байгаль

Уул уурхай хөгжиж байна. Бүр нүдэн дээр гэрлийн хурдаар өсч байна. Удахгүй уул уурхайн буянаар улс маань хөгжиж, иргэд маань орлоготой болно. Энэ мэдээж л дээ. Гэхдээ уул уурхайг байгалийн цонхоор харахаар эргэлзэх сэтгэл эрхгүй төрдөг.

Өнөөдөр олсноосоо илүү алдвал яана аа гэж бодогддог. Нөхөн сэргээлт муу хийгдлээ гэх шүүмжлэл жил бүр л гардаг. Энэ ажлыг бараг л халтуур гээд ойлгочихсон компаниуд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг гээд хэлчихэд хатуудсан болохгүй байх. Нөхөн сэргээлтийг уг нь техникийн болон биологийн гэсэн үе шатаар хийдэг. Дэлхийн улс орнууд нөхөн сэргээлтийн дэлхийн гэж нэрлэгдэхээр стандартыг үйл ажиллагаандаа барьдаг. Харин Монголын хувьд нөхөн сэргээлт ор нэр төдий хийгддэг. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ухсан нүхээ булахыг л нөхөн сэргээлт гэж ойлгодог нь нууц биш. Өнгөн хөрс суулгасан болоод ургамлын үр суулгана. Манайхаар бол нөхөн сэргээлт ингээд л гүйцээ. Нөхөн сэргээлтийн стандарт их нарийн. Энэ газар ямар хөрс байх вэ, ямар ургамал таривал ургах бол гэх мэт асуултад хариу авч байж хийх учиртай ажил. Энэ талаарх судалгаагаа хийсний дараа техонологоо боловсруулах ёстой гэж мэргэжлийнхэн ярьдаг. Уул уурхайн компаниуд олборлолтоо эхлэхээрээ өнгөн хөрсийг нь хуулж авдаг. Тэгээд хуулж авсан шороогоо овоолчихдог. Гэтэл мэргэжлийнхний ярьж байгаагаар бол өнгөн хөрс хамгийн үржил шимтэй давхарга аж. Харин үүнийг бусад улсын хувьд өөр газар, өөр хөрсөн дээр аваачиж хадгалдаг юм байна. Ийм хөрсийг хэзээ ч ашиглаж болохоороо онцлог гэнэ. Хүн олон зүйлийн бүтээж чадна. Бидний өнөөдөр хэрэглэж байгаа бүх л зүйлийг хүн л бүтээсэн. Хүн бүхнийг бүтээдэг. Гэхдээ хүн нэг л зүйлийг бүтээж ч чадахгүй. Тэр нь байгаль. Тэр газар ямар ургамал ургах ёстой, тэр нь ургахаас аль нэг газраас авчирсан, хүний өөрийнх нь бодож олсон ургамал ургахгүй. Өмнө нь ямар байсан тэр бүтэцдээ орж чадахгүй. Ер нь уул уурхайн салбарт байгаль үнэгүй байдаг нь олон жишээнээс харагддаг. Нөхөн сэргээлтийн хувьд цөөхөн хэдэн компанийг эс тооцвол бусад нь байгалийг үнэтэй, эргэж олдохгүй, бид байгалийг бүтээж чадахгүй гэж боддоггүй. Нөхөн сэргээлтээ чанарын шаардлага хангахаар хийдэггүй. Ус гэхэд л энэ салбарт үнэ цэнэгүй хэвээрээ байгаа. Өнөөдөр усыг хамгийн их хэрэглэж байгаа салбар бол уул уурхай. Гэтэл уул уурхай хөгжсөн бусад улстай харьцуулахад усыг хамгийн бага зардлаар ашигладаг. Усны төлбөрийн асуудал шийдвэр гаргах төвшинд яригддаг ч бусад улсын жишигт хүртлээ нэлээд хэдэн жил болох байх. 20-30 жилийн дараа уснаас болж дайн ч дэгдэж магадгүй байгаа дэлхийд бид хэр удаан оршин тогтнохоо өнөөдөр л шийдэхгүй бол оройтно. Хэтэрхий сүржин сонсогдож байж магадгүй л дээ. Гэхдээ л аминд тулсан асуудал яах аргагүй мөн. Уул уурхайн салбараас үүдэлтэй байгаль орчны бас нэг асуудал бол хөрсний бохирдол. Энэ талаар сэтгэл эмзэглүүлсэн тоо баримтыг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. БНСУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Уул уурхайн нөхөн сэргээлтийн судалгаа мэдээллийн төв байгуулагдаад буй. Энэ төслийн хүрээнд Монгол орны 21 аймгийн 300 гаруй уул уурхайн газруудад судалгаа хийнэ. Судлагаа хийх болсон шалтгаан нь уул уурхайн байгаль экологид үзүүлж байгаа нөлөө юм. Уул уурхайн ашиглалтаас үүдэж газрын гадаргын болон гүний усны бохирдол, хөрсний доройтол, ой мод устах зэрэг аюул нүүрлээд байгаа. Бохирдсон газрын тооллого хийж дууссаны дараа ус, агаар, хөрсөнд ямар хэмжээний бохирдол байгааг судалж мэдээлийн сан бий болгох юм билээ. Бохирдлын судалгаа хийж, хөрс болон усны дээжийг нь шинжпэх мэдээллийн санг бий болгосны эцэст бохирдолт бодисыг цэвэрлэх зэрэг нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөжээ. Экологийн чиглэлээр хийгдэж байгаа онцлохоор төслийн нэг гэж бодож байна. Одоогоор үнэгүй байгаа байгалиа үнэтэй болгох энэ мэт ажлууд хийгдэж байгаа нь олзуурхмаар. Нөхөн сэргээлтийн цогц стандарт боловсруулж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байгааг бодохоор Монгол улс тун удахгүй уул уурхайн нөхөн сэргээлтийн нүүр улайхааргүй стандарттай болох нь. Одоогоор Газрын  тосны салбарын нөхөн сэргээлтийн стандартыг боловсруулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын эхлэл ч тавигдаад байгаа юм билээ. Тэгэхээр тун удахгүй үнэгүй байгаль үнэд орно гэж найдах л үлдэж байна.

Б.Билгүүн


URL:

Сэтгэгдэл бичих