“Эрдэнэт үйлдвэр”-т цөөвөр чоно үүрлэжээ

 87952ba368c7fd38big

 

Хавьтсан ойртсоноо хазаж, хайраад сүйд гэнэ. Мон­гол Улсын ганц “саалийн үнээ” болсоор ирсэн эл үйлдвэрийн эзний суудал олон аавын хүүхдүүдийг цусгүй тулаанд дуудах нь элбэг. Мэргэжилтэй ажилчдынх нь 30 гаруй жилийн туршлага, Эрдэнэтийн овооны дундрашгүй их зэсийн баялагт дулдуйдан урсгалаараа хөвөрч байгаа хэдий ч улстөрчдийн балгаар уруудах цахилгаан шатанд суучих гээд байдаг гэмтэй. Сүүлийн арван хэдэн жил  сонгуульд ялалт байгуулж, төр барьж буй намын Ерөнхий сайдын үзэмжээр томилогддог болсон “Эрдэнэт үйлдвэр”-т сүүлийн үед газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэх болсон байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн Засгийн газрын давалгаа тэнд “цунами”-даж мэдэхээр нөхцөл байдал үүсгэсэн аж.

 

Монголчууд газрын хэвлий дэх баялгаараа амьдралаа залгуулах нь битгий хэл амсах ч эрхгүй шахам болоод байгаа. Ёстой л өрмийг нь хусамтай хуйгаар нь халаасалчихсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Тавантолгой улстөржилтийн буянаар биднээс холдож, харь нутгийнханд үр шимээ өгөх болсон нь нууц биш. Товчхондоо, улстөрчдийн хатуу тоглоом улс орныг уруудах цахилгаан шатанд суулгачихлаа. Ийм байтал ганц саалийн үнээгээ улс төрөөс ангид байлгах тухай ам нээх бүртээ тодотгодог ч амьдрал дээр хэрэгжүүлсэн нь үгүй. Ямартаа л АН-ын хүнийг ажилд авна, аль эсвэл намдаа элсэхийг шаарддаг болсон тухай “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид ам уралдан ярьж байна. Гэхдээ тэдний хэн нь ч ил гарч, чухам үнэнийг нүүрэн дээр нь хэлэхийг хүссэнгүй. Хуудуутай ажиллагаа олныг дэлгэх зориг зүрх байвч хоолноосоо салж чадахгүйгээ учирлаж байлаа. Юутай ч ажилчдын хэлж байгаагаар тэднийг ийн алагчилж буй хүн нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал С.Сувдаа гэх. Тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн АН-ын дэд даргын сонгуульт ажилтай нэгэн аж. Тэрбээр Уулын баяжуулах фабрикийн орлогч даргаар ажиллаж байсан Ц.Батхуягтай нийлж, МоАХН-ын партизануудыг турхирж яваа гэх явган яриа ч олны дунд түгжээ. Ц.Батхуяг нь хариуцлага алдаж, албан тушаал буурсан нэгэн юм.

 

Хамгийн хачирхалтай нь, С.Сувдаа нь албан тушаал ахиж, үйлдвэрийн захирал болох сонирхолтойгоо ч ойр тойрныхондоо дуулгасан юм байх. Тиймээс Ц.Даваацэрэн даргынхаа талаар УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт алтан хошуу хүргүүлсэн гэнэ. Уг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Ц.Даваацэрэнг томилсон нь нүдээ олсон хэмээн нутгийнхан нь ам сайтай байдаг. Учир нь энэ удаад улс төрийн томилолт хийгдэлгүй уул уурхайн инженер мэргэжилтэй хүн очсон нь тэр аж. Ц.Даваацэрэн нь Өмнөговь аймгийн харьяат. 1986 онд Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг инженер механик мэргэжлээр төгссөн. 1986-1997 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажилчин, инженер, цехийн дарга, “Бэрх”-ийн уурхайн захирал, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байжээ. 2009 оноос Ашигт малтмалын газарт Уул уурхайн асуудал хариуцсан газрын даргаар ажиллаж байсан намтартай. Тэрбээр захирлын албан тушаалд томилогдсныхоо дараахан итгэл алдсан этгээдүүдтэй цаашид гэрээ хийж, хамтарч ажиллахгүй гэдгээ зарлаж байлаа. Тэр ч бүү хэл, итгэл алдсан компанийн эздийг нэр ус, регистерийн дугаартай нь жагсааж, нийтэд ил болгосон нь нийгэмд шуугиан тарьсан удаатай. Байгуулагдсан цагаасаа л улстөрчдийн соруулыг дүүргэж байдаг ёроолгүй сав, шахааны бизнесийн төв цэг хэмээх сэтэртэй явж ирсэн энэ үйлдвэрийг тойрсон таагүй мэдээллүүдэд цэг тавихаа мань эр эхний өдрөө мэдэгдсэн нь тэр байлаа. Тухайн үед хар жагсаалтыг харсан эрхмүүд шахааны акулууд нь алга, жараахай барилаа гэх байдлаар шүүмжилж байсан. Олны үг ортой гэгчээр тийм байдал ажиглагдаж байсныг нуух юун. Гэхдээ 105 компанийн нэрс дунд Эрчим хүчний сайд М.Сономпилийн “Од трейдинг” ч багтсан байдаг. Хэдийгээр тэрбээр энэ компаниа өөрийн хамаатан Д.Баатарцогтод хариуцуулдаг гэх ч сайдын мэдлийнх. Олсон ашиг нь мань хүний халаасанд ордог гэхчлэн цааш хөврүүлж болно. Гол нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын суудал ганхаж, газар хөдлөлтөд нэрвэгдэж мэдэхээр байгаа гэнэ. Мань эрийг албан тушаалаас нь буулгах ажиллагаа ар хударгаар нь өрнөсөн тухай Төрийн ордонд ч шивэр авир хийлдэж байна.

 

Гэхдээ зарим эх сурвалжийн өгүүлснээр дээрх ажиллагаа нь УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн явуулга гэж хардах хүн олон байгаа юм. Тэрбээр нэгэн үе “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын сунгаанд хүч сорьж байсан. МоАХ фракцид бүртгэлтэй ч Спикер З.Энхболдын “Шонхор”-д нэг хэсэг орогнож, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын хаалгыг зад өшиглөж үнэнч гэдгээ бататгаж байлаа. Түүнээс хойш З.Энхболдтой аман дахь чихрээ ч хувааж иддэг болсон гэх хошин яриа улс төрийн хүрээнийхэн дунд бий. Дээрх С.Сувдаа нь ч “Шонхор” фракцид харьяалагддаг аж. Иймээс шулуун шугамаар экс гишүүнтэй холбогдож байгаа юм гэхчлэн зарим хүн тодотгов. Түүнчлэн Ц.Батхуягтай нийлж МоАХН-ынхыг турхирч байгаа нь ч Д.Одхүүгийн санаачилга байх магадлалтай гэнэ.

 

Юутай ч өдөртөө гурван сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эл үйлдвэрт улс төрийн нөлөөлөлөөр нэлээд өндөр баллын газар хөдлөлт болох шинжтэй.

Д.Дорж

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих