Монголд “ЭР ХYН” судлалыг хөгжүүлэх шаардлагатай байна.
Доктор, профессор Ц.Дэмбэрэл гуйн бичсэн энэ нийтлэл маш их таалагдлаа. Монгол ЭР ХҮНИЙ нэр хүнд унаж байгаа энэ үед танд нэгийг бодуулах болов уу. Эхнэр нь эр нөхрөө хүндэлдэггүй гэр бүл хэзээ ч удаан бөгөөд тайван амгалан оршиж чаддаггүй билээ.
Эдүгээ Ард түмний дунд, бас төрийн үзэл номлолд ЭР ХYН -ийг зөвхөн “буу агссан цэрэг”, “нохойд барьдаг мод” гэж ойлгох явдал элбэг таарна. Энэ бол хүйтэн дайны үетэйгээ хамт тэртээ ард хоцорсон, хоцрогдсон ойлголт. Монголд “ЭР ХYН” судлалыг хөгжүүлэх шаардлагатай байна. Эр хүйстэй төрөх, ЭР ХYН болохын хооронд их зай бий. Эцэг болох амархаан, харин ААВ байх л амаргүй. Дороо дүүтэй бүхэн ах болчихгүй. Ах шиг Ах байх нь хамгаас чухал. Бас сайн дүү гэж бий. Аав шиг ААВ, Ах шиг АХ, дүү шиг ДYY. ЭР ХYН энэ үг юутай хүндэтгэлтэй сонсогдоно вэ? Ажлын хатууг эрчүүд л үүрдэг, амь биеэ үл хайхран эх орныхоо төлөө тэд л зүтгэдэг, … Эр хүн … айл гэрийн эзэн, улс орны минь тулгуур багана. Монгол эр хүн нугаршгүй чанартай, хугаршгүй ноён нуруутай. Монгол эр хүний оюуны чанар, үйл хөдлөлийг бараг судалсангүй өдий хүрчээ. Энэ тун муу. Өөрөөр хэлбэл эдүгээ хүүхэд залуус маань “Ямар эрийг эр хүн гэх вэ?” гэдэг дээр баримжаа багатай, хөдөөгийн хүүхдүүд “Тунгалаг тамир” зохиолын Төмөрөөр, хотынхон нь Итгэлтээр, эрдэмтэд нь хүйсээр Монгол эр хүнийг төсөөлж байх шиг. Ийм байж таарахгүй ээ. Хот хөдөөгийн хооронд үл ойлголцол үүсвэл яана, … ер нь үүсчихээд байгаа юм биш биз!!! Монголчууд бид “Эр хүн”-ийг зөнд нь хаясаар удлаа. Эр хүн гэхээр цаана нь цэрэг л харагддаг, цэргийн баяр гэхээс эрчүүдийнх гэхгүй…, гэтэл эдүгээ улс орныг буу агссан цэрэг хамгаалахаасаа илүүтэй оюун нь хөгжсөн эрдэмт эр хүн хамгаалдаг боллоо. “Эр хүн”-ийг хэт жижигрүүлж, бууны нохой мэт болгосон он жилүүд ард хоцорлоо, … харамсалтай нь бидний оюун сэтгэхүй хуучнаараа … хүүхнүүд хүч тамиртай болоогүй ч гэлээ өөртөө итгэлтэй болж байна.
Энэ сайн. Гэтэл эрчүүд бид … Монголд “ЭР ХYН” судлал үгүйлэгдэж байна. Эр хүн судлалын хүрээнд “Аав” судлал, “Ах” судлал, бас “Дүү” судлал гэж баймаар… бидний хойч үе эцэг болохоо мэддэг, Аав болохоо мэддэггүй болох вий, тэд ер нь Ах гэж ямар хүн байдагийг мэдэж байгаа болов уу? Монгол эрийг судлавал мөн ч их юм гарна даа, байгалиас заяасан билиг авьяас билиг, … үгүй ядаж, хугаршгүй ноён нуруу … энэ бол зөвхөн эр хүнд заяагдсан онцгой чанар. Энэ онцгой чанар манай эрчүүдэд гойд ихээр дутагдах болов. Монголчууд том хүүдээ гойд найдна. Аав хүн том хүүгээ илүүтэй харж, гол эрх мэдлээ шилжүүлж, том хүү дүү нартаа үлгэр болж… Ингэж ааваас том хүүд …, том хүүгээс дүү нарт гэхчилэн монгол айл гэрийн амьдрал үргэлжилсээр ирсэн уламжлал бий. Энэ бол зөвхөн уламжлал төдий зүйл биш.
Yүний ард том ухаан буй. Энэ ухааныг алдаж таарахгүй ээ. Эдүгээ манай залуус монгол өрх гэрийн нандин өв уламжлалаа сүрхий мартах аястай болов. Yүнд ахмадууд ч буруутай. Ахмадууд нь суудлаа олохгүй болохоор залуучууд нь гүйдлээ олохгүй байна. Ахмад, Залуу үеийн хооронд ангал зааг үүслээ. Энэ тун аюултай. Зөнд нь орхисон залуус юу ч болж өсч мэднэ, бүтээгч болохоосоо өмнө нураагч болох вий. Бидэнд хийх ажил мөн ч их байна даа… Би вээр энэ удаа сайн мэдэх ахаараа төлөөлүүлж монгол эр хүний нэг л талыг үгээр зуръя гэж бодов, сэдэв нь Ах нь дүүгээ хэрхэн сургадаг бол?
… Дороо дүүтэй “Эр хүн”-ийг ах гэнэ. Газар дээр надад заяасан ганц ах маань Уртнасан бөлгөө, бид Ундаа гэнэ. Тэрээр 1942 оны морь жилтэн. Ах хүнийг хариуцлага дагана, ялангуяа том ахын хувьд … миний ах үүнийг гүн мэдэрдэг, хэрэгжүүлдэг хүн байв. Хэдэн жишээ хэлье, хүмүүст, ялангуяа ах нарт, бас дүү нарт нь ч хэрэг болж магад, аав нарт ч хэрэгтэй, учир гэвэл хүүхдээ хүмүүжүүлэхэд нь.
1. Ах маань Завхан сумын бага сургуулийг онц төгссөн, хөрш Өмнөговь сумын дунд сургуульд дэвшин суралцах ёстой байж. Гэтэл би гэдэг хүн ээжийн гэдсэнд … ядаж дүн өвөл ээж мэндэлнэ, дөрвөн настай ганц охинтой, айл бараадах эх охин хоёрын түшиг тулгуур нь 12-той том хүү, яалтай билээ, ах маань сургуульд явахаа болилоо, … 1954 оны морин жилийн өмнө он солигдох заагаар ээж маань мэндэлжээ. Хожим намайг оюутан болдог намар ах маань “1955 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө эрт ээж намайг дуудлаа, … “Уртнасаан … босоорой … чи эрэгтэй дүүтэй болсон шүү, … аргал оруулаад гал түлээрэй, ээж нь босоод ингээ саана” гэсэн сэн. Одоо ч ахад нь тэр өглөө харагдсаар байна, би үнэхээр баярлаж билээ… Ээжээс эрэгтэй л дүү гараасай гэж дотроо ихэд хүсэмжилдэг байв, би яг тэр мөчид том хүн болчих шиг санагдсансан…” хэмээн хуучилж билээ. Дүүгээ олон улсын математикийн олимпиадад сайн оролцлоо гэж урамшуулж байгаа нь тэрээ.
2. Ах нэг өдөр намайг зэмлэв. “Чи ном бага уншиж, их тоглож байна, ухаан суухад яана вэ?, ном дотор амьдрал байдаг, амьдралыг заавал өөрийн биеэр туулж байж мэдэх албагүй, ухаант мэргэдийн ном сургаалиар дамжуулан ихийг мэдэж болно, сайн ном унш, Оросын шилдэг романууд бий,… үүнээс хойш ахынхаа үгийг мартуузай…, миний дүү ахыгаа бодоорой, ах нь хараад л байгаа шүү… би дүү чамдаа л найддаг хүн шүү, … тоглохоо багасгаарай миний дүү” гээд духан дээр минь үнслээ. Би гэнэт ухаарав, уйлав, 14-тэй л байж дээ. “Би ахтай хүн, ахынхаа үгэнд орно … найдварыг нь заавал биелүүлнэ …” Түүнээс хойш би уран зохиолын ном уншдаг болсон доо, одоо ч уншсаар байна, … ахын зэмлэл үнэтэй.
3. Хойтон жил нь хаврын нэг өдөр хичээлээс ирчихээд унд ууж байтал Ундаа “… Дэмбэрэл ээ чи аймагтаа математикийн олимпиадад хоёрт орсон гээд л баярлаад байх юм, уг нь чиний өмнө нэг хүүхэд байна шүү дээ, ах нь чамайг аймагтаа түрүүлбэл мөн ч их баярлана даа, би өөрөө түрүүлснээс ч илүү баярлана, ах нь 12-тойдоо чамайг үүрэх гэж 4 дүгээр ангиасаа гараагүй бол улсад түрүүлэх ч байсан байж магад …” Ончийг нь олж хэлсэн цөөн үг сэтгэлд тэр цагийнхаа дүрээр хоногшин үлджээ,… би эдүгээ энэ үгийг, хэлж байсан тэр мөчийг … яг дүрслэн харж байна. Ах хойморт,… ээж зуухны дэргэд… би боов л идэж байсан даа … Түүнээс хойш би тоглохоо багасгав, мэрийдэг боллоо, гурван жил ах бид хоёр олимпиадад бэлтгэв, тооны сайн номыг хотоос над руу олж явуулах ажлыг Ундаа хийнэ, явуулсан номыг өөрийн болгох ажлыг би хийнэ, үр дүн нь 1972 онд гарч, Ундаа маань улсын 8 дугаар олимпиадын аварга болж байлаа. Албан баримтаар Дэмбэрэл гэх боловч уг чанартаа ах маань түрүүлсэн юм шүү дээ. Ахын сургааль алт буюу.
4. 1971 оны зун манайд нутгийн хэдэн хүн ирж, бид хамтран хөзөр тоглолоо. Хоёр тал болж, эхлээд манай тал ИЛЖИГ болов, би багийн ахлагч нь, хожсон залуус илжгээ унана, ахлагчийг нь цөмөөрөө унана гээд намайг баахан бааллаа,… дүү хүүхэд гэж тэгж л дээ. Дараа нь манай баг гурван удаа нөгөөдүүлийгээ ИЛЖИГ болгов, би ч ёстой хариугаа авлаа даа, тэдгээр ах нарын толгой дээр нь суух, тэднийг хэвтүүлэх гэхчилэн … Хүмүүс явсны дараа Ундаа “ … чи хожигдсоныхоо хариуг авна гэж өөрийн дураараа хэтэрхий дэггүйтлээ, … уг нь чи тэднийг дуурайгаагүй бол ёстой хариугаа авах байсан даа, .. зарим үед хүлээж сур, дуугүй байж сур, … хүн бүхнийг дуурайх албагүй… өөрөөсөө илүү хүнийг л дуурайж бай … Чи өнөөдөр оюуны хувьд тэдгээр хүмүүсээс илүү ч гэлээ хүмүүжил ухамсрын хувьд адил гэдгээ харууллаа… Өөрийнхөө сэвийг дар …” гэж хэлсэн дээ. Тэр цагаас хойш би аливаад хянуур хандах гэж оролддог болсон бөлгөө. Ахын захиас амьдралд хэрэгтэй.
5. Ах маань 50 гарч, би 40 шүргэлээ, миний амьдрал ахуй жигдрэв. Yүнд Ундаагийн хувь нэмэр онцгой их. 1995 оны өвөл юм дагаа, дүү нь ахдаа цагаан сараар очиж золголоо, шөнө оройттол хоёул хэсэг ярив. Ах маань “Дүү минь чиний үсэнд сор суух нь ээ, их уншсанаар эрт бууралтаж байгаа биз …, ажил амралтаа зохицуулж сур, чамайг магтах дэвэргэх хүн олон бий, … хүн чинь хүнээр сайн, муу хэлүүлэх гэж амьдардаггүй юм шүү, үг бол үг, үг олон янз, хүнийг сайн явахад… мөнгөтэй чинээлэг байхад ойртох, зусардах хүн олон…, ядрахаар тэд холдоод л явчихна, ах нь мэднээ…, ялангуяа хүүхнүүд .. эмс охидтой зууралдаж болохгүй, нэрд, биед, ажилд халтай, бас мөнгөнд ч…, хүний хүн гэдэг угаасаа л хүнийх байдаг… илүү юм илүү л байдаг юм шүү дүү минь …” Yүнийг би мөрдсөөр эдүгээ нас 50 гарлаа. Ах маань аргалд явжээ. Ах маань хол одсон ч гэлээ захиас үг нь замын гэрэл болсоор…
6. Энэ мэтээр үргэлжлүүлэээд байвал “Ахын захиас” үл тасарна.
Эрчүүд ээ! Та нар дүүтэй бол миний ах шиг ах байгаарай…
Эрчүүд ээ! Та нар аав бол том хүүгээ миний ах шиг сайн ах болгоорой…
Эрчүүд ээ! Та нар ахтай бол ахынхаа захиасыг үр ач нартаа дэмжуул…
Энэ ерөөл бат оршиг ээ … Монголын ухаант ах-эрчүүдийн өлмий бат байг.
Доктор, профессор Ц.Дэмбэрэл
URL: