Хуурамч бичиг баримтаар Хятадуудыг наймаалцдаг хэрэгт ГИХХЭГ-ынхан ч холбогдлоо
Улсад татвар төлөхөөс зайлсхийж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, квотоо худал бичүүлсэн компаниудын хэрэгт төрийн албан хаагчид бөөн бөөнөөрөө холбогдсон талаарх мэдээллийг бид хүргэж байсан. Тодруулбал, бусад орноос олон тооны ажилчид ямар ч татваргүй оруулж ирээд, компаниудад жуулчилж мөнгө олдог хэд хэдэн компани, төрийн албан хаагчдыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж эхэлсэн юм.
Эл хэрэгт, Татварын ерөнхий газар болоод Улсын бүртгэлийн газрын албан тушаалтнууд, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн албан хаагчид татагдан шалгагдаж байгаа юм.
Улмаар бид энэ талаарх мэдээллийн мөрөөр Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийг зориход хэргийн талаар тайлбар өгчихөөр “үгүй” гээд зоригтой хэлчих нэг ч хүн олдоогүй юм. Мөн Хөдөлмөрийн яамнаас хэргийн талаар тодруулахад өөрсдөөсөө түлхэж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийнхөн энэ асуудлыг мэднэ гэсэн хариултыг өгч байв.
Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр өөр улсын иргэд тухайн улсын хүн амын 5.1 хувиас хэтрэхгүй байна гэсэн тоо баримт байдаг.
Гэвч компаниуд заасан квотын дагуу бусад улсаас ажилчид оруулж ирдэг ч танил тал, хуурамч бичиг баримтан дээр тулгуурлаж янз бүрийн аргаар тэдгээр иргэдийг ашиг олох хэрэгслээ болгодог байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу ажиллах хүчин оруулж байгаа юм шиг цаасан дээр бичүүлээд, илүү хүн авчирж бусад компаниудад зуучлах нэрийдлээр худалддаг байжээ. Үүний үр дүнд улсад төлөх татвараа ч худал бичиг баримтаар багасгадаг жишиг тогтсоныг хуулийн байгууллагынхан онцолж байна.
БНХАУ, БНВУ, БНАСАУ-ын иргэд Монгол улсад ажиллахаар олон тоогоор ирдэг. Тэгвэл ЦЕГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар 2012-2014 оны хооронд Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв болоод аж ахуй нэгж байгууллага нь дээрх орны ажилчдыг албан ёсоор оруулж ирдэг эсэхийг мөрджээ.
Гэвч компаниуд болоод төрийн албан тушаалтнууд гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хууль бусаар оруулж ирж, хөдөлмөр эрхлүүлж байсныг нь илрүүлсэн байгаа юм. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйл буюу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдвэрлэх ашиглах, 158.1 зэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэв хэрэгт төрийн албан хаагчид буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгох буюу 5 хүртэлх жилээр хорих ял оноох юм.
Шалгалтын явцад аж ахуй нэгжүүд нь нийгмийн даатгалын 7,8-р маягт буюу тайлан, шимтгэл төлөлтийн тооцоог хуурамчаар үйлдэн Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн 2013-2014 оны хооронд Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв нь гадаад иргэдийн мэргэжлийн үнэмлэх, барилгын тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тайлан зэргийг хуурамчаар үйлдэн гаргаж өгч, олон тооны БНХАУ, БНАСУ, БНВУ-ын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогджээ.
Түүнчлэн, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт нэр бүхий аж ахуй нэгжүүд нь дээрх нийгмийн даатгалын болон бусад бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн нь батлагджээ. Одоогоор 60 гаруй аж ахуй нэгжид 2000 гаруй иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогдсон тул дээрх аж ахуй нэгжүүдийг шалгах ажиллагааг явуулж байна.
Улмаар эл хэрэгт холбогдсон “Чанамон”, “Аз ирээдүй”, “Ариунтэргэл”, “Ханой-Өргөө” зэрэг компаниас 150 гаруй БНАСАУ-ын иргэдийг албадан гаргах ажиллагааг явуулж эхлээд байна.
Д.Ундрах
Эх сурвалж: 24tsag.mn
URL: