ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЖИЛИЙН ОРЛОГО ХОЙД ХӨРШИЙН ЖИРИЙН ИРГЭДИЙНХЭЭС 3188 АМ.ДОЛЛАРААР Л ИЛҮҮ

цалин-Монгол Улсын жирийн иргэний сарын цалин 350 орчим ам.долларт эргэлдэж байна-
ОХУ-ын хэвлэл мэдээллийн салбарынхан улсынхаа төрийн тэргүүний жилийн цалинг жирийн иргэдийнхээ цалингийн дундажтай харьцуулжээ. Дээрх харьцуулалтаас харахад тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний жилийн цалин нь 189.824 ам.доллар бол тус улсын жирийн иргэдийнх 9960 ам.доллар гэжээ. Энэ мэтчилэн Их Британи, Франц, Канад, АНУ, Бразил зэрэг орны төрийн тэргүүний жилийн цалинг жирийн иргэдийнхтэй нь харьцуулсан байгаа юм. Ингэхдээ мэдээж тухайн улсын төрийн тэргүүний авдаг цалинг үндэслэсэн гэдгийг онцлох хэрэгтэй бөгөөд аль ч улсын төрийн тэргүүний орлого жирийн иргэдийнхээсээ хэд дахин их байгааг харж болохоор байна.

Тэгвэл манай улсын төрийн тэргүүний жилийн цалин жирийн иргэдийнхээс ямар байна вэ.
Авлигатай тэмцэх газраас хэдхэн хоногийн өмнө төрийн албан хаагчдын 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарласан билээ. Ингэснээр Монгол Улсьш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга, Засгийн газрын гишүүн тэргүүтэй 239 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил болгосон юм. Дээрх Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд 118 сая төгрөгийн орлоготой байсан бол өнгөрсөн онд 59 сая болж бараг 50 хувиар буурчээ. Гэвч яг хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл Монгол Улсын жирийн иргэдийн жилийн орлого ямар вэ. Хөдөлмөрийн яамнаас энд онд гаргасан тодруулбал, өөрийн албан ёсны цахим хуудаст тавьсан мэдээллээр манай улсын жирийн иргэдийн сарын дундаж цалин 500-700 мянга төгрөгт эргэлддэг ажээ. Ингэхдээ мэдээж хот, хөдөө орон нутагт амьдарч байгаагаас хамааран цалингийн хэмжээ харилцан адилгүй байгаа юм.

Ямар сайндаа энэ сэдвээр өчигдөр цахим ертөнцөд бяцхан хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн: жилййн цалин 13148 ам.доллар бол жирийн иргэдийнх 4224 ам.доллар гэсэн мэдээллийг зарим эх сурвалж өгч байв. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жилийн цалин 13148 ам.доллар гэж тооцвол түүний сарын цалин ойролцоогоор 1000 гаруй ам.доллар болж байгаа бол Монгол Улсын жирийн иргэний сарын цалин 350 орчим ам.долларт эргэлдэж буй юм. Дашрамд мэдээлэхэд Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нийт орлого нь 7534519 төгрөг бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн жилийн нийт орлого нь 302700 гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн бөгөөд яг хэдэн төгрөгийн цалии авдаг нь бас л тодорхой бус байгаа юм.

 

 

Л.ОЮУ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих