АКТЛАГДАЖ, НУРААСАН СУРГУУЛИУДЫН БАРИЛГА БАРИХ МӨНГӨ АЛГА
Улаанбаатар хотын хэмжээнд барилга нь цууралт өгч, акталсан зургаан цэцэрлэг, долоон сургууль байгаа аж.
Одоогоор хоёр сургууль, дөрвөн цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт шийдэгджээ. Сүхбаатар дүүргийн III сургуулийн хуучин барилгыг 2012 оны тавдугаар сард буулгасан ч өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй байна. Мөн Баянзүрхийн
14 дүгээр сургуулийн барилгыг өнгөрсөн оны аравдугаар сард буулгасан ч барилга барих хөрөнгийг шийдвэрлээгүй байгаа аж.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн барилга актлагдсан боловч хуучин барилгыг нураагаагүй, мөн л хөрөнгө мөнгийг нь шийдээгүй байна. Эдгээр сургуулийн сурагчид өөр сургуулиудын байранд хичээллэж байгаа юм. Сургуулиудын барилгын ажил ямар шатандаа явж байгаа талаар захирлаас нь тодруулсан юм.
МАНАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛЭЭГҮЙ
Гуравдугаар сургуулийн захирал В.ХОРОЛГАРАВ:
-Өнгөрсөн жил Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тендер зарлаад “Алтан булаг трейд” ХХК барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан. Анх зургаан тэрбум 780 сая төгрөгийн төсөв төсөвлөсөн боловч 500 сая төгрөг нэмэх шаардлагатай гэж үзсэн. Долоон тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо урьдчилсан байдлаар гарсан. Үүнээс гурван тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдсэн. Чуулганаар үлдсэн хөрөнгийг шийдвэрлэж өгнө гэж найдаж байгаа. Гэрээнд тавдугаар сарын 26-наас барилгын ажил эхэлнэ гэж заасан боловч хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүй учраас ажил эхлээгүй байна. Тиймээс энэ чуулганаар үлдсэн хөрөнгийг шийдвэрлэж өгнө гэж найдаж байна. Манай сургууль 1500 гаруй сурагчтай, сургуулийн шинэ барилга 960 хүүхдийн багтаамжтай байх юм. Одоогоор бага ангийн сурагчид дөрөвдүгээр сургуулийн есөн ангид гурван ээлжээр, ахлах, дунд ангийхан 16 дугаар сургууль дээр хоёр ээлжээр хичээллэж байна.
БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛ 19:00 ЦАГ ӨНГӨРӨӨЖ ТАРЖ БАЙНА
14 дугээр сургуулийн захирал В.ЦЭЦГЭЭ:
-Манай сургуулийн барилгыг нийслэлийн өмчөөс хасах асуудлыг НИТХ-д оруулах шатандаа явж байна. Засгийн газраас сургуулийн барилгыг концессын гэрээгээр буулгаж, барина гэж батласан. Гэтэл концессын гэрээнд нэр нь орсон боловч ямар компани, хичнээн төгрөгөөр барьж, буулгах нь тусгагдаагүй. Манай сургууль 2700 гаруй сурагчтай. Арванхоёрдугаар сараас дөрвөн сургууль дээр хуваагдан хичээллэж байна. Сургалт хүмүүжлийн ажил дөрвөн газар цалгардаж явж байгаа нь үнэхээр хүндрэлтэй байдаг. Нэгээс тавдугаар анги гурван ээлжээр, өглөө 8:00-аас орой 19:45 цаг хүртэл хичээллэж байна. Манай сургууль олон хүүхэдтэй учраас хуучин барилгадаа ч гурван ээлжээр хичээллэдэг байсан. Тиймээс манай сургуулийн шинэ барилгыг 1200-1500 хүүхдийн багтаамжтай, орчин үеийн стандартад нийцүүлэн барьж өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох албаныханд өгсөн. Одоо бид Эдийн засгийн хөгжлийн яамны шийдвэрийг л хүлээж байна.
31 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАЙРАНД НЭГ ЖИЛ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
11 дүгээр сургуулийн захирал Д.ЭНХЖАРГАЛ
-Манай сургуулийн барилга актлагдаад өнгөрсөн оны аравдугаар сард буулгаж, шинэ барилга барих газрыг чөлөөлсөн байгаа. Барилгын зургийн тендер аравдугаар сард зарлагдаж дууссан. Барилгын зурагт анх хоёр тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн боловч 3.4 тэрбум төгрөгөөр хийгдсэн. Намрын чуулганы үеэр манай сургуулийн барилгын зураг гараагүй байсан учраас аудитын дүгнэлтээр царцаасан барилгад орсон. Би холбогдох газруудад энэ талаар хүсэлтээ тавьсан. Энэ хавраас барилгыг барих байх гэж найдаж байна. Анх 320 хүүхдийн барилга гэж хөрөнгийг нь төсөвлөсөн боловч 450 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн зураг хийгдсэн. Манай сургууль 600 хүүхэдтэй. Тиймээс 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга багадах байсан учраас газартаа тохируулаад 450 хүүхдийх болгуулсан. Манай сурагчид 31 дүгээр сургуульд өнгөрсөн долдугаар сард нүүж очсон.
Л.Одончимэг /ӨДРИЙН ШУУДАН/
URL: