Хошин урлагийнханд ёс зүйн хичээл заая

88506636f4fe5b5d6b4b02efd2663d44_x3

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар аялан тоглолтынхоо үеэр зодолдож, нэгнийгээ ноцтойгоор түлсэн хэрэг цахим ертөнцөд шуугиан дэгдээж байна. Тус хамтлагийн ахлагч Б.Ариунболд тэдний зодооныг “Шалгуулах шаардлагагүй, хэн хэн нь гомдол гаргаагүй” гэх тайлбар өгснөөр өнөөх хоёр нь мөн л бөөрөнхийлж гомдол гаргахгүй гэдгээ илэрхийлээд байгаа.

Чухам юунаас болж муудалцан, ус буцалгагч болон аягаар халуун ус цацалцаж, түлэгдсэн зураг нь олон нийтийн сүлжээнд тарах болсныг тэд  нарийвчлан тайлбарлахаас эмээгээд байгаа бололтой.
Гэвч мартаж, эгээрч болохгүй өнцөг байна. Өнөөдөр хошин шогийнхны тарьж буй соёлын үр, нийгмийн сэтгэлгээний нөлөөлөл гэж нэг чухал асуудлыг тэд мартаад байх шиг. Телевизийн суваг солих бүр хошин шог, Үйлдвэрчний эвлэл, Соёлын төв өргөө, Тусгаар тогтнолын ордон гээд хамаг л үзвэр үйлчилгээний томоохон байгууллагуудын тоглолтын цаг тэдний шил дараалсан тоглолтын хөтөлбөрт дарагдаастай.
Гудамжинд, гэртээ, ажил төрөл, анги танхимдаа Солонгос сериалитайгаа зэрэгцүүлээд хошин шог ярин хөгжилдөх бөгөөд шинэ үгийн сангийн бүрдүүлэлтэд хүртэл онцгой их байр суурийг хошин шогийнхон эзлэх болов. Тэдний шинэ тутам тоглолтоор нийгэм нэг хэсэгтээ амьсгалж, хошин зохиомж бүхий шторкуудыг нь хүүхдүүд үзээд л цээжилчихнэ.
Нийслэл хотод зочилсон хөдөө орон нутгийн иргэд хошин шогийн тоглолт үзэхгүйгээр сум орон нутгаа зорьвол очоод “онигоо” болно. Нутагтаа очсон хойноо телевизээр өнөөх хэдэн жүжигчдээ хараад “Бооёо яс юман дээрээ намхан л юм байна лээ ш тээ”, “Алдармаа тэгж маягласан. Сайхан биетэй моньд шүү” гэхчилэн ярина.
Хошин шогийнхны хөнддөг сэдвүүд нь гэр бүлийн хүрээний явган хэрүүл, нууц амраг, албан тушаалын хэнээрхэл, авлига, настнуудын зөнөг залгалт төдийхнөөр үргэлжилж, Монгол түмнээ шоглож, доромжлоод байгаагийн аль нь мэдэгдэхгүй “нойтон шир”-ээр ороолгосоор ирлээ. Гэр бүл, найз, хамт, олноороо цугларч суугаад үзэцгээнэ. Зорилтот бүлгийн ямар ч ангилал байхгүй тул “Ингэж болдог” гэсэн сэдлүүдийг хэн хүнд төрүүлнэ. Даган дууриана.
Учир мэдэх хүмүүс  жүжгийнх нь зохиолыг цаасан дээр буулгаад уншаад үз, урлаг гэж ярих хэрэг байна уу, хэдхэн үзэгдлээ түргэн хэмнэлт бүжгээр хуураад боож орхидог гэж шүүмжилдэг ч нийгмийн энэ их эрэлт, хүслийн жигүүрийг хугалж дийлнэ ээ гэж үгүй.
Өгүүлшгүй үр нөлөөг тэд ингэж үзүүлдэг. Магадгүй арван жилийн охид нэг хэсэгтээ халуун ус бие бие рүүгээ цацаж тоглохыг үгүйсгэх аргагүй. Тэдний үг, үйлдлүүд зохист бас зохист бус хамаарлаасаа эс шалтгаалж тархинд шууд харвадаг нууц шидтэй.
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын зодоон хувь хүний болоод “Шинэ үе” продакшны нэр хүндийн энх тунх байдлаас шалтгаалж ингээд замхардаг юм байж. Гэтэл олны нүдэн дээр ямагт ил байж, алхам тутамдаа үлгэр дуурайлал, үнэлэмж, хүндлэлийг төрүүлж явах учиртай уран бүтээлч хүмүүсийн энэ хэрийн ёс бус үйлдэл хэдий их хэмжээний зохист бусын үрийг суулгах бол…
“Ерөөсөө л тэдэнд зориулсан ёс зүйн хичээлийг тусгайлсан хөтөлбөрийн дагуу заах шаардлагатай юм байна. Тэгж байж л нийгмийн сэтгэлгээг бага боловч эрүүл байлгаж чадах биз ээ. Ядаж өөрийн хүрсэн “од”-ын байр сууриа хүндэтгэн үзэж, эв түнжинтэй байлгах ухааныг эрхэм Бооёо ах тэдэнд зааж өгдөггүй юм байх даа” гэх хөхүүн бодол төрлөө.
Та бүхнийг ард түмэн харж, чагнаж, сонсож, дууриасаар байгаа гэдгийг хааяадаа мартаад байна уу даа, эрхэм хошин урлагийнхан минь…
Нийтлэсэн: Ж.Мядагням
mnb.mn

URL:

Сэтгэгдэл бичих