МАКС “мөнгө угаасан” хэргээр шалгагдаад эхэлжээ
Сүүлийн үед авилга хээл хахуулийн томоохон хэргүүд ар араасаа сөхөгдөн олон нийтийн анхаарлыг татах болсоноор Төр түмний өдий төдий өмч хөрөнгийг хэрхэн шамшигдуулж, идэж уудгийг бид ч гадарлахтайгаа болов.
Тэгвэл өнгөрөгч өвөл өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр эрдэнэт хүний алтан аминд хүрээд байсан “Макс” компани энэ удаад ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон талаарх ноцтой баримтууд дэлгэгдэн, хууль хяналтын байгууллагаар шалгагдаад эхэлжээ.
Тодруулбал “Макс”-ын босс Д.Ганбаатарын ах Д.Цэрэнжигмэд Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэх хуурамч нэрээр алдаршиж буй Д.Энхтайванд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ гэгчийг үйлдэн 8 тэрбум төгрөг бэлэглэжээ.
Ингэхдээ Д.Цэрэнжигмэд дээрх 8 тэрбум төгрөгийг МАКС компанийн ногдол ашгаас бэлэглэж байгаагаа гэрээндээ тусгасан байна. Харин МАКС компани өнгөрөгч 2012 онд ердөө 30 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан ба нийт 31 тэрбум төгрөгний хөрөнгөтэй тус компанийн тухайд “8 тэрбум” гэдэг байж боломгүй их мөнгө гэдэг нь нэгэнт тодорхой.
Мөн Д.Энхтайван нь өнгөрсөн оны наймдугаар сарын 8-ны өдөр “Тээвэр хөгжлийн банк” дахь хувиа нэмэгдүүлэхээр Монголбанкинд хүсэлт гаргахдаа “Макс”-аас бэлгэнд авсан 8 тэрбум төгрөгийг “өөрийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас бүрдэж байгаа” гэж хэнэг ч үгүй худал мэдүүлсэн байх бөгөөд тэд дээрх 8 тэрбум төгрөгөө гурав хоногийн турш Монголбанкны дансандаа байршуулж байгаад МАКС-ын охин компаниудын дансаар дамжуулан 2-3 хуваан зээл нэрээр халхавчлан буцаан авчээ.
Тиймээс ч Д.Энхтайван, Д.Цэрэнжигмэд нарын нударгандаа зөрүүлсэн 8 тэрбумын төгрөг болоод “Макс” компанитай холбоотой бусад санхүүгийн олон ч “но-той” асуудлын нотлох баримт ар араасаа хөвөрч байгаа ба хууль хяналтынхан эдгээр хэргийн халуун мөрөөр ороод буй аж.
URL: