Сургуультай болохыг хүссэн жаалуудын өмнөөс сайдад хаяглав

 527-1386562153p18bal72ti1qr0h031hd210lv1atp1

     Хэлбэрийн төдий шинэчлэл хийсэн нэртэй хээнцэрлэж суухаар хэдэн шинэ сургууль барьчихаасай билээ. Хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгийн байр хүрэлцэхгүй хэцүүхэн байгааг салбарын сайд эрх биш харж баймаар. Адаглаад нураасан сургуулийнхаа барилгыг хурдан барьчихмаар юм. Нийслэлийн гурав, 11 дүгээр сургуулийн байрыг актлаад удаж буй. Эл хоёр сургуулийг барих төсвийг 2013 онд баталсан хэдий ч өнөөдөр суурийг нь ч цутгасангүй.

    Албаны хүмүүсийн ярьж буйгаар бол барих төсвийг нь батлахдаа буулгахад шаардагдах мөнгийг нь батлаагүйгээс барилгын ажлыг эхлүүлээгүй юм байх.

    Ийн эхнээс нь акталсан сургуулийнхаа барилгыг барьж чадаагүй байтал 14 дүгээр сургуулийн барилга хананаасаа цуурч, хоёрдугаар давхрынх нь шал цөмөрч хүүхэд хичээллэх боломжгүй болсон аж.

    Үүнээс болж өнөөдрийн байдлаар гурван сургуулийн 3000 шахам хүүхэд хичээлийн байргүй болчихоод байгаа. Энэ мэтээр нурах сургуулийн барилгын жагсаалт ар араасаа гарч ирсээр…

    МХЕГ-аас гаргасан мэдээллээр ашиглалтын хугацаа дууссан гэсэн дүгнэлттэй сургууль, цэцэрлэг ес байгаа аж. Тодруулбал, Баянголын 73, 38 дугаар сургууль, 57, 47 дугаар цэцэрлэг, Сонгинохайрханы 26 дугаар цэцэрлэг, Баянзүрхийн 146, 10 дугаар цэцэрлэг, Чингэлтэйн 18 дугаар цэцэрлэг, Хан-Уулын 32 дугаар цэцэрлэг хэзээ мөдгүй нурж унах барилгын жагсаалтад оржээ.

    Түүнчлэн НМХГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 27 сургууль, 51 цэцэрлэгийг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд хүчтэйхэн газар хөдлөлт болоход тэсч үлдэх барилга тун цөөн болоод байгааг дахин дахин анхааруулж байна.

    БАЙРГҮЙ СУРГУУЛИЙНХАН ИРЭХ НАМАР ДАХИАД БУСДЫН БАЙРЫГ ЦАРАЙЧЛАХ УУ

    Гуравдугаар сургуулийн захиргаа ахлах ангийнхныгаа 16 дугаар сургуулийн өргөтгөлд байрлуулан хоёр ээлжээр, бага болон дунд ангийнхнаа дөрөвдүгээр сургуулийн есөн ангид гурван ээлжээр хичээллүүлдэг. Харин 11 дүгээр сургуулийнхныг зургаа, 31, 45 дугаар сургуульд хуваан хичээллүүлж байгаа. Энд нэг хүүхдэд оногдох агаар, анги дүүргэлтийн стандарт гэх зэрэг дүрэм журмыг хөндөх ч юм биш.

    Нэг ангид 50-60 сурагч, нэг ширээн дээр гурваас дөрвөн хүүхэд сууж байна гээд тоочвол асуудал их. Гэвч боловсролын салбарынханд энэ огт падгүй болсон. Уг нь “Гурав, 11 дүгээр сургуулийн барилга 2014-2015 онд ашиглалтад орно” гэсэн тайлбарыг Нийслэлийн боловсролын газрынхан өгдөг байв.

    Гэтэл өнөөдөр дээрх хоёр сургуулийн барилгыг барих эсэх нь хүртэл бүрхэг болчихоод байна. Жил бүрийн хавар төдөн сургууль, төчнөөн цэцэрлэг барихаа хэлдэг ч ачир дээрээ хийж хэрэгжүүлж байгаа ажил тун ховорхон байгаа юм. Намар болж сургууль цуглах дөхөхөөр дахиад л сургууль, цэцэрлэгийн асуудал тулгарч эцэг эхчүүд аргаа бардаг.

    НУРАХ СУРГУУЛИЙН TOO ДАХИН НЭГЭЭР НЭМЭГДЭВ

    Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн барилга нураад эхэлжээ. Тус сургууль 1975 онд ашиглалтад орсон бөгөөд нэгээс наймдугаар ангийн 44 бүлгийн 1304 сурагч, 51 багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байсан бол шилжилт хөдөлгөөнөөс    шалтгаалан хүүхдийн тоо нэмэгдсээр одоо 2800 гаруй сурагч, 160 орчим багш ажилтантай болсон гэнэ.

    Энэ тухай багш нар “Манай сургуулийн барилга 920 хүүхдийн хүчин чадалтай юм гэсэн. Гэтэл өнөөдөр 2800 хүүхэд дээр нь 160 багш хичээллэж байна. Үүнээс болж даац хэтэрсэн. Ачаалал хэтэрч олон хүүхдийн хөлд сургуулийн барилгын хана цуурч нуралт үүсчихээд байгаа нь энэ” хэмээн тайлбарлаж байна. Уг нь энэ сургуульд жил бүр хэсэгчилсэн байдлаар засвар хийсээр ирсэн тухайгаа дүүргийн Засаг дарга М.Чинболд тайлбарлаж байсан. Өвлийн тэсгим хүйтэнд хана нь цуурсан тул арга буюу урин цаг ирэхийг хүлээсэн юм байх.

    Харин энэ зун төсөв хөрөнгө гаргаж их засвар хийхгүй бол хэзээ мөдгүй нурж мэдэхээр болсон юм байна. Хэрэв төсөв шийдэж чадахгүйд хүрвэл 62 дугаар сургуулийнхан гурав, 11, 14-ийнхний адил бусдын байранд толгой хоргодох болох нь.

    СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГГҮЙ НИЙСЛЭЛ

    Манай нийслэлд хүүхэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй. Уг нь хүүхдүүд чөлөөт цагаа сургууль дээрээ дугуйлан, сонгонд хамрагдаж өнгөрүүлэх учиртай. Гэвч хоёр ээлж бүүр цаашлаад гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн хүүхдүүд юун сонгон дугуйланд хамрагдахдаа манатай болчихоод байгаа.

    Мэргэжлийн хяналтаас ашиглалтын хугацаа дууссан сургууль бүрийг акталчихвал үндсэндээ манай Улаанбаатар сургууль, цэцэрлэггүй хот болж бусад улсыг гайхашруулж мэдэх нь. Шинэ сургууль барих гэхээр төсөв байхгүй гэсэн шалтаг хэлдэг болчихож.

    Сургууль барих болохоор төсөв хүндэрч хөрөнгө нь гацчихаад байдаг нь гачлантай. Барилга нь ашиглалтад орсон ч шугам сүлжээ нь хийгдээгүй, уурын зуух нь баригдаагүй сургууль, цэцэрлэгийн барилга хэд хэд байгаа тухай Сангийн яамныхан нэгэнтээ мэдээлсэн. Төсөв хүндрэхээр хамгийн түрүүнд боловсролын салбар сөхөрдөг.

    Үүний балгийг хүүхдүүд амсч байна. “Царцаасан” гэж тодотгоод байгаа 242 барилга байгууламжийн 125 нь боловсролын салбарынх.

    Зайлшгүй шинэчлэн барих сургууль, цэцэрлэгийн талаар салбарын яамнаас судалгаа явуулахад 653 цэцэрлэг, 342 сургуульд нийт нэг их наяд 700 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байх юм.

    Харин эл мөнгө нь хаа нэг газар дөнгөлөгдчихөөд байгаа аж. Хөрөнгө санхүүгийн гачлангаас болоод шинэ сургуультай болохыг хүссэн сурагчдын хүлээлт дахин нэг жилээр хойшилж мэдэх нь. Ингэхэд салбарын сайд юу бодож суудаг бол…


URL:

Сэтгэгдэл бичих