Цагдаагийн хошууч эхнэрээ хэрцгийгээр хөнөөжээ
Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн хэрэг ихээр гарч байна. Тухайлбал, энэ сарын 18-ны шөнө Т гэх эмэгтэй нөхөртөө зодуулж нас баржээ. Энэхүү хэргийг цагдаагийн хошууч А.Отгонбаяр гэгч үйлдсэн байна. А.Отгонбаяр согтуурлах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ тамлан зодож, дөрвөн давхрын цонхоор шиджээ. Талийгаач эмэгтэй эмнэлгийн анхны тусламж авч чадалгүй газар дээрээ амь насаа алджээ.
Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн цагдаагийн ажилтан А.Отгонбаярыг үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн байцаагч нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадах болов уу гэдэгт эргэлзэж байгаа аж. Мөн талийгаачийг зодож тарчлааж байхад Отгонбаярын төрсөн эгч А.Болормаа хараад зогсч байсан бөгөөд талийгаачийн амийг аврах талаар ямар ч үйлдэл хийгээгүй. Түүнийг хохирогчид тусалцаа үзүүлээгүй гэх үндэслэлээр хамтран хэрэг үйлдсэн сэжигтнээр татаагүй байгаад гомдолтой байгаа тухайгаа ч хэлж байлаа.
Талийгаачийн гурван хүүхдийн сэтгэл санаа хүнд байна
Талийгаач Т-гийн аав Б.Жаргалаас дараахь зүйлийг тодрууллаа.
-Хэрэг хэзээ гарсан бэ?
-Энэ сарын 18-ны шөнийн 02:30 минутын орчимд болсон байгаа. Хэрэг болж байхад Отгонбаярын эгч Болормаа нь миний охинд анхны тусламж үзүүлж хамгаалаагүйд их гомдолтой байна. Миний охиныг тарчлаан зовоож, хэл амаар доромжилж зодож байсныг хүүхдүүд нь харсан байна лээ. Хүүхдүүдээ жижиг өрөөнд ор гэж хэлсэн бөгөед гарч ирвэл ална хэмээн заналхийлсэн байна лээ.
-Талийгаачийг зодуулж байна гэсэн мэдзэллийг та нарт хэн өгсөн бэ?
-Шөнийн 02:40 минутын үед том хүүхэд нь ээж гадаа ойччихсон байна гээд утсаар биднийг дуудсан. Биднийг очиход гэрийн тагтан доор нас барчихсан байсан. Тэр үед мөн түргэний эмч ирчихсэн байсан. Бид сандралдан яагаад тусламж үзүүлээгүй вэ гэхэд аль хэдийнээ нас барсан байна гэсэн.
-Хэдэн давхраас унасан байсан бэ?
-Дөрвөн давхраас унасан байсан.
-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юу. Сэжигтнийг цагдан хорьсон уу?
-Хэргийг харьяаллын дагуу Баянгол дуүргийн цагдаагийн II хэлтэсдээр шалгаж байгаа. Сэжигтэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Бид талийгаачийн ажил явдал гээд хэргийн шалгалтын талаархи мэдээлэлгүй байна.
-Сэжигтнийг ямар зүйл ангиар шалгаж байгаа бол?
-Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 95 дугаар зүйл ангиар зүйлчлэн шалгаж байгаа. Ер нь зүйл анги нь хөнгөн гэж үзэж байна.
-Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гаднын нөлөөтэй гэдэг нь батлагдсан уу?
-Шүүх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дотор гардаг гэсэн. Одоохондоо гараагүй байгаа. Ирэх долоо хоногийн нэг дэхь өдөр гарах байх. Нүүр, нүдний хөхрөлт болон хүйтэн мэсээр гарыг нь зүссэн байсан. Миний охин архи дарс, согтуурлах ундаа хэрэглэдэггүй.
-Талийгаач хэдэн настай вэ?
-Энэ жил 36 нас хүрсэн. Талийгаач охин минь 2005 онд ШУТИС, 2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Дээд боловсролтой, төлөв даруу хүүхэд байсан юм.
-А.Отгонбаяр талийгаачийг дарамталж зоддог байсан уу?
-Бидний мэдэхээр 2007 оноос эхлэн талийгаачийн биеийн гадна харагдах шарх сорвигүйгээр байнга зодож, сэтгэл санааны дарамтанд байлгаж, ажил хөдөлмөр хийлгэдэггүй, найз нөхөдтэй нь ч уулзуулдаггүй. Хүний нүдэнд ил харагдахгүй газруудад чимхэх, базах зэргээр зодож байсныг мэднэ. Хүүхдүүд нь зодож цохисныг хэлэх гэхээр талийгаач нөхрийнхөө нэр төрийг бодож хэлдэггүй байсан юм билээ. Гурван хүүхдээ орхиод өөрийгөө егүүтгэх ямар ч үндэслэл байхгүй.
-Отгонбаяр талийгаачтай хэзээ танилцсан бэ. Гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байсан уу?
-1998 онд танилцаад 2000 онд хуримаа хийж, гэр бүлээ баталгаажуулсан байгаа. Гэр бүл болоод 14 жил болж байна.
-Хүүхдүүд хэдэн настай вэ?
-Хамгийн том нь 14, дунд хүүхэд 12, хамгийн бага нь зургаан настай. Энэ гурван хүүхдийн сэтгэл санаа үнэндээ хэцүү байна. Хичээлийнх нь амралт хүртэл сургуульд нь явуулж байгаад талийгаачийн 49 хоног өнгөрөхөөр хүүхдүүдийг нь хөдеө авч явах бодолтой байгаа.
Сэжигтэн А.Отгонбаяр хэн бэ?
А.Отгонбаяр нь Говь-Алтай аймгийн уугуул. Цагдаагийн дээд сургуулийг 1999 онд төгссөн, хуульч мэргэжилтэй. Тэрээр Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Цагдаагийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой ажиллаж байгаад хоёр сарын өмнөөс Цагдаагийн Ерөнхий газрын дэмжлэг үзүүлэх сургалт дадлагын төвийн ахлах мэргэжилтнээр цагдаагийн хошууч цолтой ажиллаж байжээ.
Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: