Эхнэрээ тарчлаан зовоодог байсан цагдаагийн хошууч эхнэрийнхээ аминд нь хүрэв үү?
Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэрүүл маргаан эцэстээ гэр бүлийн гишүүд амиа алдсан харамсалтай хэргүүд гарсаар байна. ЦЕГ-ын дэмжлэг үзүүлэх сургалт дадлагын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч А.Отгонбаярыг эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж улмаар амь насанд нь халдсан байж болзошгүй хэмээн талийгаач бүсгүйн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар А.Отгонбаяр нь 2007 оноос эхлэн талийгаачийн биеийн гадна хэсэгт шарх сорвигүйгээр байнга зодож сэтгэл санааны дарамтанд байлгаж, ажил хөдөлмөр хийлгэдэггүй, сургууль хамт олны уулзалт цуглаанд явуулдаггүй байсан гэнэ.
Энэ талаар талийгаач болон хүүхдүүд нь ээжнийхээ аавд буюу өвөөдөө хэлэлгүй тэвчин өнгөрүүлдэг байжээ. Хэрэг 2014 оны 4-р сарын 17-18 нд шилжих шөнө гарчээ. А.Отгонбаяр нь тэр өдөр эхнэрээ төрсөн эгчийнхээ хажууд тарчлан зовоож хэл амаар доромжилж, зодож эхэлсэн байна. Ийнхүү талийгаач бүсгүйг тамлан зовоож, харгисаар зодсон ул мөр байсан бөгөөд хүйтэн мэсээр гарыг нь зүссэн байсан гэж талийгаачийн аав хэллээ.
Одоогоор талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийнхэн ажиллаж байгаа аж. Гол нь уг хэргийн буруутан гэж үзэж буй А.Отгонбаярыг бусдыг амиа хорлоход нөлөөлсөн байж болзошгүй гэсэн хэрэгт сэжигтнээр татаад байгаа аж. Тус хэргийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа бөгөөд түүнийг Цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Тэд охиноо амиа хорлосон гэж бодохгүй байгаа бөгөөд харин нөхрийнхөө гарт амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
URL: