Ц.Баярсайхан сайдыг огцруулах асуудлыг судална гэв
УИХ дахь Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө хуулийн төслөө эргүүлэн татахаар болсон. Учир нь энэ хуулийн төслийг дахин боловсруулах шаардлагатай байгаа.
Газар өмчлөлийн асуудлаар дамжуулан хүний эрхийг зөрчих, баян, ядуугийн ялгааг ихэсгэх, улмаар тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд байна. Хуулийн төслийг эргүүлэн татах, дахин боловсруулах талаар саналаа гаргаж, УИХ-ын даргад захидлаар хүргүүлсэн. Мөн энэхүү саналаа УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ дахь бүлгүүдийн дарга нарт хүргүүлсэн гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хариуцлага тооцох асуудлыг бие даагчдын зөвлөлөөс судлахаар болсон. Учир нь барилгын салбарын ажил эхлэнгүүт л өмнөх жилүүдийнхээ алдааг давтаж хар бараан мэдээллүүд тасрахгүй байна. Үүнээс үүдээд бие даагч гишүүдийн хувьд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн.
Өнөөдөр барилгын салбарт олон осол гэмтэл гарч хүний амь нас эрсэдсэн байна. Гэтэл салбарын сайд нь Мэргэжлийн хяналтын даргад буруугаа нялзаагаад сууж байгаа нь юу гэсэн үг юм. Одоо Ц.Баярсайхан сайдыг нэг сарын хугацаанд харъя. Дахиад барилгын салбарт осол аваар гарах юм бол хариуцлага тооцох асуудлыг бие даагчдын зөвлөлөөс хөндөнө. Салбарын сайд ч бидний энэ байр сууринаас сануулга авна биз” гэв.
ӨДРИЙН ШУУДАН
URL: