Эрүүл мэндийн сайд шүүхдэлцэнэ
“Улс төрийн тойм” сонины 2014 оны 04 дүгээр сарын 04–ний өдрийн 085/1025/ дугаарын 7–р хуудсанд “Гэмтлийн эмнэлгийн экс дарга сайдаасаа 300 сая төгрөг нэхсэн үү” гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн.
Уг мэдээлэлд “… ГССҮТ-ийн төвийн захирал асан Ц.Энхбаяр эмнэлгийн захирлын албан тушаалд суухын тулд Эрүүл мэндийн сайд Н.Удвалд бэлэг өгсөн байв уу… сайдынхаа өрөөнд 300 сая төгрөгийг нэхэж маргаан дэгдсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна” гэсэн нь Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр төрийг гутаах зорилготой, эрүүгийн хүнд гэмт хэрэг авилгалын асуудалд зохиомлоор холбогдуулж гүтгэсэн гэж үзжээ.
Түүнчлэн “Улс төрийн тойм“ сонины 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн сонинд “Сайдын тушаалыг зөрчсөн Ц.Энхбаярт ямар хариуцлага тооцох вэ?”, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн сонинд “Ц.Энхбаяр шүүхэд ханджээ”, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн сонинд “Ц.Энхбаяр Н.Удвал сайдыг салбартай нь мадлав уу”, 2014 оны 04 дүгээр сарын 10–ны өдрийн дугаарт “Н.Удвал сайдаас хүсэх хүлээх зүйл алга” гэх зэрэг нийтлэл, мэдээллүүдийг худал, хуурмаг үндэслэлгүй зүйл гэжээ.
Тиймээс санаатайгаар улс төрийн зорилго агуулан олон нийтийн дунд худал мэдээлэл түгээж Монгол улсын иргэн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын нэр хүндийг гутаах гэсэн зориудын үйлдэл гэж үзэн Н.Удвал сайд Авилгатай Тэмцэх газар болон Цагдаагийн Ерөнхий газар , Харьяа дүүргийн шүүхэд хандсан байна.
URL: