“1000 нэрийн бараа худалдааны төвд гал гарлаа”
Онцгой байдлын ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хүн олноор цуглардаг Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гайдан бат ХХК-ийн “1000 нэрийн бараа” худалдааны төвд гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
Болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадлага олгох, гал түймэр гарсан тохиолдолд хохирол багатай унтраах, холбогдох байгууллагын хамтын ажиллагааг шуурхай хангах, онцгой байдлын байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх дадлага олгох нь тус сургуулийн зорилго байлаа.
Сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга онцгой байдлын хурандаа С.Залуухүү, гал унтраах хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Я.Ишжамц нар оролцож дадлага сургуулийг Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч, гал унтраах хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар удирдан явууллаа.
Дадлага сургууль “1000 нэрийн бараа” худалдааны төвд гал гарлаа дохиогоор эхэлж Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасаг 4 тонн, 8 тонн, гэрэл холбоо, автомеханик шатны автомашинтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн гал унтраах тасаг тус тус оролцож гал түймэр гарсан үед хэрхэн шуурхай унтраах талаар сонирхуулсан.Дадлага сургуульд нийт 147 ажилтан, алба хаагчид хамрагдлаа.
URL: