Зөрчилтэй барилгуудыг олон нийт, банк санхүүгийн байгууллагад мэдэгдэнэ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан 04 сарын 29-ний өдөр болж, Нийслэл хотод баригдаж буй барилгуудад хийсэн шалгалтын талаар танилцуулга хийлээ.
Уг шалгалтыг нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба 03 сарын 01-нээс 04 сарын 01ны хооронд нийслэлийн 6 дүүрэгт хийсэн байна.
2014 оны 1 дүгээр улирлын байдлаар нийслэлд баригдаж буй барилгуудад хийсэн шалгалтын дүн мэдээг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд нийт барилга угсралтын ажил эхлэн гүйцэтгэж буй барилгуудын батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хэрхэн баримтлан ажиллаж байгааг шалгажээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 475 барилга баригдаж байгаа бөгөөд 256 барилга угсралтын ажил эхэлсэн байна. Үүнээс 198 барилга Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас угсралтын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл авчээ.
Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авсан 135, барилга угсралтын ажил нь дуусч комисс ажиллуулах хүсэлт өгсөн болон комисс ажилласан 85, шат шатны шүүхэд маргаантай байгаа 4 барилга байна.
Шалгалтын явцад бичиг баримтын зөрчилтэй 57 барилга байгаагаас 24 барилга ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ ирүүлсний дагуу бичиг баримтын бүрдлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шалгаж байна.
Шалгалтаар холбогдох зөвшөөрөл аваагүй, бичиг баримтын зөрчилтэй, барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад олгогдсон зөвшөөрлийн хэмжээ хэтхүүлэн барилгын ажил гүйцэтгэсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг баримтлаагүй зөрчилтэй барилгуудад зөрчлийг арилгуулах тухай 25 шаардах хуудас хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар зөрчилтэй баригдаж буй 33 барилгыг дүүргээр ангилвал Сүхбаатар дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 9, Баянгол дүүрэгт 11, Сонгинохайрхан дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 6 барилга байна. Эдгээр нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх, зөвшөөрөл аваагүй, зогсоох шаардлага авсан барилгууд байгаа юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд зөрчилтэй 33 барилгаас зөрчлөө арилгах хугацаатай шаардлага тавьж, хугацаа хэтрүүлсэн эсвэл зөрчил арилгах боломжгүй барилгуудын жагсаалтыг гарган олон нийт, банк санхүүгийн байгууллагад эрсдэлтэй болохыг мэдэгдэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад өглөө
URL: