Салан тусгаарлагчид Донецкийн телевизийг эзэлжээ

М.ХҮСЛЭН

Украины зүүн хэсэгт салан тусгаарлагчдын үйл ажиллагаа идэвхжсээр байна. Донецк хотод Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид хотын төв телевизийг эзлэн авчээ. Тэд телевизийн байранд өөрсдийнхөө зарлан тунхагласан “Донецк ард улс”-ын гэх далбаагаа мандуулсан байна. Телевизийг эзлэн авагчид Украины улсын телевизүүдийг эфирт цацахаа зогсоож, Оросын сувгуудыг дамжуулахаа мэдээлжээ.

Уржигдар Донецк хотын төв талбайд олон мянган хүн жагсаал хийж “Орос”, “Санал асуулга” хэмээн хашгирчээ. Салан тусгаарлагчид ирэх сарын эхээр бүс нутгийг Украинаас салгах талаар бүх нийтийн санал асуулга явуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тэд тус муж, Донецк хот, түүнчлэн Украины зүүн хэсгийн хэд хэдэн хотын захиргааг эзлэн авч хяналтаа тогтоогоод байгаа аж.

 

НЭГ АЖИГЛАГЧИЙГ СУЛЛАЖЭЭ

Оросыг дэмжигч салан тусгаарлагчид Славянск хотноо Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг барьцаалаад байгаа. Уржигдар Европын холбооны ажиглагчдын багаас швед офицерийг сулласан байна. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллажээ. Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын багийн өөр долоон хүн зэвсэгт этгээдүүдийн барьцаанд хэвээр үлдээд байна. Тэд Герман, Польш, Швед, Дани, Чех улсын иргэд аж.

Сүүлийн өдрүүдэд Украины зүүн хэсгийн Славянск, Луганск, Донецк зэрэг хотуудад байдал түгшүүртэй болоод байгаа. Украины эрх баригчид “терроризмын эсрэг ажиллагаа” нэрээр тус бүс нутагт олон тооны цэргийн хүч оруулсан. Салан тусгаарлагчид болон цэргийнхний хооронд буудалцаан болж байгаа.

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих