Х.Тэмүүжинг яагаад огцруулах ёстойг хэлж чадсангүй
УИХ-ын дарга З.Энхболд Х.Тэмүүжин сайдыг яагаад огцоруулах ёстойг тайлбарлаж чадсангүй. Үнэндээ түүнээс олон хүн барьцтай, ул суурьтай тайлбар хүсэж байтал мань хүн өнөөдөр яагаад гэдэг асуултад, “Хууль зөрчсөн хүнийг томилсон” хэмээн жиргэсэн юм. Гэтэл өнөөх хууль зөрчсөн гэгдээд буй Н.Амарзаяатай холбогдох хэргийг Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд ЦЕГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож, Н.Амарзаяаг эргүүлэн ажилд нь оруулж, харин ч ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор олгосон. Ингээд харахаар УИХ-ын даргын Х.Тэмүүжинг шүүмжлэх үндэслэл нь шалихгүй зүйл бөгөөд З.Энхболдоос дорвитой тайлбар хүлээгээд нэмэргүй гэдэг нь тодорхой болж байна.
Цаашлаад З.Энхболд даргын эрх ашгийг Х.Тэмүүжингийн шинэчлэл хөндлөө гэсэн хандлага нийгмийн сэтгэлзүйд гүн сууж байна. Улмаар Засгийн газрыг тараах, улс орны хөгжлийн эрчийг сааруулах сонирхол түүнд байна гэсэн зэмлэл ч сонсогдоно. Ер нь тэгээд салбарын сайд хүн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхийн тулд өөртөө ойр хүнийг авч ажиллуулахад болохгүй зүйл үгүй. Тэр тусмаа салбар агентлагийн даргатайгаа ойлголцож чадахгүй байгаа сайдад байх л асуудал.
Энэ бүхнээс АН-ын хагарлыг харж болно. Хэдийгээр Х.Тэмүүжинтэй холбоотой асуудал дөнгөж эхлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд, “Сайдтайгаа ойлголцоод ажилла. Үгүй бол ажлаа өг” гэсэн хатуухан үг хэлсэн гэх боловч Х.Тэмүүжин сайдын хийх шинэчлэл олон хүний эрх ашигт нөлөөлсөн бололтой. Тиймээс ч Б.Билэгт сайдтайгаа учраа ололгүй харин ч байдлыг улам хурцатгаж, Х.Тэмүүжингийн эсрэг ажиллаж эхэлсэн нь харагддаг.
Нэгэнт байдал эргэж, Х.Тэмүүжин суудлаасаа буух нь тодорхой болж ирсэн ч эх адаггүй улстөржилт намжихгүй нь бололтой. Цаашлаад Засгийн газрын бүрэн бүтэн байдалтай хамаарч ирсэн учраас асуудал бүр ч тэлэхийг үгүйсгэх арга алга.
Т.Бэх
- See more at: http://politics.time.mn/content/44629.shtml#sthash.PMrlL2FS.dpuf
URL: