Түлэнхийн төвийг хэзээ барих вэ, Н.Удвал сайд аа
Өнгөрсөн жил барихаар төлөвлөж зураг төсөл нь хүртэл гарчихаад байсан Түлэнхийн төвийн барилга сураг алдарчээ.
Зуун айлын хоёрдугаар сургуулийн урд байрлах Түлэнхийн төвийн барилга өнөөх л балгас болсон янзаараа. Тэнүүлчдийн бас нохойн оромж болчихоод байна. Биднийг очиход хэдэн хуүхэд нуугдаж тоглож байлаа. Хоёрдугаар сургуулийн хүүхдүүдийн завсарлагаанаараа хөгжилддөг газрын нэг болсон бололтой. Жилийн өмнө очиход эмнэлгийн газрыг манаж байна гээд л хашаан дотор оруулахгүй хэрэндээ л сүр бадруулж байсан. Харин одоо хэн ч хайхрахаа больжээ. Тус барилгын эргэн тойронд гурван ч орон сууц шинээр барьсан харагдав. Зүүн талынх нь орон сууцыг эмнэлгийн барилгатай бөөрөөр нь наагаад барьчихаж. Баруун талд ч мөн л газар шахан орон сууц сүндэрлүүлсэн байлаа. Ийн эмнэлгийн газар багассаар байна.
Уг нь өнгөрсөн жил 14.5 тэрбум төгрөгөөр долоон давхар эмнэлэг барихаар зураг төслийг нь гаргачихаад байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байсан. Гэвч 2014 он гарчихаад байхад өнөөх балгас болсон барилгаа ч нураасангүй. Төсөв хүрэлцэхгүй, газрын маргаантай хэмээн шалтаг тоочиж суутал Түлэнхийн төрөлжсөн эмнэлэг барих яриа үлгэр хэвээр үлдэх нь.
БАЛГАС БОЛСОН БАРИЛГАТАЙ БӨӨРӨӨР НЬ НААЛДУУЛАН ОРОН СУУЦ БАРЬЖЭЭ
Түлэнхийн төв эмнэлэг нь 2002 онд 16400 ам.метр талбайн зөвшөөрөлтэй байсан тухай хэсэг зуур ГССҮТ-ийн даргын албыг хашсан Л.Жамбалжав эмч нэгэнтээ ярьсан. Харин одоо талбайн хэмжээ нь багассаар 7339 ам.метр болчихоод байгаа аж. Ингээд эмнэлгийн газраас 900 ам. метр газрыг хувийн мэдэлд өгчихөөд байгаа юм.
Л.Жамбалжав эмчийн хэлснээр “Саммид медикал” ХХК-д 930 ам метр газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд барилга барих зөвшөөрөлтэйгөөр олгосон байдаг. Авсан газраа дээрх компани өдгөө орон сууц барьж буй. Тус компани ГССҮГ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч байсан Батзоригтой холбоотой. Харин дараагийн газраас нь хумсалчихаад байгаа байгууллага бол “Алтайн тулга” компани. Эл компани 2011 онд 4024 ам. метр талбайг эмнэлэг барих зориулалтаар авсан. Гэхдээ одоогоор барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа. Түүнчлэн ГССҮТ-ийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэн мөн л эмнэлгийн газраас авч орон сууд бариулсан тухай мэдэх хүмүүс нь хэлдэг юм билээ. Ийн Түлэнхийн төвийн газрыг ГССҮГ-ийн эмч нар хувааж авчихаад байна. Уг эмнэлгийн газар төрийн тусгай хамгаалалтад байх ёстой баймаар. Гэвч манай улсад хэн эрх мэдэлтэй нь өөртөө завшдаг бичигдээгүй хууль тогтсоны балгаар Түлэнхийн төв газрынхаа ихэнхийг алдаж өнөөдөр үлдсэн жаахан газар нь хогны үүр болчнхоод буй Хувийн эмнэлэг барих болохоор хаа сайгүй газар олдоод байдаг улсын эмнэлэг барих болохоор газрын маргаан гарч ирээд ажил нь урагшилдаггүй. Эрүүл мэндийн яамныхан Түлэнхийн төвийн газрын асуудлаар бас хэзээ барих талаар мэдээлэл өгөхөөс зайлхийдэг болжээ.
“МӨНГӨНГҮҮР”-Т ХЭДЭН ЖИЛ ТОЛГОЙ ХОРГОДОХ ВЭ
Бид мөн Түлэнхийн төвийнхний толгой хоргодож буй “Мөнгөнгүүр” эмнэлгээр орлоо. Биднийг очиход олны хөл хөдөлгөөн харьцангуй бага байсан ч сул ор байхгүй гэсэн тайлбарыг асрагч, сувилагч нар хэлж байв. Тус эмнэлгийн их эмч хэлэхдээ “Нэг үе хонгилд хүүхдүүдээ хэвтүүлж байсан. Одоо арай л сийрчихээд байгаа. Гэхдээ л манай эмнэлэг сул ортой байх аа больсон. Ялангуяа хүүхдүүд их ирдэг. Шинэ эмнэлэг барих талаар өнгөрсөн жил их ярьсан. Харин энэ жил сураггүй л байна” гэлээ. Эмнэлгийн эрхлэгч Алтанцэцэгтэй уулзахаар нэлээд хүлээсэн боловч асрагч эмэгтэй “Эрхлэгч хагалгаанд орсон. Хурдан гарч ирэхгүй байх. Хүнд өвчтөн байсан” гэсэн тайлбар хэлж байв. Хэдэн сарын өмнө манай сурвалжлах багийнхныг очиход хонгилд ор хэвтүүлээд хүүхдүүдийг хүлээж авч байсан. Харин өнгөрсөн баасан гаригт хонгилд хэвтсэн хүн харагдаагүй. Гэхдээ үргэлж ачаалалттай байдгаа асрагч эмэгтэй сонирхуулсан.
Нэгдүгээр давхарт байрлах үзлэгийн өрөөнд хүмүүс дугаарлан суусан харагдсан. Тэдний нэг Энхзориг гэх залуутай уулзлаа. Тэрбээр “Би хүүгээ үзүүлэх гэж ирсэн юм. Хөлөө халуун цайнд түлчихсэн чинь эдгэрдэггүй. Эмнэлгийн байр тохилог ч зай талбай багатай юм. Уг шинэ эмнэлэг барьчихвал хүмүүст хэрэгтэй байх. Би гурав дахь удаагаа ирж байна. Байнга л хүүхдүүд холхиж байдаг газар юм билээ. Уг нь төрөлжсөн эмнэлэгтэй болчихвол зүгээр шүү дээ. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг л олон баймаар санагдах юм. Гэвч орон сууц л бариад байдаг боллоо. “Мөнгөнгүүр эмнэлгийн байрыг түрээсэлдэг гэж би сонссон. Түрээсэнд төлж байгаа мөнгөөрөө эмнэлгийнхээ байрыг барьж болдоггүй л юм байх даа” хэмээсэн.
Түлэнхийн төвийн байр актлагдсанаас хойш “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлаж түрээсийн төлбөрт сардаа чамгүй төгрөг зарнулж буй. Гэхдээ хэчнээн төгрөг төлдөг талаар тодорхой тайлбар хэлэх хүн олдсонгүй.
ГССҮГ-ИЙНХӨН ҮҮДЭЭ ТАГЛУУЛСАН ХЭВЭЭРЭЭ
Манай сурвалжлах багийнхан “Мөнгөнгүүр” эмнэлгээс гарч ГССҮТ-ийг зорилоо. Тус эмнэлэг үүдээ хашаагаар таглуулсан мөнөөх л янзаараа байна. Уг нь .хашааг нурааж үүдийг нь чөлөөлнө хэмээн шинэ дарга очих тоолондоо амладаг ч хэн ч үүдийг нь тагласан хашааг нурааж дийлсэнгүй бололтой. Түргэний машин орж чадахгүй өвчтөнөө үүднээс зөөж цаг алддаг гээд л өчнөөн зовлон тоочиж байсан дарга нарынх хэн ч эргэн тойрон хатгасан хашааг нурааж газрыг нь чөлөөлж чадсангүй. Бүтэн жил даргын хэрүүлтэй зууралдсан эмнэлэг бол ГССҮГ-ийнхөн. Биднийг хүлээн авах тасаг руу ороход хүмүүсийн хөлд дарагдсан байлаа. Таяг тулсан, толгойгоо самбай даавуугаар ороосон хүмүүс дугаарлан сууцгаана.
Жижүүр эмчийн хэлснээр сүүлийн үед атомашины осол их гарах болсон аж. Голдуу осолд өртсөн хүмүүс ирж байгаа тухай тэрбээр хэлсэн. Анхааруулга санамж гаргаад ч нэмэр байдаггүй гэнэ. Осолд өртсөн хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж буйг ч тэрбээр нэмж өгүүлсэн. Тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Өлзийбаатартай уулзахаар очсон тэрбээр өрөөндөө байсангүй.
“БАРИНА ГЭСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ Л БАЙГАА”
Түлэнхийн төвийн барилгыг хэзээ барьж эхлэхийг нийслэлчүүд хүлээж байгаа. Учир нь манай улсын түлэгдэлт гэмтлийг хүлээж авдаг төрөлжсөн эмнэлэг болохоор тэр. Гэтэл албаны хүмүүс барина гэхээс өөр тайлбар хэлэхгүй багаа юм. Бид Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяатай утсаар холбогдож Түлэнхийн төвийн балгасыг хэзээ нурааж шинэ барилгыг барих талаар лавлалаа. Тэрбээр “Эрүүл мэндийн яамныхай барина гэсэн төлөвлөгөөтэй л байгаа. Энэ онд багтаагаад барилгын ажлыг эхлүүлэх байх” гэхээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй, утсаа салгаж орхив. Яамныхныг эмнэлгийн барилгыг эхлүүлэхээс өмнө газарт нь хэн нэгэн эзэн суучихаж магадгүй болчихоод байна. Учир нь эргэн тойрон орон сууц сүндэрлэж, эмнэлэгийн балгас болсон барилгх байгаа тулдаа л алга дарам газар нь өдгөө сул байна. 2013 онд барилгын ажил эхлэх гэж байна гэж баахан ярьцгаасан. Гэтэл одоо мөн л барих гэж байгаа гэсэн тайлбар хэлж сууна. Түлэнхийн төвийг барина гэж хоёр жилийн нүүрийг нь үзэх нь бололтой. Яармагт барих гэж байсан шинэ төрөх эмнэлэг шиг царцааах вий гэсэн хардлага иргэдэд төрж буй. Шинэ Түлэнхийн иөвийн барилгыг хэзээ бариьж эхлэхийг эрхэм сайд Н.Удвал та мэдээлэх цаг болжээ.
Б.ГАВДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/
URL: