Сахал моодноос гараагүй ч сэтгэл татахаа больжээ

Сахал хүний бэлгийн сонирхолд хэрхэн нөлөөлдгийг олж тогтоохоор эрдэмтэд судалгаа явуулжээ. Харамсалтай нь тэд “Хүн төрөлхтөн сахлаас уйдлаа” гэх дүгнэлтэд хүрсэн байна. Шинэ Өмнөд Уэйлсийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар орчин цагийн хүмүүс аль болох цэвэрхэн үзэмжтэй байхыг эрмэлзэх болсонтой холбоотойгоор хиппичүүдийн бэлгэ тэмдэг болсон бавгар сахалны төгсгөл ирж буй гэнэ.

Эр хүний сахал хэрхэн харагдахаас шалтгаалж, эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татдаг нь тодорхой болжээ. Мөн сахалтай хүн олон байх тусмаа бусдын сэтгэлийг татах байдал нь буурдаг аж.

Судлаачид ооч, хууз сахалтай болон огт сахалгүй 1500 гаруй эрэгтэйн зургийн 36 эмэгтэйд үзүүлж туршжээ. Оролцогч хүүхнүүд сахалтай эрчүүд хараа булааж буй ч сахалгүй эрчүүд сэтгэл татаж, шохоорхол төрүүлж байна гэж хариулсан байна. Эрдэмтэд үүнээс хүн их сахал харах тусам сэтгэл татагдах нь буурдаг гэж дүгнэжээ. Гэхдээ энэ үр дүн нь загвар моодтой огт холбоотой юм биш. Зүгээр л генийн хувьслын шууд үр дүн аж.

Энэхүү судалгаа нь “Сонголтод нөлөөлөх сөрөг давтамж”-ийн зарчмыг баталгаажуулснаараа давуу талтай болж байна. Учир юу вэ гэхээр хүн ховор зүйлд татагддаг гэх онолыг энэ удаад бүрэн баталгаажуулсан юм. Урьд цагт сахал ховор байсан учир эмэгтэйчүүд үсэрхэг эрчүүдэд дуртай байсан. Харин одоо цагт сахалтай эрчүүд элбэгшсэн ч үсэрхэг эрчүүдэд дурлах эмэгтэйчүүд цөөрчээ. Гэхдээ энэ нь түр зуурын хэрэг бөгөөд сонголтод нөлөөлөх сөрөг давтамжийн зарчмаар удахгүй эрчүүд сахлаас татгалзаж, хүүхнүүд үсэрхэг эрийн эрэлд хатна гэсэн үг юм.

Сахал ургуулахын тухайд шашны болон үндэстний зан үйл нөлөөлөхөөс гадна загварын чиг хандлага ч нөлөөлдөг. Урьд цагт баатар эрс сахлаа ургуулж сүр бадруулдаг байсан бол өнөө цагт гол төлөв тамирчид сахлаа урт урт ургуулдаг болсныг ч эрдэмтэд дээр явуулсан судалгааныхаа явцад анзаарснаа дурджээ.

Орчин цагт сахал олширсон энэ үзэгдэл нь арваад жилийн өмнөөс эхтэй юм байна. Тэгвэл энэ байдал хэр удаан үргэлжлэх тал дээр судлаач Ричард Брүүкс тайлбар хийсэн юм. Түүний үзэж буйгаар сахлын чиг хандлага 30 жилийн давтамжтай байдаг байна. Тэгэхээр сахал дахиад 20 жил моодонд орсон хэвээр байх болно. Харамсалтай нь орчин үед интернет гэх хүчирхэг зүйл гарч ирснээр энэ хугацаа илүү хурдан өнгөрнө гэсэн үг. Тийм болохоор урт сахлын эрин тун удахгүй дуусч цэмцийсэн залуусын үе ирнэ. Гэвч тэр үед сахалтай эрчүүд жинхэнэ чулуу болно гэж судлаач Р.Брүүкс тайлбарлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих