Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “UBS” TV-ийн “Цай юу, кофе юу” нэвтүүлэгт орсон ярилцлага /текстээр бүрэн эхээрээ/

2R3A6266Хөтлөгч Д.Сайнбаяр:- Эрхэм үзэгчдийнхээ энэ өглөөний амар амгаланг айлтгая. Та бүхэн амралтын өдрөө гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалд аятай тухай сайхан өнгөрүүлж байна уу. Өглөө бүр шинэ зочин урьж, сонирхолтой ярилцлага өрнүүлдэг “Кофе юу, цай юу” нэвтрүүлгийн маань бямба гаригийн бас нэгэн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд нэвтрүүлэгтээ хүрэлцэн ирсэн хүндэт зочноо үзэгчиддээ танилцуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд энэ өглөөний мэнд хүргэе.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - За та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Хөтлөгч И.Буянжаргал :-Тавлаг сайхан хаваржиж байна уу, Та.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Сайхан хаваржиж байна. Хаваржаа сайхан уу?

Хөтлөгч И.Буянжаргал: – Сайхан хаваржиж байна. Бие тэнхээ данги уу.Саяхан Япон яваад эмчлүүлээд ирсэн.Эмчилгээ сайн болов уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь сайн болсон.

Хөтлөгч И.Буянжаргал: – Дээрхийн гэгээнтэний хэлсэн үг энэ мөчид санаанд бууж байна. Монголчууд та нар минь амьдрал ахуй гэж явсаар байгаад эрүүл мэнд гэж том зүйлээ алдах юм аа.Дараа нь эрүүл мэндээ олж авах гээд хамаг хүчээ тавих юм аа гэсэн үг.Тэгэхээр эрүүл мэнд гэдэг бол хүнд хамгийн их чухал баялгийн нэг юм аа даа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь хүн бүрт хамгийн чухал баялаг бол эрүүл мэнд. Эрүүл байвал улсын наадам үзнэ гэж монголчууд ярьдаг.Ер нь эрүүл л байх ёстой.Хүн өөрийнхөө амьдралын хэв маягаас эхлээд өөрөө өөрийгөө эрүүл байлгах маш их боломж байдаг.Үнэхээр эмнэлгийн ажиллагаа, мэс ажилбар орох шаардлагатай үед тухайн цагт нь орж эмчлүүлж байх нь зөв юм шиг байгаа юм.

Хөтлөгч И.Буянжаргал: – Ер нь хэдийнээс биед тань зовиур үүссэн юм бэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ноднин намар НҮБ-ын чуулганд ороод буцаж байхад нуруу жаахан өвдөж чилдэг, хөл рүү жаахан өвддөг тиймэрхүү байдалтай байсан. Буцахдаа Японд үзүүлсэн чинь “Таны нуруунд асуудал байна, ер нь нуруугаа гүнзгий дарж байна, эвгүй хөдөлж болохгүй” гээд нэлээн хөдөлгөөний хязгаарлалтууд хийсэн.Би чинь морь мал унадаг, өвөл цана тэшүүрээр гулгана, дугуй унана, теннис тоглоно гээд дандаа хөдөлгөөнтэй байдаг болохоор тэр бүх хөдөлгөөнийг хязгаарлаад, ер нь хагалгаа хийлгэсэн нь зүгээр юм байна гэсэн л дээ.Энд бас эмч нартайгаа зөвлөсөн.Тэгж байгаад хүмүүс амарсан үеэр ч юм уу, нэг хурдан яваад хагалгаа хийлгэчихье гэсэн бодолтой байсан юм. Ёолкны үеэр нэг явчихдаг юм уу гэж бодож байсан чбас  ажил давхцаад явж чадаагүй. Дараа нь цагаан сарын үеэр явах бодолтой байсан ч Сочигийн олимп таарчихсан.Манай хойд хөршид болж байгаа маш чухал арга хэмжээ.Хөл дээрээ л явж байгаа хойно,энэ улсын түүхэнд болж байгаа чухал арга хэмжээнд оролцох ёстой гээд олимпод оролцсон.Тэгээд байж байтал эмч нар “Одоо та эмчилгээнд явах хэрэгтэй, нэг л эвгүй суувал, нэг л эвгүй дарчих юм бол тэр чигтээ суугаа болчих юм байна” гэсэн.Нугас гэдэг юмыг чинь орлуулж болдоггүй юм байна.Бусад юмыг орлуулдаг, бөөр, элэг гээд орлуулахгүй ч юмгүй болсон юм байна шүү дээ. “Энэ гадна хийх ёстой хагалгаа, Японд хийчихье гэж байгаа бол хийлгэчихвэл яасан юм” гэж ойр дотно хүмүүс  маань хэлсэн.Манайд сайхан сэтгэлтэй хүмүүс бас их байна шүү дээ.Бид зүгээр болгоод өгнө, долоо хоногт, 14 хоногт, ийм аргаар эмчлэхэд зүгээр гэсэн хүмүүс ч байсан.Мэдээж тэр хүмүүст итгэж байсан л даа.Гэхдээ ер нь нэг очоод хагалгаа хийлгэчихвэл бас хэдэн жил эрчимтэй ажиллачих боломж бүрдэнэ гэж бодоод л явсан.

Хөтлөгч И.Буянжаргал: – Одоо ер нь дажгүй болсон уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Өө дажгүй. Ярих юм байхгүй.

Хөтлөгч Д.Сайнбаяр: – Энэ өглөө “Кофе юу, цай юу” нэвтрүүлгийг маань үзэж байгаа олон үзэгчидэд таатай байгаа байх. Таны сонголт бас их сонин байсан л даа.Яагаад Японыг сонгов, яагаад цаг хугацааг ингэж тааруулсан бэ гээд.Ер нь Японыг, Японы эрүүл мэндийн салбарыг яагаад сонгов?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь болж өгвөл эндээ хийлгэчихье гэж бодож байсан. Би Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр ч удаа эндээ эмнэлэгт хэвтэн, мэс ажилбарууд хийлгэсэн.Эмч нар аяндаа зөвлөгөө өгдөг л дөө.НҮБ-ын чуулганаас буцаж ирж байхдаа Японоор дайрч эмч нарт үзүүлэхэд Японд эмчлүүлж болно, нэлээн нарийн мэс хагалбар заавал хийх шаардлагатай гэж зөвлөсөн.Нислэгийн цаг нь ч ойр дөрвөн цаг юм гээд Япон руу явсан даа.

Хөтлөгч И.Буянжаргал: – Эрүүл мэнд гэснээс манайд эмнэлгийн орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутмаг гээд их ярьдаг. Миний санахад тэргүүн хатагтайн сангийн шугамаар хүүхдүүдийн амьсгалын аппарат дутагдаж байсныг нэлээн хэдийг нийлүүлсэн.Бөөрний аппарат эмнэлгүүдэд өгч байсан санагдаж байна.Сая бас яваад эмчлүүлээд ирэхдээ том олзтой ирсэн гэж сонссон.Монголдоо Японы тусламжтайгаар гайгүй сайн эмнэлэг байгуулах асуудлыг эцэслээд шийдчихлээ гэсэн.Энэ талаар яривал?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Ер нь бол Япон явж эмчлүүлнэ гэхэд ард түмнээсээ сонгогдсон хүн учраас санаа зовж байсан. Манай иргэдээс олон хүн Япон явж эмчлүүлээд байж чадахгүй байгаа шүү дээ. Бас хүмүүсийн  хүлээлгэсэн итгэл, хийх ажил байдаг.Тэнд очоод байж байхад ч санаа зовж л байсан. Абэ Ерөнхий сайдтай өмнө нь Засгийн газрын шугамаар уулзаж байхадхэлж лбайсан. Япон улсаас өмнөх 20 жилд үзүүлж байсан тусламжаа зогсоож байгаа. Монгол хүний амьжиргааны түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр авч үзээд “Одоо танайх тусламж авдаг орон биш харинхамтарч ажилладаг орон болсон. Гэхдээ тусламжаа зогсоохын өмнө Монголын ард түмэнд дахин нэг хэрэгтэй зүйл хийвэл яасан юм бэ?” гээд тэндээс эмнэлэг байгуулах санаа гарсан.Ер нь манай хүмүүс эмчлүүлэхээр гадагшаа их явдаг.Японы өнөөдрийн оношилж байгаа түвшинд оношилчихдог оношлогооны эмнэлэг маш хэрэгтэй. Мөн 200 ортой байна гэж ярьж байгаа. Тэр бол үнэхээр чухал л даа.Би сая уулзахдаа хэлсэн.“Би энд эмчлүүлээд буцаж байна. Тэгэхдээ би нэг эмнэлэг аваад буцаж болох уу.Бүрэн шийдэгдсэн гэж үзэж болох уу” гэхэд “Болно оо, танай талаас л бүх зүйл хамаарна” гэсэн.Манай талаас газрынхаа судалгааг хийх зэрэг асуудал байгаа юм.Миний хүсээд байгаа зүйл бол, энэ эмнэлгийг ЭМШУИС-ийн дэргэд байгуулъя.Эмч нартайгаа, төгсч байгаа хүмүүстэйгээ холбож өгье.Зөвхөн нэг эмнэлэг барьж өгөөд, тоног төхөөрөмж тавиад энэ асуудал шийдэгдчихгүй.Тэр тоног төхөөрөмж дээр ажилладаг эмч, сувилагч, асрагч нараа дадлагажуулъя. Тэр эмнэлгийг Японы менежментээр ажиллуулаад тодорхой түвшинд шилжилт хийе  гэсэнбодол байна. Манай эмч нар туршлагатай , амархан сурна.

Би долоо хоног эмнэлэгт хэвтсэн.Их хурдан, хагалгааны маргааш нь л хөл дээрээ боссон.Түрдэг тэргээр зөөнө гэж байсан хүмүүс намайг явж байгааг хараад их гайхаж байсан, “босоод алхаж байна энэ хүн чинь” гээд. Эмнэлгээс гарангуут  эмч нартай уулзалтуудаа хийж эхэлсэн.Зүрхний чиглэлийн өвчтэй хүүхдүүдэд тусладаг болон хавдрын эцсийн шатандаа орчихсон хүмүүст зориулсан үйлчилгээ, амьсгалын аппарат, хөнгөвчлөх эмчилгээний асуудлаар мөн уруул тагнай нь сэтэрхий төрсөн хүүхдүүдийг  эмчилдэг хамтын  ажиллагаагаа улам өргөтгөе, Ерөнхийлөгчийн ивээл дор хийе гэсэн санал тавьж  эмч нар нь ч  дуртай зөвшөөрсөн. Мөн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх эмч нарын баг авчиръя гэж тохирсон.

Би ард түмэндээ их баярлаж байгаа.Хамтарч ажиллаж, тусалж дэмжиж, ойлгож, байдаг хүмүүст их баярладаг.Би бол зүгээр л нэг малчны хүүхэд шүү дээ.Японд очиж эмчлүүлээд явж байх ёстой ч хүн биш.Би ажлаа хийгээд л явж байна.Мэдээж Ерөнхийлөгчийн ажил гэдэг хугацаатай.Ер нь эхчүүдийн төлөө, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө, залуучуудынхаа боловсрол, байгаль орчин гээд энэ хэдэн асуудлын төлөө би Ерөнхийлөгч ч бай, биш ч бай, үргэлж анхаарч зүтгэнэ.Энэ бол миний амьдралын зорилго юм.Аль болох хүмүүст тусламж дэмжлэг үзүүлчих юмсан, хувь нэмэр оруулчих юмсан гэсэн сэтгэлээр ажиллаж ирсэн. Фэйсбүүк, твиттерт орохоор “Та тэнд хэвтэж байхдаа юу гэж бодож байв, бид энд  эмнэлгийнүйлчилгээ ч авч чадахгүй хүнд сурталтай байна” гээд л шүүмжлэл их  бичиж байсан. Ер нь эрүүл мэндийн салбараа бид өөрчлөх ёстой.Гэхдээ энд ажиллаж байгаа эмч, ажилчдын буруу ерөөсөө байхгүй. Бид сууриар нь өөрчлөн иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд  бодитой анхаарах цаг болсон. Намайг ийм үед  ойлгож, тусалж дэмжсэн хүмүүст баярлаж байгаа.

Хөтлөгч Д.Сайнбаяр: – Эмнэлэгт байхад нь эргэж тойрсон хүмүүсээс эхлээд уулзсан лидерүүд анхаарал татаж байлаа. Тэр тухай шум ч бид сонсч байлаа.Аваргууд нь бас эргэж очсон байна лээ, таныг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Тийм. Манай дөрвөн аварга.Үнэхээр монгол хүн хичээгээд зүтгэх юм бол юунд хүрч болдгийг харуулж байна шүү дээ. Одоо сумод60 түрүүтэй болоод байна. Дөрвөн түрүү манай дөрвөн аваргад л байгаа.Тэд маань банштай цайгаа хийчихсэн, эхнэр хүүхдээ дагуулчихсан, гэртээ уриад л. Ер  ньбид хуучин тусалж дэмжиж явсан, биднийг юу ч мэдэхгүй байхад дэмжлэг үзүүлсэн улсуудаа мартмааргүй байгаа юм. Би 1991 онд шинэхэн Их Хурлын гишүүн болоод тэнд очиход нэг япон хүн ирж уулзаад, Японы парламентын байранд оруулж танилцуулж байсан.Одоо тэр хүн бүр өвгөн болчихсон. Тэр хүнийг дуудаад уулзахад “Өө, тэр хүн Ерөнхийлөгч болчихсон юм гэнэ лээ,  намайг юу гэж л тоов гэж” гэсэн юм бодож байсан гэнэ лээ. Тэгээд дуудаад уулзахад бөөн баяр болж байсан. 40, 50 жил Монгол, Японы харилцааны төлөө зүтгэж явсан олон хүн байдаг юм. 1990 онд бид нар жаахан нээлттэй болж байхад Японы Ерөнхий сайд анх  айлчлаад  “Энэ улсад бид туслах ёстой, Монгол улс нээлттэй болж байна, ЗХУ-аас бүх юм нь хамааралтай явж ирсэн энэ улсад тэр нь зогсчих юм бол цахилгаан станц нь ч ажиллахгүй, автобус нь ч явахгүй, бензин шатахуун нь ч байхгүй,  хүүхдүүд нь ч сургуульдаа явж чадахгүй болох нь гээд л тусламж үзүүлж эхэлсэн. Бид туслах ёстой гээд  явжбайсан жирийн иргэд ч бий. Хөдөө зуд болоход гудамжиндаа гараад бүтэн сар цагаан хоолой бариад “Монголын малчид хэцүүдэж байна шүү дээ, туслая” гээд л зогсч байсан хүмүүс. Тэдэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баярлаласан сэтгэлээ илэрхийлээд уулзах нь  үнэхээр хэрэгтэй л зүйл байсан.Тэвдэж явахад туслаж явсан ард түмэн юм даа.

 

Гишүүний ажлаа өгнө гэдэг, сайдаас огцорно гэдэг бол сүйрэл биш

Хөтлөгч И.Буянжаргал: – Нэгэнт Ерөнхийлөгчийг урьсан болохоор янз бүрийн сэдвээр ярих хүсэл байна. Нэг зүйлийг өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулаад асуухгүй байж болохгүй нь.Та улсын Их Хурлын гишүүн байж байгаад өөрийг чинь асуудалтай байна гэнгүүт, ерөөсөө би энэ гишүүний эрх дархаа өгч байгаад шалгуулчихъя гээд ажлаа өгч байсан.Ерөнхий сайдын ажлыг хоёр ч удаа хийж байгаад өгсөн.Ялангуяа гишүүний ажлаа өгснийг тань сонирхох гээд байна.Гишүүний халдашгүй бүрэн эрх дархаасаа татгалзаж байгаад шалгуулсан.Дараа нь шүүхээс цагаатгасан.Тэгээд цагаатсан хойно та яагаад гишүүн болоогүй юм бэ.Нэгэнт гэм буруугүй нь тогтоогдчихсон байхад.Хууль нь болоогүй юм уу.Эсвэл та хүсээгүй юм уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Гишүүний ажлаа өгнө гэдэг, сайдаас огцорно гэдэг бол сүйрэл биш. Одоо хүмүүс санахгүй байгаа байх.Зарим телевиз үзэж байгаа хүмүүс тэр үед төрж байсан.1994 оны үйл явдлыг асууж байна шүү дээ.Цуглаан дээр эдийн засгийн ийм бодлого явж байна, манай орны эдийн засагт гадны нөлөө орж ирэх хандлагатай байна гэсэн үг хэлснийг маань улсын нууц задруулсан гээд Тагнуулын газраас УИХ дээр бичиг ирсэн.УИХ-ын гишүүн Элбэгдорж улсын нууц задруулсан байх магадлалтай байна, шалгана гээд.Тэгэнгүүт нь би өөрөө гараарааИх Хурлын даргад өргөдлөө бичиж өгсөн.“Намайг гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй гээд хууль хяналтын байгууллага сэжиглэж байна. Надаас юм асууна гэж байна. Тиймээс намайг Улсын Их Хурлын гишүүнээс  чөлөөлж өгнө үү” гээд. Тэр үед манай ардчилсан хүчнээс УИХ-д тавхан гишүүнтэй байсан. Манай гишүүд намайг болохгүй гээд хориглож л  байсан. Би өргөдлөө өгөөд л чөлөөлөгдсөн. Миний нэг бодож байсан бодол бол “Би ард иргэдтэйгээ хамт гудамжинд цуглаан хийгээд л явж байсан, надад ямар эрх дарх байх ёстой юм. Тэнд нэг мөрдөн байцаагч сууж байгаа, аягүй бол нэг Их Хурлын гишүүн очоод уулзахаар өөр өнгөтэй, зүгээр жирийн иргэн очиход өөр өнгөтэй байж магадгүй” гэж. Тэр үед хууль хяналтын байгууллага ч бас янз бүрл  байсан. Тэгээд  чөлөөлөгдөөд л очиж шалгуулсан. Би тийм байх ёстой л гэж боддог .

Хөтлөгч И.Буянжаргал: -Яагаад би үүнийг асуугаад байна вэ гэхээр, гайхаад байгаа юм. Одоогийн улстөрчдөд тийм зориг байхгүй юм шиг.Нэг гишүүн болино гэдэг, сайдын сэнтийгээс сална, албан тушаалаа өгнө гэхээр л эцэг эх, үр хүүхдээсээ салах гэж байгаа юм шиг, амьдралаасаа салаад үхэх гэж байгаа юм шиг л болох юм байна шүү дээ.Гадна дотнын мэдээ үзэхээр Япон, Америк, Европод сайд огцорлоо, сайн дураараа ажлаа өглөө л гэх юм.Тэр нь тэндээ нэг их асуудал болохгүй шийдэгдчих юм.Манайд яагаад ингэхгүй байна вэ.Ялгаа нь юундаа байна вэ?

Хөтлөгч Д.Сайнбаяр: – Тэр нь бид нарт улстөрчийн ёс зүйтэй, улс төрийн соёлтой ч юм шиг харагдаад байна л даа.

Хөтлөгч И.Буянжаргал: -  Бид нар болохоор дэргэд нь төлөвшөөгүй юм шиг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Яахав ээ тэр бол миний л дутагдал байсан байх. Гишүүнээсээ гарсан, Ерөнхий сайдаасаа огцорно гэдэг миний л буруу, ажлаа л сайн хийж чадаагүйн илрэл байх л даа.Би бол сайдаас биш, бүр Ерөнхий сайдаас хоёр удаа огцорсон хүн шүү дээ.Тэр үед бүр нэг ийм үг гарч байсан.“Элбэгдорж огцорч  хашрахгүй юм, эмэгтэй хүн төрж хашрахгүй” ч гэл үү.Тэгээд огцорлоо, уналаа, тоосоо гөвөөд л, цаашаа ажлаа хийгээд, алдаанаасаа сургамж аваад л явах ёстой.Энэ асуудлыг хуулиндаа оруулах хэрэгтэй юм.

Сая асуулаа. Яагаад гаднын сайд дарга нар жаахан асуудалтай холбогдохоороо л огцорчихдог юм бэ гэж.Бид нар ч судалж үзсэн.Тэнд нэг учир байгаа юм.Гурав дөрвөн шатлал байна л даа.Асуудалтай холбогдонгуут УИХ-ын гишүүдийг тойргоос нь дуудаад татаад эхэлдэг.Үүнийг 20 жил яриад  хуульчлах гээд л ажиллаж байна. Ёсзүйн зөрчил гаргасан бол шууд ажлаа өгөх.Тэгэх юм бол тэр хүний хойноос заавал хууль, хяналтын байгууллага шалгаад байх хэрэггүй байдаг.Тэр ажиллагаа нь зогсчихдог. Энэ хүн ёсзүйн буруугаа хүлээгээд  албан тушаалаа өглөө гээд. Бүр болохгүй бол улс төрийн хариуцлага гээд хариуцсан сайд  юмуу, Ерөнхий сайд нь асуудлыг оруулж ирээд хэлэлцүүлээд улс төрийн хариуцлага тооцдог.Улс төрийн хариуцлагаар шийтгэгдэх юм бол арай хүнд шийтгэлтэй.Дахиад сонгуульд нэр дэвших үү, үгүй юу ч гэдэг юм уу.Бүр улс төрөөрөө ч огцордоггүй, саяны хэлдгээр амь тавих гэж байгаа юм шиг зууралдаад л суугаад байх юм бол хууль хяналтын байгууллага нь орж ирдэг. Ийм лтогтолцоотой  байдаг. Одоо манайд бол сонгогддог, мартагддаг, томилогддог, эсвэл дараагийн томилгоо руугаа зүтгэдэг, нэг бол шорон явдаг болчихоод байна. Тийм хачин. Хариуцлагын хүрээнд зохицуулалт нь алга.Хариуцлага гээч юмыг жаахан эхлүүлэх гэхээр энэ орчиндоо дассан хүмүүсийн эмзэглэж байгаа гэж.Монголын улс төр ийм л болчихоод байгаа юм.

Аймшгийн кино гэж байдаг даа.Эвгүйцээд байгаа мөртлөө үзээд байдаг.Түүн шиг хүмүүс улс төрөө харахаар бүгд дургүй байгаа мөртөө л сонирхоод улс төрөө яриад байдаг.Тэнд орчихсон байгаа хүмүүс нь ч энэ байдалдаа дасч эхэлж байгаа.Зарим оронд үүнийг бирдтэй хамт амьдарч сурах гэдэг.Бирдтэй хамт амьдраад, ашгаа хийгээд, тэрэнтэй яаж хамт амьдрах вэ, яаж хэрэлдэх вэ, яаж амиа тэрнээс хамгаалах вэ, яаж юмаа хуваах вэ гэдгээ сурах ийм хэмжээ рүү орж байгаа.Тэгэхээр нөгөө хариуцлагын асуудал, хариуцлагыг салгах тухай зохицуулалтыг л хийх хэрэгтэй.Манай дарга нар, хэвлэлийнхэн бүгдээрээ хариуцлага хариуцлага гээд л яриад байна.Нэрийг нь сонсоод л яваад байгаа энэ зүйлийг одоо бүгдээрээзүсийг нь харъя.Ерөөсөө багийн дарга нараас эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл сонгогддог л бол хариуцлагаа тооцъё.Эргүүлж татдаг механизмыг оруулъя.Тэгтэл ингэлээ, тэглээ, Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ч юм уу асуудал яриад л суугаад байна.Зарим нэг хуулийн байгууллага нэг УИХ-ын гишүүнтэй хөөцөлдөөд гурван жил болж байдаг, нөгөөдөх нь суугаад л байдаг.Ийм учраас л ард түмний тэвчээр барагдаж байгаа, Монголын төр муухай харагдаж байгаа.Одоо бид нар үүнийг засах л хэрэгтэй.

Хөтлөгч Д.Сайнбаяр: – Та яг энэ хуулийн төслийг өргөн барихдаа мэдээж ийм сөрөг ньюанс үзүүлнэ гэдгийг тооцож л байсан байх. Яриа үүн рүү орчихлоо. Одоо УИХ-аар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлд оруулах  тухай, “давхар дээл”-ийг тайлуулах тухай ярьж байгаа. Энэ хуулийн төслийг олонхи нь эсэргүүцээд, цөөнх нь хөдөлгөөнд орж хүлээн авч байгаа.Энэ ньюансыг тооцож л байсан байх.Одоо олон нийт Ерөнхийлөгч бараг хуулиа буцаад татчих нь уу гэсэн олон төрлийн таамгийг ч дэвшүүлж байна л даа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Тийм ээ. Энэ бол зөвхөн ус руу  хөлөө л дүрж байгаа нь шүү дээ. Уг нь би боддог юм.Би өөрөө цэргийн хүн байсан.УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг бол харуулд, эх орны манаанд, ард түмний нийтлэг эрх ашгийн манаанд л гарч байгаа байхгүй юу.Тэр хүн бороонд ч норох чадалтай, гал руу ч л ард түмний өмнөөс орж чадах ёстой.Түүнээс биш хувцсаа давхарлаад л, улам өрөөгөө томруулаад л, эрх мэдлээ нэмээд л, орж ирсэн өрмийг нь идчихээд л суугаад байх зүйл биш.Хэзээ манаач цэрэг өрөм хамаад л сууж байсан юм бэ.Тэгэхээр дөнгөж хөлийг нь усанд дүрэхэд л ямар эмзэг байна вэ. Үүнийг буруутгадаг. Манайхны асуудал шийдэхгүй гэж байгаа л хэлбэр байхгүй юу.Одоо Засгийн газар огцруулах асуудал болоод хувирчихлаа. Засгаа огцруулна гэдэг бол  бүр шал ондоо асуудал. 2016 оны долдугаар сарын 1-ээс гээд би бүр хугацаа тавьж өгсөн. 24 жилийн бидний л туршлага. Яг хугацаа тулгаад тавихаар хуулиа баталдаггүй, бэлтгэл байдаггүй, түүнээсээ болоод улс төрийн тогтолцоо нь нийцэж чаддаггүй, тэгээд ёстой маргааш нөгөөдөр нь огцордог, улс төрийн тогтворгүй байдал, янз бүрийн юм үүсдэг шүү дээ.Ингээд 2016 оны долдугаар сарын 1-ээс мөрдье өө. Та нар хэрвээ хугацааг нь татах юм бол би хориг тавина гээд маш тодорхой хэлсэн. Яагаад 2016 оны долдугаар сарын 1-ээс гэж байгаа юм бэ. Улстөрч хүн, улс төрд оръё гэж байгаа хүн биеэ бэлд л дээ.Би сайд болъё, би УИХ-д байя.Юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёрыг салгая.Өмнө нь салж ч явсан, нийлж ч явсан.Янз бүр л байсан.Тэнд алдаа байгаа.Элбэгдорж тэгж байсан гээд амны салиа нь арилаагүй шахуу улсууд ярьдаг.Шүүмжлэх, ингэж ярих ард түмэнтэй байна гэдэг сайхан.Үнэхээр ийм яриа байгаа, эд нар ингэж алдаж байсан гэдгийг засах л хэрэгтэй.Тэгээд сав саванд нь, дээл дээлэнд нь оруулъя.Ер нь Засгийн газар гэдэг бол Ерөнхий сайдын сав л байхгүй юу.

УИХ гэдэг бол тэр танхимдаа хуулиа баталж байх ёстой тийм л танхим.Тэгэхээр үүнийг байр байранд нь тавьж өгье.Тэгвэл хариуцлага бий болно. Тэгэхгүй 17 нь юм уу, арван хэд нь Их Хурлаас суучихсан, тэд нар нь азаргалчихсан, тэгээд суухдаа фракцын дүрэмд орчихдог, нэг юмыг нь хөдөлгөх гэхээр нөгөө засаг нь уначих гээд байдаг, бие биеэ барьцаалсан, шийдвэр гаргаж чаддаггүй. Манай энэ төрийн нэг эмгэнэлтэй юм нь шийдвэр гаргаж чадахаа болилоо.Шийдвэр гаргаж чадахгүй шигээ хариуцлага хүлээж чадахаа болилоо.Биентэйгээ хариуцлага тооцож чадахаа болилоо.

Хөтлөгч И.Буянжаргал: -  Та хуулиа оруулахдаа 2016 оны долдугаар сарын 1 гэсэн байгаа. Тэгтэл сая анхны хэлэлцүүлгээр олонхи нь 2014 оны долдугаар сарын 1 болгочихлоо.Тэгэнгүүтээ болохоо байлаа, Ерөнхийлөгч та энэ хуулиа татаач ээ гэлээ.Та үүн дээр ямар байр байдлаар хандах вэ.Одоо ирц хүрэхгүй байна гээд, байнгын хороогоо ч хуралдуулахгүй, Ерөнхийлөгч хуулиа татчих байлгүй гээд л цаагуураа шивэр авир хийгээд л явж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Одоо наадуул чинь ажил хийхгүй байх аргаа л харж байгаа. Ер нь бол дургүй байгаагаа маш их илэрхийлж байна.Үүгээр дамжуулаад улс орны өмнө тулгамдаж байгаа, хамгийн яаралтай асуудлаа шийдэхгүй.Энэ рүү бид анхаарах гэсэн чинь нэг ийм хууль ороод ирлээ гээд л. Хэрэв хүсэх юм бол долоо хоногийн дотор яриад л, хэлэлцээд л дор нь батлаад л цаашаа явуулна.Хоёрдугаарт, хориг тавих болов уу үгүй болов уу, аягүй бол ингээд явуулчих юм бол огцруулчих юм биш биз гээд л. Би бол хууль татах асуудал дээрбайр сууриа илэрхийлсэн.Татна гэдэг асуудлын шийдэл биш.Өөрийгөө л хуурч байгаа хэлбэр.Татаад яах юм гэхээр “Та намар дахиад оруулж ирэхгүй юу” гэж.Татаад намрынхаа ажлыг яах гэж байгаа юм.Намар дахиад л үүнийг ярина, дахиад л ийм юм болно.Шийдэх юм бол одоо л шийдчих.Одоо шийдээд хоёр жилийн дотор сонгууль, улс төрийн намынхаа хуулийг оруулъя.Тэгээд араас нь улс төрийн хариуцлагатай холбоотой маш олон хууль орж ирнэ.Энэ юу ч биш.Сая та нар харсан биз дээ. Шилэн дансны тухай хууль гээд оруулахаар…

Хөтлөгч И.Буянжаргал: -  Нэрийг нь л яриад байсан. Бүгдээрээ монгол хэлний багш нар шиг л энэ шилэн гэдэг чинь зохихгүй үг байна, модон, чулуун данс гэж байдаг юм уу гээд л. Яг цаад агуулгыг олж харахгүй байгаа юм уу, харахыг хүсэхгүй байгаа юм уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-  Дургүй л байхгүй юу. Шилэн дансны хууль бол үнэхээр өөрөө хувьсгал юм. Төсвийн байгууллагад орж ирж байгаа мөнгө хэдэн төгрөг орж ирэв, өдөр бүхэн гардаг зарцуулалтаа компьютер дээрээ өдөр бүхэн тайлагнаж бай, 72 цаг болгон тайлагнаж бай. Тайлагнаагүй бол шууд албан тушаалаас нь огцруулдаг үндэслэл болно.Эхнэр нь ямар мөнгө аваад явж байгаа юм, нөхөр нь юу авч байна.Ямар машин авч байгаа юм.Өнөөдөр юу орж ирсэн юм.бүх юм ил тод байна.Ер нь хүмүүст бол энэ улстөрчид юу хийж байна, хоорондоо яаж маргаж байна, үнэхээр залхуутай ажил шүү дээ.Манай нийгэмд, манай ард түмэн дунд улс төргүй амьдралаа аваад явах айл өрхийн тоо маш их нэмэгдэж байгаа.Дахин дахин нэмэгдээсэй гэж би үнэхээр хүсдэг юм.Иргэд ганцхан юмыг шаардаж байгаа.Мөнгөний зарцуулалтыг сонирхож байгаа.Бидний төлөөд явуулсан мөнгө хаана байна аа.Наад зах нь татвар төлөгчидийн төлсөн мөнгө юу болов оо.Түүнээс биш тэр улстөрчдийн ярьдаг, хэрүүл тэмцэл шийдвэр бол үнэхээр сонин биш.Тэгэхээр тэр мөнгийг нь ил болгочихъё.Хэрвээ үүнийг бүх шатанд ил болговол олон зүйл ил болно.Аягүй бол хойшоо ухарна гээд  л айдаг байх.

Би нэг юм хэлээд байгаа.Хууль баталсан өдрөөсөө л хэрэгжүүлье.Энэ чинь л эхлэх цэг.Энэ цэгээс эхлээд ийм зарчим руугаа оръё.Гэтэл нэрийг нь хараад л айж байгаа юм.Одоо би улс төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хууль гээд оруулахад бэлэн байна.Олон нийтийн сонсголын хууль гэж байдаг.Бас үүнийг хамт оруулах ёстой.Ер нь олон нийтийн сонсгол гэж заавал болж байх ёстой.Сумын Засаг дарга нь асуудал гаргахад л Иргэдийн Хурал нь шууд хуралдаад, нийт сумандаа, аймагтаа харуулж байгаад хоёр өдөр хуралдаад чадахгүй бол ажлаас нь халах хэрэгтэй.Оронд нь хүнийг нь томилоод л,  ажил явж байх ёстой. Долоон дор амьтан, байгууллагадаа, гэртээ ч гаргадаггүй авираа  төрд гаргаад л.Улс үндэстнийг тэр чигт нь баллаад байдаг, өөрчлөлт хийж чадахгүй сумандаа ч тийм зүйл хийж чадахгүй, иргэд нь ч эрх байхгүй, энэ зүйлүүдийг бүгдийг нь иргэнд эрхийг нь өгөе гэж байгаа. Ирэх долоо хоногоос бид том хууль өргөн барих гэж байна.  Хуучин Эрүүгийн хууль гэж байсан, одоо Гэмт хэргийн хууль гээд асар том хууль өргөн барина. Энэ бол хүн болгон, айл болгонд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ийм хууль. Бас Зөрчлийн хууль гээд хуучнаар Захиргааны хариуцлагын хууль, дээр нь гэмт хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон хоёр хууль орно. Энэ оруулж байгаа хуулиуд одоо ял эдэлж байгаа бүх хүмүүсийн амьдралд нөлөөлнө. Энэ хуулиуд хэрэгжээд эхэлбэл 20 орчим хувь нь биеэр эдлэх ялаас чөлөөлөгддөг ч юм уу, 60 орчим хувиас тодорхой хэмжээний ял нь хасагддаг ч юм уу, зарим хаалттай зүйл анги юм уу, ганц нэг хүний асуудал дээр олон өөрчлөлт бий болж, бидний ярьж байсан шүүхийн шинэчлэл одоо хүний амьдрал руу орно. Бид эхлээд инстицуц, шүүхийн түвшинд ярьж байсан бол одоо барьдаг хуулийг нь албан тушаалтанд нийцсэн биш  жинхэнэ ард түмний эрх ашигт нийцсэн хууль болгоно. Нөгөө талд нь албан тушаалтны эрх ашигт нийцсэн хуулийн хэсгийг улам чангалъя гэж байгаа юм. Нөгөө сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудад хэрхэн харицлага тооцох вэ  гээд олон асуудал бий. Тухайн албан тушаалтнууд нэг талаараа Монгол Улсын иргэн мөртлөө олон нийтийн өмнө ийм үүрэг хүлээж байгаа болохоор  хариуцлага тооцох механизим тодорхой байх ёстой. Үүнийг суманд хэрхэн хариуцлага тооцох, аймаг дээр, УИХ дээр хэрхэн тооцох вэ гээд бүгдийг нь хийж өгч байгаа юм. Ийм чухал хуулиуд оруулж байхад сая давхар дээлийн хууль гээд яаж хойш нь татаж байна даа.

Хөтлөгч И.Буянжаргал: -Одоо өөрсөдтэй нь холбоотой, хариуцлага тооцох тухай хуулийг оруулж байна. Ийм  хуулийг батлаж өгөх болов уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Батлуулж л таарна даа. Ингэхгүй бол болохгүй. Өөрсөд дээр нь асуудал шийдэхээр болоод очиход Үндсэн хууль зөрчсөн байна, Үндсэн хуульд нийцээгүй байна гээд ярих л  байх.

Хөтлөгч И.Буянжаргал:  Одоо яг таны наад ярьж байгаа зүйлийг тэд ярьж байгаа. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд Үндсэн хуульд оруулчихсан дордуулсан долоон өөрчлөлтийг засахгүйгээр болохгүй гээд зарим гишүүд ярьж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Тэр бол асуудлыг нэг талаас нь томоор харж байгаа ухаантай хүн шиг харагдана. Нэг их улс орноо бодсон юм шиг. Үндсэн хуулийг батлах, Үндсэн хуулийг өөрчлөх тал дээр манай амадууд хэлдэг юм. Хөөрхий,Б.Чимид гуай хүртэл хэлдэг байсан: Үндсэн хуулийн заагдсан боломжууд огт шавхагдаж дуусаагүй шүү дээ, харин байгаа боломжуудыг ингэж өргөтгөөд дагаж гарах хуулиар улам баталгаажуулаад хийх бүрэн боломжтой гэж. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх, өөрчлөхгүй гэсэн шийдийг эцсийн эцэст Үндсэн хуулийн Цэц л гаргана шүү дээ. Үндсэн хуулийн цэц гаргаагүй тохиолдолд тэр хуулийн төсөл ийм байна, тэр нь тийм байна ч гэж байх шиг. Тэгээд маргаан үүсээд Үндсэн хууль зөрчсөн байвал, хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан бол Ерөнхийлөгч хүртэл өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгож Үндсэн хуульд нийцүүлдэг шүү дээ. Энэ механизм нь Үндсэн хуулийн Цэцэд байж байгаа. Цэц дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн судалгаа хийж байгаа. Энэ асуудлаар ярьж хэлэлцэхэд бэлэн байгаа.

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан энэ дордуулсан долоон өөрчлөлттэй хамааралтай хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр байдаг. Цэцийн шийдвэрээр авч үзэх юм бол энэ долоон өөрчлөлт бол хүчингүй долоон өөрчлөлт байгаа юм. Тэгэхээр энэ асуудлаа эхлээд хүчингүй болгох хэрэгтэй. Үүний дараа өөрчлөх тухай ярьж хэлж болж байна. Ярилцъя, зөвшилцье энэ тал дээр бол бэлэн байна. Гэхдээ хажуугаар нь үүнийг далимдуулаад зарим хүн  хариуцлагагүй байдал яриад, авлигач нь авлигачаараа яваад байх ямар ч боломжгүй зүйл.  Үүнд Үндсэн хууль саад болоод байгаа зүйл нэг ч байхгүй.

Хөтлөгч Д.Сайнбаяр:  -Энд хугацаа л саад болоод байх шиг байгаа юм. Хэрвээ 2014 оны долдугаар сарын 1- нээс мөрдөөд эхэлчихвэл одоогийн Засгийн газрын хувь заяаны асуудал яригдах гээд байдаг.  Хэрвээ 2016 оны долдугаар сарын 1- нээс гэвэл дараагийн сонгуулийн үр дүнгээр асуудал шийдэгдэнэ. Үүнийг нэг талаас нь одоо батлаад, 2014 оноос мөрдөөд явчихвал ирэх сонгуулийн өнгөнд нөлөөлнө гэж үзнэ гэсэн таамагууд явж байна. Та үүнийг яаж харж байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Яахав хүсэхгүй хүн бол шалтаг л ярьдаг юм. Тэгэхээр тэд шалтгаа л ярьж байгаа юм. 2016 оны долдугаар сарын 1-нээс гээд хийчихье. Үнэхээр энэ Засгийн газар өөрчлөгдөх бүрэн боломжтой шүү дээ. Одоо 17 сайдтай. Тэгвэл болохгүй байгаа гурван сайдаа, эсвэл болохгүй байгаа нэг сайдаа ч юм уу, Ерөнхий сайд нь маргааш эхнээс нь халуун чихийг нь атгаж хөтөлж оруулж ирээд, энэ хүний ажил хийж байгаа салбар нь болохгүй байна. Олон түмэн дэмжихгүй байна гээд оруулах бүрэн эрхтэй шүү дээ. 17 сайдаас гурвыг нь өөрчилчихвөл юу өөрчлөгдөх вэ.  Та нар хуулиа мэднэ шүү дээ. Засгийн газрын кабинетийн 50 хувь нь нэг дор огцорч нэг дор чөлөөлөгдвөл тэр Засгийн газар огцорно.17 сайдаас эхлээд гурвыг,  дараа дөрвийг өөрчилсөн ч болно. Давхар дээлийг нь тайлчих, хариуцлагыг нь давхар тооцчих, зарим нэг хэрэггүй гэж үзсэн яамыг өөрчилчих л дөө.  УИХ-ын гишүүд төсвөө хэмнэе гэж байгаа. Ер нь шинээр яам байгуулаад ажил нь мундаг сайжраад байгаа зүйл харагдахгүй л байна. Энэ дээр өөрчлөлт хийхэд Ерөнхий сайдад бүрэн эрх  боломж нь бий.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн жилээс зарим сайд нарыг дуудаж уулзаад хэлж байсан. Миний тэвчээр бас барагдаж байгаа. Үүнийг хэвлэл, мэдээллээр хэлээгүйл болохоос биш нэлээд хэдэн сайдыг дуудаж “Чи өргөдлөө өгөх болсон байна. Өргөдлөө өг” гэж хэлсэн. Би Ерөнхий сайд Н.Алтанхуягт ч хэлж байсан, энэ болохгүй байгаа сайдынхаа өргөдлийг ав, наад хүн чинь Монгол Улсад гай болж байна гэж. Монголын хөгжил дэвшилд аюул болж байна. Ийм хариуцлагагүй сайд байна, одоо явуул  гэж хэлж байсан.

Хөтлөгч Д.Сайнбаяр:  -Тухайлбал хэнийг?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Ерөнхий сайдад тэр хэлсэн нөхдийг оруулж ирээд хариуцлага тооцоод явах тийм чадвар байх л ёстой л доо

Хөтлөгч И.Буянжаргал: -Төр энэ шийдлүүдийг ухаалгаар харж шийдэж чадах юм бол нөгөө ухаалаг төр рүү явах, түүнийг одооноос эхлүүлэх ажлын суурь зөв тавигдаж чадах юм биш үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Яг үнэн, тэр ухаалаг төр гэдэг бол миний харж байгаараар үнэхээр төр нь ийм авилгатай,төр нь хариуцлага хүлээдэггүй байх юм бол энэ төрөөс ард иргэдээ хамгаалах шахуу ийм байдалд хүрч байна шүү дээ. Уг нь төр нь ард түмнээ хамгаалах ёстой байтал муу төрөөс ард түмнээ хамгаалах, муу төрөөс бизнесийнхнийг хамгаалах, бүтээгчдээ хамгаалах гээд олон асуудал гарч ирж байна. Би ухаалаг төрийн сайн жишээн дээр ярьж байсан. Хүнээр зүгээр л ажлыг нь хийлгэдэг төр байх хэрэгтэй, хүнд туслаад явах хэрэгтэй гэж.

Төр яагаад ажилд өмнүүр нь орохоор буруу болоод байна вэ. Төр юм хийхээр үнэтэй хийгээд байна л даа, төр бизнес хийхээр үнэтэй л хийгээд байна. Тавантолгойд очоод бизнес хийж нүүрс зөөхөд төрийн захирал тэр ашгийг нь аваад бусадтай хуваадаг ч юм уу, ингээд л балраад байгаа юм. Тавантолгойн захирал хийж байсан нэг нөхөр одоо Монголд байна уу, үгүй юу. Гадна дотноос  ярилцлага өгөөд л “Би их сайн хүн байсан” ч гэх шиг юм яриад байгаа. Сайн хүн байсан юм бол яагаад эх орондоо байж болохгүй байгаа юм. Зарим хүмүүс ингэх юм байна шүү дээ, “Би их сайн хүн байсан” гээд.  Тэгээд хамсаатан байсан хүмүүсийг нь шалгахаар Монголоос гараад явчихдаг. Тийм шударга юм бол орж ирээд шалгадаг газар нь шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод явах хэрэгтэй шүү дээ. Одоо тэгээд дараачийн захирал нь бас тэгэх үү. Хэдэн төгрөг хийж аваад нэг улсруу зугтаад алга болдог, аль эсвэл нэг тойрог руу дайрч очоод мөнгө тарааж гараад УИХ-ын эрхэм гишүүн гээд дархан эрхтэй суух уу.

УИХ-ын гишүүн бол дархан эрхтэй байна, сонгосон иргэд нь хагас эрхтэй байна.Иргэд сонгоод л явуулдаг, болохгүй бол буцаан татах эрхгүй. Яагаад ард түмэнд бүтэн эрхийг нь өгч болохгүй байгаа юм. УИХ-ын гишүүн бол дархан эрхтэй, дээр нь Засгийн газрын гишүүн бол давхар дархан эрхтэй байна шүү дээ. Үүнийг бурууг харсаар байж явуулаад байх хэрэг байгаа юм уу. Үүнийг хараад бухимдаж байгаа. УИХ-д, аль аль намд нь гайгүй гишүүд бий шүү дээ. Одоо цаг нь болсон, одоо больё л гэж байна.

Хөтлөгч И.Буянжаргал: -Тэр улсуудыг үүнийг дэмжээд ярьчихаар намаас нь гаргана, бүлгээс нь гаргана. Дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү гэдэг юм шиг байгаа юм

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Заавал намтай суусан юм шиг, амьдрал нь намаас хамааралтай болчихсон байгаа бол бас л зовлонтой. Уг нь Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нийт ард түмний эрх ашгийг хамгаална гээд заагаад өгчихсөн байгаа шүү дээ, тэр дарааллаараа л явна биздээ.

 

Чингис бондын мөнгийг Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьж авсан шүү

Хөтлөгч И.Буянжаргал:   -Өнөөдрийн нэг том сэдэв бол улс орныхоо нэр төрөөр дэнчин тавьж Монгол Улсаа барьцаалж байгаад Чингис бонд гээд 1.5 сая ам. доллар босгосон. Тэгтэл тэр мөнгө янз бүрийн зүйлд зарцуулагдаад шавхагдаад дуусч байгаа гэх юм. Та тэр үед нь хэлж байсан. Энэ мөнгө орж ирсэн өдрөөс Монгол Улс хариуцлагатай улс боллоо шүү гэж. Монгол Улсын нэг иргэнээс авхуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хариуцлагатай улс байна шүү  гэж. Дээр нь бүтээн байгуулалтын ажилд бондын мөнгөнөөс гуравны нэг хувийг л гаргана шүү. Хурдан үр ашгаа өгдөг мөнгө олох төсөлд зарцуулна шүү гэж хэлж байсан. Тэр өдрийг өнөөдөр эргээд харахад ямар нөхцөл байдалтай байна, та юу гэж харж байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь бид нар ард түмэндээ баярлаж байх ёстой.Ийм асуулт асууж байгаа,хэвлэлээр ч бичиж хэлж байна. Янз бүрийн байгууллагууд ч ярьж хэлж, шаардаж байгаа. Энэ бол маш зөв алхам гэж би хувьдаа бодож байна. Би сайн санаж байна. 2013 оны 12 дугаар сарын 3-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан шүү дээ. Хэвлэлийнхэн цуглаад би тэнд хэлж байсан. “Бид олон улсын түвшинд хариуцлагатай улс боллоо. Өмнө нь төсвийнхээ хэдэн төгрөгт эргэлдээд, түүнийгээ энд тэнд хуваагаад суудаг байсан. Одоо бол хүний мөнгөөр хийх гэж байна. Нөгөө талд нь бидэнд итгэж мөнгөө өгсөн хүмүүс дэлхий нийтэд өдөр бүр даралт нь ихсээд, улс төр нь тэгж буруу хийж байна. Нөгөө бондын мөнгө төлөгдөхгүй буруу зүйлд зарцуулагдаж байна гээд судалгаатай сууж байгаа. Нөгөө тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгийг олон улсын сангуудад худалдсан хүмүүс компьютер дээр хараад зүрх нь зөв бурууг дэнслээд сууж байгаа шүү дээ. Тэр хүмүүст Монголын тухай муу мэдээ сонсогдох тусам бидний нэр хүнд улам доошоо унана. Монголын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд унадаг. Энэ мөнгийг Монголын 22 жилийн нэр хүндээр дэнчин тавьж авсан шүү. Монголоор, монголын ардчиллаар дэнчин тавьсан шүү” гэж хэлж байсан.

Тэр сайд дарга нарын мөнгө цуглуулаад явж байхдаа ярьж байсан үгийг сонсоорой. Монголын баялгийн тухай яриад, Монголын ардчиллын тухай яриад, Монголын хоёр том хөрш, зах зээлийн тухай яриад энэ мөнгө ингэж ороод ингэж буцааж өгнө гээд л. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг болгоомжлох л хэрэгтэй.Мэдээж Ерөнхийлөгч ч болгоомжлох ёстой. Тэр мөнгө дансанд орж ирээгүй байсан тэр үед ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан юм.

Тэр зөвлөмжинд юу гэж байсан гэхээр

Нэгдүгээр заалтад: Чингис бондтой холбоотой орж ирсэн мөнгөтэй холбоотой хуулиа хурдан гарга, тэр ондоо багтаж гарга гэсэн. Зарцуулалт нь ямар байх юм. Тайлагнах хэлбэр нь ямар байх юм. Зээлийн эргэн төлөгдөх график нь ямар байх юм гарга гэсэн. Тэгтэл Засгийн газар одоо болтол тэр хуулийг оруулж ирээгүй. Одоо болтол бондын мөнгийг хувийн мөнгөө зарж байгаа юм шиг этгээдүүд хараад, бас бариад л сууж байгаа.

Хоёрдугаар заалтад: Бондын нэг төгрөг зарвал нөгөө талд нь арван төгрөг босгох хэрэгтэй гэж хармаар байгаа юм гэж. Тэр үед Засгийн  газар мөнгө муу байна. Засгаас гаргах мөнгө их хэрэгтэй байна гэж ярьсаар байгаад гуравны нэг болгож, түүн дээр гарын үсэг зурсан байгаа юм. Уг нь тэр бондыг ингэе гэж байсан юм. Жишээлбэл, чи одоо нэг зуун сая төгрөгний зээл авах гэж байна гэж бодъё. Банкин дээр очлоо, банк чамд зээл өгье гэлээ, Тэгвэл 100 саяын 10 хувийг төр даая, чи зээлээ аваад чиний байгууллага ажиллаад босоод ирнэ гэж. Уг нь энэ мөнгийг тарааж цацая гэсэн зорилго байгаагүй. Хэрэв тэгж байсан бол нэг төсөл  биш 15 төсөл зээл аваад босох боломжтой. Гуравны нэгээр авч үзэх юм бол таван тэрбумын үйлдвэрлэл Монголд бий болох боломжтой гэсэн үг тэр заалтад байдаг шүү дээ. Улсын аюлгүй байдал, бие даасан байдлыг хангахад чиглэсэн  дэд бүтэц, цахилгаан станц, шатахуунаа өөрсдөө хийдэг болъё гэж байгаа юм. Тэр төмөр замаа хурдан барья. Дээр нь ашиг олдог үйлдвэрт оруулна гээд маш тодорхой зааж өгсөн шүү дээ. Тэгтэл тэр бондын мөнгө одоо хаана явна юу, болж байна. Тэр үед хариуцсан сайдууд амлаж байсан. Саяхан нэг сонин дээр гарсан байсан. Бондын мөнгөний төгрөг болгоны зарцуулалт та бүхний гар утсан дээр мөн e-mail- ээр, цахим хуудсаар, цахим шуудангаар та бүхний ширээн дээр байж байна, эрхэм гишүүд ээ, иргэдээ гээд л байсан. Тэгтэл одоо та нарын гар утсанд ирж байна уу, тэр мэдээлэл?

Хөтлөгч И.Буянжаргал: -Миний утас лав эвдэрхий биш, холбоо бариад болоод л байдаг. Тийм мэдээлэл ирдэггүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Миний утсанд ч ирэхгүй байгаа.

Хөтлөгч И.Буянжаргал: -Үүнтэй холбоотой миний нэг айж байгаа зүйл байгаа. Жишээлбэл, хүнээс хэдэн төгрөг зээлээд, тэр мөнгөө идэж уугаад, найрлаад дуусчихвал тэр хүн байтугай өөр хүн чамд дахиж мөнгө зээлдүүлэхгүй. Дээр нь мөнгөө өгөхгүй гүрийвэл нэр нүүрээ бардаг шүү дээ. Яг үүн шиг Монгол Улсын хувьд тийм зүйл болох вий гэж айж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Дэлхий нийт Монголыг эхлээд харахдаа авлигатайгаа тэмцэж байгаа юм байна. Ардчилсан орон юм байна, Баялагтай юм байна. бас үйлдвэрлэлтэй юм байна. Буцааж өгөх чадвартай юм байна л гэж өгсөн мөнгө шүү дээ. Монголыг тухайн үед харахдаа B+ гэсэн дүнтэй юм байна гээд өгсөн. Одоо юу болов гэхээр B, бүр B- болсон байна. Сурагчаар бол тийм хэмжээнд сурлага нь доошиллоо шүү дээ. Энэ дээр хариуцлага тооцвол зөв болно гээд оруулж ирэх хэрэгтэй байгаа юм.

Миний  санааг зовоож байгаа хоёр гол зүйл байна. Өнөөдөр 2014 он, цаг хугацаа биднийг хүлээхгүй.  2017 онд 500 сая ам.долларыг нэг өдөр шууд төлнө. Тэгтэл одоо төсөв нь бүрдэхгүй, татвар төлөгч хэдэн ААН-үүдээ мөлжөөд мөлжөөд юм гарахгүй байгаа. Ханшаас болоод хүмүүсийн худалдан авах чадвар  буурсан.Өмнө нь 40000 төгрөгтэй гараад хүнсээ аваад хөргөгчөө дүүргэдэг байсан айл одоо 100000 мянган төгрөгтэй гарч байж хөргөгч нь дүүрдэг болсон. Бондын төлбөрийг нөгөө айл, нөгөө бүтээгчдээсээ татна шүү дээ.

Тэгтэл нөгөө сүрхий сайд дарга нь аль хэдийн сонгуульд ялагдаад яваад өгсөн бол яах вэ. Хөөрхий, тэр хөгжлийн банкинд сууж алба хашиж байгаа ганц нэг захирлууд аягүй бол хэрэгт орно. Манайд чинь сайд, Ерөнхий сайд нь шоронд суугаад хариуцлага хүлээсэн түүх байхгүй шүү дээ. Тийм хуулийг нь хийж өгөөгүй, тийм хуулийг нь хийлгэхгүй байна шүү дээ эд. Тийм болохоор би шаардаад байгаа юм. Та нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу биелүүлсэн тайлангаа оруулж ир гээд шаардаад байгаа. Би бүтэн зургаан сар шаардаж байна. Өчигдөр ч би Ерөнхий сайдтай уулзахдаахэлсэн. Дараа нь төлөх графикаа гаргая, 2015 онд хэдийг нь төлөх юм. 2016 онд хэдийг нь төлөх вэ гээд.  Энэ бондын мөнгө төсвөөс төлөгдөх юм. Өнөөдөр төсөв алдагдалтай, төсвийн мөнгө төвлөрөхгүй байна гээд байна шүү дээ. Тэгэхээр төсөв ашигтай болж байж төлнө. Жишээлбэл, 2015 оныг 170 сая ам.доллар, 2016 оныг 170 сая ам.доллар, 2017 оныг 170 сая ам.долларын ашигтай болгох юм бол тэр бондын мөнгийг төлөх боломжтой. Төсөв гэдэг хэний мөнгө юм. Татвар төлөгчдийн мөнгө.  Ямар учраас би тэр үйдвэрт өг гээд байгаа юм. Банкинд очоод зээл авахад нь танайх 30 хувиа гаргачих, бондоос 30-ийг гаргая. Гадна дотнын хамтарч байгаа хөрөнгө оруулагчаасаа 30 хувийг гаргуулчих. Монголын банк, төр 30 хувийг гаргая. Энэ нь хамтарсан хариуцлага. Мөн арилжааны банкнаас хямд өртөгтэй зээл гараад монголчууд бүтээн байгуулагч болж босох учиртай. Тэгтэл энд тэнд гудамж бариад, бүр сүүлдээ аймагт гудамж барина ч гэх шиг, ингэж ерөөсөө болохгүй. Энэ бол буруу зам. Иймээс буруу замаар явуулж байгаа зүйлээ зогсоох ёстой. Одоо дахиад зээл авах тухай ярьж байна. Одоо бол хоёр төрлийн л зээл орж ирэх боломжтой. Нэгдүгээрт, улстөрийн зорилготой, тэр зээл өгөх орон бол маш цөөхөн. Нөгөөх нь зээлжих зэрэглэл одоо B-  болсон юм чинь өмнөх гурав болон таван хувийн хүүтэй зээл байхгүй. Тэр дайн хийгээд байгаа дэнсэлж байгаа орнууд шиг 10 хэдэн хувийн хүүтэй, маш хүнд зээл болж эхэлнэ, хэн хохирох вэ?

Хөтлөгч Д.Сайнбаяр: -Таны  хэлээд байгаа шүүмжлэлтэй хандсан зүйлүүдийг салбараар нь авч үзэхэд улс орны эдийн засгийн  байдалтай холбоотой байна. Ерөнхий сайдад хэлсэн хүмүүст дээрх эдийн засгийн салбарыг толгойлж байгаа хүн байгаа юу?

Хөтлөгч И.Буянжаргал: -Дээр нь нэмээд асуухад Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдахад энэ салбарын бүх асуудлыг цэгцэлнэ хөгжиж дэвшинэ гэсэн хүлээлттэй байсан. Дээр доргүй хүмүүс ярьсан, энэ яам бий болж эдийн засаг хөгжинө гэж ? 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хүмүүс ер нь онож хэлдэг, таадаг болсон байгаа биз. Ер нь эдийн засгийн хөгжлийн яам байгууллаа гээд энэ эдийн засаг хөгжихгүй байна. Би маш тодохой байр суурийг Ерөнхий сайдад  бүр оны өмнөөс л хэлж байсан. За Ерөнхий сайдаа, Эдийн засгийнхаа хөгжлийг гартаа ав. Ерөнхий сайд гэдэг бол Парламентын засаглалтай улс орны хамгийн том улстөрийн манлайлагч,хамгийн том удирдлага нь байдаг. Хамгийн том бүрэн эрх мэдэлтэй хүн нь байдаг. Монголын өнөөдрийн хамгийн том чухал асуудал юу юм гээд ярихад эдийн засгийн хөгжил  шүү дээ.  Монгол үндэстний эрх ашиг бол хөгжил. Монгол Улс хөгжих хэрэгтэй, Монгол иргэн, монгол айл гэр чөмөгжиж хөгжих, бэхжих хэрэгтэй. Эдийн засаг нь нэмэгдэж орлого нь нэмэгдэх ёстой. Энэ бүхэн юунаас хамаарах вэ. Эдийн засгаас хамаарна. Өнөөдрийн Ерөнхий сайдын номер нэг асуудал бол эдийн засаг. Оросоор бол “Политика-это совокупность экономических интересов”, ер нь Улс төр бол эдийн засийн сонирхлуудын нийлбэр юм гээд. Тэгэхээр улстөрөө атгаж, хариуцлагаа барьж л байгаа бол эдийн засгаа гартаа барь гэж. Эдийн засгийн хөгжлийн яам нь эдийн засгийн хямралын яам болж байгаа юм бол энэ асуудлаа Ерөнхий сайд гартаа ав. Энэ асуудлаа Ерөнхий сайдтайгаа ярьдаг болъё. Эдийн засгийн хөгжлийн яамаа зүгээр л Засгийн газрын бүтэцээс нь гаргачих. Тэр яамны зарим нэг үүргийг Сангийн яаманд өгнө л биз. Зарим үүргийг нь өөр газарт өг гэж би маш тодорхой санал хэлж байгаа. Ардчиллын хувьд улстөр гэдэг бол хариуцлага, улстөр гэдэг бол ёсзүй, улстөр гэдэг үйлчилгээ. Эдийн засаг гээд аваад үзэхээр зохицуулалт, дэмжлэг байх нь байна. Яагаад тэр бондын мөнгийг үйлдвэрт өг гээд хэлээд байна гэхээр бас их учиртай. Явж явж тэр мөнгийг татвар төлөгчид төлнө, үйлдвэрлэгчид төлнө. Тэгэхээр үнээгээр бол саадаг үнээгээ олон болго гэсэн үг. Үнээг авч маллах, сааж баялаг бүтээх хүнд дэмжлэг үзүүл, буцаагаад татвараар төсвөө бүрдүүлчих. Бид ингээд мөнгөө эргүүлээд төлчихөөр бидэнд мөнгөө итгэж зээлдүүлсэн улсын даралт тогтвортой байна. Арай итгэлтэй л болъё. Ингэж л явах хэрэгтэй. Түүгээр ч барахгүй сан байгуулаад, дотоодын эх үүсвэрээ ашиглаад явах бүрэн боломжтой.

Хөтлөгч И.Буянжаргал: -Бондын мөнгөөр зам засаад байгаа нь олон нийт, зарим хэсэгт таалагдаж байгаа л байх, гэхдээ нөгөөх нь эзэнтэй байна уу гэдэг асуудалтай байгаа болов уу. Хэн хариуцах арчилж тордох юм гээд. Ард түмний эзэнтэй мөнгийг авч ирээд эзэнгүй хээр хаячихдаг, нөгөөх нь тордохгүй бол дороо дуусдаг?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тордохгүй гэдэг нэг талаараа үнэн.Барилгыг стандартгүй баривал аюултай. Кран уналаа, барилга цуурлаа гээд л нөгөө стандарт баримтлахгүйгээс. Эцэст нь эрдэнэт хүний амь нас аюулд хүрдэг.Тухайн үед мөнгө авч юм хийсэн нөхөд хам хум юм хийдэг. Одоо та нар мэдэж байгаа, өмнөх жил нээлтээ хийсэн сайхан шинэ замаар энэ жил явхад хагарсан байна. Тэгэж зам тавиад хэрэг байна уу. Нэг Засгийн газрын нүүрэнд зам тавьсан нэртэй, хоёр дахь засаг залгаагүй байхад нөгөө зам нь бартаат зам,  шүүрэн шанга шиг болчихсон байвал ямар хэрэг байна. Одоо тэр замаа арчилж тордох хэрэгтэй байна шүү дээ. Тэр механизмаа давхар бодохгүй байна. Наад зах нь 15 жил, 20 жил эвдэрдэггүй зам барих хэрэгтэй. Манайх чинь өвөл, хавар, намар, зун болдог, газар нь сунаж, агшиж, тэлж байдаг онцлогтой орон шүү дээ.  Island гээд орон байна, зам барьдаг стандарт нь шал өөр. Тэндээс зам барьдаг стандартыг нь оруулж ирээд, наад зах нь 30 жилийн настай зам барих хэрэгтэй. Нэг удаа баахан мөнгө зараад 3-4 жилийн дараа хараал идээд зам нь там боллоо гэвэл ямар хэрэг байна. Улаанбаатарт хийж байгаа ажил, нийтийн тээврийн асуудлаа яаж шийдэх юм. Тэр бүхнийгээ цогцоор нь шийдэх хэрэгтэй байна.

Хөтлөгч И.Буянжаргал: -Манайх нийслэлээр овоглосон телевиз учир танаас тодруулан асууя. Нийслэл хотод манай нийт хүн амын тал хувь нь амьдардаг, шийдэл хүлээсэн олон асуудалтай. Асуудлуудыг шийдэхийн тулд  хотын удирдлагууд метротой болох, шинэ дагуул хотууд бий болгох гээд хамтрах байгууллагаа сонгоод, Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллах гээд байдаг. Тэгтэл тэр асуудал нь гацдаг. Хөрөнгө олгохгүй гээд гацаадаг хүмүүс дээр байгаад байх шиг байна. Дайсагнаад ч байгаа юм шиг, яах вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Энэ асуудал эмгэнэл л болоод байх шиг. Улаанбаатар хотыг есөн том төв болгоод хөгжүүлчихье. 100 жилийн өмнө гадаа гарч бие засдаг байсан тэр үе одоо хүртэл байна шүү дээ. Энэ нь хөрсний бохирдол болоод эрүүл мэнд, удамшлын гамшиг, агаарын бохирдол болоод байна. Хүн амын 40 хувь энд амьдарч байна. Орж гарч байгаагаа тоолбол бүр олон хувь эзэлж байна. Эдгээр асуудлыг шийдэл гаргаад зээл өгье. Тэр есөн төвийг байгуулж өгье гээд Азийн хөгжлийн банк хэлж байгаа.  Дээр нь 17 байршилд дахин төлөвлөлт хийж зээл өгье гэж байгаа.Бараг 600 гаруй сая ам.доллар өгье гэсэн. Түүнийг засаг дээр хэлэлцээд, Их Хуралд оруулж ирээд тэр боломжийг шийдээд, хурдан гаргаж өгөх хэрэгтэй. Эдийн засгийн хөгжлийн сайдын ярьж байгаа зүйл дээр би өөрт нь ч хэлж байсан. Ерөнхий сайдад ч хэлж байгаа. Азийн хөгжлийн банк, дэлхийн банк гээд бидэнд тусалж дэмжиж явсан банкууд бий. Танайд ийм ийм төсөлд 100 сая ам.долларын зээл олгож, ингэж дэмжиж туслая. Ядуурлыг бууруулах, амьжиргааг дэмжих, жижиг дунд бизнесийг дэмжие  гээд дэлхийн хамгийн сайн туршлагыг харж байгаад Монголд хэрэгжүүлэх, туслах гэж зорьж байгаа шүү дээ. Тэгтэл урдаас нь “Манайд 100 сая ам.доллар хэрэггүй. Танайхаас тэрбум ам.доллар авна” гэхээр нөгөө хүмүүс нь гайхаад харилцахаа ч болиод байгаа юм. Би хэлж байгаа юм. Энэ бонд гэж айхтар хүүтэй мөнгөнөөс чинь Азийн хөгжлийн банкны санал болгож байгаа мөнгө харин ч 30 жилийн хугацаатай, хүү багатай.Олон улсын санхүүгээс орж ирж байгаа бизнесийг дэмжих, Улаанбаатар хотыг дэмжих  мөнгийг хамгийн түрүүнд авах хэрэгтэй. Үүнийг авах гэхээр өрийн хязгаар тулчихлаа гэдэг. Би хоёр жилийн өмнө хуулиа оруулж ир гэсэн шүү дээ. Тэгтэл Чингис бондын үлдэгдэл байгаа, одоо зарим аймагруу л хийнэ л гээд байдаг.

Өчигдөр би Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзахад ярьж л байна лээ. Улаанбаатар хотод уулзварууд хийсэн, одоо хөдөө орон нутагт Их Хурлын хэдэн гишүүдийн тойрогт цацаад л өөрсөдтэй нь хариуцлага тооцъё энэ тэр гэж. Энэ чинь хүмүүст улс төрийн хахууль болгож өгж байгаа юм шүү дээ. Танай тойрогт ийм зүйл хийнэ гээд очоод мундаг уулзвар барьсан, ийм байшин барьсан, одоо намайг гарга гээд л өөрийгөө хамгаалах л арга шүү дээ. Буруу зүйл хийсэн хариуцлагаас зугтах гэж байгаа л арга. Их Хурал дээр ороод ирэхэд  наад зах нь огцрохгүй байх, цаашаа аймагруугаа очоод дахин сонгогдох, ерөөсөө л энэ. Өөр ямар ч бодол алга.

Хөтлөгч Д.Сайнбаяр: -Уучлаарай, Ерөнхийлөгч өө, ингээд асуучихвал болох  байх гэж бодож байна. Яагаад гэвэл би сэтгүүлч учраас. Улс орны эдийн засгийн бодлогыг буруу тийш нь явуулж байна. Туслая, дэмжие гэж байгаа, наашаа гэсэн хэдийн урдаас буруу харилцаж байна гэж таны ярианд дурдагдаж байгаа хүнд та хоёр жилийн өмнө гавъят эдийн засагч цол хэргэм өгч байсан шиг санагдах юм?

Хөтлөгч И.Буянжаргал: -Нэмээд  асуухад энэ шагналыг эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн л авдаг байх гэж бодсон, үгүй юм уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Н.Батбаярыг хэлж байх шиг байна. Эдийн засагт мундаг зүйл хийсэн хүн л авдаг байх ёстой л доо. Төрийн албан хаагч, төрд алба хашиж байсан хүмүүсийг шагнадаг гавъяатын тэмдэг байдаггүй юм. Гэтэл хуучин Ерөнхий сайд байсан хүмүүс, эдийн засагч байсан, эдийн засагч биш байсан хүмүүс ч энэ тэмдгийг авдаг тохиолдол байдаг. Гавъяат Их Хурлын гишүүн, гавъяат төрийн албан хаагч гэж цол тэмдэг байхгүй. Хүмүүс үүнийг шүүмжилж л байсан.  Энэ нь тэр эдийн засаг энэ тэртэй ямар ч холбоогүй зүйл. Манай Батбаяр сайд  ардчилсан Үндсэн хууль батлах үед Ардын Их Хурлын дэд дарга байсан хүн. бид хоёрын зам 1990 оноос хойш хамт юм л даа. Би нэгдүгээр хороололд амьдарч байсан. Тэр үед тэр дүүрэгт нэр дэвших гэж байхад манай намын нөхөд ирээд “Монгол түлхүүр”-ийн Батбаяр гээд МҮДН-ээс нэг нөхөр байна, түүнийг энд дэвшүүлэе. Та бол хаанаас ч дэвшээд гарна.Таны өмнөөс дэвшүүлье гэсэн. Элбэгдоржид санал өгөх хүмүүс Батбаярт саналаа өгөөрөй гээд, тэгээд л сонгогдож Ардын Их Хурлын депутат болж, Үндсэн хуулийг батлалцахад Ардын Их Хурлын орлогч дарга байсан юм. Тэр гавъяат цол тэмдэг өгөх зарлигт юу гэж бичсэн бэ гэхээр “Ардчилсан Үндсэн хуулийг батлалцахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж” гэж бичсэн. Би мартаагүй бол ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойгоор хэдэн хүнд цол тэмдэг өгсөн. Тэгэхэд л өгсөн юм байгаа юм.

Хөтлөгч И.Буянжаргал: -Давхар дээлийн хуулийг Ерөнхийлөгч татах болов уу, үгүй болов уу гээд өрөөндөө бүгчихээд, байнгын хорооны хурлын ирц бүрдүүлэхгүй хүлээгээд суугаад байгаа нөхөд бий шүү дээ. Та хуулиа татах уу, үгүй юү, тэдэнд хандаад та түс тас хэлээч?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Татахгүй. Дахиад цаг алдах хэрэггүй. Шийдэх юмаа одоо л шийдчихье. Тэгээд 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье. 2016 оны долдугаар сарын 1 гэхэд УИХ-д нэр дэвших нь өөрсдийгөө тодорхойлчих. Засагт байх нь засгаа тодорхойлчих. Сонгуулийн хуульдаа, намуудын хуульдаа тодорхой өөрчлөлтүүдийг хийчихье. Намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт, бизнес, улс төрийг салгасан хуулиуд гээд маш тодрхой заалтууд орж ирэх юм. Энэ бүхнээрээ бид асуудлаа засна. Энэ бүхнийг би түлхсэн шиг түлхэнэ. Зүгээр ганц өгүүлбэрээр өөрчлөлт оруулах гэхэд л ямар хүндрэл байдаг билээ.

Би өмнө нь Ухаалаг төрийг ярихдаа хэлж байсан. “Энэ дээр эсэргүүцэлтэй тулна. Гуравны нэгд нь би ард түмнийхээ дэмжлэгт итгэж байна. Гуравны нэгд нь улс төрийн хүчнүүдийг нийлүүлж зүтгүүлнэ” гэж хэлж байсан. Уг нь улс төрийн хүчнүүд бүгдээрээ нийлээд, сөрөг хүчинтэйгээ ч хамтарч нийлээд ухаалаг төрийг дэмжинэ гэж тунхагласан биз дээ. Дөнгөж эхний аяганд цай хийгээд, өргөөд барихад л “За энэ чинь биш юм байна аа” гээд л эхэлж байна.  Ард нь халуун савтай орж ирэх гээд байгаа юмыг яах гээд байгаа улс вэ.

Хөтлөгч И.Буянжаргал: -Таныг хуулиа татахгүй гэхээр нэг хэсэг нь баярлана. Нөгөө хэсэг нь 2016 оны долдугаар сарын 1-нээс биш 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжээд бид балрах нь гээд байна шүү дээ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Наадуулд чинь зөндөө арга байгаа. Ажлаа л хийх хэрэгтэй. Ирцээ хүргэхгүй долдугаар сар хүргэнэ ч гэж зарим нь бодож байгаа. Зарим нь аягүй бол хуулиа батлах уу гэнгүүт батлахгүй гэсэн хэсэг нь олонхи болоод нөгөө хууль чинь бантан ч биш, жонхуу ч биш, гарахгүй ч байж магадгүй. Би буурныхаа занг андахгүй.

Би хоёр намын бүлэг дээр хоёуланд нь орж ийм учиртай хууль, ингэж оруулъя, бид ийм алдаа хийж байсан гэдгийг тайлбарлаж байсан. Ард  иргэддээ тайлбарлаж байсан. Энэ миний л хийж байсан алдаанууд. Тийм учраас би алдаагаа ойлгосон. Тэгээд хууль санаачилсан. Үүнийг цааш үргэлжлүүлж болохгүй. Нэг хүн муу юм хийсэн. Нэг муу нэртэй хүн байгаа гэдгээр улс орныхоо тогтолцоог муугаар нь байлгаад байж болохгүй.

Хөтлөгч Д.Сайнбаяр: -Буурныхаа занг андахгүй гэснээс одоо яг нэг зорилготой, нэг угшлын хүмүүс төрийн гурван өндөрлөгт ажиллаж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бие биеэ үгүйсгэх шаардлага байхгүй. Гэтэл нөгөө талаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн эргээд намдаа их хатуурхдаг гэсэн яриа байдаг. Танд ажил хийхэд хэр хялбар байна?

Хөтлөгч И.Буянжаргал: -Сонгуулийн үед тулгын гурван чулуу шиг ажиллана гэж байсан, тэгж чадаж байна уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Өмнө нь би өөр намын УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ажиллаж байсан. Гурван тийшээ харчихсан. Монгол хүмүүс мөртлөө өөр өөр юм яриад байгаа ч юм шиг. Нэг байшинд байтугай, нэг улсад багтахгүй, тийм болчихсон байсан. Бид одоо бол нэг механизмтай. Долоо хоног бүр уулздаг. Хоёр дахь өдөр болгон ҮАБЗ-ийн уулзалт хийдэг. Тэгж цуглаад энэ долоо хоногт ямар ажил байна. Өнгөрсөн долоо хоногт ямар асуудал байв гэдэг болсон. Ганцхан гэдийж байгаа юм бол хариуцлагын асуудал. Энэ Засгийн газар өөрөө их хэврэг Засгийн газар л даа. Энэ Засгийн газрыг огцруулах, бүтнээр нь солих тухай ямар ч асуудал байхгүй. Хариуцлага тооцох асуудал дээрээ тооцоод л явах хэрэгтэй.

Би ойрхны жишээ хэлье. Сая Япон яваад ирлээ шүү дээ. Японд жилдээ Засгийн газрынхаа 70-80 хувь, зарим үед 90 хувийг сольдог. Ш.Абэ Ерөнхий сайд гарч ирээд ямар мундаг ажиллаж байгаа билээ. Японы эдийн засгийг нэлээд босгоод, өсөлт бий болсон . Ш.Абэ Ерөнхий сайдын рейтинг өнөөдөр 70 хувьтай байгаа шүү дээ. Одоо манай сайд, дарга нарын рейтинг хэд байна аа, мэдэхгүй. 50-иас дээш байна уу, аль эсвэл 10-20 болсон уу.

Ш.Абэ Ерөнхий сайд кабинетийнхаа нэлээд олон сайдын жагсаалт гаргачихсан, ингэж өөрчилнө. Сайд хийх дахиад 20 хүн байна гээд байж байна. Ингэж байж хүн итгэдэг. Дахиад нэг шинэ хүн гараад ирлээ. Нэг дэвшилтэт зүйл гараад ирлээ гэж явдаг. Тэнд хийж болж байгаа юмыг заавал хүнээр хэлүүлээд байлтгүй эндээ хийж болно шүү дээ. Бид парламентын засаглалтай улс. Улс төрийн хувьд саад болоод байгаа юм ерөөсөө байхгүй. Гурван дарга саад болоод байгаа юм байхгүй. Гурвуулаа аль болохоор ойлголцож ажлаа хийх гэж үзэж байгаа. Гадаад, дотоод янз бүрийн хүндрэл бол байна. Түүнийг давахын төлөө л ажилладаг.

 

Монголыг ойлгох хэрэгтэй

Хөтлөгч И.Буянжаргал: -Нэг зүйлийг асуухгүй байж болохгүй нь. Оюутолгой, Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулчихвал бид хөгжөөд цаашаа мундаг сайхан болно гээд хүн болгон их сайхан итгэлтэй байсан. Оюутолгойн ил уурхай ашиглалтад ороод, анхны олборлолтоо хийгээд, анхны хөрөнгө оруулалтын буянаар эдийн засаг 17 хувьд хүрч өсөөд, баахан халамж тараагаад мундаг байлаа шүү дээ. Гэтэл одоо байдал жаахан таагүй сонсогдох юм. Оюутолгойн дараагийн хөрөнгө оруулалт зогсчихсон чинь ам.долларын ханш өслөө ч гэдэг юм уу. Оюутолгой дахиад орон тоогоо 30 хувиар цомхотгох гэж байна ч гэдэг юм уу. Далд уурхай ашиглах хугацаа хойшиллоо гэх мэт. Үүнийг дагаад гадаад дахь манай үнэлэмж буураад байна. Анхнаасаа үүнийг яаж шийдэх байсан бэ. Одоо бидний гарц юу вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Анхнаасаа миний байр суурь маш тодорхой байсан. 34 хувийг ерөөсөө авах шаардлагагүй. Хөрөнгө оруулалтаа хийгээд л авдаг татвараа авъя. Хоёр татвар байдаг. Юмаа гаргаад ашигтай орлоготой болоод ирвэл аж ахуйн нэгж,бусад татвараа бүгдийг нь авъя. Бид хосгүй үнэт баялгаа ашиглуулж байгаа. Тийм учраас Роялти гэж нэрлэдэг  татвараа авъя. Тэгээд л боллоо. Нөгөө тал 100 хувь хөрөнгөө оруулаад, тэр ус, цахилгаан, аюулгүй байдал, бүх юмаа өөрсдөө хариуц гээд хаяъя гэдгийг би бүр АН-ын дарга байхдаа 2008 оны хавар АН-ын гүйцэтгэх зөвлөл дээр шийдвэр гаргуулж байсан. Ганц хоёрхон хүн эсрэг байсан. Бусад нь бүгд 100 хувь, энд төрийн өмчийн ямар нэг оролцоо байх шаардлагагүй гэж байсан. Уг нь 34 хувь гэдэг юм хийх хэрэггүй л байсан юм. Эрсдэл л дээ.

Оюутолгой дээр нэг юм хэлэх хэрэгтэй. Бид хуулиа, гэрээгээ хэрэгжүүлээд явна. Монголын төр, засаг “За” гээд гэрээгээ хийсэн бол ёогүй хэрэгжүүлнэ. Одоо Оюутолгойд саад болж байгаа зүйл байхгүй. Үүнийг би хэлсэн шиг хэлчихье. Энэ компани ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Заавал Монголын нэр хүндийг унагаж, гадаад зах зээл дээр өөрсдийнхөө хийж чадахгүй байгаа юмаа, бизнес нь болохгүй байгаа юмыг Монголтой холбож тайлбарлах шаардлагагүй. Монголын хуулийг хэрэгжүүлээд л яв. Гэрээгээ хэрэгжүүлээд л яв. Оюутолгой анх гэрээ нь орж ирэхдээ тусгай татвараар зохицуулагдана. Монголын татвар хамаарахгүй гэж байсан юм шүү дээ.Тэгэхэд нь бид нар “Монголын татвараар явна аа хө” гэж татвар бий болгож өгч, хайлуулах үйлдвэр байгуулна гэж  хайлуулах үйлдвэрийн заалт оруулж өгсөн. Сая шахсаар байгаад лаборатори хажууд нь байгуулна гэлээ. Цаашдаа цахилгаан станц байгуулбал манай цахилгааныг аваад л яваг. Төмөр зам байгуулбал манай төмөр замаар ачаагаа зөө.

Эрдэнэт гэж гаднын хамтарсан үйлдвэр ажиллаж болоод байна. Одоо ч бидэнд гаднын хамтарсан үйлдвэрүүд ажиллаж байна. Ажлаа л хий. Та бүхэнд саад болж байгаа юм нэг ч байхгүй. Харин Монголын хөгжил, дэвшилд саад болох хэрэггүй. Монголын нэр хүндэд хор болж болохгүй шүү. Монголын ард түмнийг ойлгох хэрэгтэй. Монголын ард түмэн хуультай ард түмэн шүү гэдгийг би жилийн өмнө хэлж байсан. Монгол Улс нээлттэй. Бид ганцхан юм шаардаж байгаа. Та нар нээлттэй байгаач, ил тод байгаач ээ л гэж шаардаж байгаа. Мөнгөө оруулж ирээд юунд зарсан бэ. Ямар зардал нь хэтэрсэн юм. Юу нь болохгүй байсан юм. Бид олон улсад байдаг ил тод байдлыг л өөрсдөөс нь шаардлаа шүү дээ. Байгаль орчинд ээлтэй байх ёстой гэдгийг өөрсдөөс нь шаардаж байна. Хариуцлагатай компани гэж байгаа юм бол ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдээд л яв л даа. Үнэхээр сайн соёл оруулж ирж байгаа юм бол. Үүнийг л бид байнгын хэлж, ийм л байр суурьтай байгаа. Бүх юм Оюутолгойгоос өөрөөс нь болж байгаа.

Хөтлөгч И.Буянжаргал: -Тавантолгой нүүрсний баян нөөцтэй. Гэтэл сүүлийн үед нүүрсний үнэ их унаж байна. Тавантолгойд ОХУ, Хятад, Япон, Солонгостой хамтраад нэмүү өртөг шингээгээд харилцан ашигтай ажиллана гэж олон жил ярьсан. Яг өнөөдөр өөрсдөө л нүүрсээ ухаад түүхийгээр нь гаргаж байна л даа. Гаргасан нь Чалкод тавьсан өрөнд яваад дуусч  байгаа. Ирээдүйгээ яаж харах ёстой юм бол. Бидэнтэй хамтарна гэсэн нөхдийн чимээ сураг юу болж байгаа юм бол. Япон гэхэд л хуурай сүү, цэнхэр автобус, сургуулиас авахуулаад тусламж их үзүүлсэн атлаа оруулсан хөрөнгө гэхээр 180 гаруй л сая ам.доллар байх юм. Сая байнгын хороон дээр Элчин сайд мэдээлэл хийсэн л дээ. Тэгээд бодохоор тэд бидэнд нэг л итгэж өгөхгүй байна уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөөсөө биднээс л болж байгаа юм. Манайхан юм шүүмжлэхээр төрөөс болж байна гэж шүүмжлэх юм байна шүү дээ. Уг нь надаас өөрөөс болж байна гэх ёстой. Үнэхээр надаас, чамаас, сайдаас, төрд бодлого тодорхойлж байгаа биднээс яг болж байгаа. Засгийн газраас, асуудал хариуцаж байгаа хүнээс болж байгаа. Мянган хөрөнгө оруулалтын хууль гаргасан ч гэсэн ийм хүн сууж байхад яаж Монгол руу хөрөнгө чиглэх вэ гэсэн хандлага дэлхий нийтээр байж л байгаа. Дэлхий нээлттэй болчихсон шүү дээ. Дэлхий хавтгай гэдэг чинь хүн бүхэн бүх юмаа мэддэг болсон л гэсэн үг юм.

Би Тавантолгой дээр маш тодорхой байр суурь хэлдэг юм. Тавантолгой дээр нэг захирал бий болоод, хэдэн хүн суугаад нүүрс зөөх хэрэггүй. Төр, төрийн компани  нүүрс зөөж яах юм бэ. Төрийн компани бол цаасны, гэрээний, хуулийн компани л байх ёстой. Хуулиа биелүүлэхийг шаарддаг, ашигтай ажиллаж байгаа бол татварыг нь татварынхан авдаг. Ингээд боллоо. Өмнөх хүн нь бараа, дугуй дутуу шахсан юу юу ч гэлээ. Дараагийн хүн нь юу болох юм байгаа юм. Үнэхээр энэ дээр санаа зовдог юм. Сайд дарга нар сонгуульд ялагдаад нүүдлийн шувуу шиг алга болоод өгдөг. Ард нь ажил хариуцаж байсан хэдэн хүн хэрэг төвөгт орлоо барилаа гээд ингэх вий дээ. Энэ дээр санаа зовж байна. Ингэхээр төрийг бизнесээс хурдан салгаж өгөх хэрэгтэй. Ялангуяа төрөөр дамжуулж бизнес хийдэг сэтгэхүйгээс салгах хэрэгтэй. Сайд гаднын компанитай очоод бизнес ярих гэхээр өөдөөс нь улс төр, геополитик, танай, манай улс гээд яриад байгаа байхгүй юу. Бизнес хүн очоод ярихаар худалдаа, бизнесээ ярьдаг. Сайд очоод ярихаараа надад ямар ашиг байна гэж хараад байдаг. Хувийн компани очоод ярихаар манай компанид ямар ашигтай байна гэж яриад байна аа даа. Энэ хоёр ялгаатай. Тэгэхээр улс төр, бизнес хоёрыг салгаж өгөх хэрэгтэй. Зарим хүн төрийн ийм юм, тийм юм муу байна л гэдэг. Бизнесийн амьдрал, ард түмний амьдралыг муу төртэй улам хольж болохгүй. Болж өгвөл хөндийрүүлэх хэрэгтэй. Ийм хууль оруулах гэхэд бараг нэрийг нь сонсоод л наад улсууд чинь зугтаад байна л даа.

Гэхдээ шахна аа. Хэвлэл, мэдээлэл шахна. Олон нийт шахна. Зүтгүүлнэ. Болно. Бид нарт чинь бас нэг мундаг ёс зүйн цагдаа гараад ирсэн шүү. Би боддог юм. Жиргээ гээд л байна. Тэнд олон янзын санаа орж ирж байгаа. Тэнд оролцоод харж байхад буруу юм гарвал тэр хүмүүс яаж реакцалж байна. Яг л ард түмний дохиолол шиг л байгаа шүү дээ. Фейсбүүк рүү ороход хүүхдүүд голдуу л ордог байх л даа. Учраа мэдэхгүй гэмээр тийм хүүхдүүд орж ирээд яаж асуудал тавьж байна. Би жишээ нь, ард түмнээр дамжуулсан тийм ёс зүйн цагдаатай. Намайг жаахан буруу алхам хийхэд тэр хүмүүс яаж шүүмжилж байна. Тэнд нэг төрийн албан хаагч байлаа гэхэд “Ерөнхийлөгч өө, та юу харж байна аа” гээд л  анхааруулж байна шүү дээ. Энэ бол их том юм. Ер нь албан тушаалтнууд нэг л юмнаас санаа нь зовно. Юунаас санаа зовох вэ гэхээр ард түмний харж байгаа байдлаас, ард түмнээс жаахан ичих байх даа. Ялангуяа үүн дээр хэвлэл үүргээ биелүүлмээр байгаа юм.

Ойрын өдрүүдэд баахан маргаан гараад, давхар дээл огцорно, огцрохгүй гээд ороод ирэхээр хэвлэлийнхэнд баахан мөнгө ирдэг шүү дээ. Баахан мөнгө яриад л, түүнийг нь хариуцсан улсууд,дарга, цэрэг, эзэд нь аваад л хэвлэлийнхэн бол их л сүрхий мөнгөжиж байгаа байх. За яах вэ, тийм байдаг л байж. Нөгөө талд мөнгө өгөөгүй юм уу, орж амжаагүй тал нь хамгийн их шүүмжлүүлж суугаа. Хэвлэл рүү мөнгө хаяж байгаа, тэр ямар ч их мөнгө юм. Ямар ч их хахууль юм. Аль эх үүсвэрээсээ ч гарч байгаа юм. Хэнээр дамжиж хэнд очиж байгаа юм. Жаахан цаашаа хөшиг нээгээд л харахад бүгд л цаган дотор эргэлдэж байгаа механизм шиг ил харагдаж л байгаа.

Хөтлөгч И.Буянжаргал: -Таны санаачилсан, сая буцаасан шилэн данс уг нь үүнийг л ил болгох ёстой биз дээ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Яг үнэн. Уг нь энэ мөнгөө замынхаа цоорхой руу хийх ёстой. Тендэрийн хууль оруулах гэхээр оруулж өгдөггүй. Би бол Засгийн газрын санаачилсан Тендэрийн хууль буруу байна л гэж байгаа. Худалдан авалтын хууль дээр бид ажиллаж байгаа. Манай нэг буруу юм байдаг юм. Цагдаагийн хуулийг цагдаагаар санаачлуулна. Эдийн засгийн хөгжил гэхээр Эдийн засгийн сайд, Сангийн яамны хуулийг Сангийн сайд санаачилна. Уг нь шал өөр субъект санаачлаад, иргэний нийгэм, мэргэжлийн улсууд оруулах ёстой. Нөгөөдүүл оруулахаар өөрийнхөө бүрэн эрх, хамаг юмаа л тэр рүү чихэж өгнө биз дээ. Бусад орон худалдан авалт хийгээд л байна шүү дээ. Энэ том том хөгжсөн орнуудыг хараад байхад төрийнхөө худалдан авалт дээр дотоодын үйлдвэрүүд нь боссон байдаг юм. Цэргийн үйлдвэр гэхэд АНУ, хуучин ЗХУ ч адилхан шүү дээ. Төрийн худалдан авалт дээр л үйлдвэрүүдээ дэмждэг. Цэргийн хувцас, буу, сум, хоол хүнс, кока-кола, иддэг, уудаг, талх, тэр бүхнийг хийдэг үйлдвэр нь худалдан авалтаар босч ирдэг.  Ерөөсөө капитализм гэдэг чинь үнэн чанартаа төрийн дэмжлэгээр босч ирж байгаа хувийн эдийн засгийн боломж юм.

Өнөөдөр энэ Монголд байна уу. Хэдэн төгрөг гаргадаг. Аваад л гадагшаа явж байгаа биз дээ. Тийм учраас Монгол худалдан авалтаараа дамжуулаад  ЖДҮ-ээсээ авахуулаад л хөгж л дөө. Сайдын ширээг заавал гаднаас худалдаж авахгүй, Монголд хийсэн модон ширээгээр л сайдын ширээг соль гэж би хэлээд байдаг шүү дээ. Түрээс гэдгийг өрөөгөө цэвэрлүүлэхдээ заавал дүүгээрээ биш, өөр хүнээр, цэвэрлэдэг компаниар цэврлүүлье. Үүнээс эхлээд л худалдан авалт байхгүй юү. Монгол Улс маш их хэмжээний, бараг нэг тэрбум ам.долларын худалдан авалт хийж байна шүү дээ.  Тэрбум ам.долларын худалдан авалт гэдэг чинь тийм их хэмжээний мөнгөөр эргээд эдийн засгаа босгоно. Үйлдвэрээ дэмжинэ. Хүмүүс ажилтай болчихно. Худалдан авалт дээр нэг онцгой сайхан юм байгаа юм. Гадна талд авлига огт алга болчихсон, сайдууд нь авлига авдаггүй юм уу гэвэл бас тийм биш. Түүнийг бас нэг аргаар нээгээд өгчихөж байгаа юм. Худалдан авалт дээр хувь тогтоочихдог. Сургууль барих гээд худалдан авалтын гэрээ хийж байгаа бол энэ сургуулийг танай компани барих юм бол 10 хувийн ашигтай. Тэгээд л боллоо. Ашгийг нь л зарладаг.  10 хувийн ашиг нь илүү өгөөд байх мөнгө байхгүй юү. Манайхан ашиг нь нууц байдаг учраас 10 хувийн ашгийг нөгөө зарлаж байгаа нөхөд хувааж аваад, дараа нь шат шатандаа дарамтлаад, сургууль нь сургууль ч биш, сүүл рүүгээ цэцэрлэг, тэгээд амбаар, тэгээд балгас. Бүр хурдтай бариулмаар объект бол хувийг нь жаахан нэмээд л зарлачихдаг. Энэ дээр 20 хувийн ашиг. За ороод ирээрэй гэхэд л гялалзтал орж ирнэ. Бүр онц чухал юман дээр 30 хувийн ашиг зарлаад л ороод ирдэг. Яг үүгээр хуулиа хийж, үүнийг ил тод болгоё.

Нөгөө талд нь Шилдэн дансны хууль, нөгөө талд нь Улс төрийн хариуцлагатантай хариуцлага тооцдог хууль, нөгөө талд нь худалдан авалтаараа дамжуулаад ард иргэдийн бизнес, ЖДҮ-ийг гялалзтал дэмждэг ийм л хууль хийе. Энэ бүх юм бэлэн боллоо. Одоо бид нар өргөн барих гээд л, очер дугаарт түлхэнэ дээ.

 

Миний нэг үнэлдэг зүйл бол Х.Тэмүүжин өөрөө үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн

Хөтлөгч Д.Сайнбаяр: -Өчигдөр таны твиттер хуудсандаа бичсэн нэг өгүүлбэр олон нийтийн анхаарлыг татсан л даа. Тэр нь нэг тийм салаа утгатай байсан. Таны санаачилсан шүүхийн салбарын шинэчлэлийг гардан хийж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой жиргээ байсан. “Х.Тэмүүжин сайд ноцтой алдаа хийх нь хийсэн. Гэхдээ энэ засгаас хамгийн түрүүнд огцрох сайд лав биш” гэсэн нь салаа утгатай болоод байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Гурав дахь өгүүлбэрийг нь бас бүтэн унших хэрэгтэй. “Х.Тэмүүжин сайд бол алдаагаа засах чадвартай гэдэгт итгэж байна” гэсэн өгүүлбэр байгаа. Хуулийн шинэчлэл хийнэ гэдэг амаргүй. Х.Тэмүүжин 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Би 2009 онд Ерөнхийлөгч болсон. УИХ-ын гишүүн байхдаа л бид хамтарсан. Бүр 2003 онд би эргэж ирээд улс төр рүү орж, “Нүүх үү, үлдэх үү” гэдэг лекцээ уншаад л явж байхдаа бид нар хамтарч ажиллаж байсан юм. Тэр үед “Азийн санаачилга” гэсэн ТББ байгуулчихаад, Монгол Улсын Үндсэн хуульд ямар асуудал байна. Бусад хуульд, шүүхэд ямар асуудал байна гэдэгт тэр үед бид нар судалгаа хийж байсан. Энэ чинь арваад жилийн өмнөх болж байна шүү дээ. Тэр л ажлаа өнөөдөр үргэжлүүлээд л явж байна. Гишүүн болоод бид гурван жил хамтраад л ажилласан. Одоо сайд болоод хоёр жил хамтраад ажиллаж байна.

Шинэчлэл дээр алдаа гарна. Ажил хийж байгаа хүн алдана. Хэрэв алдаагаа засчих юм бол улам илүү шинэчлэл хийх боломж гарна. Миний нэг үнэлдэг зүйл бол Х.Тэмүүжин өөрөө үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн. Тийм улстөрч их цөөхөн байдаг. Сайн улстөрч болох гэвэл есөн шид нь бүрдэх ёстой гээд би хэлдэг. Түүний хамгийн түрүүчийн нэг шид бол явж явж үнэлэмж. Дараагийнх нь хүнтэй харилцах харилцаа. Нийгэм чинь хүнээс бүрддэг шүү дээ. Тэгэхээр тэр цагдаагийн байгууллагатайгаа яаж харилцах вэ. Явж явж цагдаагийн байгууллага бол Х.Тэмүүжин сайдын өөрийнх нь удирдсан агентлаг. Хэрэв Х.Тэмүүжин сайдыг жанжин гэж үзэх юм бол тэнд байгаа хүмүүс цэрэг нь. Тэр хүмүүстэйгээ хэл амаа ололцоод, зарим нэг зүйл дээр ухрахаар бол ухарч болно. Ухрах зүйл гэж байна. Дандаа юмыг 100 хувь хийнэ гэж байхгүй. Хууль оруулж ирэхэд хүртэл “За энэ гурав дээр зөвшилцье. Энэ нь хүмүүсийн хэлээд байгаагаар цаг хугацаа нь болоогүй юм шиг байна. Гэхдээ энэ 60 хувийг нь ёстой аваад гарна шүү” гэдэг хэлбэр хэрэгтэй байдаг. Тэр “ноцтой” гэдэг дээр хүмүүс айхтар анхаарал хандуулсан байх. Миний “ноцтой” гэж хэлж байгаа нь бол алдааг нэг удаа хэллээ. Хоёр удаа хэллээ. Түүнийгээ засахгүй л байгаа бол, алдаагаа давтаж байгаа бол тэр нь ноцтой алдаа л даа. Хэрэв алдаагаа засч байгаа бол энэ бол том сургамж. Алдаагаа засна гэдэг бол зориг. Алдаагаа ойлгоно гэдэг бол ухаан. Алдаагаа давтахгүй байна гэдэг бол сургамж. Тэр сургамжийг авсан хүн ямар ч алдаа гаргасан байсан, алдаагаа ухаарсан хүнийг миний бодлоор өршөөх ёстой. Уучлах ёстой гэж боддог. Х.Тэмүүжин өнөөдөр Монголын хөгжилд гай болж байгаа юм байхгүй. Х.Тэмүүжин өнөөдөр Монголын хууль зүйн шинэчлэлийн үйл ажиллагаанд гамшиг тарьж байгаа юм байхгүй. Залуу хүн, анх удаа сайд хийх гээд ажиллаж байна. Бид нар ч алдаж байсан. Гэхдээ алдаагаа зохицуулаад, олон түмэнтэйгээ зөв харьцаад явахад ажил хийх бүрэн боломжтой.

Х.Тэмүүжинг өргөн барилаа гэдгийг сонсоод л би хэлж байсан. Х.Тэмүүжинг огцруулахгүй ээ. Хамгаална аа. Энэ хамгаална гэдэг нь бид хууль, шүүхийнхээ шинэчлэлийг хийе гэж байгаа юм. Зарим нь хэлдэг юм. “Х.Тэмүүжин ганцаараа хийдэг юм уу” гэж. Х.Тэмүүжин ганцаараа хийхгүй л дээ. Хууль, шүүхийншинэчлэлийг хийе гэхэд маш олон хүний хүчин зүтгэл орж байгаа.

Яахав, наад зах нь хүнтэй зөв харилцах ёстой. “Аа, энэ тушаал биелүүлдэг цагдаа. Энэ муу цагдааг сайн цагдаа болгоно” ч гэдэг юм уу. Чи нэг хамт олон дээр ирчихээд л, “Та нар муу. Одоо би сайн болгоно” гэвэл биш л дээ. “Та нар Монголын төрийн тавьсан даалгавар, өгсөн үүргийг биелүүлж өдий хүртэл зүтгэлээ, хөөрхий. Одоо бидний өмнө ийм асуудал гарч ирж байна. Та нартайгаа хамтраад энэ юмыг ингэж шийднэ. Нийгмийн ийм шаардлага байна” гэх хэрэгтэй. Наад зах нь яриа, хэллэгийн асуудал. Багш байж шүүмжилдэг байдал улстөрч болоход өөрчлөгдөх ёстой. Энэ хүн бол сурч байгаа. Уулзаад ярьж байхад алдсан алдаагаа ойлгож, ухамсарлаж байгаа байдалтай байгаа. Одоо улам л цаашаа ажиллана. Нэг ийм юм хүнд маш их сургамж өгдөг. Би өөрт нь хэлээд л загнаж байсан. “Тэмүүжин чи огцорно гэдэг асуудлыг нэг ч удаа өмнөө тавиулж үзээгүй хүн шүү. Огцорч үзээгүй хүн. Чи миний амьдралыг хар даа. Би Ерөнхий сайдаас хоёр удаа өшиглүүлээд, хөөгдөөд бууж л байсан. Авлигатай тэмцлээ, нөгөө талтай нийллээ гээд л хашгираад л. Гадаа цуглаан болоод л. Байшин сав дотор туг хүртэл шатааж байсан даа, зарим үед. Ард түмэн огцруулахгүй гэж хашгиралдаад л. Би тийм юм үзсэн. Би цагдаа дээр, тагнуулын байгууллага дээр дуудагдаад, чамд долоон жилийн ял өгнө. Дөрвөн жилийн ял өгнө гээд яллах дүгнэлт өгөөд шүүхийн танхимд, хаалттай хуралдаанаар би яллуулаад сууж байсан. Чи бол ийм юм хараагүй. Тэр бол надад маш их сургамж өгсөн. Надад дахиад арай өөрөөр энэ харилцааг хараад, шинэчлэлийг хийгээд, амьдраад, юм хийх боломж өгсөн. Тэгэхээр энэ бол чамд зүгээр сургамж болно” гэсэн. Саяын давхар дээлийн хэлэлцүүлэг ч гэсэн, Х.Тэмүүжингийн эргэн тойрон хийж байгаа хэлэлцүүлэг ч  гэсэн нэг гайхамшигтай юм нь монголчууд бид хэлэлцэж л байна шүү дээ.

Би өөрийнхөө байр суурин дээр байна. Одоо би үүнийгээ зөв л гэж үзэж байгаа. Өмнө гаргаж байсан алдаа гэж харж байгаа. Үүнийг хийлгэхийн төлөө явна. Араас нь батлуулах хуулиудаа батлуулах л гэж зүтгэнэ. Тэр хүмүүс зөв бурууг нь шүүг л дээ. Би сонсохоос айгаагүй байхад тэр хүмүүс шүүмжлэхээс юунд айдаг юм бэ. Тэд шүүмжилж л байг. Монголын нэг онцлог нь энэ байгаа юм.

Манай хоёр хөрш гээд харьцуулаад яривал манай хөгжлийн онцлог, хоёр хөршийн онцлог, бидний явж байгаа, сонгож авсан зам гэдэг өөр зүйл.

Хөтлөгч И.Буянжаргал: -Яг энэ асуудлын өмнөхөн олон нийтийн сүлжээгээр Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга хоёр хоорондоо таарахгүй байна. Зөрчилдөөд байна гэсэн үг явж байсан. Нэг нь тантай мөр зэрэгцэж ардчиллын төлөө явж байсан партизан. Нөгөө нь шинэчлэл хийж байгаа эрч хүчтэй залуу сайн хуульч. Энэ хоёрын аль альтай нь ойр явдгийн хувьд “Та хоёр нэг зорилгын төлөө эв зүйгээ олоод явчих аа. Ойлголц оо” гэж та хэлсэн үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хэлэлгүй яах вэ. Бид зөндөө уулзаж байгаа шүү дээ. Ерөнхий сайд ч хамт уулзаад л ярьдаг. Ер нь ойлголцлууд байгаа. Үнэхээр хийж болохгүй, сайдын нүдээр харахад өөрчлөх шаардлагатай хүний тухай асуудал байж магадгүй. Гэхдээ хүний өөрчлөлт, хуулийн өөрчлөлт дээр бодмоор юм байгаа юм. Нэг газар их муу соёл байна. Нэг бол нэг муу хүн хүрээд иржээ гээд, тэр хүнийг өөрийн хүнээр тавина гэдэг бол дахиад нэг хүнийг нэг муу хүнээр ч юм уу, сольж л байгаа юм. Тэнд хүний л өөрчлөлт явж байгаа болохоос биш яг үнэндээ чанарын өөчлөлт гарахгүй байгаа юм л даа. Тэр бол буруу. Дээрээс хууль хяналтын байгууллагыг ч юм уу, энэ дээр чи ийм дүгнэлт гаргаад ир. Үүнийг хууль зөрчсөн гээд гаргаад ир. Гаргахгүй бол чамайг халлаа гээд тэр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд оролцох ч юм уу, тиймэрхүү зарим албан тушаалтны зүгээс гардаг маш бүдүүлэг алдаанууд байгаа. Өөрөө хуулиар хориотой алдаа шүү дээ, энэ бол. Тиймэрхүү алдааг ерөөсөө гаргаж болохгүй. Би түрүүн хэлсэн. Ухамсарласан, ойлгосон алдааг бол өршөөж болно. Өршөөж байх ёстой. Багш хүн хүртэл алдаанаас сурдаг биз дээ. Алдаа бол хамгийн сайн багш. Алдаа, шүүмжлэл гэдэг надад хамгийн сайн багш байсан. Багш хүн хүртэл алдаад, цаашаа ойлгодог гэж боддог. Эд нар ойлголцоод, хамтраад явчих боломжтой. Би Билэгтийг орж ирэхэд толгой түрүүгүй ч загнаж байсан. “Чи өргөдлөө өг. Чи яв. Чи үнэхээр энэ Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол яв. Боллоо. Тэмүүжингийн асуудал орж ирээд юм уу, чиний асуудал ороод ирэхэд би чамайг явуулна шүү. Чи наад цагдаагийнхаа удирдлагыг хийгээд ажилласан шиг ажилла” гэж. Бидний хооронд тийм юм байдаг юм. Тийм үгийг даадаг, тийм итгэлийг хүлээдэг. Ер нь бол би улс төрийн амьдралаас нэг л юм харсан. Үнэхээр боломжтой, итгэдэг хүндээ бол хүн чанга, хатуу үгийг нүүрэн дээр нь хэлдэг. Итгэдэггүй, тэрийг авдаг ч үгүй, эргээд доромжилсон, харьцсан тийм хүнд үг хэлээд хэрэггүй шүү дээ. Бараг магтаад гаргасан нь дээр. Бараг энгэрт нь Хөдөлмөрийн хүндэт медалийг нь зүүж өгөөд гаргасан нь дээр. Тэгж яваад л энэ нийгэм дотор тэр хүн өөрийнхөө байдлыг таниулна шүү дээ. Хамгийн итгэж байгаа тэр хүндээ хатуу, үнэн үгээ хэлж л байх ёстой. Энэ үгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нар сууж байгаад, яг нүүр нүүрэн дээрээ яриад л гардаг. Бүх юман дээр бидний байр суурь нийлнэ гэж байхгүй. Бид өнөөдөр Тавантолгой ярихгүй, Татварын хууль ярина гэж. Татварын шинэчлэл маш их чухал болж байна. Манайд нэг үг байдаг. “Төр байгаа учраас татвар байгаа” гэж. Энийг буруу ойлголт гэж би боддог. “Төр байгаа учраас ард түмэн байгаа” гэж хэлж болохгүй. Ард түмэн байгаа учраастөр байгаа. Нөгөө талдаа ард түмэн дотор татвар төлөгч орно. Тиймээс татвар төлөгч байгаа учраас төр байгаа.Татвар төлөгч байгаа учраас надад цалин өгч байгаа. Татвар төлөгч байгаа учраас өнөөдөр би машин унаад явж байгаа. Тийм учраас татвар төлөгчид рүүгээ хандъя.

Өнөөдөр манай баялгийн 80 хувь нь төрөөс хамаарахгүй байна. Тэгвэл 80 хувийн хайр халамжаа тэр татвар төлөгчид рүүгээ явуулъя. 20 хувь нь төрдөө байг. Манай төрийн зардал 20 хувь байх ёстой, одоо 50 хувь болчихоод байна. Хэтэрчихээд байна гэдэг үүнийг л хэлж байгаа. НӨАТ-ыг харж байхад, олон нийтээс сонсоход зарим нь 50 сая төгрөгөөс чөлөөлж өгнө. 100 сая төгрөг болгоно гэж. Олон түмний амыг хараад байхад асуудлыг шийдэхгүй юм шиг байна. Харин жигд тавьчих. 10 хувиа магадгүй таван хувь болгочих. Томоос нь ч тэр таван хувиа ав. Жижгээс нь ч тэр таван хувиа ав гэдэг маягаар явбал НӨАТ-ын шийдэл зөв юм шиг байна лээ. Би бол одоо сайд, дарга нар гэхээс илүү яг ажлаа хийгээд зүтгэж яваа тэр хүмүүсээ сонсох хэрэгтэй.

Шүүхийн салбарын өөрчлөлт, шүүхийн өөрчлөлт хийхэд хамгийн түрүүнд хөөрхий, 20 жил загнуулж адлуулсан хүмүүс чинь шүүгчид байдаг юм шүү дээ. Тэр сайд дарга нар гэхээс илүү яг ажлаа хийгээд явж байгаа хүмүүсээс сонсох хэрэгтэй. Шүүгчид хоёр талын аль нэгийг хохироож шийдэх тохиолдол бий. Зовлон үзсэн чавганц гэдэг шиг шүүхийн шинэчлэлийг хамгийн сайн хүлээж авч байгаа бүлэг бол шүүгчид юм. Харин одоо манай цагдаа нар ингэж хүлээж авах ёстой. Энд болохгүй байгаа зүйлээ засаад явна. Харин хууль, шүүхийн шинэчлэлээсээ алхам ч ухрахгүй ээ. Чадахгүй байгаа зарим хүмүүстэй хариуцлага тооцоод л цааш явна.

 

Энэ төр биднээр дуусахгүй

 

Хөтлөгч Д.Сайнбаяр: -“Аливаа хүн зөв гэж бодсон хүндээ хатуу үг хэлдэг, өөрөөр бодсон хүндээ магтаал хэлдэг” гэж хэллээ. “Даргыг тойрон хүрээлэгчид ухааныг нь сохолдог” ярьдаг. Та үүнээс хэр болгоомжилдог вэ?

Хөтлөгч И.Буянжаргал: -Түүхээр жишээ татахад Ю.Цэдэнбал даргыг улс төрийн товчооны хэдэн хүмүүс тойрон амьдралаас тасалсан гэж хүмүүс халагладаг.  Сүүлд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг мөн тойрон хүрээлэгчид нь буруу замаар оруулсан гэх яриа бий. Үүний нэгэн адилаар таны зөвлөхүүд, улс төрийн хүрээнийхэн амьдралаас ангид болгох тохиолдол бий юу. Та үүнийг бодолцож багаа бүрдүүлсэн үү?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Мэдээж хүнээс өөрөөс нь шалтгаална. Тойрон хүрээлэгчид, Тамгын газрын ажилтнууд тэр бүр миний өрөөнд орж ирээд байж чадахгүй. Бас л нэг ёсны вакум орчинд байгаа гэсэн үг. “Өрөөнөөсөө гараад хааяа нэг тагтан дээр гарах хэрэгтэй” гэж нэг үг байдаг. Дандаа өрөөндөө суугаад байхаар тагтан дээр гарахад амьдрал арай өөрөөр харагдана шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ их олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан, олон хүний санал гомдлыг сонсч байна. Би саяхан Японоос ирээд бараг долоо хоногийн турш олон хүний саналыг сонслоо. Юу болов. Юунаас үүдэлтэй юм. Чухам юун дээр алдаад байгаа юм. Ямар дарааллаар ажлыг хийж болох вэ. Өнөөгийн нийгэмд яригдаж буй энэ хүндрэл бэршээлийг бүрэн шийдвэрлэх боломжтой. Өнөөдөр Засгийн газар, УИХ-д буй гишүүдийн олонхи, Ерөнхийлөгчийн институти хамтраад энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана. Энэ асуудлыг шийдэх боломж бүрэн бий гэдэгт итгэж болно.

Аливаа хүн бусдыг үргэлж сонсох ёстой. Өглөө босоод сонин эргүүлэхэд ямар нэгэн асуудал үүссэн байхад би утас цохин учир шалтгааныг нь лавлаж, анхаарал хандуулахыг сануулах жишээтэй. Ямар нэгэн хүнийг хэвлэлээр хэчнээн харлуулж, доромжилсон ч түүн дотор ямар нэгэн гэрэл гэгээтэй үг орсон байж болно шүү дээ. Тэр л аврал болно. Би зарим нэг хүнд их хатуу хандаж байгаа мэт боловч миний хатуу үг хэдэн жилийн дараа тухайн хүнд аврал болж магадгүй шүү дээ. “Тэр үед яваад өгсөн нь дээр байсан. Таны тэгж хэлсэн чинь зөв болсон шүү” гэж хэлэх тохиолдол бий. Зарим нэгэнд нь өргөдлөө өг гэж загнахад өөдөөс тайлбарлахад “За чи тэгвэл үүнийгээ засаад дараагийн удаа ийм байдалтай байвал” гэж яриад сууж байдаг тохиолдол бий.

Энэ төр биднээр дуусахгүй. Бид энэ ажлаа хийгээд үүргээ гүйцэтгээд явлаа гэхэд энд зөв хууль, шударга тогтолцоо, буруу хүн ороод ирвэл хариуцлага тооцдог механизм үлдэх ёстой. Энэ тогтолцоог бий болгоно гэдэг амаргүй ажил. Одоо эргээд харахад тэр олон төлөвлөсөн зүйлээс хийж амжаагүй ажил олон бий. Бүх хуулиа батлуулж чадахгүй юм аа гэхэд хуулийн төслүүдээ төгс сайн боловсруулах хэрэгтэй. Дараагийн төр, дараагийн УИХ-д зөндөө олон сайн хүн орж ирнэ шүү дээ. Бидний хийсэн зүйлийг аваад явах хэмжээнд бид хууль журмаа бэлдэх хэрэгтэй. Өнөөдрийн асуудлыг өнөөдөртөө шийдэх хэрэгтэй. Дараа нь би ийм зүйл хийх байсан юм гэж өөртөө харамсаад байх шаардлагагүй. Нэгэнт ажлаа өгсний дараа хүмүүсийн амьдралд дараа болохгүй байх ёстой. Охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, байгаль орчны асуудал, ард иргэдийн боловсролын асуудал гээд Монголд хийх ажил, шийдэх асуудал мундахгүй бий.

Төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүст онцгой үүрэг хүлээлгээд ажиллуулах ёстой гэж боддог. Жишээ нь би хувьдаа М.Энхсайханд баярлаж явдаг. Тавдугаар цахилгаан станцыг хариуцаад зүтгэж байна шүү дээ. Өөр ямар нэг хүн, эсвэл М.Энхсайхан очоод ажил бүтээх хоёр тэс ондоо. Намын сонгуулийн ажил гэлгүй тэр станцаа бариад хүлээлгэж өгөөд явбал том гавьяа шүү дээ. УИХ-ын гишүүд Д.Одхүү , усан цахилгаан станц яриад явж байгаа. Энэ бас л нэг ажил шүү дээ. Ингэж эргэж тэр сайн холбоо хэлхээ, өөрийн хуримтлуулсан сайн туршлагаа ард түмэндээ зориулж, ажил хийж чадаж байгаа хугацаандаа зөв л юм хийх хэрэгтэй. Үүгээр би бүр ҮАБЗ-ийн зөвлөмж баталгаажуулах юмсан. Тэгвэл тэр залгамж чанар үлдэх юм. Ярилцаж байгаад томоохон хэмжээний 5-6 бүтээн байгуулалтын нэрсийг жагсааж, засаг, төрийн ээлж халаа солигдсон ч тухайн бүтээн байгуулалтыг болон түүний удирдлагыг өөрчлөхгүй байхаар тогтох ёстой. Хэрэв өөрчлөхөөр бол ҮАБЗ-өөс зөвшөөрөл авч байхаар тогтох хэрэгтэй. Ингэвэл улстөржихгүй, тухайн бүтээн байгуулалтын удирдлага юм үзсэн, амьдрал мэддэг, ёс зүйтэй хэдэн зоос гэж хөөцөлдөхгүй байх учиртай. Ингэж чадвал монголчуудын амьдрал ахуй дээшлэх учиртай.

Хөтлөгч И.Буянжаргал: -Нэг ийм зүйл ажиглагдаад байдаг. Хүн нь ч тэр, төр нь ч тэр ядрахаараа байгаль руугаа халддаг. Хүмүүс нь хүрз жоотуу бариад, төр нь эдийн засаг хүндрээд ирэхээр машин техник ашиглан уурхайнуудаа нээж байгаль дэлхийдээ халддаг болж. Ашигт малтмалын шинэ хууль гартал та уг нь хайгуул, ашиглалтын лиценз олгохгүй гэж шийдсэн байсан. Одоо шинэ хуулийн сураг дуулдаж байна. Үүгээр энэ ажил дахин нэлээн өргөжиж, энд тэндгүй хайгуул, олборлолтын ажил эхлэх төлөвтэй байна. Магадгүй би буруу бодож байж ч магадгүй. Та үүн дээр чухам ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шүүмжлэлтэй талаас нь хандвал хөрөнгө оруулалт буурсан тал бий. Нөгөө талаас нь харвал бид хангалттай лиценз тараасан байсан. Нэг үе бараг манай нийт газар нутгийн 46-50 хувь нь гадаадынхны мэдэлд шилжээд байсан. Харин өнөөдөр энэ хувь арваас буурсан. Гэхдээ тэр үеийн хууль эрх зүйн орчноос одоогийн Ашигт малтмалын хууль оруулах гэж байгаа тэр заалтууд чухам юугаараа өөрчлөгдсөн юм. Өөрчлөгдсөн л байх ёстой. Чухам ямар дэвшил гарсан гэдгийг УИХ дээр сайтар яриасай гэж би бодож байгаа.

Би Ерөнхий сайд байхдаа хийх гэж үзээд болоогүй. Нинжа гэж муу нэртэй хүмүүс бий. Уг нь хэд хэдэн аймгийн, алтны нөөц бүхий хэсэгт хашааг нь барьж өгөөд нинжа нарыг бүртгэж оруулаад, гарахад нь Монголбанкны ханшаар алтыг нь үнэлж аваад байх тогтолцоог бид бодож байсан. Харин тэднийг бусад газарт оруулдаггүй байх ёстой. Одоо зарим хүмүүс тэднийг ад үзээд, хог тарьж байна, утаа гаргаж байна гээд байдаг. Гэтэл дэд бүтцийг нь бий болгочихоод, “за одоо та нар тийшээ нүү” гэж хэлэх ёстой юм. Энэ мэт зохицуулалт манайд дутагдаж байна.

Хөтлөгч И.Буянжаргал: -Гадаадын банк оруулж ирэх гэж байна гэсэн сүрхий дуулиан хардлага дагуулаад байгаа. Манай эдийн засгийг 10-11 тэрбум ам.долларын багтаамжтай гэж мэргэжилтнүүд үздэг. Төрийн өмчит томоохон банк ороод ирвэл мөнгө төгрөгийг нь шингээх, үндэсний аюулгүй байдал гэх мэт асуудал үүснэ гэх айдас бий. Хүн нь ч тэр, төр нь ч тэр, бүгд өр зээлэнд баригдчих вий гэсэн болгоомжлол байна. Нөгөө талаас зарим ултөрчид Умард Солонгос, Куба манай гурваас өөр улсад гадны банк байна. Манайд болохгүй нь юу байна гэж ярилцаж байна. Үүний тэнцвэр зааг ялгаа юу байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Аливаа зүйлийг шууд хар цагаан, сайн муу гэж хэлэх ямар ч боломжгүй. Энэ асуудал хуультай. Засгийн газар, Монголбанк, ҮАБЗ-ийн зөвшөөрлийн дагуу гадаадын банк орж ирэх боломжтой. Иймээс энэ асуудал гурван давхар цоожтой гэсэн үг. Манайд цөөхөн банк байна, өндөр хүүгээр ард иргэдээ шулж байна, бага хүүтэй зээл өгөх гадаадын банк оруулж ирмээр байна гэж ярьж байна. Тэгэхээр бид чухам ямар банкийг оруулах боломжтой вэ. Төрийн өмчит гадны банкийг Монгол хориглох юм байна. Гадаадад нэр хүндтэй гурван А зэрэглэлтэй банк оруулж ирэх боломжтой юм байна. Монголд орж ирээд хувь хүнээс хадгаламж авах эсэх, эсвэл хадгаламж авахгүй, дотоодын аж ахуйн нэгжид зээл өгдөг, үндэсний аж ахуйн нэгжүүдийг босгоход дэмжлэг үзүүлэх гэх мэт сонголтууд байна. Ингэснээр энэ бүхэн тэнцвэржих болно. Аливаа зүйлийг огт хориглох, эсвэл бүрэн зөвшөөрөх нь учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр ард иргэд энэ талаар ярилцаж, санаа зовж, шүүмжилж байна гэдэг л гайхамшигтай шүү дээ. Монгол Улс сэрүүн байна гэсэн үг.

Хөтлөгч Д.Сайнбаяр: Таны хувьд 2013 он олон зүйлийн талаар эргэцүүлэн бодох үе байсан байх. Бүх ард түмнийхээ дэмжлэгийг авч, төрийн тэргүүнээр улиран сонгогдсон. Хайрт ижийгээ алдсан. Эр хүний хувьд, нөгөө талаар төрийн тэргүүний хувьд, бүх зүйл дээр ноён нуруутай байх олны нүдэнд нулимсаа харуулахгүй байх гэх мэт хүнд зүйлүүдийг хэрхэн даван туулж байв. Уймарч уйлмаар байсан ч нулимсаа дотогш залгих зовлон төр тэргүүлж буй хүнд байдаг юм болов уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Манайд “Баян хүнийг балаг тойрохгүй” гэж кино гардаг байсныг санаж байна. Үүнийг хараад баян хүнд хүртэл зовлон бэрхшээл байдаг юм байна гэж би хувьдаа бодож байлаа. Монголчууд бид эзэн хаантай байсан. Тэр хүнд хүртэл зовлон байсан шүү дээ. Ээжийнхээ үгийг сонсч, ээжээ шүтэх монголчуудын сайхан уламжлал Чингис хаан, Хүннүгийн үеэс эхтэй. Түшиж тулах хүмүүс хорвоогийн жамаар явахад ард түмэн байдаг. “Ард түмэн та бүхэн бол миний аав ээж. Би та бүхний хүү шиг та бүгдийн төлөө зүтгэнэ” гэж би хоёр дахь удаагаа сонгогдох гэж байхдаа хэлж байсан. Миний хийх зүйлүүд болон хэрхэн хийх нь маш тодорхой. Ерөнхийлөгчийн ажиллах цаг хугацаа өдөр хоногоор багассаар байна. Тэгэхээр цаг хугацаагаа тооцоолж алинд нь ач холбогдол өгөх вэ гэдгийг тооцоолж ажиллах хэрэгтэй.

Бид улс төр нэлээн ярилаа. Монгол хүн, монгол гэдэг ойлголтын талаар яримаар санагдаад байдаг юм. Би гадаадын хүмүүст монголыг ойлго гэж хэлдэг. Монголоо ойлгоогүй, монгол хүн гэдгийг мэдэхгүй Монголын улстөрчид ч цөөнгүй бий. Монгол хүн гэдэг бол бие даасан, хөдөлмөрч. Зарим хүн залхуу гэдэг, тийм биш. Шинэ зүйл маш хурдан суралцдаг, манлайлагч байхыг эрмэлздэг, оюун ухааны чадавхитай шүү дээ. Монголын философи бол даргыг шүтэх биш, хүнээ шүтэх ухаан юм. Энэ гурван сая хүн бүгдээрээ хүчтэй. Бүгд шийдвэр гаргахад оролцдог, бүгдээрээ манлайлдаг, хүүхэд нь хүүхэд шиг, ахмад нь ахмад шиг байх юм бол Монгол Улс маш том улс орон. Монгол бол үнэхээр гайхамшигтай түүхтэй орон.

Гадаадын жишгийг татах нь олонтаа байдаг. Үүний оронд улс орныхоо түүхийг харах хэрэгтэй. Чингис хааны үед хүртэл шүүх, их хурал, гүйцэтгэх засаглал, энэ бүхнийг зохицуулсан хууль байсан. Ямар гайхамшигтай байсан юм. Жишиг гэж ярьдаг, хаан ингэж шийдсэн гээд л. Яг түүнтэй адил шийдэж байна гэдэг бол яг адил тэгш хандаж байна гэсэн үг. Хаан аав ингэж шийддэг байсан учраас чамайг ингэж шийтгэлээ гэх зарчим байсан. Эсвэл чи ийм гавьяатай хүн юм байна чамайг хэлтрүүллээ, чи өнөөдөр дутагдал гаргасан ч гэсэн Монголын ард түмэнд хийх ажилтай хүн юм байна гээд өршөөдөг байсан. Гэтэл тэр Америк, Австрали, Германы жишээг татах шаардлагагүй. Их гүрэн байгуулж байхад тэр Америк нээгдээгүй, Австрали ч олдоогүй байсан. Тэр үед бид хууль шүүх бүх юмаа хийгээд өнөөгийн том том улс гүрнүүдийн соёл иргэншлийн суурийг тавьж байсан шүү дээ.

Тэгэхээр бид тийм хүмүүсийн үр сад юм. Тийм хүмүүсийн газар нутагт ирээд тэр хүмүүсийн үр садтай харилцах гэж байгаа бол үүнийг ойлгох ёстой. Оюутолгой ХХК-ийн хуучин захирал нутаг буцаагүй шиг байгаа юм. Нэг сонинд ярилцлага өгсөн байна. Тэгсэн тэр “би Монголд амьдрахаар шийдлээ, Монголыг бүрэн ойлголоо” гэж ярьсан байна лээ. Гадаадын иргэд Монголыг ойлгож бидний хууль журмыг мөрдөх ёстой. Бид өөрийн гэсэн хууль, уламжлал, бахархалтай улс орон. Үүнийг битгий доромжил. Энэ бүхэнтэй хамтраад энэ баялгаас хамтдаа ашиг олоод явъя. Эндээс олох хөрөнгө мөнгөө боловсрол, хөдөө аж ахуйн салбартаа зарцуулъя. Мал аж ахуй гэж ямар сайхан салбар байна. Бид жилдээ 15-16 сая арьс шир, 6000 тонн ноолуур гадаадад гаргаж байна. Нийт ноолуурын дөнгөж 300 тонныг нь дотооддоо ашиглаж байна гэж байна. Энэ бүхнийг аваад үлдэхэд Оюутолгойгоос илүү нөөц боломж бидэнд байна.

Бид уудам газар нутгаа баялаг гэж үзмээр байна. Нийслэл хот руугаа дайраад байх биш жаахан холдоод том том газруудыг иргэддээ эзэмшүүлэх хэрэгтэй. Захын аймгуудын иргэдэд арай том газрыг төв зам дайруулахгүй өгч эзэмшүүлэх хэрэгтэй. Манай иргэд төв зам дагуу газар авчихаад мөнгө нэхээд суугаад байдаг. Манайд 70, 80 хувийн эрх ашиг, улс үндэсний эрх ашиг гэж тусдаа бий шүү дээ. Энэ тал дээр иргэдийг нүүлгэх зэрэг зохицуулалт, хууль журам байх ёстой. Үнэхээр олонхийн эрх ашиг, үндэсний эрх ашигт хамааралтай бол хийх хэрэгтэй. Зөвхөн газраа эзэмшээд, үнэлэхэд монгол хүн бүр баян юм. Үүнийгээ эргэлтэд оруулъя. Бид газартайгаа адил уудам тэнгэртэй. Бид Японы зээл тусламжаар онгоцны шинэ буудал барьж байгаа. Үүнд тулгуурлан ачаа тээврийн бааз суурь, зангилаа бий болгох хэрэгтэй. Манай улс хуурай газрын боомт байх боломжтой.

Монгол Улс зөвхөн эдгээр салбарууд дээр тулгуурлан хөгжих боломжтой. Аялал жуулчлал байна. Манай аав ээж гурван сарын турш дэлгүүрт очихгүй амьдраад болдог л байсан. Малын буянаар бид төв газарт очихгүй хагас жил болдог л байсан. Монголчууд чадна. Намайг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхад тэнд машин хийж байсныг би санаж байна. Аль социализмын үед шүү дээ. Арваад жилийн өмнө гурван залуу нисэх онгоц бүтээгээд нисч байсан. Бид заавал байгалийн баялгаа ухаж төнхөхгүй хөгжих бололцоо бий. Гэхдээ нэг зүйл сануулъя. Ерөнхийлөгч ингэж хэллээ гээл цуглаан үүсгээд л хашгиралдаад эхэлдэг. Би нэг зүйл хэлдэг. Та нар төрөөс санал болгож, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар хийх гэж байгаа ажлыг эсэргүүцэж байгаа бол өөрсдөө юу хийх гэж байгаагаа хэл. Нэг л их мэргэн цэцэн, эх оронч улсууд байхын оронд төр засгийн оролцоогүйгээр тэр аймаг, сумаа хөгжүүлээд ир. Монголчуудын сайхан чанарууд дээр нэг сайхан зан чанар нэмэгдсэн нь шүүмжлэх. Өөрөөс нь бусад бүх хүн, төр буруутай гэж үздэг болж. Социализмын үед нам төрийг шүүмжлэхээр хэрэгт орох байсан учраас өөрийгөө шүүмжилдэг байсан. Харин өнөөдөр өөрийгөө шүүмжилдэг хүн үгүй болоод төрд хамаг гэм буруугаа чихдэг болж.

Хөтлөгч Д.Сайнбаяр: -Монголд байх үнэ цэнийн тухай ярьсных та гадаадад айлчлахдаа монголчуудтайгаа уулздаг. Тэгэхдээ Монголдоо эргэн ирж, олуулаа эх орноо хөгжүүлье гэж уриалдаг. Хүнд хэцүү цагт Монголоо орхиод явчихсан байж яах гэж эргэж ирдэг юм, эх орон минь оршуулгын газар юм уу гэсэн үг төрийн өндөр албан тушаалтны амнаас унасан нь ихэд шүүмжлүүлсэн. Та энэ тал дээр юу гэх вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  -Энэ бол тухайн хүний алдаж ярьсан зүйл. Хэцүү үед тэд амьдралаа бодож гадаадад гарсан ч гэртээ мөнгө төгрөг илгээдэг. Би Солонгост явж байхдаа Монголын хэсэг ажилчин залуустай уулзаж, гарыг нь үнсэж энэ гарыг алдаршуулдах хэрэгтэй, энэ гар бол Монголыг хүнд хэцүү үед аварсан гар шүү гэж хэлсэн. Харин өнөөдөр бид энэ иргэдээ дэмжих хэрэгтэй. Тэнд монголчуудын хийхгүй ажил гэж байхгүй. Эхлээд цэвэрлэгчээр ороод, хэдэн жилийн дараа өөр цэвэрлэгч хөлслөх хэмжээнд хүрч байна. Барилга дээр гэхэд монголчууд гэр бүлээрээ сурсан мэдсэнээ хэрэгжүүлж байна. Монголчууд бид цөөхөн учраас нэгнээ хажиглаад яах вэ. Дэлхийд өөрийгөө монгол хүн гэж үздэг, Монгол руу цайныхаа дээжийг өргөдөг 10 сая орчим монгол байна. Тэр монголчуудыг урихаар ихэд баярладаг. Очиж амжихгүй ч гэсэн Монголын төрийн тэргүүн очиход, Монгол руу урихад ихэд талархан хүлээн авдаг.

Монголд ирээд өөрийн хувь нэмрээ оруулаад явж байгаа гайхалтай хүмүүс байна. Бид тэдгээр монголчуудыг ад үзэж болохгүй, хамтдаа зүтгэх хэрэгтэй. Тэгээд Ерөнхийлөгч нь төлөөлөөд одоо та нар хүрээд ир гэхээс гадна хууль дүрэмдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг Монголдоо амьдарч байгаа монголчуудынхаа төлөө хийх хэрэгтэй зүйлс зөндөө л байна. Хүн рүүгээ хандсан, сургууль, цэцэрлэг барих гэх мэт. Улаанбаатарт л гэхэд 34 шинэ цэцэрлэг барих гээд хичээж л байна. Бас төсөвтэй холбоотой бүтэхгүй зүйл зөндөө байгаа. Дэд бүтцийн том ажил эхлүүлэх гэтэл нөгөө талаас нь боогдмол зүйл зөндөө л байна.Тэр ажлуудаа бид нар эхлүүлэх хэрэгтэй. Тэгээд гаднаас хүүхэдтэйгээ ч юм уу, ирсэн иргэддээ бид хөнгөлттэй үйлчлэх хэрэгтэй.Гаднаас ирсэн гадаадын хүн гэх маягаар биш, яг өөрийнхөө иргэн шиг харж үзэх хэрэгтэй. Манай Монголд 10 жилийн өмнө ирээд суурьшаад амьдарч байгаа зөндөө л иргэд байна шүү дээ.Монгол Улсын  хөгжилд хувь нэмрээ оруулаад амьдарч байгаа гайхалтай улсууд зөндөө байна. Тиймээс бид тэдгээр иргэдээ хажиглаж огтхон ч болохгүй. Аль  болохоор энэ гал голомт, энэ сайн сайхан байгаа юмаа хамтарч өөд нь татахын тулд зүтгэх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээд хууль эрх зүйн үндсийг нь бид нар бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.

Хөтлөгч И.Буянжаргал: -Өнтэй сайхан өвөл өнгөрөөд ханагар сайхан хавар болж байна. Саяхан цасаар шуурсан ч дулаарлаа. Улс гэрийн тэргүүний хувьд, дээр нь хөдөө төрж өссөн хүний хувьд малчиддаа сэтгэл зовж байсан биз?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Одоогийн цасыг шар тос гэдэг шүү дээ. Сайхан чийг өглөө. Цас бороо ихээр орлоо. Малчид маань өдийд л завгүй, аягтай цайгаа ууж амждаггүй үе шүү дээ. Бас хачиг хувалз гэж айхтар юм байна. Ямаа самнах, хонь хургаа засах, үс ноос гээд зургаан сар гартал ажил ихтэй байдаг. Мөн тариаланчид маань цаг наргүй зүтгэж байна. Сайн төр эдгээр хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой. Надад бүхнийг хийх эрх мэдэл, хүч чадвар байхгүй, харин сайн санаа гарвал, Монголд хэрэгтэй сайн үйлс гарвал бид дэмжинэ.

Хөтлөгч И.Буянжаргал: -Малчид гэснээс саяхан болсон бас нэг шуугиантай үйл явдал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Засгийн газар мал өслөө өслөө гээд байх юм, малчид малаа маллаж, хээлтүүлэхийг нь хуц ухна хээлтүүлж байгаа гээд хэлчихсэн чинь бөөн юм боллоо. Би хувьдаа тийм буруу зүйл хэлсэн ч биш дээ гээд бодож суулаа. Харин та энэ үгийг чухам яаж хүлээн авч байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголчууд буруу ярьж зөв ойлгодог шүү дээ. Улс төрд орж буй залуу хүмүүс алдах тохиолдол бий. Би ч гэсэн буруу ярьж, буруу ярьсан зүйлээсээ болж ихэд өөлүүлдэг хүн. Алдаагаа засаад цааш явах л хэрэгтэй. Аав байгаад алгадах сайхан, ах байгаад алгадах сайхан гэж үг бий. Ард түмэн байна гэдэг ийм л сайхан байхгүй юу. Монголын ард түмэн нээлттэйгээрээ л гайхамшигтай. Энэ нээлттэй байдлаа бид улам бүр сайжруулах хэрэгтэй. Шүүмжлүүллээ гэж эмзэглэх хэрэггүй. Миний хийж байгаа ажил хэдий шүүмжлүүлсэн ч Монголын хөгжилд зуун жилийн настай дөхөм болох зүйл байж болно шүү дээ. Тиймээс бусдын шүүмжлэлийг үл анзааран ажилдаа анхаарах нь зүйтэй.

Төрийн хувь гээд бид ярилцаж байсан. Зарим нь бүр үндэсний үйлдвэрлэгчид дээр очоод танайхаас хувь авна гээд явж байгаад нь миний дүргүй үнэхээр хүрсэн. Үүнийг татварынхаа асуудалд оруулаад шийднэ үү гэхээс ингэж болохгүй. Төрийн мэдэлд муу ажилласан нэг ч болов үйлдвэр хувийн мэдэлд, үндэсний компанид очиж байгаа л бол баяр хүргэх хэрэгтэй. Төрийн ганц нэг үйлдвэрээс бусад нь хувийн мэдэлд шилжсэн шүү дээ.

Хөтлөгч И.Буянжаргал: -Нэр нь төрийн гэсэн сайхан нэртэй?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм.Тэгээд захирал нь очоод намайг томилохоос өмнө сайдын шахаа очсон байна лээ гэдэг. Ийм завхарсан юмаар бид яах юм бэ? Тэгэхээр төр аж ахуйн хязгаарлалтыг заавал хийх хэрэгтэй.  Миний ажигласнаар бол Азид энэ механизмыг сайн хийсэн орон бол Сингапур байх шиг байна. Бид энэ улсаас суралцах хэргэтэй, Төрийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бүтцээ бид хийх хэрэгтэй. Өнөөдөр Төрийн өмчийн хороо ажлаа хийж байгаа. Гэхдээ энэ бүтцийг бид жаахан өөрчилье. Төрийн өмчийн хороо өөрөө хяналтаа тавиад ажиллаж байгаа .Хамгийн гол нь төрийн өмч гээд байгаа тэр юманд бие даах боломжийг нь гайхамшигтай хангаж өгдөг юм байна лээ. Хувийнх гэдэг чинь бие даасан юм шүү дээ. Хувийнхныг уучлах хэрэгтэй.  Алдааг нь жаахан засуулчих юм бол урагшилна. Үүнийг ялгаж өгсөн сайн хууль хийх хэрэгтэй . Үүний төсөл дээр хэлэлцсээр байгаад бид овоо л урагшилж байна.

Хөтлөгч И.Буянжаргал: -Төр, хувийн хэвшлийн түншлэл гээд их ярьдаг даа. Хувийнхан өөрсдийн хүчээр юм хийх гэхээр төрөөс оролцоод, монополь эрхээрээ нураах хэрэг бишгүй л байдаг. Хувийнхан өөрсдөө юмаа хийгээд яваад байхадтөрийнхөн концерт тоглох нь холгүй бүгдийг хийнэ гээд яваад байгаа нь арай л болохгүй байна аа даа?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Би хэлсэн шүү дээ.1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ороод ирсэн бол, түүнээс Цагаан суваргад  500 тэрбум ам.доллар хэрэгтэй юм бол төрөөс гуравны нэгийг нь, 150 тэрбумыг нь өгье. Гаднаас үлдсэнийг нь олоод ир. Үнэхээр л ашигтай үйлдвэр юм бол 150-ийг нь өөрсдөө босгоод ав. Нэг бол чиний авах гэж байгаа 150 тэрбумын зээлд чинь баталгаа гаргаад өгчихье.  Засгийн газрын баталгаа гаргадаг.  Хэдий болтол бид бие биедээ шүүмжлэлтэй явах вэ дээ. Бизнесд ирдэг нэг дарамт  нь бие биедээ хонзогнож, тэр тэгсэн энэ ингэсэн гэдэг. Тэгээд л засаг нь өөрийнхөө мөнгийг өгөх гэж байгаа юм шиг аашилдаг. Тэр чинь Монголын ард түмнээр дэнчин тавьж авсан мөнгө байхгүй юу. Тэгэхэд зарим нь одоо мөнгийг улам мэддэг  эрх мэдлийг авна, одоо хүнээ мэддэг эрх мэдлийг авна гэж ярьж байна. Үгүй ээ, одоо бүр хүнээ томилдог болох нь.

Зарим сайдын гомдол ийм байдаг юм. Би яаманд томилогдоод очсон чинь хүний томилгоо мэддэггүй гэж байна. Би цол өгөх гэсэн чинь өөр хүн өгдөг юм байна. Миний сайд гэж  ер нь юу байгаа юм гэдэг.  Чи нэг жаахан аппараттай,  зөвлөх энэ тэр хэрэгтэй бол авч оч, тэгээд л боллоо.  Одоо бүр тэрийг нь хуульчилж өгнө. Тэрнээс биш хамт ирдэг хамаатан садан, ах дүү, гэр бүлээрээ бүрдүүлж төрийг алж явдаг, одоо тэрийг болъё. Ганцаараа очиж болно, тэгэхгүй бүлэг дээрэмчин очиж байгаа юм шиг байж болохгүй.  Би бол  Засгийн газраар орж байгаа бүх хуулийг хянаад байж чадахгүй. Тэгж байтал тэнд нэг аюултай юм гарчихна. Тэгэхээр улам л хяналттай байх хэрэгтэй.  Төр рүү дурын хүн нь ирдэг  биш, үнэхээр зүрх сэтгэлтэй, үнэт зүйлтэй, энэ ард түмний төлөө халуунд нь халья, хүйтэнд нь хөрье гэсэн хүн л орж ирдэг байх хэрэгтэй. Чадахгүй, буруу бодолтой хүн байвал буруу бодлоо тээгээд л орондоо хэвтэж байх хэрэгтэй.

Хөтлөгч И.Буянжаргал: -Аавыгаа зурагтаар гарахад баярладаг шиг бид таныг энэ тэнд явахад, томчуудтай уулзахад бахархаж суух юм.Цаана нь Монгол Улсын нэр гардаг болохоор тэр .Ерөнхийлөгч маань энэ томчуудтай эн зэрэгцэж явж байна шүү гээд.  Та хойд, урд хоёр хөрштэйгээ хэр сайхан харилцаатай байгаа вэ. Сочид Путинтэй уулзаж байгаа харагдсан. Ер нь уулзахаараа юу ярих вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Путин ерөнхийлөгчтэй  уулзсан тоогоо алдсан байна. 10 хүрсэн байх. Ши Жинпинтэй нэлээд уулзлаа. Жилд нэг уулздаг байсан бол энэ жил бараг 3, 4 ч уулзах байх. Урд хөршид  2011, 2012 онд  удирдлагын солилцоо боллоо. Манайд ч бас 2012 онд парламентын сонгууль, 2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо.  Хойд хөршид Ерөнхий сайд байсан Путин Ерөнхийлөгч болсон гэх мэт удирдлагын өөрчлөлтүүд гарсан. Энэ дээр бас харзнасан зүйл байдаг юм. Одоо шинэ удирдлагууд гараад эдийн засаг, хөтөлбөр бүх юмаа боловсруулаад ажил нь яг эхэлж байна.Монголтой яаж харилцах вэ, Орос ямар үйл ажиллагаанд оролцох вэ гэдгийг бид нар тодорхойлоод явж байгаа.  Путин Ерөнхийлөгчтэй уулзаад гар барихад “Алив ажиллая. Ажлаа хийе” л гэдэг. Монголд ийм ийм юм хийе, төмөр замыг ингэе, ингэж хамтран ажиллая гэдэг. Ши Жинпин даргатай уулзахад манайхтай олон жил яригдаж байгаа ажил дээр хятадын талаас оролцоход бид бэлэн байна гэдэг. Ингээд л сайдуудаа явуулаад л, жилдээ нэг удаа ирдэг байсан бол одоо 5-6 удаа ажлын шугамаар ирж байна. Айлчлалын үеэр ажил амжиж өгдөггүй юм.  Хоёр том дарга уулзаад, хэвлэлийнхний өмнө 30минут протоколын үгээ хэлээд, орой цайллаганд хоёр хуудас үг хэлээд л дуусдаг. Одоо бид нар маш ажил хэрэгч байдлаар ажиллах хэрэгтэй. Үнэхээр Монголын төлөө юм шийдье. Монголын ард түмний эрх ашигт нийцсэн, хоёр улсын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх  ажил байвал шууд уулздаг ийм айлчлалууд хийх хэрэгтэй. Сочигийн олимпод очиж байгаа нь Монгол Улсын зүгээс оросууд хүн төрөлхтний гайхамшигт наадмыг амжилттай зохион байгуулж байгааг нь дэмжиж буйгаа илэрхийлж очиж байгаа явдал юм. Одоо тавдугаар сард дөрвөн жилд нэг удаа болдог бүс нутгийн аюулгүй байдлын байгууллагын дээд хэмжээний уулзалт Хятадын Шанхай хотод болно. Тэнд очоод хоёр хөршийнхөө удирдагчтайуулзана.  Манай Ерөнхий сайнд Петербургийн уулзалтад очиж мөн уулзана. Одоо бид нар хоёр хөрштэйгээ шийдэх асуудлуудаа шийдэх хэрэгтэй.  Ингэхийн тулд бидэнд бусад улстай харьцах тэнцвэр баланс гээд их юм бий л дээ.  Одоо тэр хүмүүсийн баг хийх ажилдаа орж байна.Бид ч бас орох хэрэгтэй. Бид нар нүүрс зөөнө. Төмөр замаа яах вэ гээд 5-6 жил хэрэлдэж суулаа. Бүтэхгүй байна. Одоо яах юм бэ,нүүрсээ шувуугаар зөөх юм уу, төмөр замаар зөөхгүй юм бол өөр юугаар зөөх юм?  Одоо үүнийгээ шийдье.  Дахиад нэг сонгуулийн хэрэгсэл болгож болохгүй.  2016 он болсон чинь бид нар төмөр замаа барих гэсэн юмаа. Одоо яг барина аа гээд  орилолдоод зогсч болохгүй шүү дээ.  Манайд хамгийн буруу юм нь хийхгүй байгаа зүйлээ бизнес болгож байна. Юмыг бүтээж биш, унагаж амьдардаг болсон. Тогтворгүй байгаа зарим орныг харахаар дайн дажин болсон ч гэсэн аль алинаас нь ашиг олж байдаг. Тэгээд тэрийг байлгаж байх сонирхолтой байдаг.  Шийдэх зүйлийг энэ цагт нь шийдээд явах хэрэгтэй. Тэгэхийн тулд л ард түмэн намайг сонгосон байх гэж би итгэж явдаг.  Болохоосоо болохгүй хүртэл  үлдэж байгаа хугацаандаа хичээж ажиллах болно, ингэх үүрэгтэй.

Хөтлөгч Д.Сайнбаяр: -Геополитикийн нарийн мэдрэмж шаардсан энэ салбар дээр эдийн засгийн хөгжлийг унагах хэмжээний тийм хүн томилогдох нь үндэсний аюулгүй хэмжээний асуудал. Та үүн дээр ямар бодолтой явна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Эдийн засгийн хөгжлийн яам гэдгээр нь бус, ер нь энэ эдийн засгийн хөгжлийн асуудлаа Ерөнхий сайд нь гартаа ав. Улс төрийнхөө асуудлыг гартаа ав, тэгээд нэг зангид. Улс төр гэдэг чинь нэг тал нь эдийн засаг, нөгөө тал нь улс төрийн асуудал л байхгүй юу. Үүнд нь нь түшиг болъё.

Хөтлөгч Д.Сайнбаяр: -Улс орны харилцааны асуудал дээр, жишээ нь элчин сайдууд улсын өмнөөс дугарах хүмүүсийн томилгоон дээр анхаарахад…

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-Манай улс төрийн харилцаан дээр анхаарах 2-3 зүйл байна л даа.  Засгийн газар нь олонхи болж чадаагүй,  энд тэндээс хүмүүс гуйгаад оруулж байгаа нь хүндрэлтэй байдаг ч юм уу.  Тэгээд тэр хүнийг гаргачихаар аягүй бол засаг нурчихна.Тэгэхээр тэр хүн чинь эндээ орилоод хашгирад гай тариад сууж байсан нь дээр болдог. Тэгээд бүлэгт орвол бүр их гай болно.  Их Хурлын гишүүн бол Их Хурлын гишүүнийхээ хэмжээнд л дэвхцэнэ.Монгол Улсын Засгийн газрын гишүүн сайд буруу юм хийвэл Монгол Улсын нэр хүндэд халтай. Энгийн хүмүүс бол гэртээ л хэрэлдэнэ. Гэтэл Засгийн газрын гишүүн саарал ордон дотор орж ирж хэрэлдэнэ. Аягүй бол бүдүүлэг авираараа бусад гишүүдээ азаргална. Мөнгө гэдэг асар хүчтэй.  Энэ олон Их Хурлын гишүүд ихэнх нь бизнестэй байгаа биз. Тэгээд бизнес нь унана шүү дээ. Тэгээд өөр нэг гишүүн дээр очоод л, чамд би мөнгө өгье, миний тойрог дээр ийм юм хий.Тэндээс нэг банк орж ирнэ.  Тэндээс нэг ийм зээл орж ирнэ.  Энэ дээр бид нар хориг тавих ёстой юм гэнэ биз дээ. Нэг хүнийг бид хэр хугацаанд таних вэ, Эцсийн дүнг ард түмэн л тавина. Манай ард түмэн чинь агуу хэрсүү хүмүүс шүү.  Өнөөдөр дэмжээд байгаа мэт боловч яг сонгуулийн өглөө,сонгуулиа өгөх гээд явж байхад дөрвөн жилийн зовлон жаргал нь толгойд нь сэрж байдаг байхгүй юу.  Бас л голтой дүгнэнэ дээ. Бид нар ч тэр дундуур олон удаа гарч байлаа. Манай сонгуулийн систем олон улс жишээ авахуйц болсон, улам сайжруулах зүйл ч их байгаа. Бид дараагийн гарч ирэх хойч үедээ болж өгвөл сайн зүйл хийж үлдэх хэрэгтэй.  Үүнийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй.

Хөтлөгч И.Буянжаргал: – Монгол Улсын иргэн хилийн дээс алхахдаа Дорж, Дулмаа гэдэг нэрээр биш Монгол Улс гэдэг нэрээр явдаг. Нэг монгол хүн буруу зүйл хийхэд Монгол хүний нэр хүнд гадаад талд унаж байдаг.  Хүний амь авраад сайн зүйл хийхэд цаад гадаадууд нь шагшраад, бидэнд эргээд бахархал, нэр төр болж ирдэг.  Та өөрөө Украинд төгссөн.Украины байдалд таны байр суурь ямар байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Монгол Улсын байр сууринаас хэлбэл нэг зүйл хэлнэ. Яг хувийн байр суурь гэвэл өөр зүйл хэлнэ.  Ер нь бол цаг үе өөрчлөгдөж болдгийг харж байна.  Биднийг 24 жилийн өмнө хувьсгал хийх гээд явж байхад тэр үед зүүн Европд болж байсан үйл явдлыг өнөөдөртэй харьцуулбал бидний явж байсан тэр аргаар Украины асуудлыг шийдэх аргагүй.  Тэр үед тэр капиталистууд нь ч гэнэн, социалистууд нь ч гэнэн байсан байх. Тэр үеийн хүмүүсийн сэтгэл аль аль нь улс орныхоо төлөө гэсэн гэнэн цагаан сэтгэлтэй байсан байх. Одоо бол асар олон хүчин зүйл нөлөөлдөг болсон байна.  Юмыг яриа хэлэлцээр, зөвшилцлийн хүрээнд шийдээд явчих нь зүйтэй.  Туршлагаас харахад тэр Янукович гэдэг нөхөр Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг хийчих ч байсан юмуу даа гэдэг ч юмуу. Заавал сэтгэлийн хөөрлөөр тийм айшигт байдалд хүргэх шаардлага байсан ч юмуу даа. Энэ бол миний хувийн байр суурь. Бидний хувьд бусдад байр сууриа илэрхийлээд байх нь юу юм. Зүгээр юу хийвэл алдаа болдог, юу хийвэл амжилт болдог юм гэдгийг ярилцах боломжтой. Манай хоёр хөршийн хөгжлийн философи бол Монголоос өөр. НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн тавхан гишүүн орон байдгийн хоёр нь биднийг тойроод байна. Манай хөршүүд  төв нь хүчтэй бол тэр улс хөгжил цэцэглэлтэй байна, ард нь амгалан байна гэдэг. Харин манайд бол иргэд нь хүчтэй бол Монгол Улс хүчтэй байна гэсэн философи байдаг юм.  Тиймээс бидэнд аль нэг улсыг шүүмжлээд дүгнээд байх шаардлага байхгүй. Хоёр хөрштэйгээ харилцах харьцаа Монголд хамгийн чухал.  Дэлхийд хоёрхон хөрштэй орон бол Монгол орон л юм. Хоёр хөрштэйгөө эдийн засгийн асуудлаа ярина. Иргэд зорчих асуудлаа ярина. Бидний хооронд ярилцах асуудал байнга байна. Хоёр хөршийн тэргүүнд хэлдэг миний үг бол үе үедээ,  аль аль ард түмнийхээ, аль аль орныхоо эрх ашгийг хамгаалж асуудлаа шийдээд явья гэсэн ийм л байр суурьтай байдаг.

Хөтлөгч Д.Сайнбаяр: -Бидний ярилцах хугацаа үүгээр өндөрлөж байна. Хоёр цаг 30минут Төрийн тэргүүнтэй ярилцлаа.Таны санаачилсан бүх нийтийн мод тарих өдөр тавдугаар сарын 12-ны өдөр эхлэхийг танд мэдээ болгон хүргье . Танд ажлын амжилт хүсье.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баярлалаа бид нийлээд нэгдээд зүтгэх юм бол Монгол Улс хөгжих болно. Монгол хүний нэг сайхан зан чанар байдаг, ирээдүйдээ их өөдрөг ханддаг. Ямарч судалгаанаас үзэхэд та ирээдүйдээ хэр итгэлтэй байна вэ гэхэд 80хувь нь “би ирээдүйдээ итгэлтэй байна” гэж ханддаг. Тэгэхээр энэ бол Монголчууд нийгмээ улам цааш нь сайн сайхнаар авч явна ирээдүйн эзэд нь бид юм. Бид чадна гэсэн үг юм. Миний ард түмэн чадна. Ард түмэндээ дахин дахин баярлалаа. Ингэж уулзах боломж олгосон UBS телевизийнхэнд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих