“ХАРААЛТАЙ” ДЭЭРЭМЧИД

наЮу ч хамаагүй багахан зүйл нэхээд өгөхгүй бол хараал хэлдэг хэсэг бүлэг хүмүүстэй болчихож дээ. Насны хувьд бүх насныханыг хамарч байгаа юм.

Дэлгүүр ороод гарч явтал унадаг дугуйтай нэг жаал хажууд ирээд “Ахаа 200 төгрөг өгчих” гэж байна. Тоолгүй өнгөрөөд явтал том хүн шиг хэдэн хараалын үг үглээд хоцорлоо. Энэ тэнд интернэт төвүүдийн ойролцоо ийм төрлийн гуйлга хийдэг хүүхдүүд олшроод л байна. Гол төлөв хосоороо яваа залуусыг хоргоож хэдэн зуун төгрөг аваад “баярлалаа” гээд хоцроно. Өгөхгүй бол үгийн мууг хэлнэ. Хүн бүртэй бараг ийм эүйл тааралдсан биз дээ.

Мөн архинд гүн орчихсон бидний ярьдагаар “бөбөчид” өглөө эрт цуглараад автобусны буудал орчмоор эргэлдэнэ. Гайгүй цэвэрхэн хувцастай хүн харагдвал очиж мэндлээд ганц хоёр зуун төгрөг нэхнэ. Эсвэл тамхи татаж байгаа хүнээс “тамхиа өгчих” гэх юм уу ямар нэгэн байдлаар харц тулгарах төдийд л гуйлга гуйгаад эхэлж байгаа юм. Арга барил нь салахгүй дагах, өгөхгүй бол хараал хэлэх бололтой. Нэг өгчихвөл дахиад л гуйна.

Ер нь хүнд хараалгаж явах хэнд ч таатай санагдахгүй. Тиймээс ая эвээр салахын тулд багахан өглөгийг өгчихдөг. Энэ нь л ийм зүйл оршсоор байх шалтаг юм. Архи уудаг ч ажил хийх бядтай залуус, улс орны ирээдүй болсон хүүхдүүд гуйлгаар хичээллэж байгаа нь аймар. Гуйгаад өгөхгүй бол өөртөө биш өрөөлд хараал хэлж байна. Тийм болохоор элдэв үгнээс нь эмээлгүй бүх нийтээрээ өчүүхэн өглөгөөс гар татаж ажиллаж хөдөлмөрлөхөөс өөрөөр мөнгө олддоггүйг тэдэнд ойлгуулбал ямар бэ.

 

Ж.Энх /Нийслэл таймс/


URL:

Сэтгэгдэл бичих