Казахстан Монголд хэдэн тагнуултай вэ?

ef829e89c71e9a82bigГадаадын тагнуултай холбоотой шуугиан удаа дараа дэгдэв. Хамгийн сүүлд, УИХ-ын гишүүн асан, хилийн цэргийн бригадын генерал Х.Жекей энэ хэрэгт холбогдлоо. Тэр манай улсын нууцыг Казахстанд задруулсан байж магадгүй ажээ. Х.Жекей Монгол Улсын иргэншилтэй хэрнээ Казахстаны Хилийн тагнуулын албанд зөвлөхийн албан тушаал хаших болсон гэнэ.

Казахстан бол Төв Азийн жижгэвтэр улс юм. Энэ улс Оросоос хараат оршдог. Гэвч сүүлийн үед Хятадын нөлөөнөөс ихэд эмээх болсон. Хэдийгээр Казахстан нь улс төрийн хувьд тогтвортой мэт боловч өнөөгийн өвгөн удирдагч, “улсын эцэг” Н.Назарбаевын дараа ямар нөхцөл байдал үүсэхийг хэлэхэд хэцүү. Энэ улсад бусад Төв Азийн улсуудын адил лалын хэт даврах үзэл нэвтэрсний сацуу умард нутгийн орос хүн амын дунд салан тусгаарлах үзэл бий. Хэдэн жилийн өмнө Казахстанд салан тусгаарлах үзэлт оросуудыг баривчлах ажиллагаа явуулж байсан. Тэгвэл, энэ улсад Монголыг анхаарах сэхээ бий гэж үү?

Хүүхэд байхад “гадаадын тагнуул” гэхээр адал явдалт байлдаантай киноны дүрүүд санаанд буудаг байж билээ. Харин бодит амьдрал дээр тагнуул нь адал явдалт киноны дүрслэлээс хамаагүй өргөн утга агуулгатай үйл ажиллагаа байсан ажээ. Өнөө үед гадаадын тагнуулууд тухайн орны байгалийн нөөц баялаг, улс төр-эдийн засаг, аж үйлдвэрийн технологи, нийгэм-соёл, цэргийн хүчин чадавхи зэрэг бүхий л салбарыг онилдог байна.

Тухайлбал, улс орнуудын хооронд аж үйлдвэр, технологийн тагнуулын ширүүн дайн дэгдэж байна. Энэ нууц дайнаар нэг улс нөгөө улсын технологийг эзэмшихийн төлөө тэмцэх ба үүнээс учрах эдийн засгийн хохирол тоймгүй их гэнэ. Жишээ нь, энэ дайнаар Канад улс 12 тэрбум америк доллар, Германы компаниуд 50 тэрбум евро, 30,000 мянган ажлын байрыг жил бүр алдаж байгаа ажээ. Харин хятадууд энэ чиглэлд үлэмж амжилт олж, овоо технологижиж авсан гэнэ.

Дээрхийн адилаар, байгалийн нөөц баялгийн салбарт ч цусгүй тулаан өрнөжээ. Харин энэ салбарт Монгол нь яах аргагүй анхаарал татсан орон юм. Байгалийн нөөц баялгийн салбарын тагнуулууд тухайн улсын эрчим хүч, хүнс, байгалийн түүхий эд зэрэг стратегийн бүтээгдэхүүнүүд, тэдгээртэй холбоотой бодлого, төлөвлөгөөг онилж байна.

Казахстан нь байгалийн баялаг ихтэй орон юм. Энэ улс байгалийн түүхий эд борлуулах зах зээлээ өргөжүүлэх, үүнд зориулсан бодлого явуулах, тухайлбал өөрийн нутгаар дамжуулан Европ, Азийг холбох дэд бүтэц байгуулах, ингэхдээ аль болох өөрт ашигтай байр суурь олж авахаар чармайж байна. Гэтэл түүний хажууд байгалийн асар их баялагтай, Европ, Азийг дэд бүтцээр холбох боломжтой Монгол Улс оршдог. Энэ нөхцөлд хоёр улс өрсөлдөөнд орж таарах ба хэрэг дээрээ түүний гинжин хэлхээ энэ хоёр улсаар тогтохгүй.

Казахстан Монголын нийгэм-соёл, үзэл суртлын чиглэлд ч үлэмж анхаарал хандуулж буй мэт харагддаг. Тухайлбал, сүүлийн үед Монголын түүх дурсгалын эд өлгийн зүйлсийг гадаад улсад хулгайгаар гаргах гэмт хэрэг нэмэгдсэн. Хэдхэн жилийн өмнө Монголд эртний Түрэгийн үеийн том чулуун хөшөө хулгайлагдах үед манай судлаачид тус хөшөөг Казахстан руу гаргасан байж тун магад хэмээн хардаж байсан юм. Хамгийн гол нь, ийм хэргийг бага гарын хулгайчид дангаар гардан хийхэд хэцүү, үүнд нэлээд том сүлжээ, түүний дотор Монголын хил хамгаалалт, гаалийн эрх мэдэлтэн  оролцсон байх хэмээн таамаглаж байв.

Дээрхийн сацуу, Казахстан улсаар дамжуулан бусад улсууд Монголын тухай мэдээллийг олж авдаг байж мэднэ. Ялангуяа, бусад улстай харьцуулахад, Казахстанд нэг давуу тал байгаа ажээ. Монголд үндэстний цөөнх казахууд амьдрах ба тэд Монголын төрийн байгууллага, түүний дотор төрийн удирдах байгууллагад цөөнгүй тоогоор алба хашдаг юм. Монголын төрөөс тэдэнд тавих хяналт тийм ч хангалттай бус. Тэгээд ч ижилхэн цөөн тоот үндэстэн юм гэх өрөвдөх, өөртэйгээ адилтган үзэх сэтгэл монголчуудад давамгайлдаг бололтой.

Гэвч харамсалтай нь, бодит амьдрал хэнд ч өр зөөлөн ханддаггүй ажээ. Монгол дахь казах иргэдээс гадаадын тагнуулын хэрэгт анх холбогдсон хүн нь нэр хүндтэй дипломатч К.Сайран байв. Түүнийг Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаевийн хүргэн асан, нутгаасаа дүрвэн гарсан Рахат Алиев гэгч олон улсад илчилж орхижээ. Рахат Алиевын задалсан мэдээллээр, Казахстан нь Монголд нууц агенттай бөгөөд “түүний нууц нэр Алтай, харин жинхэнэ нэр нь Сайран Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, казах хүн. Тэр Египет дэх Элчин сайд. Нийтийн сурталчилгаа (пиар)-ны шугамаар ашиглагддаг. Оршин буй орондоо өргөн хэмжээний харилцаа холбоотой” гэнэ.  Энэ тодорхойлолтыг Казахстан улсын тагнуулын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зуржээ.

Х.Жекей, К.Сайран нараас өөр сэжигтэй тохиолдол ч Монголын хэвлэлүүдээр дэлгэгдэж байв. 2012 онд Кимүра Аяако хэмээх Японы судлаач эмэгтэй Монголын нэгэн докторт бичсэн захидалдаа БСШУ-ны дэд сайд, казах хүн Куландагийн тухай анхаарал татсан баримтыг дэлгэсэн. Кимүра Аяакогийн бичсэнээр, Куланда түүнтэй уулзахдаа Монголын сайд бус, харин Казахстаны төлөөлөл мэт сэтгэгдэл төрүүлэхээр харьцсан ба Японы нэгэн гадаад судлалын их сургуульд Монгол хэлний тэнхим нээхийн оронд Казах хэлний тэнхим нээхийг ятган шаардсан ажээ.

Кимүра Аяакогийн  бичсэнээр, Куланда сайд түүнд “Яагаад танай сургуульд Казах хэлний тэнхим байхгүй байгаа юм бол? Танай сургууль Казах хэлний тэнхим нээхгүй юм уу? Казах судлал чухал шүү дээ. Танайхан Казах хэлний тэнхим нээгээч… Казахстан бол Монголоос том шүү дээ” гэж хэлжээ. Үүнээс үзвэл, Куланда соёл, үзэл суртлын чиглэлээр Казахстаны талд үйлчилж байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Монголд гадаадын тагнуултай холбоотой байж болох ноцтой мэдээлэл ийнхүү удаа дараа дэлгэгдсээр байгаа боловч шийдэгдсэн нь нэгээхэн үгүй юм. Дипломатч К.Сайрантай холбоотой хэрэг өнөө хүртэл хэрхсэн нь мэдэгдсэнгүй. Хэрэг явдал ийм байхад гадаадын хэдэн тагнуул Монголын төрд алба хашиж байгаа бол гэх бодол өөрийн эрхгүй орж ирж, сэтгэл сэрд хийлгэнэ.

А.Аагий

Эх сурвалж: www.gashuun.mn


URL:

Сэтгэгдэл бичих