МАН-аас дараагийн Ерөнхий сайд тодрох ч боломж Үндсэн хуулинд бий

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Давхар дээлийг тайлах” буюу Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж авахгүй, хориг тавина гэдгээ өнгөрсөн Бямба гарагт телевизээр ярилцлага өгөх үеэрээ зарлав.
УИХ-ын гишүүдийн 66,6  хувь нь хүлээж авч гэмээн хориг хүчинтэй болно.
Мэдээж энэ нь бараг боломжгүй. Иймээс Засгийн газарт хөдөлгөөн орох нь  тодорхой болж байх шиг байна.
Үүнтэй зэрэгцэн АН-ын дотоод зөрчил нэгэнтээ ил болж,  нэгнийгээ намаасаа хөөх зэргээр илт хурцадмал байдалд ороод буй.
Энэ нь зарим улс төрчдийн төсөөлөөгүй хямрал, гэнэтийн эргэлтэнд хүргэж болзошгүй тухай  судлаачид өгүүлж буй юм.
Тодруулбал АН бол яг үнэндээ ард түмний дийлэнхи олонхийн саналыг авч, ялалт байгуулсан хууль ёсны олонхи биш.
Бусдаасаа арай олон суудал авсан л нам төдий.
Тиймээс энэ байр суурь нь ч тийм бат бөх биш гэдгийг Үндсэн хуулийн заалт өгүүлж буй ажээ.
Тодруулбал дараагийн Ерөнхий сайдад АН нэг л удаа нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд хэрэв уг дэвшүүлсэн хүн нь олонхийн санал авч чадахгүй бол МАН буюу “Шударга ёс” эвсэл зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй.

Энэ тухай Үндсэн хуулийн 33.1.2-д  “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг;  аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг;  хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах…” гэж хоёрдмол санаагүй шууд заажээ.
Ийм жишиг 2006 онд тохиож байсан бөгөөд тухайн үед арай олон суудалтай байсан АН-ын Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсны дараа одоогийн МАН-ын дарга М.Энхболд МҮАН, Эх орон нам,  БНН-тай хамтарч Үндэсний Эв Нэгдлийн Засгийн газар байгуулж байсан юм.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих